x

М.Бямбаа: Омогшил дүүрэн Сорхогтун хатны дүрийг бүтээсэн

Монголын бүжгийн урлагт өөрийн гэсэн өнгө төрхтэй бүжигчин бол МУСТА М.Бямбаа юм. Тэрээр бүжиглэхээс гадна загвар өмсөгч, кино жүжигчин гээд авьяас билгийн ундаргатай бүсгүй. Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол бүжигчнээр ажилладаг тэрбээр “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйн дүрд чадварлаг тоглосон. Түүнээс хойш “Шуугиан таригч”, “Миний эхнэр тагнуулч” гэх мэт олон кинонд тогложээ. Мөн мэргэжлээрээ ажиллахаас гадна үндэсний хэмжээний томоохон бүжгийн шоу болох “Perfect dance” нэвтрүүлгийн шүүгчээр ажилласан авьяаслаг залуу уран бүтээлчтэй ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө өөрийн гэсэн бүжгийн студитэй болсонд нь баяр хүргэе. Шавь нартайгаа бужигналдаад сайхан байх шиг байна?

-За баярлалаа.Үндэсний урлагийн их театрт ажиллахын зэрэгцээ өөрийн гэсэн бүжгийн студитэй болоод цаг зав муутайхан л гүйж байна даа. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлч шинэ оны босгон дээр студиэ нээсэн. Гуравдугаар сараас үйл ажиллагаа маань жигдэрч байна.

Гурваас дээш насны хүүхдүүдийг хүлээж авч байгаа. Насны онцлогт нь тохируулаад л сургалтаа явуулдаг. Бусад бүжгийн сургалтаас ялгарах гол онцлог нь балет, сонгодог бүжиг, чөлөөт бүжгийн сургалтыг хослуулж байгаа. Манай улсад өсвөр насны хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар ховор байдаг болохоор өсвөр насныханд зориулсан сургалт түлхүү явуулж байна. Ялангуяа залуусын сонирхож байгаа Street dance, Hip hop dance, Urban гэх мэт сүүлийн үеийн бүжгийн сургалтууд явуулж байна.

-Та ажлынхаа хажуугаар бүжгийн сургалт хийх боломж хэр байна. Эсвэл өөр багш заадаг юм уу?

-Манай сургалт амралтын өдрүүдэд явагддаг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ гоо зүйн боловсролд анхаарах бололцоо нь амралтын өдрүүдэд гардаг. Миний хувьд театртаа бүжиглэхээс гадна боломж бололцоо нь гарвал кино, рекламд тоглохоос авхуулаад цаг зав муутай л даа. Тэгэхдээ залуу хүн зориглоод ямар нэг алхам хийчихсэн бол заавал цаана нь гарна гэж бодоод бүжгийн студи нээхээр зориг шулуудсан. Нэг талаасаа хувийн бизнесээ эхлүүлж байгаа болохоор бэрхшээлтэй асуудал гаралгүй л яах вэ. Гэсэн хэдий ч аль болох даван туулахын төлөө хичээж байна даа. Энэ студиэ нээснээр их мөнгө олоод баяжих асуудал анхнаасаа миний зорилго биш. Хамгийн гол нь эх орныхоо ирээдүй болсон хүүхэд залууст бүжгийн урлагийн сайхныг мэдрүүлж, гоо зүйн мэдлэгтэй болгохыг юу юунаас илүү хүсч байгаа. Бүжиг бол тэсвэр хатуужлын урлаг. Тиймээс ч бүжгээр хичээллэсэн хүн зөв хүмүүжил төлөвшилтэй болохоос гадна, бие бялдрын зөв хөгжил, өсөлттэй болж гоо зүйн өндөр мэдлэгтэй болдог. Тиймээс өөрийнхөө мэргэжлээ олон хүүхдэд зааж, сургаж түгээх юм сан гэж бодсон. Мөн Бүжгийн урлагийг илүү олон хүнд таниулж бүжгийн урлаг гэдэг гүн гүнзгий утга агуулгатай юм шүү гэдгийг таниулах зорилгоор энэ студийг нээсэн. Олон хөөрхөн шавь нартай болсон. Тэднийхээ урмын сайхан үгээр тэжээгдэж, цааш ажиллах эрч хүч авч байна.

