УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр 12 цагт нээлтээ хийх гэж байна.
УИХ-ын энэ удаагийн чуулганы хуралдааныг коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор түр зохицуулалт хийж чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хорооны хуралдааны дөрвөн танхим, нийт таван танхимд цахимаар явуулахаар болсон.
Цахим хуралдааны бэлтгэж ажлын хүрээнд УИХ-ын Тамгын газраас гишүүн болгонд iPad төхөөрөмж өгч байгаа гэдэг мэдээллийг тус газраас өгсөн.
Тус мэдээлэлтэй холбоотойгоор гишүүн тус бүрт шинээр iPad өгөх гэж байна гэдэг шүүмжлэл олон нийтийн зүгээс гарч, иргэдийг бухимдуулаад байгаа.
Энэ талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад, “Шинээр сонгогдсон гишүүн бүрт албан хэрэгцээнд нь зориулж iPad болон бусад төхөөрөмж өгдөг. Чуулганы хуралдааныг цахимаар явуулахтай холбоотойгоор гишүүдийн хэрэглэж байсан iPad-нд ирцэнд бүртгүүлэх, санал өгөх зэрэг программ суулгаад буцаагаад өгч байгаа юм. Түүнээс биш хөрөнгө зарж, шинээр iPad аваагүй” гэлээ.