Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал гуравдугаар сарын 10-ны 08.30 цагт товлогджээ.
Сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан албан тушаалтан болон ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байсан албан тушаалтнууд бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд байгаа.
Хэргийг тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, намынхаа 49 хүнд ЖДҮХС-аас зээл авч өгсөн, мөн өөртөө авсан гэх шалтгаанаар хуулийн байгууллага жил гаруйн хугацаанд шалгаж байгаа юм.
Өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сарын 18-нд шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болсон. Энэхүү хурлаар шүүх бүрэлдэхүүн хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан.
Учир нь Б.Батзориг нарын долоон хүн өөрсдийгөө гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн учраас хэргийг хялбаршуулах журмаар прокурорт буцаасан юм. Өөрөөр хэлбэл, яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авсан.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь тухайн үйлдэгдсэн гэмт хэрэгт яллагдагч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол, хор уршгаа арилгасан тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг түргэсгэж ажлын ачааллыг бууруулах, хэргийн оролцогчдод хүндрэл чирэгдэл учруулахгүй байх, тэдгээрийн цаг хугацаа болон зардлыг хэмнэх зэрэг олон талын эерэг үр нөлөөтэй юм.
Улмаар гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх нь тодорхой гэж үзэж байгаа шүүгдэгчийн хувьд ялын хөнгөлөлт нь цагаатгах магадлалаас илүү ашигтай байдаг бөгөөд нөгөө талаас прокурорын хувьд гэмт хэрэгт шийтгэл оногдуулах нь баталгаатай байдлаар харилцан нөхцөлддөг хуулиар зохицуулагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа аж.