-Үндэсний Урлагийн театрын хамт олон “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” хэмээх жуулчдад зориулсан тоглолт наадмын өдрүүдээр тавьсан. Наадмаар баярлах завгүй л ажиллав уу?

-Манай хамт олон гадаадын зочид гийчдэд төдийгүй монголчууддаа зориулаад “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолтоо наадмын өдрүүдээр төдийгүй одоо болтол өдөр бүр 18 цагаас тоглож байна. Энэ жилийн баяр наадмын нээлт, хүндэтгэлийн концертыг Үндэсний урлагийн театрын захирал Г.Цоггэрэл найруулсан. Тийм ч учраас бид бүх л ажилд нь идэвх зүтгэлтэй оролцож наадамчин олондоо, гадаад дотоодын зочдод сайн үзүүлбэр үзүүлэхийн тулд бүгд чармайж ажилласан. Ойрын үед хөдөө орон нутгийн наадам, ойн баярт оролцож байна.

-Олны танил хүмүүсийн амьдрал, биеэ авч яваа байдал нь үргэлж олны нүдэн дээр ил байдаг. Тийм ч учраас цаг ямагт гоё сайхан байх үүрэг ч юм шиг, ял ч юм шиг санагддаг. Таны гоо сайхан байдгийн нууц юу вэ. Гоо сайхан байдлаа алдахгүйн тулд бүсгүйчүүд юуг анхаарах ёстой вэ?

-Миний сайхан ч гэж юу байх вэ дээ. Өдий зэрэгтэй яваа маань нэгдүгээрт мэргэжлийн онцлогтой маань холбоотой байх л даа. Бүжгийн урлагаар хичээллэдэг хүн үргэлж бэлтгэл сургуулилт хийж, хөдөлгөөнтэй байдаг. Мөн харагдах урлаг учраас биеэ цэх авч явах, алхаа гишгээгээ анхаарах талаар Хөгжим бүжгийн коллежид байхаасаа заалгасан. Гэхдээ зааж, сургасан зүйлийг амьдралдаа хэрэгжүүлж биеэ хэрхэн авч явах нь хувь хүнээс бас шалтгаална. Хүн бүрт өөрийн гэсэн гоо сайхан байдаг. Тэр гоо сайхнаа тодотгохын тулд хамгийн түрүүнд өөртөө итгэлтэй байх нь чухал. Өөрийнхөө ямар нэг зүйлийг голоод, өөлөөд байх тусам сэтгэлээр унадаг. Сэтгэл санаагаа өөдрөг байлгах хэрэгтэй. “Ямар сайхан харагдаж байна аа” гэсэн үг сонсоод тэр өдрийн турш өөртөө итгэлтэй байдаг шүү дээ. Тиймээс өөдрөг, өөртөө итгэлтэй бай. Надад зарим үед сэтгэлээр унах, шантрах үе байдаг. Тийм үед “Эцэг эх минь намайг бүрэн бүтэн төрүүлж, хэнээс ч дутахгүй өсгөсөн байхад би ийм зүйлд шантрахгүй, бууж өгөхгүй, сэтгэл санаагаар унахгүй гээд л” өөртэйгөө ярилцдаг. “Чадна, бүтээнэ, болно” гээд л өөрийгөө зоригжуулдаг. Би бодлын хүчинд итгэдэг. Тиймээс ч үргэлж гэгээлэг гэрэлтэй зүйл бодож, түүндээ хүрэхийг хичээдэг. Зарим зүйлд нь ч хүрсэн. Тэгэхээр зоригтой, өөртөө итгэлтэй, сайхан зүйл боддог, ярьдаг эерэг бүхнийг өөрсдөөсөө цацруулж байхад гаднаасаа ч дотроосоо ч гоо үзэсгэлэнгээрээ гэрэлтэх болно.

