УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдээлэл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр гадаадад хүнд нөхцөлд байгаа Монгол улсын иргэдийн эрхийг хамгаалах тухай тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив.
АН-ын дарга С.Эрдэнэ "Өнөөдөр улс оронд үүсээд байгаа цар тахлыг хязгаарлах, үр дүнтэй төрийн бодлогыг боловсруулах шаардлага байгаа. Зөвхөн цар тахалтай холбоотой төдийгүй, нийгэм, эдийн засгийн хүндрэлийн Засгийн газраас авах арга хэмжээ чухал болоод байна. Тиймээс АН-аас цар тахалтай холбоотой дөрөв дэх санал, тогтоолын төслөө УИХ, Засгийн газарт хүргүүлж байна. Гэвч эрх баригчид үл тоомсорлосон байдалтай байгаа" гэв.
Цар тахлын улмаас олон улс орон хөл хорио тогтоох, хилээ хаах зэрэг арга хэмжээ авч байгаа. Одоогоор 34 улсад амьдарч буй 7624 иргэн эх орондоо ирэх хүсэлтийг Засгийн газар, УОК-т гаргаад байгаа юм. Үүнээс бага насны хүүхэдтэй 830, эрүүл мэндийн шалтгаантай 86, өндөр настай 278, жирэмсэн 32, оюутан 973, богино хугацааны визтэй 215, байрлах газаргүй 409, санхүүгийн боломжгүй 89 иргэн байгаа аж.
Иймд гадаадад байгаа иргэдээ төрөөс санхүүгээр дэмжих ёстой хэмээн үзэж уг тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төсөлд гадаадад байгаа санхүүгийн бэрхшээлтэй иргэнд сард 500 ам.долларын дэмжлэг олгох асуудлыг тусгасан байна.
Гадаадад Монгол улсын 200 мянга орчим иргэн амьдарч байгаа. Үүнээс санхүүгийн дэмжлэг олгох шаардлагатай 50 мянга орчим иргэн байгаа хэмээн төсөл санаачлагч тооцжээ. Нэг иргэнд сард 500 ам.долларын тусламж олгоно гэж тооцвол 6 сарын хугацаанд нийт 417.2 тэрбум төгрөг шаардлагатай юм.
Шаардлагатай төсвийг хаанаас гаргах боломжтой талаар С.Эрдэнэ "Энэ оны төсөвт 3.1 их наядын хөрөнгө оруулалтын төсөв байгаа. Үүнийг цар тахлыг даван туулахад зарцуулах бүрэн боломжтой. Эх үүсвэр хангалттай байгаа" гэсэн юм.
Гадаад улсад хүнд нөхцөл байгаа Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах тухай УИХ-ын тогтоолын төслийн бүрэн эхээр нь хүргэж байна.
1. Короновирус цар тахлын улмаас гадаад улсад хөл хорио болон олон улсын нислэг түр зогсоосонтой холбогдуулан хүнд нөхцөлд орсон Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах үүднээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:
-
Эх орондоо ирэх хүсэлт гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаантай Монгол улсын иргэн бүрд байр хоолны наад захын хэрэглээг хангахад зориулж 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн агаарын хил нээгдэж эх орондоо ирэх боломж нээгдэх хүртэл сар бүр 500 ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх,
-
Монгол Улсын иргэний эрхийг хамгаалах түр журам боловсруулж хэрэгжүүлэх,
-
Монгол Улсаас гадаад улсад суугаа элчин сайд, консулын газрыг тухайн улсад хүнд нөхцөлд байгаа өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, өндөр настай, хүүхэд, оюутнууд, санхүүгийн бэрхшээлд орсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай Монгол Улсын иргэнийг бүртгэх ажлыг зохион байгуулах,
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Х.Нямбаатар/, энэ тогтоолын хэрэгжилтийн талаар Улсын Их хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/ нарт тус тус даалгасугай.
Сэтгэгдэл (2)