Дэлхийн Банк Группын гишүүн байгууллага болох Олон улсын Санхүүгийн корпорацад Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан Дэд ерөнхийлөгч хатагтай Нена Стойлжкович Монгол Улсад анх удаа албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна.
Хоёр өдрийн албан ёсны айлчлалын хүрээнд хатагтай Стойлжкович нь Засгийн газар, санхүүгийн байгууллагуудын төлөөллүүд болон хувийн хэвшлийн манлайлагчид нартай уулзах ба хөгжиж буй орнуудын хувийн хэвшилтэй хамтран ажилладаг дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпорацын дэмжлэгтэй хэрэгжиж буй төслүүдийн үйл ажиллагаатай танилцах юм.
“Монгол Улс нь өөрийн гэсэн дахин давтагдашгүй онцлогтой ба тулгарч буй бэрхшээлүүд болон хөгжлийн боломжууд нь ч гэсэн дахин давтагдашгүй өвөрмөц юм” хэмээн хатагтай Стойлжкович хэлсэн байна. Тэрбээр цааш нь хэлэхдээ “ОУСК нь Монгол Улсад 1997 оноос хойш тус улсын хөгжлийн бэрхшээл, сорилтуудыг даван туулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа билээ. ОУСК-ийн зүгээс Монгол Улсад эдийн засгаа төрөлжүүлэх, иргэдэд, ялангуяа залуучуудад зориулсан ажлын байрыг нэмэгдүүлэхэд хэрхэн тусалж болох талаар өөрийн биеэр сонсож ярилцах хүсэлтэй байна” гэжээ.
1997 оноос хойш ОУСК нь Монголд эрүүл мэнд, банк санхүү, зочид буудал, уул уурхай, үйлчилгээний салбаруудад нийт 35 төсөлд зээл, санхүүжилт олгосон байна. Энэ оны долдугаар сард Олон улсын санхүүгийн корпорацаас Монгол Улсын 44 мянган бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчид нарт зээл, санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Хас банканд 65 сая ам.долларын зээл олгож байгаагаа зарласан байна. ОУСК-ын зүгээс бичил, жижиг дунд үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэх нь үйл ажиллагааны гол чиглэлүүдийн нэг байсаар байх болно. “Маш олон аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч нар бизнесээ өргөжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд шаардлагатай зээл, санхүүжилтийг олж авах гэж саад бэрхшээлтэй тулгарсаар байна" гэж хатагтай Стойлжкович хэллээ. Тэрбээр мөн "ОУСК-аас олгож буй энэхүү санхүүжилт нь санхүүгийн хүртээмжийг сайжруулахад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх нь дамжиггүй бөгөөд цаашид ч Олон улсын санхүүгийн корпорацаас Монгол Улсад илүү өрсөлдөх чадвартай, тогтвортой мөн төрөлжсөн эдийн засгийг бий болгоход хэрэгтэй хөрөнгө оруулалтын бусад боломжуудийг судлах, хөгжүүлэх сонирхолтой байна” гэсэн байна.
ОУСК болон Дэлхийн банк нь хоёулаа Дэлхийн банкны группийн гишүүн байгууллагууд бөгөөд Монгол Улсад хөрөнгө оруулалтын бодлогыг сайжруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, экспортыг төрөлжүүлэх, байгууллагын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр бодлогын зөвлөгөө, техникийн туслалцаа үзүүлсээр ирсэн билээ.
Өнгөрсөн 22 жилийн хугацаанд Олон улсын санхүүгийн корпорацаас Монгол Улсад нийтдээ 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнд Олон улсын санхүүгийн корпорац нь өөрийн данснаас гаргасан 849 сая ам.доллар, мөн хамтын санхүүжилтээр босгосон 1.77 тэрбум ам.долларын санхүүжилт тус тус багтаж байгаа бөгөөд эдгээр хөрөнгө оруулалт, санхүүжилтийг уул уурхай, банк санхүү, бичил санхүү, аялал жуулчлал, үйлчилгээ зэрэг салбаруудад хувийн хэвшлийн 35 томоохон төслүүдэд хийсэн байна.
Эх сурвалж: Дэлхийн банк