ОУВС-гийн ажлын хэсэг зургадугаар сарын 19-нөөс 28-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, ОУВС-гийн Дүрмийн IV заалтын дагуу явагддаг 2019 оны зөвлөлдөх яриа хэлэлцээг хийжээ. Ажлын хэсгийн дүгнэлт хөтөлбөрийн үнэлгээнээс тусдаа боловч хөтөлбөрийн хэрэгжилттэй тодорхой хэмжээгээр холбоотой гэдгийг ОУВС-ийн суурин төлөөлөгч Нэйл Сакер анхааруулсан. Ажлын хэсгийн ахлагч Жэф Готтлийб танилцуулахдаа “Монгол Улс цаашид тогтвортой өсөлттэй байж чадна гэх итгэл алга” хэмээн “уулзалтын үр дүнг” маш тодорхой дүгнэн хэлжээ. Тэрээр манай улсын эдийн засгийн өсөлтөд дэлхийн зах зээл дээр арилжаалагддаг Монгол Улсын экспортын түүхий эдийн үнэ, эрэлт өндөр байсан хийгээд гадаадын хөрөнгө оруулалт тэр дундаа Оюутолгойн гүний уурхайтай холбоотой хөрөнгө оруулалт орж ирсэн нь нөлөөлсөн гэдгийг онцолжээ.
Жэф Готтлийб энэ удаад гурван гол асуудлыг онцгой анхаарахыг зөвлөжээ. Үүнд, төсөвтэй холбоотойгоор “төсвийг ашигтай гаргах тал дээр анхаарлаа хандуулах” ёстой гэсэн бол банкны салбарт хоёр асуудлыг хөндсөн юм. Энэ нь банкуудын зээлийн хэмжээ нэмэгдэж төлбөрийн тэнцэл, инфляцад дарамт болж байгаа болон банкны хяналт шалгалтыг илүү чангатгах, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг анхааруулсан нь Монголбанкны үйл ажиллагаанд F үнэлгээ өгснөөс өөрцгүй юм. Хэрэв дээрх гурван асуудлыг шийдвэрлэж чадахгүй байх аваас ОУВС-гийн маш их хүчин чармайлтаар олж авсан ололт, амжилтаас ухрахад хүргэхийг анхаарууллаа.
Тэгвэл, ОУВС-гийн хөтөлбөрийн үндсэн зорилго биелсэн үү? Төсвийн алдагдлыг бууруулах нь хөтөлбөрийн гол тулгуур багана бөгөөд энэ нь дотоодын санхүүгийн зах дээрх дарамтыг бууруулах, гадаад секторын үзүүлэлтүүдийг тогтворжуулах, өрийн тогтвортой байдлыг сэргээх явдал байв. Өөр нэг зорилго нь банкны системийг сэргээн тогтворжуулж, Монголбанкийг бэхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах явдал юм. Хөтөлбөр хэрэгжсэн хоёр жил гаруй хугацаанд ямар өөрчлөлт гарсан талаар тоо баримт сөхөж үзье. ОУВС-гийн хөтөлбөр төлбөрийн тэнцэл, Засгийн газрын өр, төсвийн алдагдал зэрэг үзүүлэлтүүд эерэг, алдагдалгүй байхад чиглэх ёстой юм. Гэтэл төлбөрийн тэнцэл 2018 оны гүйцэтгэлээр 141.2 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Энэ нь 2016 оны хямралын үед төлбөрийн тэнцэл 18.2 сая ам.долларын алдагдалтай гарч байснаас тааруу үзүүлэлт юм.
Монгол Улсын нийт гадаад өр 2016 оны зургадугаар сарын 30-ны байдлаар 24.3 тэрбум ам.доллар байсан бол 2019 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 29.5 тэрбум ам.долларт хүрч 5.2 тэрбум ам.доллараар, харин Засгийн газрын өр 2016 оны зургадугаар сарын 30-ны байдлаар 4.7 тэрбум ам.доллар байсан бол 2019 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 7.3 тэрбум ам.долларт хүрч 2.6 тэрбум ам.доллараар нэмэгдээд байна. Нэгдсэн төсвийн алдагдал 2017 онд 2 их наяд 711 тэрбум, 2018 онд 2 их наяд 400 тэрбум, 2019 онд 1 их наяд 913 тэрбум төгрөг байхаар тооцож оруулж ирснийг УИХ батлан хуульчлаад байна. Гурван жилийн нийлбэр дүнгээр 7 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж байсан тохиолдол урд өмнө гарч байсангүй. “Төсвийн сахилга батыг чанд сахих” хэрэгтэй талаар ярьдаг эрх баригчдын ам ажлын зөрүүг эндээс тод харж болно. Төсвийн энэхүү алдагдлыг багасгах боломж байгааг сөрөг хүчний зүгээс ч судлаачдын зүгээс ч эрх баригчдад удаа дараа сануулсаар ирсэн байдаг.
