Ардчилсан намын ҮБХ болон Ардчилсан Залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Ган-Очиртой Ардчилсан намын Үзэл баримтлалыг танилцуулах аяны талаар ярилцлаа.
-Ардчилсан намын үзэл баримтлалыг шинэчлэх болсон шалтгааны талаар эхлээд ярина уу?
-2016 оны сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээсний дараа намын VI их хурал болж, эгэл жирийн гишүүд маань хоёр шүүмжлэлийг хатуугаар хэлсэн. Нэгдүгээрт, намын үнэт зүйл болсон үзэл баримтлал бүдгэрэн доройтож мөнгө, албан тушаал шүтээн болж ялзарлаа. Хоёрдугаарт, анхан шатнаас сонгогдсон дарга нар амьдралаас тасарч зөөлөн суудал манасан, фракцад хуваагдаж мэрэлцсээр ардчиллынхаа дайсан боллоо гэсэн.
Ингээд хоёр дахь шүүмжийг засах гэж намын дүрэмд байсан ротацыг зохион байгуулах, эхний шүүмжийг засах гэж намын үзэл баримтлалын ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Гэхдээ туулсан зам амар байсангүй.
-Чухам ямар бэрхшээлийг туулав аа?
-Эхлэхдээ хүний нөөцийн, дараа нь үзэл санааны зөрчил, өнөөдөр зохион байгуулалтын бэрхшээлтэй тулаад байна. Дурдвал, анх 2016 оны намын VI Их хурлын дараа намаас намын дүрмийг шинэчлэх, намын даргын сунгааг зохион байгуулах, намын Үзэл баримтлалыг шинэчлэн тодотгох гурван ажлын хэсэг байгуулагдсан. Гэвч үнэндээ ҮЗХ-ны 90-ээс дээш хувь нь намын даргын сунгаа, дүрэм хоёрт хуваагдаж, нойр хоолгүй ажиллаж байснаас биш намын Үзэл баримтлалын шинэчлэлийг төдийлэн анхаарч тоогоогүй. Энэ нь манай намын удирдах дээд байгууллага ҮБХ-ны гишүүдийн дийлэнх хандлага дарга сонгох уралдаан, засаглалаа тогтоох дүрмийг илүүд үзэж хүний нөөц дутмаг байсан гэсэн үг.
Дараагийнх нь үээл санааны зөрчил. Энэ бол сул биш давуу тал юм. Учир нь өөр хоорондоо санал уралдуулж зөрчилдсөн, миний үзэл баримтлал илүү гэж ухаан зарсан уралдаан нь амар давахгүй бэрхшээл боловч заавал давах ёстой олон ургалч үзлийн ундарга юм. Ер нь тодорхой бичигдсэн гурван төсөл, хэсэгчилсэн нэлээд олон санал байсан. Ингээд байгаагаа өгч, байхгүйгээ нөхсөөр өнөөдрийн хэлбэрээ олсон. Эцсийн бэрхшээл нь бэлэн болсон Үзэл баримтлалаа түгээн дэлгэрүүлэх зохион байгуулалтын ажил байлаа.
-Зохион байгуулалтын бэрхшээл гэсэн сүүлийн үгээ дэлгэрүүлээч?
-Юуны өмнө бэрхшээл бол мухардал, зовлон, гацаа биш. Энэ бол даваад ард нь ололт байдаг боломж. Ер нь Ардчилсан нам Үзэл баримтлалын сургагч багш, түгээн дэлгэрүүлэгч, хайрлан хамгаалах өндөр түвшний мэдлэгтэй 15 мянган хүнийг хоёр өдөр вакум байдлаар бэлдэх ёстой. Энэ түвшнээс харвал 15 мянган хүнийг авчрах, байрлуулах зардал мөнгө, хөтөлбөр, сошиал дэд бүтэц гээд хүндрэлтэй асуудал их байна.
