x

Б.Болорсайхан: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэг гол асуудал нь хүний эрх буюу хараат бус шүүх

Хүний эрх, эрх чөлөөний баталгаа болсон хэмээн судлаачид хүлээн зөвшөөрдөг 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хүний эрх хамгаалагч Б.Болорсайхантай ярилцсаныг хүргэж байна.

 

-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах одоогийн төсөл нь хүний эрхийг хэр хамгаалсан бэ?

-Төслийн баримт бичигт хүний эрхийг ийнхүү хамгаална, дэвшил гарна гэсэн үг дурайтал байхгүй ч хэд хэдэн чухал зүйлийг багцалсан гэж бодож байна.

Цөөн үгээр тайлбарлавал парламентын ардчилал, улс төрийн соёл, иргэний нийгмийг бэхжүүлэх тулгуур асуудлыг 6 хүрээгээр анх тодорхойлж, зөвлөлдөх санал асуулга, олон нийтийн хэлэлцүүлгээр 4 сэдвийг сонгосон юм.

Монголчууд бид улс орноо хэрхэн удирдах залах вэ, төрийн эрх мэдэлтэн, албан тушаалтныг яаж хариуцлагатай ажиллуулах, үйлчлүүлэх вэ, тэднийг зөв, шударга ажиллаж байгааг шүүх яаж хараат бус хянах, нягтлах вэ, иргэдийн амьдарч буй орон нутагт хэн шууд үүрэг хүлээж ажиллах ёстойг Үндсэн хуульдаа оруулахаар төлөвлөсөн байна.

Хүний эрхийг хамгаалах бүрэн эрх, чиг үүрэг талаас харвал шүүх тогтолцоонд л ач холбогдол өгөх ёстой.

Яагаад гэвэл Улсын Их Хурал хүний эрхийг хүндэтгэхгүй зөрчих боломж бүрдүүлсэн хууль батлах, нэг бол Засгийн газраас шууд үйлдэл эсвэл эс үйлдэхүйгээр хүний эрхийг хүндэтгэхгүй, хамгаалахгүй зөрчөөд байвал иргэдийн ашиг сонирхлыг хамгаалах, тэдний эрх чөлөөний төлөө институцийн хувиар зогсох чадамжтай этгээд бол зөвхөн шүүх л байдаг. Иймээс би хувьдаа юу бодож байна вэ гэвэл төслийн баримт бичигт шүүхийн талаар нэг бүлэг, цөөнгүй заалтыг өөрчлөхөөр оруулж ирсэн нь хүний эрхийг хамгаалахад шаардлагатай чухал алхам хийжээ.

-Шүүхийг анхаарах ёстой ч манайд аль хэдийнэ шүүх хараат бус ажиллахгүй байна гэж ярих болсон. Үүнийг арилгаж чадах уу? 

-Нийгмийн салбар, судлалд үр өгөөжгүй ч энгийн ухамсрын түвшинд уран зохиолын уянгын халил мэт сонсоход таатай мэт үгс бий. “Төрийн гурван өндөрлөг”, “Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ”, “Хүүхэд-Монголын ирээдүй” эсвэл “Муухан эрээс дээр эмэгтэй” гэх мэт. Яагаад гэвэл стадионы индэрт суух Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, спикер бол өндөр албан тушаалтан болохоос эрх мэдлийн төлөөлөл шууд болохгүй.

Үнэхээр гурван хүн эгнүүлэн суулгавал Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Их Хурлын дарга нэг нэг сандалд, Ерөнхийлөгч Ерөнхий сайд нэг сандлыг хувааж суусан зургийг “Төрийн гурван өндөрлөг” гэж нэрлэж болох юм.

Ирээдүй өнгөрсөн сургамж, одоо цагийн үйлээс хамааралтай байдаг. Хүүхэд ирээдүйд бус өнөөдөр одоо цагийг эрхшээж байгаа бодгал бол сайн эмэгтэй нь муу эртэй дүйцнэ гэх өөрөө маш ухвар мөчид төсөөлөл байна. Үүнтэй адил шүүх хараат бус ажиллахгүй байна уу, эсвэл шүүгч хараат ажиллаад байна уу гэж асуух ёстой.

Ард түмний элч, эв нэгдлийг илэрхийлэгч нь сонгогчдын хүсэл зоригийн илэрхийлэл байдаг. Улс орны хөгжлийн талаас богино хугацааны “явуулын” хүмүүс гэж болно. Ийм сонгуульт албан тушаалтай хүмүүсийг хянах, шийдвэрээрээ хүний эрхийг зөрчихөөс сэргийлэх гол чиг үүрэг нь шүүх тогтолцоонд бий.

