Манай улсад COVID-19 халдварын 10 тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдсныг өнөөдөр ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлсэн билээ. УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу энэ сарын 15-наас эхлэн МИАТ компани тусгай үүргийн нислэг үйлдэж, дөрвөн удаагийн нислэгээр гадаад улсуудад түр хугацаагаар оршин сууж байсан монгол иргэдээ тээвэрлэн авчирсан.
Гэвч Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар, Истанбул-Улаанбаатарын нислэгээр ирсэн нийт 983 иргэнээс ес нь коронавирусын халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдлоо. Өнөөдөр өглөөний байдлаар.
Харин үүний өмнө Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Дарханы зам дээр ажиллах 105 хятад иргэнийг ням гаригт чартер нислэгээр Монголд авчирна. Хятад иргэд өөрийн улсад коронавирусын шинжилгээнд орно" хэмээн мэдэгдсэн билээ.
Гэвч халдварын бүсээр авчирсан монгол иргэдийн дунд коронавирусын халдвар авсан тохиолдол нэмэгдсээр байгаа тул Зам тээврийн хөгжлийн сайдын дээрх мэдэгдэл олон нийтийн дунд шүүмжлэл, эсэргүүцэл дагуулсаар байна.
Мөн уг асуудлаар ЭМЯ-ны байр суурийг тодруулахад "Халдвар гарсан орнуудаас тусгай нислэгээр авчирсан иргэдээс халдвар илэрч байна. Ингэж вирус зөөвөрлөгдөн ирж байгаа нөхцөлд БНХАУ-аас хятад иргэдийг авчрах асуудалд ЭМЯ эсрэг байр суурьтай байна" хэмээн тус яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.