Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджавтай ярилцлаа. Тэрбээр урьд нь “Оюутолгойн гэрээнд Монголын ард түмэнд өгөх ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр төр засгийн зүгээс ажиллах ёстой” гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж ирсэн билээ.
-“Оюутолгой” ХХК-ийн хувьцааны 66 хувийг эзэмшдэг “Туркойз Хилл” компанийн хувьцааны үнэ 40 гаруй хувиар нэг шөнийн дотор уналаа. Та УУХҮ-ийн дэд сайдын хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Зэсийн үнэ бууралттай ч гэсэн харьцангуй тогтвортой байгаа. Монгол Улсын Засгийн газрын зүгээс аливаа нэг ноцтой мэдэгдэл, сөрөг үйлдэл гаргаагүй. Ийм учраас хувьцааны ханшийн энэ огцом уналт нь Монголын талтай ямар ч холбоогүй гэдгийг юуны түрүүнд хэлэхийг хүсч байна. “Рио Тинто” компани энэ төсөл дээр ажиллаад 13-14 жил болсон. Тэгээд олборлолтоо эхэлснээс хойш 6-7 жил болсныхоо дараа хариуцлаггүй огцом мэдэгдэл хийж хувьцааныхаа үнийг унагасны учрыг тэр компанийн удирдлагаас л асуух хэрэгтэй байх.
-Гүний уурхайн зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар дахин нэмэгдэнэ. Гүний уурхайг ашиглалтанд оруулах хугацаа 16-30 сараар сунжрана гэж “Рио Тинто” мэдэгдсэн нь ямар үр дагавартай вэ?
-Үр дагаврын хувьд гэвэл Монголын төсөвт оруулах орлого ашгийн хэмжээ буурна. Манай улсын ногдол ашиг авч эхлэх хугацаа дахин 4-5 жилээр хойшлоно гэж би хувьдаа тооцож байна. Өөрөөр хэлвэл анх ногдол ашиг авч эхлэх хугацаа 2009 оны гэрээгээр 2023 он гэж гэж тооцож байсан бол Дубайн гэрээгээр 2037 он хүртэл хойшилсон. Одоо бол бүр 2040-2045 оноос нааш ногдол ашиг хуваарилахгүй төлөвтэй болоод явчихлаа. Ийм л учраас “Оюу Толгой” ХХК-ийн зардлын асуудалд Монголын төр хяналтаа чангатгах шаардлагатай гэж би хэлээд байгаа юм.
-Та урьд нь энэ талаар байр сууриа илэрхийлж байсан. Тэр дагуу ямар нэг ахиц гарсан уу?
-Миний байр суурь ч яахав, УИХ-ын ажлын хэсгийн зөвлөмжийг хүртэл УИХ-ын гишүүдээс өмнө “Рио Тинто” аваад дарамталчихдаг шүү дээ. Миний хувьд ингэж “Туркойз Хилл” компанийн хувьцааг “Рио Тинто” унагасны учрыг “Тухайн компанийн жижиг хувьцаа эзэмшигчид Компанийн засаглалын асуудлыг сөхөн гаргаж тавьсантай холбоотой болов уу” гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл тэдний хувьцааг унагах замаар “Рио Тинто” компани “Туркойз Хилл” компани дахь 50.8 хувийн эзэмшлээ нэмэгдүүлэх санаархалтай холбоо болов уу.
-Одоо тэгээд яахав?
-УИХ-ын ажлын хэсгийн зөвлөмжийн дагуу гаргах тогтоолыг яаралтай хэлэлцэж батлах, улмаар хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээгээ яаралтай эхлүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхгүй бол Гүний уурхайн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэдэг чинь “Рио Тинто”-гийн авах Удирдлагын зардал буюу ашиг нь 80-150 сая ам.доллараар шууд нэмэгдэх нөхцөл байдалд хүргэж байгаа юм. Энэ зардалд шууд хяналт тавих ёстой “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, “Эрдэнэс-Оюутолгой” ХХК-иас тайлбар авах хэрэгтэй.
Сэтгэгдэл (2)