Баярмагнайгийн гэх өөрийн арга барилаар халх-хотгойд тууль хайлах дэгийг бий болгож яваа цөөхөн Жангар туульч нарын нэг Б.Баярмагнай гуайтай уулзаж ярилцлаа. Үндэстнийхээ өв соёлыг өөртөө тээж түүнийгээ чадлын хэрээр үлдээхэд санаагаа чилээж яваа энэ буурал “Нүд хаагдчихвал Гэсэр туулиа яаж бичүүлнэ гэж бодож байлаа. Канад улсад хардаггүй хүнийг хүртэл харуулдаг төхөөрөмж зохиож гэнэ, уг нь гайгүй үнэтэй юм билээ түүний төлөө зүтгээд үзнэ” гээд өөдрөг мөрөөдлөөр өөрийгөө хөглөж сууна. Монгол гэж их эзэнгүй уул, талтай диваажингийн орон гэж ойлгоод уул уурхай нэрээр ухаж төнхдөгт сэтгэл төвдөж эзэнгүй уул ус гэж үгүй. Лус савдгаараа дамжуулан уул тал, ус ургамал бүхнээ тэнгэртээ даатгасан эзэнтэй ард түмэн шүү гэдэг үгийг тэр дайсан юм.
-Та ардын аман зохиолын төрлөөр уран бүтээл туурвиж эхэлсэн талаараа ярина уу?
-Би 1956 онд Хөвсгөл аймагт төрсөн хүн. Нутагтаа дунд сургуульд суралцаад хотод ирж Хөгжим бүжгийн дунд сургуульд сурч их хуурч П.Буян гэдэг хүний шавь болон морин хуур заалгаж хөгжимчин болох гараагаа эхэлж байлаа. Би морин хуурч, төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн. 1977 онд Хөвсгөл аймагт театр байгуулагдахад очиж найман жил ажиллаад дараа нь Завхан аймагт очиж концертместр хийж байв. Тэгж байтал Зохиолчдын хороо “Үлгэрийн танхим”-даа дуудаж ажиллуулан “Үлгэрийн далай” чуулга болсноор ардын аман урлаг руу орж туульсаар голлох болсон доо. “Үлгэрийн танхим” маань татан буугдахад Хуримын ордонд ерөөл хэлдэг байв. Есөн жилийн хугацаанд би 4000 гаруй хосод ерөөл хэлсэн байна.
-Таныг халхын Жангар туульч гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. Анх Жангар туулийг хэрхэн хайлав?
-Ардын билиг зүй талын урлаг үлгэр тууль, ерөөл магтаал, зүйр цэцэн үг, оньсого таавар, бөх морины цолоос эхлээд арвин баялаг өв соёлтой ард түмэн шүү дээ. Зохиолчдын хороонд байхад Жангар туулийг хайл гээд нэг бүлгийг надад авчирч өгсөн юм. Шинжлэх ухааны хүрээлэнгийн хэл зохиолын хүрээлэнгийн ЭША доктор Р.Нарантуяа гуай мөн Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн гэж байлаа шүү дээ, тэндэхийн эрдэмтэн н.Гомбожав гуай хоёр миний хайлсан Жангар туулийг пянзанд анх удаа Монголын радиогоор бичүүлж байлаа. Академич Х.Сампилдэндэв гуай “За чи Жангараа л хайлаад бай олон юм руу ороод яах вэ. Халхын Жангар хайлдаг арга барил байхгүй болчхоод байгаа юм” гэсэн. Ингээд би 1986 оноос Жангар хайлахаар оролдсоор байгаад 2002 оны Цагаан сарын битүүний өмнөх өдөр УДЭТ-т Жангараа хайлсан. 2003 онд Гэсэр туулийг хайлсан.
-Жангар тууль асар урт. Та хэдэн бүлэг хайлав, хэдий цаг хугацаа орсон бэ?
-Би Жангарыг 99 бүлэг хайлаад 108 цуврал CD болгоод улс түмэндээ үлдээсэн. Монгол үндэсний соёлыг дэлхийд түгээж дэлгэрүүлэх нэг төсөл явагдаж байсан юм. Тэр хүмүүс Хөх хотоос намайг дуудсан. Манайхаас тэр төсөлд доктор Л.Эрдэнэчимэг, Л.Дашням гуай нар оролцдог юм билээ.
