УИХ дахь АН-ын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, үүсээд буй нөхцөл байдал, эдийн засгийг хамгаалах тусгай хөтөлбөр боловсруулахыг ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шаардлаа.
Ерөнхий сайдад хүргүүлж буй шаардлага нь дөрвөн зүйлтэй бөгөөд орны хэмжээнд ард иргэдийн аюулгүй байдал, амгалан тайван байдлыг хангаж, эрсдэл үүсгэхгүйн тулд эдийн засгийн нөхцөл байдлыг бодитой харах шаардлага үүссэнтэй холбоотой аж.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ: Өнгөрсөн гурван сар орчмын хугацаанд хөл хорио зохион байгуулсан. Үүнийг АН буруутгаагүй. Харин цар тахлын аюулыг гадаадаас импортолж оруулж ирж байгаад санал нэгдэхгүй байна. Гадаадад байгаа иргэдээ авчрах нь зүй ёсны асуудал мэт боловч Монголд байгаа гурван сая гаруй иргэний эрүүл, аюулгүй байдал, амь насны баталгааг хангах нь төр засгийн үүрэг.
Гадаадаас монголчуудаа оруулж ирэхдээ аюулгүй байдлыг бүрэн хангаж чадаж байгаа юу, цар тахлыг тараахгүй байх бэлтгэл бий юу гэдэг эргэлзээтэй байна.
Монголчуудын эрүүл мэнд, аюулгүй байдлаар дэнчин тавьсан улс төрийн попорсон үйл ажиллагаагаа зогсоовол яасан юм бэ. Яагаад үүнийг өөхшүүлээд байгаа юм бэ. Үүний ард нэг л их сайхан эх оронч сэтгэгдлүүдийг зохион байгуулалттайгаар явуулж, маш их хөрөнгө мөнгө зарж байна. Монголчуудын нийтлэг эрх ашгийг дээдлэх ёстой юу, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг дээдлэх үү. Шууд хэлэхэд эрх мэдэлтнүүдийн ар гэрийг аврах нь чухал уу нийт ард түмнээ хамгаалах нь чухал уу.
Засгийн газар иргэдийг төөрөгдүүлсэн үйл ажиллагаа явуулж байгаагаа зогсоох хэрэгтэй. Зээлийг ямар нэг байдлаар хөнгөлсөн асуудал биш. Хуримтлагдсан өр үүсч байгаа. Засгийн газар гурван сараар зээл төлбөр хойшлуулсан арга хэмжээгээ ажил хийсэн юм шиг ярьж байна. Өнөөдөр бид эрсдлийг зөв тооцох ёстой. Улс төрийн өнгө аясаар асуудалд хандаж болохгүй" гэлээ.
УИХ дахь АН-ын зөвлөлөөс Засгийн газарт хүргүүлж буй шаардлага