Өнгөрсөн долоо хоногт Монголбанкнаас энэ оны хагас жилийн санхүү эдийн засгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн. Банкны салбарын статистик мэдээллээс илүүтэй ирэх сард Австралийн нийслэлд болох ФАТФ-ын хуралдаанаас манай улсыг “саарал жагсаалт”-д оруулах эсэх асуудал сэтгүүлчдийн анхаарлыг татаж буй нь илт байв. Харин энэ талаар сонирхсон тэдний асуултад хэвлэлийн хуралд оролцсон Монголбанкныхан туйлын хангалтгүй, мэргэжлийн бус хариулт өгч харагдсан. Сүүлийн үед Монгол Улсыг ФАТФ-аас /Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага/ “саарал жагсаалт”-д орох маш өндөр эрсдэлтэй байгаа учраас ОУВС хөтөлбөрөө зогсоож магадгүй гэх яриа газар аваад байгаа билээ.
ФАТФ гэж ямар байгууллага вэ?
1989 оны долдугаар сард Парист болсон “Их долоо”-гийн уулзалтын үеэр Францын Ерөнхийлөгч, үндэсний эрх ашгийг хамгаалж, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх санаачилга гаргаснаар Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (Financial Action Task Force on Money Laundering-FATF) буюу ФАТФ үүссэн түүхтэй. ФАТФ нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дэлхийн стандартыг боловсруулдаг, засгийн газар хоорондын бие даасан байгууллага юм. 2018 оны байдлаар тус байгууллагын гишүүнээр 36 улс, олон улсын хоёр байгууллага орж байгаа бол ажиглагчаар 23 байгууллага, хоёр улс (Индонез, Саудын Араб) байна.
ФАТФ-аас гадна тус байгууллагын загварын дагуу дэлхийн бүс нутгуудад байгуулагдсан найман бүлэг байгууллага бий. Тус байгууллагын нэгдсэн хуралдаан жилд гурван удаа болж голлох шийдвэрүүдийг гаргана. Мөн бүс нутаг хариуцсан бүлгүүдийн хуралдаанаас гарах шийдвэр ч түүнээс дутахааргүй чухал аж. ФАТФ гишүүн улс орнууддаа стандартын 40, тусгай есөн зөвлөмжийг хүргүүлж, мөрдөн ажиллахыг шаарддаг. Ойролцоогоор 4-5 жилд улс орнуудын тайланг хэлэлцэн үнэлгээ өгдөг байна.
Монгол Улсын хувьд ФАТФ-ийн гишүүн биш ч Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан бүлэг /APG/-ийн гишүүнээр 2004 онд элссэн юм. Дэлхийн банкны судалгаагаар Монгол улсын санхүүгийн системийн хэмжээ таван тэрбум ам.долларын босгыг давсантай холбоотойгоор манай улсыг 2010 оны зургадугаар сард “Рrima facie review” буюу анхан шатны хяналтад оруулж, дараа жил нь хоёр дахь шатны хяналтад оруулахаар ФАТФ шийдвэрлэж байжээ.
Харин ФАТФ болон ОУВС нь хоорондоо хамааралгүй, өөр зорилго чиглэлтэй байгууллагууд боловч хамтран ажилладаг. ОУВС шийдвэр гаргахдаа ФАТФ-ийн шийдвэрийг заавал тооцдог юм билээ.
ФАТФ, ОУВС нь чухам юу хүсээд байна вэ?
Энэ оны аравдугаар сард ФАТФ манай улсыг “саарал жагсаалт”-д оруулах эсэх асуудлаа эцсийн байдлаар шийднэ. Харин наймдугаар сард Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан бүлэг /APG/ манай тайланг хэлэлцэх юм. Тус бүс нутгийн байгууллага, Монгол Улсын 2017 онд ирүүлсэн тайланг хангалтгүй гэж дүгнэсэн. Улмаар эцсийн шийдвэр гаргах хугацаагаа хэд хэдэн удаа сунгаж, нэг ёсондоо манайхыг харж үзсэн билээ.
