Нутгийн шийдэл ТББ-ын тэргүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.
-“Жорлонгоо өөрчилье”аян өрнөөд тодорхой хугацаа өнгөрчихсөн байна. Одоо юунд төвлөрч ажиллаж байна вэ?
-Бид өнгөрсөн тавдугаар сарын 30-нд худалдаанд гаргах гэж байгаа жорлонгийнхоо талаар олон нийтэд танилцуулсан. Ус хэрэглэдэггүй, нүх ухах шаардлагагүй, хөрс бохирдуулдаггүй, шээс, өтгөнийг тусад нь уутанд авчихдаг хуурай жорлон байна гээд танилцуулсан л даа. Эхний үед хүмүүс худалдаж авахаасаа илүү асуулт тавьж байсан.
Хамгийн их асууж байгаа зүйл угаадсаа хэрхэх вэ.Угаадас, шээс хоёрыг хамтад нь шийдвэрлэх хямд шийдлийг санал болгосон жорлонг Яргайтад “Хуушуур хаус" гэдэг цайны газрын гадаа барьсан. Тэнд хүмүүс биечлэн очиж үзэж харсан.
Худалдан авалт эхэлснээр анх долоо хоногт нэг жорлон зарагдаж байсан бол дараа нь өдөрт нэг борлогдож эхэлсэн. Хоёр cap болоход 70 гаруй жорлон борлуулчихсан байна. Зуны цагт ихэвчлэн зуслангийн айлууд худалдаж авч байна.
Өвөл ч ашиглаж болохуйцаар хийлгэсэн хоёр ч газар байна. Нэг нь Сонгинохайрхан дүүргийн нийтийн жорлон, нөгөө нь айл хийлгэсэн байгаа. Орон сууцны айл ус татдаг жорлонгийнхоо оронд бидний санал болгож байгаа био хуурай жорлонг суулгуулсан.Зусландаа жорлонтой айлууд соруулах үйлчилгээний зардалд их мөнгө зарцуулдаг байжээ.
Мөн Баянхонгор аймагт малчин айл манай жорлонг тавиулсан. Малчин айл ялгаагүй, хөрс бохирдуулдаггүй, үнэргүй жорлонтой болонгуут цагаан идээнийх нь борлуулалт нэмэгдсэн гэнэ. Тэр айлын зардаг цагаан идээг цэвэрхэн цагаан идээ гэж таашаадаг хүмүүс олширчээ. Жорлонг нь үзэх гэж хүмүүс ирээд, цагаан идээг нь ч аваад буцдаг болж.
Мөн бидний санал болгож байгаа био жорлонг Баянхонгор аймагт хүүхдийн зусланд суурилуулсан. Хамгийн анхны айл зусланд, дараа нь Гандангийн дэнжид байдаг айл худалдаж авч байлаа.
Наадмаар Хүй долоон худагт Монголын бизнес зөвлөлийнхөн бидэнд хандаад “Танай жорлонг байрлуулмаар байна” гэх санал тавьж, анхны түрээслэгч болсон юм. Бид Хүй долоон худагт дөрөв хоног ажилласан.
Гурав хоногийн турш тайлбар, танилцуулгатайгаар нийтийн жорлон ажиллуулах туршилт хийсэн. Амжилттай болсон. Хүмүүс маш цэвэрхэн хэрэглэсэн. 1,000 гаруй хүн ороход гурав дөрвөн удаа л цэвэрлэх шаардлага гарсан. Хүмүүс хэрхэн хэрэглэхийг мэдчихвэл цэвэрлэхэд хялбар жорлон юм байна гэдэг туршлагаас харлаа.
Хэрэглэгчийн сэтгэл ханамж маш өндөр байсан болохоор аймаг, орон нутагт наадам зохион байгуулагчид захиалж эхэлсэн. Говьшанхын наадам зохион байгуулагчид эхний захиалагч болсон.
Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Засаг дарга бидэнтэй хамтарч ажиллая гэдгээ илэрхийлсэн. Орон нутгийн зүгээс зохих бэлтгэл хангуулаад, манайхаас найман хүнтэй баг явсан юм.
