Бид энэ удаагийн “Залуус” буландаа 2016 онд “Famous men” анхны цомгоо гарган “Magnolian”нэрээр олонд танигдсан инди фолк дуучин Б.Дөлгөөнийг урьж ярилцлаа.
Тэрбээр АНУ-ын Техас мужийн Остин хотод зохиогддог “SXSI/V” фестивальд Монголоос оролцсон анхны уран бүтээлч юм. Мөн энэ хавар Бусаны олон улсын кино наадамд нээлтээ хийсэн “Од ба гэгээ” киноны гол дүрийг бүтээсэн билээ. Түүний хамтран үүсгэн байгуулсан “Fat Cat” жааз клуб болон уран бүтээлийнх нь талаар өрнүүлсэн ярилцлагаа хүргэж байна.
-Та Монголд инди фолк урсгалаар дуулдаг цөөхөн дуучдын нэг. Яагаад энэ урсгалаар дуулах болов. Сонсогчид анх хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Мэдээж би өөрөө энэ урсгалыг сонсох дуртай. Гэхдээ зөвхөн энэ урсгалыг сонсдог гэсэн үг биш л дээ. Би анхнаасаа гитар тоглож эхэлсэн учраас дуунуудаа ч гитар дээр зохиодог. Хөгжим зохиож эхлэхэд өөрийн эрхгүй цаанаасаа фолк дуугаралттай хөгжим гараад эхэлсэн.
Надад хамгийн ойр санагдсан учраас энэ урсгалаар дуулж эхэлсэн байх.
Гэхдээ ямар нэг төрөлд хэт их баригдах хэрэггүй гэж боддог. Фолк дуучин гэхээр зөвхөн гитартай дуулна гэсэн ойлголт байхгүй. Би харин ч тэрийг эвдэхийг хичээдэг. Хүмүүсийн хувьд санаснаас хамаагүй дээр хүлээж авсан.
Миний дуунууд ганган, гялтгар зүйлгүй их энгийн. Миний хувьд дууг бичихдээ энэ хүмүүст хэт уйтгартай байна, хэт энгийн байна гэж бодож зохиох нь сонсогчдоо хүндлэхгүй байгаа хэрэг гэж боддог.
-Таны дуунуудад монгол хөгжмийн зэмсгүүд их ордог. Жишээ нь “The bride and bachelor” дууны тань төгсгөл хэсэгт морин хуур орсон нь их өвөрмөц санагдсан. Юунаас сэдэл авч дуугаа зохиодог вэ?
-Төгсгөл нь монгол ардын магтаал шиг хэв маягтай байдаг. Үнэндээ тэрийг бүр сүүлд монголжуу дуугаралттай гэдгийг нь анзаарсан. Анхнаасаа морин хуур оруулна гэж төлөвлөөгүй байсан. Зохиож байх явцад цаанаасаа гарч ирсэн.
-Клип бас их өвөрмөц байдаг. Клипээ хийхдээ дууныхаа утгатай уялдуулж хийдэг үү эсвэл сонирхолтой байх талаас нь хийдэг үү?
-Ямар ч гэсэн эхний байдлаар бүтээлч байхыг хичээдэг. Клип нь дуунаасаа тусдаа өөрийн гэсэн уран бүтээл болох ёстой гэж боддог. Өмнөх цомгийнхоо клипүүд дээр аль болох өөр, өөр хүмүүстэй ажиллахыг хичээсэн. Тэр хүмүүс дууг маань сонсоод юуг олж харах нь уу гэдэг нь сонирхолтой байдаг. Ер нь клипээ хийхдээ хүмүүстэй хамтарч ажиллах дуртай.
-Канадад их сургуульдаа дүрслэх урлагийн түүх судалж байсан талаараа хуваалцвал. Энэ нь таны уран бүтээлд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Уран зураг, уран барилга, баримал гэх мэт зүйлсийг их ерөнхий судалсан. Хөгжмийг өөрөө ойлгоод зохиож болж байсан. Киног ч бас өөрөө үзээд ойлгож байсан. Урлаг талаасаа миний хамгийн сул тал нь дүрслэх урлаг байсан учраас энэ талаа хөгжүүлэхийг зорьсон. Урлаг гэдэг нь бүх дэлхийгээс тусдаа зүйл биш.
Хөгжим ч бай, дүрслэх урлаг ч бай эргэн тойронд байгаа зүйлсээсээ нөлөө авдаг. Бусад хамтлаг дуучид, кино уран бүтээлчдээс жишээ авч байдаг. Тэр бүхнээс хүлээн авсан зүйлсээ өөрөө боловсруулаад уран бүтээл гаргадаг. Тэр утгаараа дүрслэх урлаг судалсан нь шууд бус ч гэсэн дам байдлаараа уран бүтээлд маань нөлөөлдөг байх.
