БНСУ-аас өчигдөр орой Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг Жаргалантын аман дахь ОБЕГ-ын байранд албадан тусгаарласан талаар бид өмнө мэдээлсэн.
Түүнтэй хамт Токио-Улаанбаатарын сүүлийн нислэгээр БНСУ-аас дамжин ирсэн 38 иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлэн түр хугацаагаар тусгаарласан бөгөөд Ц.Бат-Энх нь хилийн мэргэжлийн хяналтын албанаас тавьсан тусгаарлах шаардлагыг эсэргүүцсэн тул албадлага хэрэглэхэд хүрсэн байна.
Түүнийг ОБЕГ-ын Дэд дарга, Г.Ариунбуянгийн шийдвэрээр Жаргалантын сувилалд тусгай өрөө гарган, ганцааранг нь нэг өрөөнд байрлуулсан нь УОК-ын шийдвэрийг зөрчсөн, нэг хүнд давуу эрх олгосон үйлдэл болсон тул түүнийн өнгөрсөн шөнө 04.00 цагт Жаргалант дахь сувиллаас баривчлан, Цэргийн төв эмнэлэгт авчирсан тухай zarig.mn сайт мэдээлжээ.
Ц.Бат-Энх Нарита нисэх онгоцны буудалд хоёр өдөр өнжихдөө МИАТ компаниас нэг өдрийн 500 доллараар тооцон хоёр өдрийн зочид буудлын төлбөр нэхэж, хэл ам гаргажээ. Мөн Наритагаас Улаанбаатар луу нисэх үед БНСУ-аас ирсэн зорчигчдыг онгоцны арын суудалд тусгаарлахад Ц.Бат-Энх мөн л эсэргүүцэж, “Бизнес ангилалд сууна, арын суудалд зорчихгүй” хэмээн маргасаар онгоц хөөрчээ.
МАН-ын нарийн бичгийн даргын өдүүлсэн дээрх асуудлууд МАН-ын дарга У.Хүрэлсүхийн чихэнд хэдийн хүрсэн бөгөөд түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх үүргийг генсек Д.Амарбаясгаланд өгсөн гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл (21)