УИХ-ын хаврын ээлжит чуулган ирэх даваа гаригт нээлтээ хийнэ. Коронавирусын улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийн үед хаврын чуулганы хуралдааныг цахимаар явуулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан өргөн бариад байна. Мөн хаврын чуулганы хэлэлцэх асуудлын тэргүүн эгнээнд ирэх сарын 25-наас мөрдөж эхлэх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор дагалдаж гарах хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэн батална гэв.
Тухайлбал, Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүний албыг давхар хаших, УИХ-аар хууль батлах босгыг өндөрсгөж, нийт гишүүдийн талаас илүү буюу 39 гишүүний саналаар хууль батлах зэрэг өөрчлөлтүүд ирэх сараас мөрдөгдөж эхлэх ёстой.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор ирэх сарын 25-наас өмнө Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах ёстой тухай хуульчид маргаж байна. Энэ талаар таны байр суурь?
-Хуульчид ямар ч асуудлаар маргаж чаддаг хүмүүс, энэ бол мэргэжлийн онцлог. Бид бол хуулиа батлахдаа ойлголцоод, ярьж тогтоцгоосон. Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг мөрдөнө гэж. УИХ-аас тогтоосон хуваарийн дагуу хуулиудаа батална. Энэ таван сардаа багтаж Засгийн газрын тухай хуулийг батална. УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батална. Дэгийн хуулийг батална. Гэхдээ эдгээр хуулиудыг шинэ УИХ бүрдсэн анхдугаар чуулганаас мөрдөж эхэлнэ. Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал ч мөн сонгуулийн дараа шинэ Засгийн газраа байгуулахаас эхэлнэ. Хуулийг нь хавар батална, хэрэгжилт нь намар эхэлнэ.
-Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүйгээр хуулийн зохицуулалт хийнэ гэсэн үг үү?
-Эхлээд Засгийн газрынхаа хуулийг баталчихна. Дараа нь шинэ томилогдсон Ерөнхий сайд шинэ бүтэц бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн барьж шийдүүлнэ.
-УИХ-аар хууль батлах босгыг хэдийнээс мөрдөх вэ?
-Шинэ УИХ-аас эхэлнэ. УИХ-ын хуулиудаа шинэчилж батлаад “2020 оны сонгуулийн анхдугаар чуулганаас эхэлж мөрдөгдөнө” гэдэг заалтаа оруулаад явна.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор 45 хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Ирэх сарын 25-наас өмнө бүгдийг нь баталж амжих уу? Амжихгүй бол хуучин хуулиараа явна гэж ойлгож болох уу?
-Хуучин хуулийнхаа зохицуулалтаар явна. Шүүхийн тухай хуулиуд жишээ нь энэ чуулганаар батлагддаг байлаа гэхэд аравдугаар сарын 1-нээс хэрэгжихээр ч юм уу, хугацаа тавьж өгнө. ШЕЗ, Сахилгын хороог шинэчлэн байгуулах асуудал гарна. Цувраад ар араасаа явна. Тэгэхээр бүгдийг энэ хавар, тавдугаар сарын 25-наас мөрдөнө гэж байхгүй. Хэрэгжих заалтууд нь хэрэгжээд явна. Сонгуулийн дараа анхдугаар чуулганаар УИХ-ын тухай хуулийн заалтууд хэрэгжинэ гэсэн үг. Хэрэгжих хугацааг нь салбар хуулиараа тавьж өгөөд явна. Гэхдээ энэ бүгд шахуу төлөвлөгөөтэй байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.
Сэтгэгдэл (1)