-Амьд хөгжимтэй тоглодог болохоор хүмүүс “Магнолиан”-ыг хамтлаг гэж их андуурдаг. Яагаад бусад дуучид шиг фонограммтай дуулахгүй амьд хөгжимтэй дуулдаг юм бэ?
-Миний хувьд хамтлаг биш ч гэсэн амьд хөгжим тоглодог уран бүтээлч. Тэр утгаараа илүү амьд болж өгдөг. Гэхдээ бид нар тайзан дээр байхгүй хөгжмийг компьютерээр өгчихдөг. Бүрэн фонограммаар бол дуулж үзээгүй.
-Гадаадын ямар, ямар фестивальд оролцож байв. Монголын фестивальд оролцохоос ялгаа нь юу байсан бэ?
-Анх 2016 онд Солонгосын “Zandari Festa” фестивальд явж байсан. Дараа нь Америкт “SXSW” фестивальд оролцсон. Японы Саппород болдог “No Maps Music Festival”, Канадын “Canadian Music Week (CMW)” фестивалиуд pyy явсан. Энэ жил дахиад Америкийн “SXSW” фестивальд оролцоод ирсэн.
Миний оролцсон фестивалиуд бүгд showcase буюу шинээр гарч ирж буй уран бүтээлчдийг таниулах зорилготой байсан. Гадаадын фестивальд очиход яг нэг зүйл хүсээд зориод ирсэн хэдэн мянган уран бүтээлчид байдаг. Монгол ямар жижигхэн юм бэ гэдгийг мэдрүүлдэг. Н
өгөө талаар гадаадад хөгжмөөр ямар карьертай болж болох боломж нь харагддаг. Түүнээс гадна гадаадын хамтлагууд хэрхэн маркетингаа хийж байгааг харах боломж олддог. Ямар фудволька, стикер хийж өөрсдийнхөө брэндийг үүсгэж байна гэдэг тал дээр суралцдаг. Мөн тайзны засалт, дуугаралт гэх мэт техникийн тал дээр бас суралцана.
Монголын “Playtime” бол их гоё фестиваль. Хотоос зайд зөвхөн фестивалийн орон зайнд болдог. “Монгол шилтгээн” тэр чигээрээ “Playtime’’-д зориулагдаж тэнд олон зүйлс зэрэг болдог. Бидний очиж байсан фестивалиуд бүгд хотод болж байсан болохоор “Playtime” шиг голын эрэг дээр очоод сууж болохгүй, гутлаа тайлаад хөл нүцгэн зүлгэн дээр явах боломжгүй байсан. Тэгэхээр байгальтайгаа ойрхон нь их чөлөөтэй орчинг бүрдүүлдэг.
-Та ихэнх дуугаа англиар зохиодог. Цаашид дуунуудаа монголоор зохионо гэж боддог уу?
-Багаасаа англиар ихэнх мэдээллээ авсан. Олон улсын дунд сургуульд сурдаг байсан болохоор хичээл англиар ордог байсан. Үздэг кино, сонсдог хөгжим ч англиар байсан болохоор дуу бичихээрээ бас англиар бичдэг.
Гэхдээ монголоор бичихгүй гэсэн үг биш. “Өвөлжөө” гээд дуугаа хамгийн анх монголоор бичсэн. Үүндээ их баярлаж явдаг. “Өвөлжөө” дууны монгол хувилбар нь надад илүү таалагддаг. Мэдэрч байсан зүйлээ илүү сайн буулгаж чадсан юм шиг санагддаг. Цаашид шинэ цомгийнхоо дуунуудын монгол хувилбарыг бас гаргана гэж бодож байгаа.
-Өөр сонирхлоосоо танилцуулаач?
-Кино хийх мөрөөдөлтэй байгаа. Одоогоор н.Золжаргал найзынхаа бичсэн зохиол дээр хамтраад кино төсөл дээр ажиллаж байна. Тэрнээс гадна “Fat Cat” жааз клубийг ажиллуулж байгаа.
-“Fat Cat” жааз клуб нь хүмүүсийн очих дуртай газруудын нэг. Энэхүү клубийг нээх санаагаа хэрхэн олсон бэ?
-“Fat Cat” жааз клубийг нээх нь манай хамтрагч Г.Хонгорын санаа байсан. Г.Хонгор өөрөө нарийн бүрээч, жааз хөгжимчин. “Fat Cat” жааз клубийг нээхээс өмнө долоо хоног бүрийн мягмар гарагт “Cosy club”, “Briti Grey”, “Piano lounge” гээд хэд хэдэн газар жааз тоглолтууд хийдэг байсан. Тэгээд Хонгор надад жааз клуб нээх санал тавьсан.
