“Corporate art gallery”-н захирал, зураач, график дизайнер Самбуугийн Машбаттай ярилцсанаа хүргэе.
-Монголчуудын уран зураг ойлгох мэдрэмж нэмэгдсэн гэж та үздэг үү?
-Нэг үеэ бодвол илүү сайжирсан л даа. Айлууд ханандаа хивс өлгөхөө болиод уран зураг өлгөдөг болсон нь гоё байна шүү дээ. Яах вэ зарим талдаа мэргэжлийн өндөр түвшний уран зураг гэхээсээ илүү энгийн иргэдэд зориулан худалдаалж байгаа бүтээл байгаа л даа.Зарим хүн уран зураг цуглуулдаг, хувийн галарей байгуулчихсан ч байна. Миний бодлоор хувийн галарей олон болох хэрэгтэй. Энэ нь олон хүмүүст зургийн талаарх ойлголт үнэлэмж, мэдрэмжийг өгнө. Наанадаж хэн нэгний хурим найр болоход сайхан уран зураг бэлэглэх шийдвэр гаргадаг болчихвол хөгжил.
-Цаг үеэ дагаад олон урсгал, төрлөөр хөгжиж байна. Шинэ урсгал төрлийг ойлгож, хөл нийлүүлэхийн тулд үзэгчид бас дагаж боловсрох шаардлага бий болж байна уу?
-Уран бүтээл хийдэг, урлагийн төлөө зүтгэдэг хүмүүс үзэгчдийн өмнө явж, тэднийг уриалан дуудаж дагуулах ёстой. Зарим нэг төрлөөр уран бүтээл туурвидаг хүмүүс ард түмнийхээ төлөө гээд тухайн урлагийг зогсонги байдалд оруулчихдаг. Нөгөө л байсан зүйл хэсэг хугацааны дараа янзаараа л...
Гэхдээ манлайлаад, дагуулаад явж байгаа уран бүтээлчид, урлагийн төрөл бий. Үүнийг зарим хүмүүс улс төрд популист гэж нэрлээд байх шиг байна. Популизм буюу хүмүүсийг уруу татах зүйл байх ёстой. Гэхдээ урлагийн талаас нь уруу татах. Түүнээс биш ард түмэндээ зориулж ийм үзэсгэлэн гаргалаа, ийм CD гаргалаа,тоглолтоо хийнэ гэж байгаа нь зогсонги байдлын илэрхийлэл гэж би боддог.
-Олонд таалагдах нь, эсвэл олныг дагуулах нь нэг ёсондоо зогсонги байдлын илэрхийлэл гэж ойлгож байгаа хэрэг үү?
-Би тэгж л боддог. Авьяастай, чадалтай зураач, уран бүтээлчид олон бий. Гэсэн ч тэд чимээгүй л байдаг. Магадгүй тэднийг яриад эхлэх юм бол масс энэ солиотой, галзуу гэж хочлох байх. Зарим нэг нь магтахдаа нийгмээсээ түрүүлж сэтгэдэг хүн л гэж хэлэх байх.
-Амьдарч байгаа цаг хугацаандаа, нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хүмүүс цөөнгүй. Гэсэн ч хожим түүний уран бүтээлийг ямар гайхамшигтай үнэ цэнтэй, хосгүй байсныг гайхан бишрэх нь бий?
-Газар дэлхий дээр амьдарч байгаа хүн гэгч амьтны нийтлэг араншин юм уу даа. Тэглээ гээд 100 жилийн дараа миний зургийг ойлгоно гээд горьдоод суух хэрэг ч байхгүй. Шаардлага ч байхгүй. Ер нь уран бүтээл, уран бүтээлч хоёр заавал алдартай болох шаардлага байхгүй. Бусдад ойлгогдох хэрэггүй. Зөвхөн өөрийнхөө дотоод мөн чанар, хэн гэдгээ л илэрхийлж байхад боллоо.Гэхдээ өөрийгөө илэрхийлнэ гээд модерн зан гаргаад байх биш контемпорэри буюу нийтлэг чанартай зүйлд анхаарал хандуулах хэрэгтэй. Контемпорэри урлаг гэдэг нь хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудлыг хөндсөн бүтээлүүд байдаг. Түүний өгүүлэх санаа гэж айхтар юм бий.
