Улсын онцгой комиссын шийдвэрийг эсэргүүцсэн МАН-ын нарийн бичиг дарга Ц.Бат-Энхийг албан ажлаас нь чөлөөлжээ.
Тэрээр коронавирусийн халдвар тархсан газраас буюу БНСУ-аас Японоор дамжин өчигдөр эх орондоо ирсэн юм. Халдвар тархсан газраас ирж байгаа иргэдийг тодорхой хугацаагаар тусгаарлан, үзлэг шинжилгээ хийж, халдвар авсан эсэхийг тогтоож байгаа. Гэтэл Ц.Бат-Энх УОК-ын энэхүү шийдвэрийг эсэргүүцэн, тусгаарлагдахаас татгалзаж, улмаар түүнийг албадан тусгаарласан байна.
Түүнийг ОБЕГ-ын Дэд дарга, Г.Ариунбуянгийн шийдвэрээр Жаргалантын сувилалд тусгай өрөө гарган, ганцааранг нь нэг өрөөнд байрлуулсан нь УОК-ын шийдвэрийг зөрчсөн, нэг хүнд давуу эрх олгосон үйлдэл болсон юм.
Харин энэ асуудал МАН-ын дарга У.Хүрэлсүхийн чихэнд хүрч, Ц.Бат-Энхэд хариуцлага тооцохыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд даалгажээ. Ингээд МАН-ын генсек Д.Амарбаясгалан УОК-ын шийдвэрийг эсэргүүцсэн гэдэг үндэслэлээр нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Ц.Бат-Энх нь “Эрдэнэт” үйлдвэрийн Хүний хөгжлийн асуудал хариуцсан захирлаар ажиллаж байгаад 2016 онд МАН-ын нарийн бичгийн даргаар сонгогдсон ажиллаж байжээ.
Сэтгэгдэл (2)