Гэлээ гээд намын түвшинд зохион байгуулагдаж байгаа олон ажлыг үнэлэх учиртай. Сая намын удирдлагууд Үзэл баримтлалыг танилцуулах аян хийж, 21 аймаг, есөн дүүргийг тойрлоо. Орон нутгийн идэвхтэй хэсэг нь өөрсдөө зохион байгуулалтад ороод ажиллаж байна. Залуус бид төв нам болон “Конред Аденауэр” сангийн дэмжлэгээр IDEAthone хэмээх 30 хүний оролцоотой багц сургалтыг таван удаа зохион байгууллаа. Эцэст нь, Ардчилсан нам энэ жилийг “Залуусын оролцоог дэмжих жил” болгож зарласны үр дүнд улс даяар бүсийн чуулган хийж 4000 орчим залууст хүргэх ажил явагдаж байна.
-Үзэл баримтлал гэж яг юуг хэлээд байна вэ. Залуучууд бид намын үзэл баримтлал гэхээр юу гэж ойлгож болох вэ. Та жишээ татаад тайлбарлаж болох уу?
-Ардын сургамжит зүйр үгнүүд зовлон жаргалтай хорвоогоос ургаж, хүссэн ч эс хүссэн ч бидний амьдралд хэм хэмжээс болдог шиг Үзэл баримтлал бол бидний дундаас ургаж гарсан, ирээдүйг төсөөлсөн оюун санааны нэг хэл.
Ардчилсан намын ч биш ер нь улс төрийн намын үзэл баримтлал Монголд халуун сэдэв. Хүн барууны чиглэлийн либерал байна уу, бүр зүүний социалист байх нь гол асуудал биш. Хүн үнэхээр нэг үзэл бодолд үнэнч, түүнийгээ хүндэлдэг байхад буруу зүйл байхгүй. Харин ямар ч үзэл баримтлалгүй хүн байх аваас цагийн аясыг хөвөрч, ашиг орлого харж, юу ч хийхээс буцахгүй, ямар ч хамаагүй үзэл баримтлалыг хэзээд дэмжихэд бэлэн хэн ч биш байдаг.
Ажиглаад байхад Үзэл баримтлалгүй намд дараах гурван хямрал харагддаг. Нэгдүгээрт, үнэнтэй нүүр тулж чаддаггүй болдог. Хэрэв үзэл баримтлалын зарчимтай байвал энэ бол үнэн, худал, чухал, чухал биш гээд гаргаад ирнэ. Хоёрдугаарт, хуурамч амьдралаар амьдардаг. Бодит бус, хий хоосон боломжуудыг амны зоргоор ярихыг хэлнэ. Гуравдугаарт, үзэл баримтлалгүй болохоор эцгийн үг шиг дарууллагагүй, ээжийн сургаал шиг хязгааргүй дураараа дургиж хууран мэхэлсэн амлалт, аргацааж залилсан хэрэгжүүлэлттэй болдог.
Ийм хандлага эрин цагийн шаардлагаа даахгүй нам нь сөнөхдөө улсаа чирч унах аюултай. Хэдийгээр Ардчилсан нам үзэл баримтлалаа мартсан байсан ч баруун төвийн үзэл баримтлалаа дахин сэргээж, засч сайжруулан, дархлаагаа тогтоохын төлөө ажиллаж байна. 2016 оны сонгуулийн ялагдлын хамгийн том ололт бол үзэл баримтлал юм.
-Ардчилсан намын Үзэл баримтлалыг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэхийн тулд өөр ямар ажил хийж байна вэ?