-Таны бүтээлүүдийг харж байхад илүү сэтгэлгээний уран бүтээл туурвидаг юм шиг санагдсан?
-Тэр ч тийм л дээ. Нүдэнд харагдаж байгаа эд зүйлс, уул ус, байгалийн сайхныг хараад зурахыг судалбар зураг гэж хэлдэг л дээ. Том хэмжээтэй зурсан ч судалбар зургийн төрөл. Уран бүтээл гэж хэлэхэд хэцүү. Уран бүтээл гэдэг сэтгэлгээний зүйл гэж би боддог. Байгаа зүйлийг байгаагаар нь сайн сайхан зурахад сэтгэлгээ биш чадвар шаарддаг. Харин зурсан зургаараа дамжуулж ямар утга санаа илэрхийлэхийг зорьж сэтгэж зурах нь чухал. Зураг бүхэн уран бүтээл болж чадахгүй. Уран бүтээл болгон урлаг болж чаддаггүйтэй адил зураач бүр уран бүтээлч болж чаддаггүй. Уран бүтээлч болгон урлагийг бүтээгч болохгүй. Энэ ойлголтуудын хоорондох зааг ялгааг таних нь чухал.
-Магадгүй хүн бүрт урлагийн бүтээл, урлагийг бүтээгч гэдгийг ялгаж таних хэмжээнд уран зургийн, урлагийн мэдлэг байхгүй. Энэ байдал нь эргээд мөнгөний араас хөөцөлдсөн уран бүтээлчдийг бий болгоод байна уу?
-Мөнгөний төлөө хөөцөлдсөн зураач олон байна л даа. Нэг зураг зарчхаад, дахиад түүнийгээ хуулбарлаж зураад өөр хэн нэгэнд борлуулахыг боддог. Энэ байдалдаа дасчихсан. Гэхдээ хөөрхий минь тэдэнд буруу байхгүй. Амьдралын эрхээр хэдэн төгрөгний төлөө зүтгэж байгаа. Тэд бас хүмүүсийн тархи толгойг цэнэглэж байна. Зураг худалдаж авч байна гэдэг сайн хэрэг. Цэвэр уран бүтээлийн төлөө амь амьдралаа зориулсан уран бүтээлчид олон бий.
-Сайн муугаас үл хамаараад тухайн бүтээлийг тодорхой хэмжээгээр үнэлээд уран зургийг худалдаж авч байгаа нь урлагийн боловсролоо нэмэгдүүлэхэд их бага хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг үү?
-Зураг худалдаж авч байгаа хүн байгаа нь гоё. Тухайлбал нэг үзэсгэлэн гарсан байхад хийх ажлаа олж ядаад нуруугаа үүрээд явж байгаад үзэсгэлэн рүү ороод ирсэн байг. Харин гараад явахдаа “Ийм үзэсгэлэн үзэх чинь өөр юм байна шүү. Дараа энд орж ирж үзэсгэлэн үзэж байя” гэсэн сэтгэлтэй болох нь дэвшил. Дараагийн удаа тэр хүнд энэ сайхан зургийг гэрийнхээ хананд өлгөчих юм сан гэсэн бодол төрдөг л байхгүй юу. Уран зургийн боловсролыг хүн зайлшгүй эзэмших ёстой. Уран зургийг ойлгодоггүй мэдэрдэггүй хүнийг төсөөлж хэлж чадахгүй. Уран зураг хүнд гоо зүйн төвлөрөл, хүнлэг үзэл, ёс суртахууныг өгдөг.
-Та Ш.Булган зураачтай хамтарч 1994 онд Амина дүрслэх урлагийн сургууль байгуулж байсан. Багшийн эрдэм шавиас гэдэг, олон шавь төрүүлсэн үү?
