Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг тавьсан. БНЭУ-ын Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдах энэхүү Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хоёр үе шаттай хийхээр төлөвлөсөн билээ.
Эхний шат болох Сайншандаас Алтанширээ дэх Нефтийн үйлдвэр хүрэх 27 км төмөр замаар анхны зорчигчдоо өчигдөр тээвэрлэжээ. Алтанширээ суманд барьж буй нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн хүрээнд уг төмөр замыг барьсан бөгөөд, үйлдвэрийн хүнд тоног төхөөрөмжүүд, барилгын материалуудыг энэ төмөр замаар тээвэрлэх юм.
Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Найман сарын дотор Сайншанд - Алтанширээ чиглэлийн 27 км төмөр замыг Улаанбаатар төмөр зам, Зэвсэгт хүчний жанжин штабын хамт олон амжилттай хийж гүйцэтгэж, өнөөдөр анхны туршилтын аялал хийгдлээ. Хамгийн чухал нь Монголчууд өөрсдөө бүтээн байгуулалт хийж чаддагаа олон жилийн дараа нотолсон үйл явдал байлаа! Олон улсын үнэ 1 км 3 сая $, Монголчууд 1 км 890 мянган $ 3 дахин хямд!!" гэсэн мэдээллийг нийгмийн сүлжээнд тавьсан байна.