Говьшанхын наадам дээр “Шээх цэг” гээд цоо шинэ үйлчилгээ бий болгоход хөрөнгө оруулалтын зардал нэлээд гарсан. Тэр зардлыг ТББ дангаараа гаргах асуудалтай байсан учир фэйсбүүк, жиргээгээр Говьшанхын наадамд эко жорлон ажиллуулахад хандив туслалцаа үзүүлэх хүн байвал холбогдохыг хүссэн.
Хоёр компани, нэг хувь хүн хандив өгсөн. Jama Travel компани хоёр сая төгрөгийн хандив өгсөн. Энержи ресурс 10 сая төгрөг хандивласан юм. Канадад амьдардаг хувь хүн нэг “Шээх цэг”-ийн хөшигний зардлыг хандивласан юм. Говь шанхын наадамтай яг зэрэгцээд Ламын гэгээний наадам, Хотгойдын их хурд болсон.
Энэ наадмуудад жорлон гаргаж егөөч гэх санал тавьсан. Хуурай жорлонг хүмүүс мэдэхгүй учраас хүн болгонд тайлбарлаж хэлэх шаардлагатай болж байгаа юм. Жорлонг бохирдуулсан бол цэвэрлэгээний ажлыг давхар хийх баг шуурхай зохион байгуулсан. Жорлон цэвэрхэн байхаар урдах хүндээ дараагийн хүн нь уурлах шаардлагагүй болж байгаа юм.
-Хуурай жорлон гэхээр хамгийн түрүүнд өтгөнөө яах вэ гэдэг асуулт гарах байх?
-Хамгийн сонин нь Био жорлонтой бол өтгөн ямар ч асуудал болдоггүй юм билээ. Өтгөн, шингэн нь тусдаа орж байгаа юм. Хувин дотроо задардаг био уут углана. Уутны ёроолд таван хуруу зузаан үртэс хийчихдэг. Өтгөн дээрээ ариун цэврийн цаасаа хийгээд дээр нь атга үртэс хийчихнэ. Хүн харахад үртэс л харагдана. Хамгийн том асуудлыг шээс үүсгэдэг юм билээ.
-Орон сууцны айлууд хуурай жорлонг хэрхэн хэрэглэх вэ?
-Орон сууцандаа манай жорлонг тавиулсан айл байгаа. Тэр байранд нь ус их тасардаг юм байна л даа. Байрны айлд био жорлон суурилуулах амархан. Бохирын хоолойг нь шээсний хоолойтой нь холбочихож байгаа юм.
Өтгөн нь саван дотор уутанд байна. Уутаа дүүрэхээр амыг нь боогоод жорлон зарсан компанидаа өгчихнө. Агааржуулагч сайтай учраас үнэр гарахгүй. Жорлонгийнхоо агааржуулагчтай холбочихно.
Өтгөн үртсээр дарахаар үнэргүй болчихдог. Үртсэн дотор “Тамир” гээд задлагч бактери хольсон. Манайхны зарж байгаа үртэс бактеритай үртэс. Бактеритай үртсийг өтгөн дээр хийхээр ашигтай бактериуд өтгөнийг задалдаг, био жорлонгоос гарсан хар шороог хотын цэцэрлэгжүүлэлтэд ашигладаг туршлага бий.
-Өтгөнийг хэр удаан, хадгалах боломжтой вэ?
-Дөрвөн ам бүлтэй айлын био жорлонд тавьсан уут сарын дараа дүүрнэ гэсэн тооцоо байдаг юм билээ.
Ууттай ялгадсаа бордоошуулах үйлдвэр лүү явуулж болно. Хогонд ч ачуулж болно. Гадаадын орнуудад хогонд ачуулчихдаг. Хогоо задлахад нь ашигтай бактериуд ч тусалдаг юм билээ.
Малчин өрхүүдэд жижигхэн нүх ухаад булаад бай гэж зөвлөсөн. Нарийнхан шуудуу ухаад булаад яваад байхад дараа нь ямар ч мод бут тарьсан ургана. Байгальд ямар ч хоргүй. Бордоошоод задарчихаж байгаа юм.