-Тууль хайлах уламжлалын талаар та дэлгэрэнгүй яриач?
-Тууль хайлах уламжлалын гол цөм бол баруун Монголд мэдээж байгаа. Бусад олон ястны тууль хайлах уламжлал үндсэндээ тасрах гээд байна. Би өөрөө хотгойд хүн л дээ. Монгол туургатан гэж яривал шинжан, халимаг гээд Жангар хайлдаг. Гэхдээ олон улсын төсөлд оролцож чадаагүй юм байна. Би Хөх хотод очоод Чингис хаан киноны бүх дуу авиаг хийсэн компанитай танилцлаа. Очихдоо 99 бүлэг Жангарынхаа бичлэгийг аваад очсон л доо. Гэтэл хоолойны бичлэгт орох болтол нөгөө олон бүлэг Жангарыг чинь шивж бичих ажил гарсан. Жангарыг текстээр бичвэл 5,6 боть ном болно. Тэгээд Эрдэнэчимэг доктор өөрөө шивсэн.
Тэр бүтээл маань олон улсын номын сангуудаар тарах, Монгол угсаатны их дээд сургуулиудад судлагдахуун болж хүрэх зорилготой юм. Одоо нээлт нь болно гээд хүлээгээд байж байна. Энэ номын нээлт Япон, Герман гээд зургаан улсад болно.
-Та их сайхан үйлс хийжээ. Та 1986 онд Жангар туулийг хайлахаар болоод 2002 онд тайзан дээр хайлсан гэлээ. Энэ хугацаанд судалж, сурч өөрийгөө бэлдсэн гэсэн үг үү?
-Судалгааны хувьд гэвэл бичмэл номыг би өөрөө хайх шаардлагагүй. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн фондод байгаа. Судалдаг олон эрдэмтэд өөрт байгаагаа авчраад өгдөг. Жангар туулийг хайлна гэдэг нь дуу сураад дуулахтай адил юм биш. Туулиа уншина бүр цаад утгыг нь ойлгоно, дотроо бодож боловсруулна өөрөөр хэлбэл найруулагчийн ажил хийнэ гэсэн үг. Хайлах гэдэг утгаар нь манайх бүрэн төгс хайлж байсан түүх байхгүй л дээ. Би ганцаараа хийсэн юм биш шүү дээ. Олон эрдэмтэд болоод Драмын театрынхан бүгдээрээ оролцож сургуулилтаа зогсоож байгаад л Жангар туулийг хүлээж авсанд баяртай байдаг.
-Таны олж мэдсэнээр Жангар тууль хэчнээн хувилбартай вэ, 99 бүлгээс илүү байгаа юу?
-Жангар тууль гэдэг чинь барагдахын аргагүй их юм билээ. Миний хайлсан Жангар нь Монгол нутгаас олдсон нь богино, урт нийлээд 55 бүлэг байна. Дээрээс нь Монгол угсаатнуудын хайлсан туулиуд нэмээд 99 болно. Ерөн есөн бүлэг болсонд би өөрөө ч бэлгэшээж байгаа юм. Ерэн есөн тэнгэр гэж байдаг. Тууль бол тэнгэртэй харьцаж байгаа л хэлбэр шүү дээ. Монголчууд Чингис хаанаас ч өмнө туулиа хайлж газар, тэнгэр, амьдралаа аргаддаг байжээ. Монгол ардын аман зохиол бол мэндийн үгнээсээ эхлээд бүгд шившлэгтэй, тарнитай. Тийм л үгээр ярьдаг ард түмэн бид. Ийм сайхан ерөөлийн үгээрээ яриад байвал бидний амьдрал дээшлээд хоорондоо хараалын үгээр яриад хэрэлдээд байвал амьдрал доошлоод л байна. Шүлгээр мэндэлдэг, шүлгээр ярьдаг тэр байтугай шүлгээр хэрэлддэг ард түмэн байж, бид. Дэлхийн 10 гаруй улс оронд явж үзлээ ах нь. Тэгэхэд ардын аман өв соёл хамгийн өндөртэй ард түмэн бол монголчууд яах аргагүй мөн байна.