Өнгөрсөн жилийн наймдугаар сараас хойш үйл ажиллагаагаа явуулж байна. “Fat Cat” жааз клуб бол их онцгой газар. Ер нь бол Улаанбаатарт ганцхан, бараг дэлхийд “Fat Cat” жааз клуб шиг газар цөөхөн.
Орчин, хөгжим, уух зүйлсээс гадна гарт баригдахгүй сүнс гэж байдаг. “Fat Cat” жааз клубийн сүнс нь их тунгалаг, сайхан уур амьсгалтай. Яагаад гэвэл “Fat Cat” жааз клубийг эхлүүлсэн байдал нь их өвөрмөц. Бид “Fat Cat” жааз клубийг олууллаа хамтарч босгосон.
“Fat Cat” жааз клубийг нээхэд 30-аад мянган ам.доллар орсон. Нэг хүнээс 30 мянган ам.доллар зээлэхийн оронд 30 хүнээс мянга, мянган ам.доллар зээлж босгосон.
-18,000 ам.долларыг хувь хүмүүсээс авсан гэсэн үг үү?
-Тийм, байгууллага компаниудаас ерөөсөө аваагүй. Хөрөнгө оруулсан хүмүүсийн маань нэр манай жааз клубийн ханан дээр өлгөөтэй байдаг. Гэхдээ бид нар хоёр жилийн хугацаатай зээлсэн. Энэ нь бас бидэнд ашигтай ажиллах хөшүүрэг болж өгдөг.
-“Fat Cat” гэдэг нэрийг яагаад өгсөн бэ?
-Г.Хонгор анх “Fit Cat” болгомоор байна гэсэн./инээв/ Тэгээд жаахан өөрчлөөд хөөрхөн гэдэг утгаар нь “Fat Cat” болгосон. Жааз хамтлаг дуучид бие биеэ “cats” гэж дууддаг. Тохитой тухтай, дотно, жижигхэн газар гэсэн тэр мэдрэмжийг нэрээрээ бас дамжуулахыг хичээсэн.
-“Fat Cat” жааз клубт ямар үйл ажиллагаанууд зохион байгуулж байгаа вэ?
-“The Blues Coopers” хамтлаг тогтмол тоглодог. Мөн долоо хоног бүр “Special show” хийдэг. Өнгөрсөн долоо хоногт “Эдит Пиафын үдэш” болсон.
-Насны хязгаар байгаа юу?
-Коктейл, уух зүйлс зардаг учраас 21-ээс дээш насны хүмүүс манай клубт орох боломжтой. Манайхаар бүх л насны хүмүүс үйлчлүүлдэг. Хорин хэдтэй залуу сууж байхад хажууд нь 60 настай жуулчин ч сууж байдаг. Аль, аль нь тухтай жааз хөгжмөө сонсоод өөрийнхөөрөө байж чаддаг. Тийм учраас их олныг хамарсан газар.
Өдөрт дунджаар 70-80 хүн үйлчлүүлдэг.
-“Fat Cat’’-ын ирээдүйг хэрхэн харж байгаа вэ?
-Өөр салбар нээнэ гэж бодохгүй байгаа. Цор ганц байна гэдэг утгаараа онцгой. Ямар нэг зүйлийг эхлүүлэх хэцүү ч цааш нь авч явна гэдэг бас хэцүү. Байшингаа барьчихаад байнга цэвэрхэн, шинэ будагтай байлгах нь амаргүй. Үйлчилгээ ч адилхан байнгын сайн байх хэцүү.
“Fat Cat’’-ыг үргэлж сайхан хөгжимтэй, сайн үйлчилгээтэй байлгах төлөвлөгөөтэй байна. Монголын жааз хөгжмийг хөгжүүлэх, ирээдүйд гадаадаас хөгжимчид зорьж ирдэг болох гэсэн зорилго бас бий. Дээрээс нь магадгүй жааз радиотой болъё гэж бодож байгаа. Машинд явж байгаа хүмүүс жааз хөгжим сонсох боломжтой болно.
Мөн жааз клубийнхээ цуврал CD-нүүд гаргах төлөвлөгөөтэй байна. Есөн цуврал CD-нийхээ эхнийхийг нь гаргасан.
-Анх нээгдэхэд хүмүүс хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Хүмүүс их сайхнаар хүлээж авсан. Нээлт орой зургаан цагаас эхлэх ёстой байхад хүмүүс дөрөв, таван цагаас ирээд эхэлсэн. Эхний өдөр бараг хамгийн их хүнтэй өдөр байсан байх.
