УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлсэн билээ.
Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа "Гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад гаргалаа. Миний бие өнөөдрөөс эхлээд улстөрөөс ангид байж хариуцлагаа хүлээнэ. Болж өнгөрсөн үйл явдалд тайлбар хэлэх цаг хугацаа өнөөдөр биш. Хэзээ нэгэн цагт цээжээ онгойтол ярих өдөр ирэх бизээ. Цаг хугацаа бүх юмны хэмжүүр болох байхаа. Өөрийгөө өмгөөлөх, тайлбар тавих сэтгэл алга. Өнөөдөр хэлэх ганцхан үг минь УУЧЛААРАЙ” хэмээн бичжээ.
Б.Батзориг, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан албан тушаалтан болон ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байсан албан тушаалтнууд бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд байгаа юм.
Харин өнөөдөр сайд асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 10:00 цагаас Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн боловч дахин хойшилжээ.
Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 22-ныг хүртэл хойшилсон гэдгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.
Өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгч Б.Батзоригийн өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадлагаа ирүүлсэн байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг 2020-04-22-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлууж, Б.Батзоригт өмнө шүүхээс авсан хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.
Түүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Хэргийг тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, намынхаа 49 хүнд ЖДҮХС-аас зээл авч өгсөн, мөн өөртөө авсан гэх шалтгаанаар хуулийн байгууллага жил гаруйн хугацаанд шалгаж байгаа юм.