Шинэ сараар уулзахдаа монголчууд Амар байна уу? Сар шинэ сайхан уу? Сүрэг мал тарган уу? Даага далантай, бяруу булчинтай, төлөгтэй сүүлтэй, тором бөхтэй тарган тавтай хаваржиж байна уу? гэж шүлгээр ярьдаг уламжлалтай. Гэтэл залуус одоо хоорондоо “Хөөе юу байна? Надаар юу ч алга, чамаар юу байна? гэж л ярьж байна шүү дээ.
Шүлгээр хэрэлддэг гэж ярихад одоо хүмүүс ойлгохгүй. Жишээ нь жаахан хүүхдүүд Өөв өөв өөх идэх үү? Дайраад ирэхийн давсаг байна уу? Гүйгээд ирэхийн гүзээ байна уу? Ойгоод ирэхийн олгой байна уу? гэх зэргээр муудалцахдаа хэлдэг байж. Энэ чинь шүлэг шүү дээ. Монгол хүний амьдрал гэдэг эхийн хэвлийд байхаас аман зохиолын яруу тансагт үргэлжилсээр байгаад ерөөлөөр үдүүлээд энэ дэлхийгээс буцдаг байжээ.
-Жангар туулийг хайлахад туульчаас шаардагдах чадвар, нас, цээр, тусгай дэг жаяг гэж байх уу?
-Ц.Дамдинсүрэн гуайн тодорхойлсноор бол үлгэрч туульч нар бол эртнээс ард түмний үзэх жүжиг, сонсох хөгжим, унших номын гурвуулангийнх нь үүргийг гүйцэтгэсээр ирсэн нэг жүжигчинтэй театр юм гэсэн байдаг. Тэгэхлээр туульч хүн тууль хайлахын тулд бүх юмаа өөрөө хийнэ. Дэлхийн сонгодгуудыг театр бүр өөрийнхөөрөө найруулдаг. Түүн лугаа адил туулийг туульч өөрийнхөө дэг сургуулилт, арга барилаар хайлдаг.
Тууль хайлахад тодорхой ёс жаяг гэж бий. Тухайлбал туулийг зун хайлахгүй өвөл хайлна, өдөр хайлахгүй шөнө хайлна, дутуу хайлахгүй гүйцэт хайлна гэх мэт. Ер нь хайлж сураад нэг аятайхан болоод ирлээ дээ гэхээр өөрт мэдэгддэг. Жинхэнэ ир нь гүйцээд тууль хайлдаг нас нь 50 орчим нас юм болов уу гэж би бодсон. Миний хувьд халх хотгойдын гэдэг юм уу даа өөрийн арга барилаар хайлдаг. Би цууртай биш хууртай тууль хайлдаг. Нэг хөөмийлөөд, нэг хуураа дуугаргаад, тэр хооронд туулиа хэлээд гэх мэтээр цувуулж хайлдаг.
-Зун биш өвөл, өдөр биш шөнө хайлдаг нь амьдрал ахуйтайгаа зохицсон хэлбэр юм болов уу?
-Мэдээж мал ахуйтай хүмүүс чинь өдөр ажил төрлөө хаяад цуглараад суухгүй. Өвлийн шөнө урт учраас одоогийнхоор бол чөлөөт цагаараа соён гэгээрэх, хүмүүжлийн, урлаг соёлын гэх мэт ажлаа амжуулж байна шүү дээ. Өвөл туульчийн хоолой зун шиг хөөж бамбайхгүй учраас цээл саруулхан байдаг. Монголчууд эртнээс их унтдаггүй байсан учраас өвлийн шөнийг юм сонсч өнгөрөөдөг байсан гэсэн үг. Тиймээс “Орой унтвал нэгийг сонсоно, эрт босвол нэгийг үзнэ” гэдэг.
-Жангарыг бүтнээр нь хайлахад хэдэн өдөр болох вэ?