-Хүмүүс жааз хөгжим сонсохыг их хүсэж байсан байх нь?
-Цаг нь зөв байсан байх. “Fat Cat” Улаанбаатарт нээгдэхэд сонсогчид нь бэлэн болчихсон байсан юм болов уу. Үүнээс өмнө долоо хоног бүр жааз тоглолтууд болдог байсан учраас хүмүүс амтанд нь орчихсон байсан байж магадгүй. Мөн хүмүүс гадаад явж нүд тайлж ирээд монголдоо бас тиймэрхүү зүйлс хүсдэг болсон байх. Эсвэл зүгээр кино үзээд, магадгүй “La la land” үзээд жааз клуб ямар байдаг ойлголт нь суучихсан байж ч болох юм.
-Жааз клубээрээ дамжуулан ямар нэг зүйлийг хүмүүст хүргэхийг зорьдог уу?
-Бид нар хөгжмөөрөө хүмүүст өөрийнхөөрөө байх, өөрийнхөө дуртай зүйлийг дагах урам зориг өгөхийг хүсдэг. “Fat Cat” жааз клуб бий болсон түүх нь ч хүмүүст урам өгөөсэй гэж хүсдэг. Хүн бүр л ямар нэг зүйл бүтээхийг хүсэж байгаа. Тэр болгонд нь олон саад бэрхшээл гарч ирнэ. Тийм үед урам хугарахгүй хичээгээд байвал хэзээ нэгэн цагт бүтдэг, биелдэг.
“Fat Cat” нь хүмүүс ямар газартай болмоор байсан тэрийгээ биелүүлсэн нэг жишээ юм болов уу. “Fat Cat” руу орохоор орчноосоо тасардаг. Анх нээгдэхэд хүмүүс бидэнд “Улаанбаатарт байгаа юм шиг санагдахгүй байна” гэж их хэлж байсан.
Тэгэхээр магадгүй “Fat Cat” руу ороод бүх асуудлаа мартаад хөгжим сонсоод өөрсдийгөө цэнэглээд гардаг байгаасай л гэж хүсдэг.
-Та саяхан “Од ба гэгээ” кинонд тоглосон. Энэ талаар хоёулаа яриагаа үргэлжлүүлэх үү?
-“Од ба гэгээ”-г Л.Бат-Амгалан, Иян Аллардайс гэх хоёр залуу найруулсан. Амгаа надад хөгжимчний талаар кино гээд санал тавьсан. Эхэндээ эргэлзэж байсан ч хөгжмийн тухай кино, хөгжмийг нь ч өөрөө зохиох учраас арай ойр санагдаад зөвшөөрсөн. Кинонд тоглох их хөгжилтэй, зугаатай байсан. Зургийн багийнхантайгаа гэр бүл шиг болчихдог учраас ядарч байгаа юм шиг санагдаагүй.
“Од ба гэгээ” их эерэг мэдрэмж өгөх зорилготой кино байсан. Миний бүтээсэн Одын дүр эхэндээ их төөрөлдсөн, өөрийгөө бусдаас хаачихсан байдаг. Тэрнээсээ гарахын тулд бусад хүмүүст өөрийгөө нээх хэрэгтэй гэсэн санааг энэ киногоор хүргэхийг хүссэн.
-Танд бусдаас өөрийгөө тусгаарлах, бусдад өөрийгөө ойлгуулж чадахгүй үе гарч байв уу?
-“Magnolian” нэрээр хөгжим гаргаснаасаа хойш өөрийгөө нээж эхэлсэн байх. Тэрнээс өмнө хөгжим зохиодог байсан ч дуунуудаа гаргадаггүй хүмүүстэй бараг хуваалцдаггүй байлаа. Намайг олон хүмүүс хөгжим тоглож чаддаг ч гэж мэддэггүй байсан.
Яг хөгжим тоглоод эхэлсэн чинь өөртөө итгэх итгэл илүү нэмэгдээд, өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийж байгаа юм шиг санагдаж, амьдралдаа илүү сэтгэл хангалуун болж эхэлсэн.
Хүмүүс өмссөн хувцас, инстаграм дээр тавьсан зургаараа ямар хүн болохыг хүсэж байгаагаа бусдад ойлгуулчихдаг. Харин дуу дуулах, өөрийн зохиосон шүлгээ унших нь дотор чинь юу байгааг гаргадаг. Зохиосон дуугаа хүмүүст хүргэхээр өөрийнхөө жинхэнэ дүр төрхөө харуулах шаардлагатай болно.
Дуу зохиогоод дотор байгаа зүйлсээ бусдад гаргаад эхлэхээр өөрийгөө хүлээн зөвшөөрч эхэлдэг.