-Тийм л дээ. Тухайн үед Амина буюу сэтгэл гэж сургуулийнхаа нэрийг өгч байсан. Сургуулиа ардын зураач Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит болгосон. Сургуулиас боловсрол эзэмшинэ гэдэг чухал асуудал л даа. Сургуульд тэдээс тэдэн насныхан сурна гэдэг зүйл байх ёсгүй. Сургуульд өвгөн ч сурч болно. Ялангуяа дүрслэх урлагийн сургуульд. Гадаад, дотоод, боломжтой боломжгүй бүх хүн сурч болно. Тэр ч битгий хэл АНУ-д сохор хүн зураг зураад үзэсгэлэн гаргаж байсан түүхтэй. Тэр хүн нарыг хараар зурсан байдаг. Яагаад гэхээр хар өнгө халуун байсан болохоор, өөрийн мэдрэмжээр зурсан байх жишээтэй. Зургийн сургуульд сурсан хүүхэд бусад мэргэжлийн хүмүүсээс илүү сайн төлөвшсөн байдаг. Би 130 орчим шавьтай. Эд нараас 5-6 нь уран бүтээл талдаа ажиллаж байна. Бусад нь уран зурагт хайртай, уран зургийг ойлгодог, уран зургаар амьжиргаагаа залгуулаад явж байна. Ямар нэг үзэсгэлэн гарахад миний шавь нар заавал оролцдог.
-Яруу найрагч, зохиолч хүмүүс онгод орж ирэхийг хүлээж байна эсвэл онгод ороод гэж ярьдаг. Зарим хүмүүс нэг бүтээл туурвихын тулд урт хугацаа зарцуулсан байдаг. Зарим бүтээл дээр бага цаг зарцуулдаг. Тэгэхээр танд онгод гэж байдаг уу?
-Яруу найрагч, зохиолч хүмүүст онгод тэнгэр байдаг л байх л даа. Би тийм зүйлийг ойлгохгүй мэдэхгүй. Харин зураач хүн миний бодлоор зүгээр сууж байсан ч бүтээл туурвих санаа нь бодогдож л байдаг хүмүүс. Үргэлж толгой тархиндаа уран бүтээлээ туурвиж байдаг. Зарим санаа нь аль хэдийнэ бүтээл болчихсон толгойнд нь тууж яваа. Надад шөнө орой ч хамаагүй босоод зураг зурмаар үе байдаг. Гэхдээ түүнийг юу гэж нэрлэхийг мэдэхгүй байна. Онгод энэ тэр ч юу юм. Бөө нарт л онгод гэж байдаг байх.
-Та нэг зураг зурахдаа дунджаар хэр хугацаа зарцуулдаг вэ?
-Наадах чинь л аймаар асуулт байхгүй юу. Би хугацааг нь мэдэхгүй. Хугацаа гэдэг харьцангуй ойлголт. Долоо хоногт нэг зураг зурна ч гэдэг юм уу. Би бол ийм зүйл мэдэхгүй юм байна. Хэдэн килограмм будаг ордог вэ гэх мэт юм асуудаг. Дэлгүүрээс хэрэгтэй өнгө, будгаа аваад л гардаг. Харин будаг авах мөнгө олдохгүй бол ах дүү, найз нөхөд, эхнэр хүүхдээсээ гуйгаад л авдаг хүмүүс. Зураач нар орлого гэхээсээ илүү гарлагатай амьдардаг хүмүүс. (Инээв) Ялангуяа мань шиг зураг зардаггүй хүмүүс гарлагатай байдаг. Ямар сайн даа л “Манай нөхөр өдөржингөө зураг зураад ажилгүй ээ ажилгүй” гэсэн онигоо хүртэл бий. Манай хүн гэхдээ ингэж хэлээгүй л дээ. Манайхны нэгнийхэн нь эхнэр тэгж хэлээд онигоо болж дэлгэрсэн байдаг. Гэтэл насаараа ядаргаанд ортлоо зурсан хүн байх жишээтэй.
-Зураач тухайн цаг үеийн мэдэрсэн мэдрэмжээрээ зурж, бүтээснийг үзэгч хараад шүүмжлэхийн тухайд та юу хэлэх вэ?