-Одоо үед зогсохгүй хайлах боломж нөхцөл байхгүй. Түүнийг сонсоод сууж байдаг хүн ч гэж юу байх вэ. Зөвхөн бичлэгээр ярихад нэг CD 60-80 минут үргэлжилнэ. Тийм CD 108 ширхгийг бичүүлсэн гэхээр нэлээд юм болно биз. Зогсолтгүй хайлна гэвэл 4,5 хоног болох байх. Монголын радио миний бичлэгийг орой болгон 20 минутаар нэвтрүүлэхэд 7,8-хан бүлэг нь дөрвөн сар үргэлжилсэн. Театрын тайзан дээр би хоёр цаг л хайлсан. Жангар туулийг хайлахаас өмнө заавал Алтайн магтаал хэлдэг юм.
-Хоёр цаг бол бүтэн тоглолтын хугацаа. Та 99 бүлэг Жангарыг бүгдийг нь цээжээр мэддэг гэсэн үг үү?
-Цээжээр мэднэ. Гэхдээ байнга хайлахгүй учраас би чинь настай хүн мартах нь байна. Эхний 2-3 бүлгийг нь яс цээжлээд түүнээс хойш утга санаагаа авч яваад л хайлдаг. Гол үйл явдал чиг шугамаа бариад явдаг гэсэн үг.
-Тууль бол тэнгэртэй харьцдаг хэл гэлээ. Хайлж байх үед онгод орох үг өгүүлбэрээ нэмэх, солих зэргээр өөрчлөгдөх үе байх уу?
-Онгод гэх юм болов уу хайлах бүрт өөр өөр мэдрэмж төрдөг. Нэг хайлаад дараа нь хайлахад зарим үг өгүүлбэр солигдох үе байдаг. Дээд 99 тэнгэр, уул усны эзэн савдгууд бүгд ирж сонсдог гэдэг юм билээ. Тэгэхээр учиргүй юм гэж үгүй. Тууль хайлж байхад балчир хүүхэд, үзмэрч хүн юм харах тохиолдол байдаг гэсэн шүү.
-Монголд Жангарыг хайлдаг туульч хэр олон байна, залгамж халаа гарч ирж байна уу?
-Э.Баатаржав гэж туульч дөрвөн бүлэг, УГЗ Д.Өлзий гуай, Увсын н.Анхбаяр гэдэг хүү, СУИС-ийн Б.Одсүрэн багш хэд хэдэн бүлэг хайлдаг.
-Гэсэр туулийг хайлсан тухайгаа яриач. Гэсэр, Жангараасаа юугаараа өөр вэ?
-Би нэг юманд харамсч явдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Цагаан сараар баатарлаг туульсыг өвлүүлэх дэлгэрүүлэх гээд зарлиг гарсан. Тэр дотор Гэсэр туулийн нэр алга байна лээ. Гэсэр бол Жангараасаа утга агуулгын хувьд асар том тууль шүү дээ. Гэсэр туульд энэ замбуу тивийнхэн хоорондоо толхилцоод болохгүй байна гээд хурмаст тэнгэрээс элч явуулж байгаа тухай өгүүлдэг юм. Хэмжээний хувьд Жангарт хүрэхгүй 8-9 бүлэг л байдаг. Энэ өвөл Гэсэр туулийг бас CD болгох санаатай байна. Хамгийн гол нь биет бус соёлын өв, тээгчтэйгээ алга болдог учраас өөрийн чадлаараа бичүүлээд үлдээчих л санаатай байгаа юм. Юм сонсдог хүний л уураг тархи хөгждөг юм шүү дээ. Тиймээс тууль хайлахыг хүүхдүүдэд багаас нь сонсгодог байж. Тууль хайлахыг сонссон хүн юм боддог хүн болдог.
-Та тууль хайлах залгамж халаа болоод үндэсний биет өвийг үлдээх, түгээх дэлгэрүүлэх талаар сэтгэл эмзэглэж, санаа зовж явдаг юм байгаа байх. Тэр талаараа ярина уу?
