ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 33/21 дугаартай зөвлөмжийг нууцаас гаргах саналыг тус зөвлөлийн Нарийн бичгийн даргад хүргүүлж буйгаа өнөөдөр мэдээлэв.
Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболд "Тавантолгойг хувьчлах тухай УИХ-ын 2018 оны 73-р тогтоолыг нэн даруй хүчингүй болгохгүй бол 2019 онд Үндсэн хуульд нэмсэн 6.2 гэсэн заалттай шууд зөрчилдөж байна" гэж НТВ телевизэд өгсөн ярилцлагадаа илэрхийлсэн юм.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: “Тавантолгойн орд газрын төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх санхүүжилтийг босгох олон асуудал яригдсаны нэг нь IPO хийх. ҮАБЗ-ийн 2018 оны дээрх зөвлөмжийг үндэслэн УИХ-аас тогтоол гаргаж, Засгийн газарт ирүүлсэн одоогоор хэрэгжүүлээгүй. Энэ ажил судалгааны түвшинд явж байгаа. IPO гаргах нь зөв. Гэхдээ улс төрийн нөхцөл байдлаас үүдэн энэ ажил үргэлжлэхгүй ч байж мэднэ.
ҮАБЗ-ийн дээрх зөвлөмж ил болсны дараа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шаардлагатай гэж үзвэл Ерөнхий сайд зөвлөмжийг хэрэгжүүлэхээс татгалзах асуудлыг хөндөнө. Үүний улмаас Тавантолгойн дэд бүтцийн ажил зогсож болзошгүй. Зөвлөмж ил болсны дараа бүх зүйл тодорхой болох юм. Өнөөгийн Засгийн газар хууль зөрчсөн нэг ч алхам хийхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна” гэлээ.
Мөн тэрбээр, Эрдэнэт үйлдвэрт тогтоосон онцгой байдлын хугацаа хоёр өдрийн дараа дуусна гэдгийг онцлоод тус үйлдвэрт хийсэн Сангийн яам болон хууль, хяналтын байгууллагын шалтгалт, илэрсэн зөрчлийн талаар онцгой байдлын хугацаа дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэв.
Түүнчлэн "Жаст"-ын Батхүүтэй холбоотой асуудлын талаар "Сая Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт орсон. Ингэснээр шүүх дээр гацсан олон хэргүүд урагшлах нөхцөл байдал үүссэн. Гэхдээ шүүгч нар шударга байж чадвал. Хуулийн хувьд ямар нэгэн байдлаар шалтаглах асуудал байхгүй. Энэ дунд Жастын Батхүүтэй холбоотой асуудал орж, хуулийн дагуу шийдэгдэнэ. Хөрөнгийг нь битүүмжилсэн байгаа. Харамсалтай нь шүүхийн шийдвэр гарч байж шийдэгдэнэ гэх тайлбарыг прокурор бидэнд хэлсэн" гэсэн юм.