Монголбанкнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн билээ. Энэ үеэр сэтгүүлчид Монголбанкны ерөнхийлөгч төрийн тусгай обьектуудыг тендер нэрээр авсан, ойрын хүмүүсээ ажилд авсан гэх мэдээллийн талаар тодруулж, Монголбанкны удирдлагууд дараах тайлбарыг өглөө.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-"Төв банкны барилга 1930-аад онд баригдсан. Нэгдүгээр байр нь 5-6 жилийн дараа нь баригдсан байдаг. Ерөнхийдөө 1930-40-өөд оны барилга. Б корпус 1990-ээд оны дундуур баригдсан. Монголбанкны төв аппаратад 400 орчим хүн ажилладаг.
Мөн бид АХБ-тай хамтраад төлбөрийн системийг шинэчлэх төсөл хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд томоохон өгөгдлийн буюу дата сан байгуулагдаж байгаа. Шилэн кабелиар холбогдсон төлбөр тооцооны төв үүнд багтаж байгаа.
Гэтэл ийм байшингуудад дата центер, төлбөрийн системийг байршуулахад олон улсын стандартад нийцэхгүй. Тиймээс тусад нь байр барихаар ажиллаад, одоо бараг баригдаад дуусч байгаа.
Барилгаа захиалахын өмнө Мобиком компани, Худалдаа хөгжлийн банк зэрэг томоохон байгууллагуудын барилгыг ямар компаниуд барьсан талаар эхлээд судалж, зургаан компанийн жагсаалт гаргасан. Тэдгээр компаниас хэдий хугацаанд барих боломжтой, ямар материал ашиглах, үнийн сана зэргийг авч, нэгийг нь сонгосон. Сонгохоосоо өмнө бүх зөвшөөрлийг хуультай нийцүүлэн төрийн байгууллагуудаас авсан.
Үнийн саналын хувьд хамгийн хямдыг сонгоход ямар түвэгтэй байдал үүсэх вэ гээд бүх эрсдлийг тооцсон. Манай байшингийн зураг “108” гэдэг архитектурын зураг төслийн компани хийж, төсвийг Барилгын хөгжлийн төвөөр зөвшөөрөгдсөн байгууллагууд хийсэн. Бүх зөвшөөрөл гарсны дараа гэрээ байгуулсан тул хууль зөрчсөн зүйл байхгүй" гэв.
Монголбанкны Тамгын газрын захирал Ж.Батхуяг:
-Зөвшөөрлийг авч компанийг сонгон шалгаруулсан. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа болон ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн тухайн заалтаас нь хамаараад бид бүхэн шууд гэрээ байгуулах эрхтэйгээр зөвшөөрөл авсан. Гэхдээ бид шууд гэрээ байгуулаагүй. Бүх талын оролцоог хангах үүднээс шударгаар сонгон шалгаруулалт хийж компанийг сонгосон.
Хууль, эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Б.Эрдэнэхуяг:
-Төв банкны тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан дотоод журмаар энэ асуудал зохицуулагдаж байгаа. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4-т Монгол Улсын мөнгөн тэмдэгт, гүйлгээ, гүйлгээ хийх сангийн байршил, Эрдэнэсийн сангийн байршил, Төлбөр тооцооны дата төвүүд нь нууцад хамаарагдах буюу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулагдахгүй гэсэн харилцаатай байдаг.
Үүний дагуу Төв банкны тухай хуулиар Монголбанкны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн дагуу удирдан зохион байгуулах гэдэг үндэслэлээр дотоод журмаар зохион байгуулдаг. Энэ дотоод журамд зааснаар Монголбанкнаас Үнэлгээний хороо байгуулагдана. Үнэлгээний хорооноос тухайн ажлын шалгууруудыг тавьж байгаа. Төсөв, барилгын чанар зэргийг тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шууд гэрээ байгуулах арга гэдэг үндэслэлээр зохион байгуулахдаа зургаан компанийг хураангуй жагсаалтаар, хязгаарлагдмал хүрээнд сонгон шалгаруулаад, хамгийн өндөр оноо буюу Монголбанкны шаардлагуудад нийцсэн компанийг шалгаруулсан. Монголбанк хууль зөрчсөн зүйл байхгүй гэлээ.
Сэтгэгдэл (1)