-Шүүмжлэх гэдэг нэг өөр, шүүмж бичиж гаргах гэдэг өөр асуудал л даа. Шүүмж гэдэг тухайн урлагийн талаар тодорхой хэмээнд мэргэжлийн түвшний мэдлэгтэй, урлаг судлаачдын өгөх үнэлэлт дүгнэлт. Харин шууд шүүмжилж эхэлнэ гэдэг бол нэг ёсондоо үгүйсгэж байгаагийн хэлбэр байх л даа. Уран зургийг жирийн үзэгч энэ бүтээл надад таалагдаагүй учраас муу бүтээл гэж хэлэх эрх байхгүй. Яагаад гэвэл тэр хүн энэ урлагийг ойлгохгүй учраас. Магадгүй би тэр хүний бууз хийж байгааг ойлгохгүйтэй л адил. Тэр бууз хийдэг хүнд будаг бийр бариулчихвал юу л зурах бол доо. Зарим хүмүүс уран зурах нь миний хобби гэчихсэн явж байна. Манай нийгэмд агуу их солиорлын өвчин тусчихаад байна л даа. Бид насаараа зураад, сураад, академийг нь төгсөөд өөрсдийгөө зураач гэж нэрлэж ядаж байхад нэг гар ийм агуу бүтээл зурчихлаа тэдэн саяар зарна, хоёр сарын дотор хэдэн зураг зураад энд ч үзэсгэлэнгээ гаргалаа ч гэх шиг амархан юм яриад л явж байна. Энэ бол оюун санааны доройтол. Оюун санааны доройтолтой, агуу их солиорлын нийгэмд алдаршиж байгаа хүн “но”-той л байхгүй юу.
-Уран бүтээлээ тэдэн төгрөгөөр үнэлсэн гэж ярьдаг. Бүтээлээ үнэлэх талаар юу хэлэх вэ?
-Ингэж үнэлэх нь маш зөв. Өндөр үнэлэх тусмаа хүмүүсийг гайхшруулдаг байх хэрэгтэй. Манайд одоо л зургийг ханандаа өлгөдөг болж байна. Түүний тулд томоохон дуудлага худалдаа зохион явуулдаг байх хэрэгтэй. Дэлхийд алдартай дуудлага худалдаанууд шиг “UB” дуудлага худалдаа гээд улсынхаа брэнд сор бүтээлүүдийг дэлхийд борлуулдаг дуудлага худалдааг зохиох хэрэгтэй.
-Миний санахад зургийн үнэ өндөр байх тусмаа л энгийн иргэд худалдаж авахад хэцүү болно. Тэгэхээр уран зураг гэдэг элитүүдэд зориулсан бүтээл юм биш үү?
-Худалдаж авахгүй ч гэсэн үзэж байгаа нь дэвшил. Нэг жишээ ярья л даа. “Миний дунд сургуулийн арван жилийн найз нэг том дэлгүүрт надтай тааралдсан юм. Би бас ийм дэлгүүр нээгдсэн гэсэн орж үзье гээд л явж байсан. Ингээд яриа хөөрөө болоод. Юу хийж байна гэхэд “Ажилгүй ээ ажилгүй. Жар хол гарсан биднийг хэн ажилд авах вэ. Хашааны манаачаар ч авахгүй байна” гэв. Яаж амьдарч байна гэтэл “Тэтгэврийн хэдээрээ л амьдарч байна” гэж хариулав. Гэтэл хажууд нь хэдэн зуун мянган төгрөгийн үнэтэй гутал байхад, түүнийг хараад “Ямар гоё гутал вэ гэж хараад, барьж, эргүүлж тойруулж үзээд, сүүлдээ хөлдөө углаж нааш цааш алхаж үзэв. Би “Наадах чинь чамд гоё зохиж байна” гэхэд “Тэтгэврийн хэдээрээ амьдардаг бид ийм гутал авч хүчрэхгүй л” гээд тайлаад өгсөн юм. Энэ бол хүн гэдэг сайн юмыг мэддэг болох, үзэсгэлэнд очоод сайхан зургийг хардаг, мэдэрдэг болох л чухал гэдгийг харуулж байгаа юм.
Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин