Сөүл дэх Элчин сайдын яамны мэдээлснээс үзвэл агаарын тээврийн “МИАТ”, “КАЛ”, “Асиана”, “Эйр Пусан” компанид захиалга өгсөн 6,200 иргэн ойрын өдрүүдэд эх орондоо ирэх хүсэлтэй байна. 500 орчим хүн нислэг сэргээсний дараа Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэхээр захиалгаа өгчээ. Нислэг нь цуцлагдсан учир БНСУ, Японд байсан монгол иргэдийн ихэнх нь Москва хотоор дамжин буцсан байна.
Гадаад харилцааны яам дэлхийн 80 орчим улсад байгаа 190 гаруй мянган монгол иргэнээ бүртгэх, Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмж өгөх, байгын холбоотой байхад онцгой анхаарч байна.
Ялангуяа БНХАУ, БНСУ, Япон, Итали, ОХУ болон Европын орнуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж, заавар, чиглэл өгч байна.
Европын орнуудад Монгол Улсын 50 мянга гаруй, БНСУ-д 48 мянга гаруй, Япон Улсад 14 мянга орчим иргэн амьдарч байна.
Улс хоорондын нислэг зогссоноос иргэдийн визийн хугацаа хэтэрч байгаа тул Сөүл, Токио дахь Элчин сайдын яам тухайн улсын Хууль зүйн яам, Цагаачлалын албанд албан ёсны хүсэлт гаргасан байна. Энэ дагуу Японы тал иргэдийн визийг 15-30 хоног сунгах чиглэлийг 47 мужийн Цагаачлалын албандаа өгчээ. Харин БНСУ асуудлыг тухай бүр нь шийдвэрлэхээ мэдэгдсэн байна.