Захиргааны шүүх, Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүхэд ажиллаж байгаа шүүгч, гишүүдээс тухайн байгууллагад итгэх итгэл хамаардаг онцлогтой. Одоогийн төслийг олон нийтийн өмнө алдсан шүүх тогтолцооны итгэлээ олж авахын тулд ажлын хэсэг нэмэлт өөрчлөлтийг боловсруулжээ хэмээн би хувьдаа харж байна. Хэрэв та төслийн тайлбарыг уншвал бидний өнгөрсөнд гаргасан алдаа дутагдал, сургамжаа санаж, цаашид илүү шударга, хараат бус ажиллахад юу шаардлагатай байгааг тусгасан байхыг олж харна. Миний зүгээс Үндсэн хуулийн хүрээнд хүний эрхийг хамгаалахад эн тэргүүний шаардлагатай чухал зохицуулалтыг суулгаж чадсан. Түүнийгээ нэмэлт өөрчлөлт байдлаар оруулж, хэрэгжүүлснээр асуудлыг арилгана гэж бодож байна. 

-Та арилгана гэж итгэлтэй хэллээ. Ямар нотолгоо, үндэслэлд тулгуурлаж хариулсан бэ?

-“Хараат бус, шударга, бие дааж ажилладаг шүүх бидэнд хэрэгтэй байна” гэж санал асуулгад оролцсон хүмүүсийн дийлэнх олонх хариулсан байсан.

Дэлгэрэнгүйг та Үндэсний статистикийн хорооноос 2017 онд гаргасан тайлангаас харж болно. Мөн олон нийтэд зориулсан цуврал хэлэлцүүлгийг 2017 оны 7-р сараас хойш хийхэд 327 мянга гаруй иргэнээс 5.6 сая орчим санал ирсэн гэж Улсын Их Хурлын Тамгын газраас мэдээлсэн. Иргэдээс ирсэн эдгээр саналын бараг 90 орчим хувийг буюу хамгийн их дэмжлэг авсан хэсэг бол миний хэлээд байгаа “шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах” байсан юм.

Үүний хамт 2000-аад оноос хойш одоог хүртэл хийсэн судалгааны дүгнэлт, зөвлөмж хэсэгт энэ талаар цохон тэмдэглэсэн байдаг. Мөн 2008-2012 онд шүүхийн багц хуулиар дамжуулан, шүүх тогтолцоог бэхжүүлэх санаачилга өрнөсөн. Харьцуулаад харвал, ялангуяа ил тод байдал, засаглал, шударга ёс, шүүх эрх мэдлийн чиглэлээр хийсэн янз бүрийн судалгаа, өмнө хэлсэн 2012 оны шүүхийн багц хуулийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээгээр шүүгчийн томилгоо, тэдний хариуцлага, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй холбоотой асуудлыг Үндсэн хуулиар зохицуулах шаардлагатай ажээ.

Өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1993, 1996, 2002, 2013 онд өөрчилсөн нь Улсын дээд шүүх, Хууль зүйн яам, Ерөнхийлөгчийн нөлөөнд орох эрсдлийг нэмэгдүүлсэн.

Бүр Улсын дээд шүүхийн шүүгчдийн тоог хүртэл ердийн хуулиар, тэрхүү хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр өөрчилж байсан. Жишээлбэл, 2002 оны 7-р сард Шүүхийн тухай хуулийг батлахдаа 11 шүүгчтэй болгож, өмнөх 17 гэсэн 1992 оны Шүүхийн тухай хуульд заасан шүүгчдийн бүрэлдэхүүнийг өөрчилсөн. Тэгснээс 2002 оны 12-р сард 17 болгож дахин өөрчилсөн. Ийм учраас ердийн хууль шинээр гаргаж, тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөөд байгаа нь төрийн алба тасралтгүй тогтвортой ажиллах, байгууллагын соёл, санах ой, залгамж байдал алга болох эрсдэлтэй. Иймээс энэхүү сургамжаасаа Үндсэн хуульд заавал шүүх эрх мэдлийг хариуцлагатай байлгах, бас хараат бус байхыг баталгаажуулж, “явуулын” хүмүүс ердийн хуулиар шүүх тогтолцоонд халдахгүй байх баталгаа үүснэ гэсэн үг.

-Та яагаад зөвхөн шүүхийг төслөөс онцлоод байна вэ?