Манайхан жорлонгийн гүнзгий нүх ухаад, өтгөн шингэнээ хольчихоор бордоошихгүй, муухай үнэртээд, байгаль орчныг бохирдуулаад байгаа юм. Манай энэ хуурай үртэстэй холилдсон бактеритай өтгөн задарсан хогны уутыг нь цоолоод модны нүхэнд булчихаар дээрээс нь нар тусаад бороо орохоор байгалийн замаар урвал явагдаад, шороо болоод хувирчихаж байгаа юм.
Шороо болгох уу, нүхний ёроолд ялзруулаад байх уу гэдэг л байна. Үнэхээр хогны үйлчилгээ, жорлонгийн ялгадас цуглуулж зөөвөрлөх үйлчилгээ байхгүй тохиолдолд био хаягдлаа булах нарийхан шуудуу ухах ёстой юм билээ.
Гадныхан тэр тусмаа Европын айлууд хашаагаа хүрээлээд битүү мод тарьчихсан байдаг. Манайд мод ургахгүй нь хөрсөндөө байгаа юм. Жаахан ухаад ирэхээр хайрга элс гараад ирдэг. Модны үндсийг тэжээх зүйл байдаггүй. Ирээдүйд мод тарья гэж бодож байгаа бол жижиг жижиг нүх ухаад био жорлонгийн түүхий эдээ хийчих гэж хэлээд байгаа юм. Жилийн дараа мод тарихад газрын тэжээлтэнд бүрэлдэх юм.
-Био жорлонг хаанаас оруулж ирдэг вэ?
-“Жорлонгоо өөрчилье” баг Финлянд улсаас Биолан хуурай эко жорлонг худалдан борлуулах онцгой эрхийг нь авсан.
Манай “Нутгийн шийдэл”, “Мини шийдэл” гээд хоёр субъект байна.“Мини шийдье" гэдэг цоо шинээр бий болсон жорлон борлуулж байгаа аж ахуйн нэгж. Нөгөө нь миний удирдаж байгаа төрийн бус байгууллага. Жорлонгоо өөрчлөх гэж байгаа хүмүүст зээл гаргаж байгаа.
-Үнийн хувьд ямар боломжууд байна вэ. Зээлийн талаар тодорхой ярьж өгнө үү?
-Жорлонгийн үнэ 800 мянга, кабины үнэ 880 мянга угаадасны систем 600 мянга 1,000 доллараар жорлонтой болно гэсэн үг.
Жорлонд зээл өгдөг банк байхгүй учраас манай “Нутгийн шийдэл” эрсдлийн санг босгож байгаа юм. Бид эрсдлийн сангийн хөрөнгө босгоод, “Та нар лизингээ гарга” гэж байгаа юм. Эхлээд 20 хувийн урьдчилгаа төлөөд 20 сарын турш хүүгүйгээр төлбөрөө төлөөд явна. 20:20 гэдэг зээлийн систем гаргасан. Энэ нь эхлээд 160 мянган төгрөг төлөөд, cap бүр 32 мянган төгрөг төлөх юм.
Хүүгүй зээлийн эргэн төлөлт 100 хувьтай байна. Зуны шийдэлд хүмүүс сэтгэл ханамжтай байгаа. Харин өвөл өндөр өртөгтэй гарчихаад байна. Жорлонгоо дулаалгатай байшин дотор буюу гэртээ оруулж ирэх шаардлагатай болно. Бид өвлийн шийдлийг хийж байна. Одоогийн байдлаар хамгийн сайн худалдан авалт хийсэн нь Баянхонгор аймаг байна.
Жорлонгоо өөрчилж чадаж байгаа хүн соёл ухамсрын хувьд өндөр. Хариуцлагатай, соёлтой, ухамсартай хүмүүс хамгийн түрүүнд жорлонгоо өөрчилж байгаа нь ажиглагдсан.
Өдрийн сонин
Сэтгэгдэл (7)