Өнөөдөр 15.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 буюу “улс орны Үндэсний аюлгүй байдлыг хорлон сүйтгэх” гэмт хэрэгт буруутган прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлжээ.
Шүүх хуралдаан хаалттай горимоор хуралдаж, шүүхийн хэлэлцүүлэг дууссаны дараа Ерөнхий сайд асан М.Энхсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
М.Энхсайхан: Өнөөдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, прокурорын байгууллагаас бүрдүүлсэн хэргийн материалыг шүүхэд авч хэлэлцэхэд хангалттай, бүрэн бүтэн эсэх талаар хэлэлцлээ. Мөн шүүх хуралдааныг энэ сарын 23-нд товлолоо.
Урьдчилсан хэлэлцүүлгийн явцад манай өмгөөлөгчийн зүгээс намайг буруутгаж байгаа зарим асуудлыг тодруулахаар мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргасан. Миний хувьд УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлснийхээ төлөө гэмт хэргийн яллагдагч болчихоод байна. Хэрвээ Тавантолгойн гэрээг хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэж байгаа бол тухайн үед гэрээг УИХ-д өргөн барьсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, гэрээний төслийг хүлээж авсан УИХ-ын дарга асан М.Энхболдыг шүүхэд дуудах ёстой.
Ерөнхийлөгч Х.Баттулга энэ гэрээг "Тавантолгойн ордыг гадныханд 100 жил үнэгүй өгөх гэсэн" гэж гүтгэсэн. Тэр хүнийг дуудаад, хаана "100 жилээр үнэгүй өгөх" тухай заалт байгааг тодруулж асуух хэрэгтэй байна. Нэгэнт Үндэсний аюулгүй байдлыг хорлон сүйтгэсэн гэж үзэж байгаа бол ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга байсан А.Гансүхээс мэдүүлэг авах ёстой гэж бодож байна.
Хэрвээ гэрээг боловсруулахдаа бусдад давуу байдал үүсгэсэн гэж буруутгаж байгаа бол гэрээнд оролцсон талуудаас бас мэдүүлэг авч, баримт гаргуулах ёстой. Хамтарсан консерциумд оролцож байсан Хятадын “Шинхуа”, Японы “Сумитомо”, мөн “Энержи ресурс”-аас ч гэсэн мэдүүлэг авах ёстой шүү дээ. Тэгж байж гэм буруутай эсэхийг баримтаар нотолно.
Энэ бүх хүсэлтийг тавьсан миний болон миний өмгөөлөгчийн зүгээс тавьсан. Шүүх энэ асуудлыг шүүх хуралдаанаараа ярья гээд энэ сарын 23-нд шүүх хурлыг товлолоо.