-Би ажлын туршлагын хувьд нутгийн удирдлага, засаглалын чиглэлээр мэргэшээгүй, хүний эрхтэй холбоотой чухал асуудлыг танд онцолж яриад байгаа юм. Яагаад гэвэл манай улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой хүний эрхийн гол, амин асуудал бол шүүх. Шүүх тогтолцоонд ямар хүн очих, түүнийг хэрхэн сонгон шалгаж, нэр дэвшүүлж, томилж байгаагаас бидний амьдрал, манай улсын хөгжил ч хамаарна.

Хөгжил гэхээр боловсролоо сайжруул, эсвэл иргэд эрүүл байх ёстой гэдэг. Би үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ хөгжилтэй улсуудын явсан зам мөрийг харвал шууд биш ч гэсэн бага багаар бэхжүүлж, бүр улс төрийн соёл, эрх зүйн соёл болгосон зүйл бол гурван үнэт зүйл дээр тогтож байна.

Үүнийг Б.Чимид багш ч зохиол бүтээлдээ удаа дараа дурдаж байсан.

Нэгдүгээрт, төр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, эдлүүлэх үндсэн үүрэгтэй. Үүнд манай эмээ өвөө, ээж аавын тэр бүр мэдэрч чадаагүй хувийн өмч, итгэл үнэмшилтэй байх, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, айх айдасгүй, гачигдах зовлонгүй амьдрах хүртэл багтана.

Хоёрдугаарт, төр хууль дээдлэх ёсыг сахих ёстой. Нэг хүн, нам, бүлгийн үг хууль болдоггүй байна гэсэн үг. Мөн ард түмэн хүлээн зөвшөөрсөн, тэднийг хамгаалах хуулийг тэд өөрсдөө ёсчлон биелүүлдэг амьдралын хэв маяг тогтоно.

Гуравдугаарт, төр шударга ёсыг сахин хамгаална. Янз бүрийн өнгө, дуу хоолой болсон хүмүүс нэг дор зэрэгцэн оршиход хууль баталж мөрдөж байсан ч зөрчилдөн үүснэ. Төрийн зүгээс зөрчилдөөнөөс сэргийлэх, гарсан бол шийдвэрлэх, аль ч тал шударга, зүй ёсоор шийдлээ гэж хүлээн зөвшөөрдөг тогтолцоотой байхыг ойлгоно. Тэгэхээр энэ гурав манайд ямар байна, хэрхэн огтлолцож байна, бид одоо юуг анхаарах ёстой вэ гэвэл таван зүйлийг хэлмээр байна. Үүнийг иргэн бүр төслийг уншихдаа, энэ талаар сонсохдоо шалгуур, шүүлтүүр болгож хараасай.

1.Нийгэм дэх шударга ёсны гол хэмжүүр болсон шийдвэр гаргадаг Улсын дээд шүүхэд хэдэн шүүгч байх ёстойг заасан заалт төсөлд байна уу, үгүй юу?

2.Шүүгчийг томилохоос татгалзсан бол тухайн албан тушаалтан үндэслэлээ нийтэд мэдээлэх үүрэг болгосон заалт төсөлд байна уу, үгүй юу?

3.Шүүгч ажил мэргэжлийн төдийгүй зан төлөвийн хувьд мэргэшсэн, алдаа дутагдал гаргаж байгаагүй, салбартаа нэр хүндтэй, бусдад үлгэр болсон хүн байх ёстой тул шүүгчээр томилохын өмнө томилгоо хийдэг байх заалт төсөлд байна уу, үгүй юу?

4.Шүүгч нэг талаар хүний эрх зөрчдөг хүмүүстэй тэмцдэг боловч өөрөө чадвар, туршлагагүй бол хүний эрхийг зөрчиж болзошгүй учраас мэргэжлээр ажилласан жилийг өндөр тавьсан заалт төсөлд байна уу, үгүй юу?

5.Одоог хүртэл 1993 оноос хойш Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор Ерөнхийлөгч нь шат шатны ерөнхий шүүгчийг томилж байсан тул хараат байхаас сэргийлж, тухайн шатны шүүгчид өөрсдөө ерөнхий шүүгчээ дундаасаа сонгох заалт төсөлд байна уу, үгүй юу?

Дээр дурдсан заалт байвал сайн, байхгүй бол муу гэж төсөөлж болно. Муу байвал хүний эрх хамгаалахгүй. Хүний эрх хамгаалахгүй бол таны амьдралыг чөлөөтэй бусниулахад бэлэн нөхцөл ирээдүйд үүснэ гэсэн үг.

Эх сурвалж: Ikon.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 10 цаг 15 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 15 цаг 30 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 15 цаг 46 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 16 цаг 29 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 16 цаг 39 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top