Япон, Монголын хөрөнгө оруулагчдын форум Токио хотноо боллоо. Энэ удаагийн форумд 300 гаруй бизнесийн байгууллага, банкны салбарынхан оролцож, Монголд хөрөнгө оруулах боломж, хөрөнгө оруулалтын орчин болоод Монголын Засгийн газрын бодлогыг сонирхсон байна.
Хөрөнгө оруулагчдын зүгээс Монголыг сонирхож байгаагаа илэрхийлээд, тогтвортой, таатай хөрөнгө оруулалын орчин бий болгоход онцгой анхаарч буйг онцолжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын хувьд ч хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргаж, хөрөнгө оруулах боломж үргэлж нээлттэй байна гэдгийг форумын индэр дээрээс хэлсэн байна.
Хөрөнгө оруулалтын форумд Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Ё.Мацүмото, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн, Монгол, Японы парламентын бүлгийн гишүүн М.Оюунчимэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, нийслэлийн Иргэдийн хурлын дарга Р.Дагва, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нар оролцжээ.
Форумын талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал П.Ганхүү:
-"Япон улсын хувьд эрчим хүчний салбарт маш их тусламж үзүүлснийг Монголын ард түмэн мэднэ. Одоо хөгжлийнхөө энэ харилцааг арай өөр шатанд гаргаж, харилцан ашигтай төслүүд хэрэгжүүлье. Уул уурхайн нөөц дээр суурилсан Японы өндөр технологиор эцсийн бүтээгдэхүүн хийх чиглэлээр хамтран ажиллая гэдэг байдлаар төслүүдээ танилцууллаа. Тухайлбал, нүүрс боловсруулах, газрын ховор элемент, ашигт малтмалын чиглэлээр эцсийн бүтээгдэхүүн болгодог өндөр технологийн үйлдвэрлэлийг нэвтрүүлснээр нэмүү өртөг шингээж, хөгжих боломжтой гэж харж байгаа юм. Зэсийн хайгуулаас эхлээд хамтарч ажиллах боломжтой гэдэг саналууд ч эхнээсээ гарч эхэлж байна. Хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байх, хууль эрх зүй нь өөрчлөгдөөд байдаггүй, хадгалагдаж байх гэдэг дээр анхаарлаа хандуулж байгаагаа хөрөнгө оруулагчид онцолж байна" гэв.
“Эрдэнэс Монгол” ХХК БНХАУ-ын Стэйт Грийд корпорацитай хамтран Эрчим хүчний экспортын “Шивээ-Энержи” цогцолбор төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн 5,280 MW цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугамаар БНХАУ-д экспортлох цогцолбор төслийг эхлүүлжээ. Охин компани болох “Эрдэнэс Стийл” ХХК-иар дамжуулан БНХАУ-ын “Sinosteel” компанитай хамтран нэмүү өртөг шингээх “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” барих төслийг хэрэгжүүлж буй нь манай улсын хувьд аж үйлдвэрийн цогцолборын эхлэл болохоос гадна гангийн экспортлогч болох ирээдүй хэмээн харж байгаа аж.