ОУВС-гийн ажлын хэсэг зургадугаар сарын сүүлчээр Монгол Улсад ажиллаж, ОУВС-гийн Дүрмийн IV заалтын дагуу явагддаг 2019 оны зөвлөлдөх яриа хэлэлцээг хийсэн юм. Ажлын хэсгийн дүгнэлт, хөтөлбөрийн үнэлгээнээс тусдаа боловч хөтөлбөрийн хэрэгжилттэй тодорхой хэмжээгээр холбоотой гэдгийг суурин төлөөлөгч Нэйл Сакер анхааруулсан. Ажлын хэсгийн ахлагч Жэф Готтлийб, “ОУВС-гийн зургадугаар шатны үнэлгээг эцэслэх асуудал хүлээгдсэн хэвээр байгаа. Энэ хүрээнд тавьсан хоёр урьдчилсан нөхцөлийг хангахаас хамаарч байна” гэж анхааруулсан. Нэгд, арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн байдалд аудит хийж тухайн нэмэгдүүлсэн хөрөнгө нь хууль ёсны эсэхийг тогтоох. Хоёрт, Төв банк хяналт шалгалтын үйл ажиллагаагаа сайжруулахыг сануулсан юм.
Ийнхүү олон улсын хоёр байгууллагаас Монголбанканд тавьж буй шаардлага маш тодорхой байна. Гэтэл Монголбанкнаас мэдээлэл өгч суусан эрхэмүүд тэс өөр зүйл ярьж харагдсан. Тэд “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь байгууллагын биш, тогтолцооны асуудал” хэмээн хээвнэг хариулсан. Тийм л дээ. Төрийн бүх байгууллагуудын оролцоо чухал нь үнэн. Гэхдээ, санхүүгийн салбараа бохир мөнгөнөөс хамгаалах, гаднын мөнгөн урсгалд хяналт тавих үүрэг Монголбанканд хамааралтай гэдгийг хэн ч үгүйсгэхгүй биз.
Манай улс ФАТФ-ийн 40 зөвлөмжийн 20-д нь бүдэрсэн. Эдгээр зөвлөмжийг уншиж үзвэл ерөнхийдөө стандарт загвартай. Дийлэнх нь Монголбанкны үйл ажиллагаа, хяналттай хамааралтай асуудлууд байна лээ.
Манайх дотоод гадаадын талаасаа элдэв самуунгүй, шашин, үндэстэн хооронд мөргөлдөөнгүй, элдэв террорист бүлэглэлийн үйл ажиллагаа бүртгэгдээгүй тайван улс. Энэ нь манай давуу тал.
2013 онд хууль тогтоомждоо “Мөнгө угаах” гэсэн нэр томьёоллын тодорхойлолтыг тэлж “Эцсийн өмчлөгчийг таньж мэдэх”, “Улс төрд нөлөө бүхий этгээд”, “Халхавч банк” зэрэг шинэлэг ойлголтуудаар нэмж баяжуулсан. Манай улсын экспортын орлого сүүлийн жилүүдэд огцом өсөж байгаа. Уул уурхайн орлогын тодорхой хэсэг нь хилийн чанадад, тодруулбал “оффшор”-т үлдэж байгаа нь нууц биш болсон. Тухайлбал, саяхан Эрдэнэт УҮГ болон Өмнөд Африкийн Стандарт банк хоорондын арбитрын шүүхийн маргаанаас нэг зүйл тодорхой болсон. Эрдэнэтийн зэсийн баяжмалын орлого тус банкаар дамждаг байж.
Тэр орлогын хэдэн хувь нь үлдэж, хэдэн хувь нь манай улсад орж ирснийг хэн ч мэдэхгүй, мэдэх ч аргагүй. Манай хууль хүчнийхэн ч энэ асуудлыг шалгахад хүчин мөхөстөх юм билээ. Гэхдээ ганц зүйлийг баттай хэлэхэд зэсийн баяжмалын орлогын тодорхой хувь хилийн цаана үлдсэн байх маш өндөр магадлалтай. Ийм “Бохир схем” олон жилийн турш үргэлжилж ирсэн байдаг. Түүгээр зогсохгүй үүнтэй төстэй схем манай бусад түүхий эдийн борлуулалттай холбоотойгоор оршин байгааг үгүйсгэх аргагүй юм. Олон улсын санхүүгийн байгууллагууд чухам энэ асуудалд хяналт тавих механизмтай болохыг шаардаж, шахаад байх шиг байна.
Санаачилгатай ажилла, монголбанкныхаан. Хэрэв манай улсын нэр “саарал жагсаалт”-д орвол, хариуцлага зөвхөн та нартай яригдана, өөр хэнтэй ч биш.
Эдийн засагч Р.Даваадорж