-Таны бас нэг чимэг яах аргагүй шүд байдаг. Шүдэндээ хэрхэн анхаарал тавьж байна?

-Бид тайзан дээр үргэлж инээмсэглэж байдаг. Инээмсэглэхгүйгээр бүжиглэх тухай төсөөлөгдөхгүй. Тиймээс яах аргагүй шүдэндээ анхаарал хандуулах шаардлага гардаг. Тиймээс ч сайхан шүднийхээ нууцыг Prodent шүдний эмнэлгийн н.Учрал эмчийг гэж хэлнэ дээ. Одоо үед өөртөө хайртай хэн бүхэн эхлээд шүд, амны хөндийн эрүүл мэнддээ анхаардаг болсон. Хэчнээн сайхан бүсгүйчүүд, залуучууд байгаад амны хөндийдөө анхаарахгүй бол тоогүй л байх.(Инээв)

-Хөгжим, хүний сэтгэл санаатай шууд холбоотой байх л даа. Тийм болоод ч урлагийнхан илүү залуухан, жавхаатай байдаг юм болов уу?

-Хөгжим гэдэг үнэхээр агуу зүйл. Хөгжмийн уран тансаг, уянгалаг яруу аянд хүний сэтгэлийн утас хөндөгддөг. 15 жил бүжиглэсэн энэ хугацааг эргээд бодоход бүжиглэж байх үедээ би ажлын ачаалал, амьдралын болон нийгмийн стрессээс ангижирчихсан байдаг. Тийм ч учраас ая аялгуунд бүжиглэх нь нэг төрлийн бясалгал юм. Цаашлаад бүжгийн студи дээрээ долоо хоногийн нэг өдөр Party dance зохион байгуулахаар төлөвлөж байна. Бүжиглэх дуртай хүмүүс заавал bar-ордог биш, сонирхлоороо нэгдээд, хамтдаа эрүүлээр, дуртай зүйлээ хийж, биеийн чилээгээ гаргаж, стрессээ тайлах боломж бүрдэх юм.

-Та ганцаараа Хөгжим бүжгийн коллежид очиж бүртгүүлж, шалгалт өгөөд тэнцэж бүжигчин болох гараагаа эхлүүлсэн гэхээр их биеэ даасан хүүхэд байсан юм шиг?

-Энэ бол манай аав ээжийн хүүхдүүдээ хүмүүжүүлэх ухаантай л холбоотой гэж боддог. Манайх таван охин хүүхэдтэй айл. Би дээрээсээ хоёр дахь охин нь. Манайх эгэл бор амьдралтай байсан. Бидэнд хүн хөдөлмөрлөж байж хоногийн хоолтойгоо залгадаг гэдгийг, үнэнч хөдөлмөрийн үр шимийг, үнэ цэнийг багаас минь ойлгуулсан. Тийм болоод ч тэр үү хүүхэд байхдаа Дэнжийн мянгын зах дээр ундаа зардаг байлаа. Аав, ээж маань хүүхдүүдийнхээ шийдвэрт оролцоод байдаггүй. Хэт эрхлүүлж эвддэггүй байсан. Би чинь хоёр настайдаа дүүтэй болоод л шоовдорлогдсон. (Инээв) Тэр цагаас л биеэ дааж эхэлсэн дээ. Би хөөрхөн охинтой л доо. Заримдаа охиноо хэт бөөцийлөх гээд байна уу гэж бодогдох үе бий. Өнөөдөр цаг үе өөрчлөгдөөд хүүхдэдээ тавих хараа хяналтаа хэт багасгаж болохгүй цаг ирж. Тэглээ гээд бүх зүйлд оролцох нь хүүхдийн өөрийгөө олох, өөртөө итгэх, шийдвэр гаргах чадварт нь нөлөөлдөг юм болов уу гэж боддог. Бид насан туршид нь хажууд нь байж чадахгүйгээс л хойш ямар ч үед зөв хүн байж, амьдрах арга ухаанд суралцуулах ёстой гэж боддог. Тиймээс биеэ даах нөхцөлийг нь аль болох охиндоо олгохыг хичээдэг. “Хайртай хүүдээ хал үзүүл, Хайртай морио хазаартай нь усал” гэдэг ардын мэргэн үг байдаг даа.

-Таван охинтой айлын охид дунд шинэ хувцас ч нүдний гэм болно биз?

-Бид хоёр насны зөрүүтэй дэрсхэн өссөн л дөө. Жаахан байхад хувцсаа үе улирааж өмсөөд хэмнэлттэй байсан байх. Сургуульд ороод өсвөр насанд ирэх үед насны ялгаа нэг их гарахгүй. Биеэр ойролцоо болчихно. Өглөө хэн эрт боссон л өнгөтэй өөдтэй, угаасан хувцсаа өмсөөд гангараад л алга болно. Аа харин орой ирээд ширүүхэн л юм болно шүү дээ. (Инээв) Нэг бодлын хувцсаа дундаа аваад ээлжлээд л өмсчихнө. Тэр үед шинэ жилийн мандарины үнэр, хиамны амттайг яана. Жилдээ ганц иддэг болохоор тийм байсан юм болов уу. Одоо яриад л бөөн инээдэм болцгоодог. Энэ үе маань миний амьдралын сайхан мөч, мартагдашгүй нандин дурсамж юм даа. Хүүхэд насанд маань одоогийнх шиг утас, интернэт, цахим ертөнц байгаагүй болохоор амьд харилцаатай байжээ.

- Таны бүтээсэн “Нарны домог” бүжгэн жүжгийн Алунгоо, Монголын их хатдын туульс бүжгэн жүжгийн Сорхогтун хатан, Цуутын цагаагч гүүний ээж гээд олон сайхан дүрийг манай уншигчид санаж байгаа байх. Олон сайхан дүрүүд дотроосоо ганц дүрийг нь тодотгооч гэвэл юуг нэрлэх вэ?

- Монголын их хатдын туульс бүжгэн жүжгийн Сорхогтун хатны дүрийг бүтээхдээ маш их догдолж байсан. Сайхан Сорхогтун хатанд тоглосноос хойш таван жил өнгөрсөн байна. Энэ хатны дүрийг бүтээхийн тулд асар их судалгаа хийж, хатан ухааныг биширсэн. Тайзандаа сүү өргөж гардаг байлаа. Тэгж их дүрдээ итгэж, үнэмшиж байсан. Тайзан дээр гарахын өмнө догдлоод, гарсныхаа дараа үүлэн дээр хөвж байгаа юм шиг мэдрэмж авч, жинхэнээсээ Сорхогтун хатан болчихсон юм шиг санагдаж байсан. Хамгийн сүүлд Есүй хатан тэнгэрээс буух үед урагшаа алхдаг. Тэр үед бас их огшиж, нүднээс нулимс гоожчих гээд омогшил дүүрэн байсан. Монгол Улсын минь түүх гэдэг агуу. Ийм агуу түүхийн үргэлжлэл болсон залуус бид азтай. Тэр дундаа мэргэжлийнхээ онцлогийн ачаар Монголынхоо их хатны дүрийг бүтээсэндээ баярлаж бахархаж явдаг.

-Урлагийн хүний амьдрал гэдэг хатуу гэдэг үгийг олон хүнээс ч сонссон. Хатууг нь туулсан болоод л хэлдэг биз. Таны хувьд ч бас ээжийгээ бурхны оронд үдчихээд тайзан дээр бүжиглэж байсан гэдэг. Ээж нь охиндоо бурам шиг үгийг олон л хэлдэг байсан байх даа?

-Ээжийгээ өнгөрөхөд Төв аймагт бригадаар тоглолттой явж байсан. Яг тайзан дээр гарах гээд зогсч байхад ээж минь бурхны оронд одсоныг сонссон. Тэгээд л шоконд орчихсон. Нулимс ч гардаггүй юм билээ. “Би бүжиглэчхээд явъя” гэтэл манай ажлынхан юу яриад байгаа юм бэ гээд болиулсан. Тийм л гүн шоконд орсон доо. Ер нь урлагийн хүний амьдрал ийм л хатуу. Ээжийгээ хөдөөлүүлж, будаалга хийчхээд өдөр нь 11 цагаас бүжгэн жүжгийн гол дүрд тоглоод тайзан дээр гарч байлаа. Хамгийн сүүлд тайзан дээр уйлаад л зогсоод байсан. (Уйлав) Ээж минь өнгөрөөд олон жил болж байгаа ч бүх л цаг үед ээжийн минь орон зай үгүйлэгддэг. Хорвоогийн жам болохоор уйлж унжаад, нялцагнаад байж болохгүй болохоор үргэжлүүлээд хүчтэй амьдрах ёстой гэж боддог.

Миний ээж үргэлж миний үнэнч фэн байсан. “Тайзан дээр миний охин л хамгийн гоё харагдаж байна” гээд л дандаа охиноо урамшуулдаг байсан. Гэхдээ охиноо тэнгэрийн орноос хараад дэмжээд, туслаад л байгаа гэдэгт итгэдэг дээ. Амьдрал баялаг шүү дээ. Уйлах өдөр байхад инээх өдөр бас бий. Жаргал, зовлон ээлжлэн ирдэг өдрүүдийг би энэ мэргэжилдээ дурласан сэтгэлээр даван туулдаг. Ажил дээрээ ирээд бүжгийнхээ зааланд хөлсөө гартал бэлтгэлээ хийхэд сэтгэл санаа өөрийн эрхгүй тайван амгалан болж, улам их эрч хүчээр цэнэглэгддэг. Сэтгэл зовоож байсан асуудал бүхэн ажилдаа ирэхэд замхардаг. Бүжигчин хүн бүр үүнийг мэдэрдэг байх. Бүжиглэж байхдаа л сэтгэл санаа амар амгалан болдог учраас бүжигчин хүний хувь заяаны сайхан нь оршдог юм болов уу даа.

-Заримдаа олны танил хүмүүсийн амьдрал олонд ил байдаг нь төвөгтэй ч юм шиг. Тэдэнд бусдын адил алдаж, онох эрх байхгүй, тэднээс хэтэрхий төгс амьдрал хүсээд байдаг ч юм шиг. Та гэр бүлтэй болсон уу?

-Төгс хүн гэж байддаггүй шүү дээ. Хүн л юм чинь алдах онох үе байна. Амьдрал анхнаасаа заавартайгаа ирэх биш. Гэлээ гээд бусдын хувийн амьдралыг шүүж суудаг завтай хүмүүсийг ойлгодоггүй. Миний хувьд гэр бүлтэй болсон. Би бусдын хэлсэн худал зүйлст ач холбогдол өгдөггүй. Өөртөө үнэн, сэтгэл дүүрэн амьдрахыг л чухалчилдаг. Тэгэхгүй бол үнэн худал нь мэдэгдэхгүй болгоны араас хөөцөлдөөд, ач холбогдол өгдөг бол би толгойгоо дааж босч чадахгүй шүү дээ.

-Таныг “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйгийн дүрийг чадварлаг бүтээсэн жүжигчин гэдгийг мэднэ. Түүнээс хойш хэд хэдэн кинонд дүр бүтээсэн. Ойрын үед киноны санал ирж байна уу?

- Кинонд тоглох хэд хэдэн санал ирсэн. Ажлынхаа завсар зайгаар нэг кинонд тоглох гэж байна. Удахгүй зураг авалт нь эхэлнэ. Цаг нь болохоор үзэгч, уншигчид харах байх. Өөрийнхөө чадал, боломж бололцооныхоо хэрээр кино урлагийн салбарт зүтгэхээр хичээж л явна даа.

Бүжиг гэдэг бол хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл. Ямар нэгэн үггүйгээр үйлдлээр илэрхийлэх урлаг юм. Нэг үгээр, биеийн хэлэмж юм.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 9 цаг 3 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 14 цаг 18 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 14 цаг 35 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 15 цаг 17 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 15 цаг 27 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top