-“Үлгэрийн танхим”-ын буянд ардын билиг зүйн олон соёлоос суралцлаа. Ард түмэн миний багш. Ардын урлагийг ард түмнээсээ суралцаж явна. Урианхай голдуу баруун Монголын туульсын уламжлал бол байна. Бусдыг нь бид яах юм бэ? Энэ уламжлалаа гээчихгүйн тулд бодлого, дэмжлэг ойлгож таньж мэдэх л хэрэгтэй.
Урианхай болон гадны туульч хүүхдүүд Монголын бусад ястан, халхад тууль, туульч байхгүй. Ер нь тууль бол манай л юм гэх шахуу юм ярьж өөрсдийгөө тэнгэр бурхны элч шахуу юм яриад, дээгүүр гүйцгээж байдаг би дотроо дургүй байдаг хүн дээ. Миний шавь нар байна уу гэвэл байна. Тэр олон мянган бадгийг чинь цээжлэх хэцүү. Цээжлээд хайллаа гэхэд үзэх үзэгч алга. Хэн ч гэсэн мөнгө олдог юмаа хөөхийг л бодно биз дээ. Гадагшаа ногоон мөнгө хөөгөөд яваад байгаа залуусын буруу биш шүү дээ. Бид дэлхийн бусад орон шиг хөгжих гээд байгаа нь зөв. Дэлхийн бүх машиныг унаж, шилэн байшинд амьдрах гэж тэмүүлэх нь зөв л байх. Гэхдээ өөрийн үндэсний өв соёлоо гээчхээд тэднийг дуурайх бол сармагчинтай л адил болно гэсэн үг.
-Та үндэсний өв уламжлалаа үлдээх зорилгоор санаачилгаараа сургуулиудаар явж тууль хайлж сонсгодог тухайгаа хуваалцаач?
-“Хар авдарт ном бий, хазгар өвгөнд эрдэм бий” гэдгээр сурсан мэдсэн жаахан юмаа үлдээе гээд төрийг харвал нэмэргүй. Дунд сургуульд ардын аман зохиол гэж хичээл нэгэнтээ ордог учраас түүнийг нь бодитоор үзүүлье гээд ганц нэг сургуулиудаар явдаг юм. Хүүхдүүд эртний юманд дургүй гэж худлаа шүү. Тэд чинь ирээд шавчихна, баярлаад сүйд болно. Хачин сайхан хүлээж авч сонсдог. Боловсролын яамнаас хэд хэдэн удаа бичиг авч үзсэн. Дөрвөн жил болоод солигдчихдог учраас хэцүү улсууд юм билээ. Уг нь ард түмний боловсролд нам хамаагүй баймаар юм. Саяхан харин Завхан аймгийн Боловсролын газрын дарга н.Ганчимэг гэдэг бүсгүй бүх сургууль, цэцэрлэг, сумдаараа авч явж тууль хайлуулж хүмүүстээ таниулсан. Цөөн дотор тийм өв соёлоо гэх сэтгэлтэй хүн бас байна.
-Та “Зууны манлай туульч” цолтой хүн. Тэр алдар цолуудаа хэрхэн авав, хаанаас олгов?
-Төрөөс өгсөн шагнал биш олон нийтийн байгууллагаас өгсөн юм. Японд болсон ЮНЕСКО-гийн зохион байгуулсан өв соёлын үзэсгэлэн наадамд оролцох завшаан тохиолдож “Эрийн сайн хан харангуй” туулиа хайлж сонирхууллаа. Монгол Улсад ЮНЕСКО тууль, цуур, бий биелгээ гурваар батламж олгосон. Түүний тулд “Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл” гэдэг газраас “Зууны манлай туульч” гэдэг өргөмжлөл надад олгосон. Хуримын ордонд ерөөл магтаал хэлдэг байлаа. Тэгэхэд “Монгол Улсын төрийн ерөөлч” гэдэг өргөмжлөл олгосон. 1998 онд Төв Азийн туульсын симпозиум фестиваль болсон. Тэндээс “Төв Азийн өргөмжлөлт” туульч өргөмжлөл олгосон. Тэрүүгээрээ би гоёх дуртай. Урлагт зүтгээд 43 дахь жилтэйгээ золгож байна даа.
А.Мөнхжин "Ардчилал таймс" сонин