Өнгөрөгч баасан гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанын дараа Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Дарханы замын ажилд оролцох 105 хятад иргэнийг чартерийн нислэгээр авчирна" хэмээн мэдэгдсэн билээ.
Монголд коронавирусын халдвар илэрсэн, ялангуяа халдварын бүсээс тээвэрлэн авчирч байгаа иргэдийн дундаас халдвар олноор илэрсэн энэ үед ЗТХ-ийн сайдын дээрх мэдэгдэл олон нийтийн бухимдлыг ихээхэн төрүүлээд байгаа. Эрүүл мэндийн яам ч энэ асуудлаар эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн билээ.
Энэ асуудлыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дахин хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байна. Дарханы замд ажиллах хятад иргэдийг хил нэвтрүүлэх асуудлыг хойшлуулжээ.
Улсын онцгой комиссийн дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин: "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгах УОК-ийн шийдвэрийг ЗГ-аас дэмжлээ. Мөн энэ шалтгаанаар гадаадаас ажиллах хүч авах асуудлыг хойшлуулж байна.
Цагаан нуурын боомтоор орж ирж буй иргэдийн тоо нэмэгдэж байна. Үүнийг журамлахын тулд тус боомтоор орж ирэх хөдөлгөөнийг 3 дугаар сарын 23-ны өдрийн 20 цаг хүртэл үргэлжлүүлээд үүнээс хойш хаана.
Алтанбулагийн боомтоор орж ирэх хүмүүс их байгаа тул журамлах шаардлага байна. Ингэхдээ ирэх долоо хоногийн Бямба гарагийн (гуравдугаар сарын 28) 06 цаг хүртэл хүмүүс хүлээж аваад, үүнээс хойш хаахаар шийдвэрлэлээ.
Хилийн боомтоор зорчих хөдөлгөөн их байна. Иймд нэг хэсэгтээ гадаадын жуулчид авахгүй байхаар шийдвэр гаргасан ба уг ажлыг хойшлуулж байна.
Түүнчлэн дөрөвдүгээр сарын 5 хүртэл буюу 14 хоног орон даяар халдваргүйжүүлэлт хийхээр боллоо" гэлээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: "Ариутгал халдваргүйтгэлийн асуудал маш чухал байгаа тул Монгол Улсын Засгийн газраас үндэсний хэмжээнд ариутгал халдваргүйтгэлийн ажил хийх шийдвэр гаргалаа.
Халдвар гарсан орноос иргэд ирж эмнэлэгт 14 хоног тусгаарлагдсаны дараа гэртээ дахиад 14 хоног өөрийгөө тусгаарлах журмыг баталсан.
Тусгаарлагдсан иргэдийг дахин гэртээ тусгаарлагдах үйл ажиллагааг орон нутгийн Засаг захиргаа, баг, дүүрэг, хорооны түвшинд анхаарах үүргийг өгсөн. Халдвар авсан, өвчтэй нь нотлогдсон хүмүүсийг эмчилж буй эмч эмнэлгийн ажилтнууд тус хүмүүстэйгээ хамт тусгаарлагддаг" гэлээ.