Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо болж байна.
Өчигдөр манай улсад коронавирусийн халдвар Монгол улсад ирсэн Франц иргэнээс илэрсэн.
Түүнтэй гар барьж уулзсан, орчуулагч, хоол хүргэлтийн ажилтан зэрэг хүмүүсийг нэгдүгээр хавьталд тооцон тусгаарлаж, шинжилгээнд хамруулаад байгаа.
Тэгвэл тус иргэнтэй харилцсан буюу нэгдүгээр хавьтлын 26 хүний онош СӨРӨГ буюу халдваргүй гарсан талаар Засгийн газрын хэвлэлийн алба мэдээллээ.
Франц иргэнтэй хамт нэг нислэгээр ирсэн 120 гаруй зорчигч, нисэх багийн бүрэлдэхүүнийг тусгаарлан, ажиглалтад авч, хүн тус бүрээс сорьц аван шинжилгээнд хамруулаад байгаа юм.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийг ашиглалтад оруулах, шилдэг уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл, Удлаанбаатарын төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэх, үнэргүйжүүлэх ажлын явц гээд 17 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хэлэлцэх асуудлын жагсаалтад нууцын зэрэглэлтэй асуудал ч багтсан байна.
Засгийн газраас маскаа зүүж, гараа угааж, бие биедээ эерэг мэдээлэл түгээж дархлаагаа хүн бүр дэмжихийг зөвлөлөө.