Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д өчигдөр нэг өдрийн айлчал хийн оройны 23 цаг орчимд эх орондоо иржээ.
Түүний айлчлалыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин өндрөөр үнэлж, үүссэн нөхцөл байдлыг үл хамааран эх оронд нь хүрэлцэн ирсэнд гүн талархал илэрхийлж, халдварт өвчин гарснаас хойш БНХАУ-д хийсэн Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгийг онцолсон юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар коронавирусийн халдвартай хамтран тэмцэх талаар санал солилцож, БНХАУ-ын ард түмэн шинжлэх ухаанд суурилсан тэмцэл, хичээл зүтгэлийн хүчээр цар тахлыг зогсоох нь дэлхий нийтэд ч тустай үйл болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн Монголын ард түмэн БНХАУ-д 30 мянган хонь хандивлаж буйг дуулгасан билээ.
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон айлчлалын бүрэлдэхүүнийг эх орондоо ирсэн даруйд нь 14 хоног тусгаарлана. Айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нар дагалдан явсан юм.