-Үзэл баримтлалыг гар дээрээ авсан нийт хүмүүсийн 100-ны нэг хувь нь уншсан гэсэн судалгаа гарсан. Энэ бол чамламаар тоо. Үзэл баримтлалыг хамгаалдаг, үүний төлөө бат итгэлтэй зогсч чаддаг бүхэл бүтэн давхарга бий болгох хэрэгтэй. Үүнийг бэлдэнэ гэдэг маш чухал хариуцлагатай ажил. Ийм үед Ардчилсан залуучуудын холбооны бүсийн чуулган болж байгаа нь ач холбогдолтой гэж харж байна. Г.Батхүү агснаас хойш буюу бараг л 10 жил тус холбооноос орон нутгийн бүсчилсэн чуулган хийгээгүй. Тиймээс шинэ эриний, ирээдүйд ирэх ачааг үүрэлцэх залуус шинэчилсэн үзэл баримтлалыг а,б-гүй мэддэг байх ёстой. Үүний тулд системтэй сургалт хийх нь чухал.
Бид одоо үзэл баримтлалаа хэлэлцэж нягталсаар 2020 оны сонгуулиас өмнө Ардчилсан намын үзэл баримтлалын үндэс болсон “Эрх чөлөө 2.0” гэсэн философийг гаргах учиртай. Гэтэл энэ үг маань хангалтгүй байна. 30 жил өгөөжөө өгөөд дахин шинэчлэгдсэн хувилбараа хүлээж байна. Тиймээс бидэнд 2.0 хувилбар хэрэгтэй байна.
Бодолдоо сүүлийн арван жил Соната машин есөн сер, I phone гар утас 10 сериал гаргалаа, хүн төрөлхтний хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсон аж үйлдвэржилтийн хувьсгал 4.0 буюу технологийн хувьсал руугаа орчихлоо. Тиймээс бид 1990 оны гавьяагаараа намын бамбай хийгээд “Эрх чөлөө” гэсэн ганц үг, хэдийн тараасан гадаад паспорт, хувьчилсан байр, малыг өмнөө бариад муйхарлаад дайраад байж болохгүй байх. Энэ жишгээр Ардчилсан намын үзэл баримтлал болох “Эрх чөлөө” нь олон серүүд гаргах ёстой байсан. Чухам “Эрх чөлөө 2.0”, “Эрх чөлөө 3.0” гэхчилэн бид хөгжөөд явах учиртай. Тиймээс энэ бүхнийг мэдэрч, харж, үзэл баримтлалаа ойлгодог хамгийн багаар бодоход 3000 хүн хэрэгтэй. Ингэж чадвал нам бэхжиж, бат оршин тогтнох юм.
-Үзэл баримтлалын философийг ойлгуулах, дархлааг нь хамгаалах нь дараагийн шатны ажил байх. Гэхдээ энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Зарим хүмүүс “Би шашингүй үзэлтэн” гэдэг. Яагаад гэж асуухаар “Бурхан байдаг эсэхийг мэдэхгүй” гэж хариулдаг. Энэ бол бурхан байх эсэх тухай биш, зөв амьдрах ямар нэг номлолыг баримталдаг байхад тантай бизнес хийж, харилцаанд ороход дөхөм болгодог үзэл. Та буддист, муслиман, христос, каталокийн шашин шүтдэг байж болно. Ямар шашин шүтдэгээс тань нийгмийн чиг баримжаа, хандлага, тэмүүллийг хүмүүс ойлгож авна. Угтаа бурхантай хольж биш ёс зүйтэй уялдуулж ойлгох ёстой асуудал. Аливаа зүйлийг нэг хэмнэлээр энэ үнэн юм гэж үздэг дундын үзэлтэй байх, үүнийг тасралтгүй баримталж байгаа хүнийг үзэл баримтлалтай, улмаар улс төрч хүн гэж нэрлэх болов уу. Юу хэлэх гээд байна вэ гэхээр, үзэл гэдэг зүйлийн агуулгыг гаргах нь 20 хувь, харин үүнийг бүх нийтэд түгээн дэлгэрүүлнэ гэдэг 80 хувь. Энэ бол маш хүнд ажил. Бүгд нэг хэлээр ярьдаг байж гэмээнэ итгэл үнэмшилтэй, шударга зарчимтай болно.
Б.Бямбасүрэн "Ардчилал таймс" сонин
Сэтгэгдэл (273)