Монголбанкны үйл ажиллагааг ОУВС-гийнхан яагаад онцлов?
Монгол улсын макро эдийн засгийн дээрх гурван үзүүлэлт тун тааруу байгаатай холбоотойгоор ам.долларын эсрэг төгрөгийн ханш эрчимтэй суларч байна. Монголбанк 2018 онд 1.4 тэрбум, он гараад 1.2 тэрбум ам.долларын интервенц хийсэн боловч төгрөгийн ханшийн хэлбэлзлийг бууруулж чадсангүй. 2.6 тэрбум ам.доллар гэдэг нь Монголбанкнаас 2016, 2017, 2018 онуудад худалдаж авч цэвэршүүлсэн алтны орлогоос ч илүү хэмжээний валют. Өөрөөр хэлбэл, бүтэн гурван жилийн турш байгаль орчноо сүйтгэн байж олборлосон алтны орлогоо “ханш”-ийн салхинд хийсгэчхэж.
2018 оны урьдчилсан дүнгээр, инфляц Улаанбаатар хотын хэмжээнд хоёр оронтой тоонд дөхөж очсон. 2016 онд нэг хувьд эргэлдэж байсан инфляц ийнхүү суга өсчхөөд байна. Ийнхүү валютын ханш чангарч, инфляц өсөж байхад иргэдийн цалин, орлого нэмэгдээгүй учраас өрхийн зардал нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар эрс муудаж байгааг энд дурдах илүүц биз ээ.
Түүнчлэн банкны салбарын тогтвортой байдал алдагдаж байна. Төв банкны үнэт цаас/ТБҮЦ/ 4.7 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь Монголбанк үнэт цаасныхаа хүүд жилдээ 500 гаруй тэрбум төгрөг арилжааны банкуудад төлж байгаа гэсэн үг. Mөнгөний нийлүүлэлт (M2) 2016 оны 3 сард 10.1 их наяд байсан бол 2019 оны 3 сарын дүнгээр 19.7 их наяд төгрөг болж бараг хоёр дахин өсөөд байна. “Мөнгө хэвлээд байна” гэж бархирдаг улс төрчид харин хайчсан юм бүү мэд. Таг чиг.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2016 оны 3 дугаар сарын эцэст 968 тэрбум төгрөг байсан бол 2019 оны 3 сарын дүнгээр 1.9 их наяд төгрөг болж, хоёр дахин буюу нэг их наяд төгрөгөөр өсжээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.7 хувийг эзэлж байна. Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн статистикийг нэгтгээд харвал нийт зээлийн 20 орчим хувь муу зээл болсон гэж харж болохоор байна. Гэхдээ энэ хоёр үзүүлэлтийн аль нэг нь 10 хувиас дээш гарвал санхүүгийн систем хямарч байна гэж үздэг. Учир банкны зээлдэгч бүрийн нуруун дээр ийм их ачаалал ирж байна гэсэн үг.
Монгол улсын гадаад валютын нөөц 2018 оны дүнгээр 3.6 тэрбум ам.долларт хүрсэн дүнг Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өөрийн гавьяа мэтээр сурталчилдаг. 2018 онд нийт экспорт 6 тэрбум ам.долларт хүрсэн, донор улсууд болон олон улсын байгууллагуудаас 920 сая ам.доллар орж ирсэн, Хөгжлийн банк 500 сая ам.долларын бонд, Монголын Ипотекийн Корпораци 300 сая ам.долларын бонд босгосон, ГШХӨ урсгал нэмэгдэж, зөвхөн Оюу толгой төслөөс 1 тэрбум 300 сая орчим ам.доллар орж ирсэн, 2018 онд 22 тн алтыг цэвэршүүлж 710 сая ам.доллар гадаад зах зээлээс орж ирснээр валютын нөөц өсчээ. Өөрөөр хэлбэл, Монголбанкны бодлогоос тусдаа гадаад хүчин зүйл нөлөөлсөн байдаг.
2017 онд өндөр зардал гарган гаднын аудитын байгууллагаар арилжааны банкуудад активын чанарын үнэлгээг хийлгэсний дараа, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “банкны салбарын төлбөрийн чадвар бүхэлдээ тогтвортой, үйл ажиллагаа хэвийн байна” гэж олон нийтэд бодит байдлыг илт гуйвуулсан мэдээлэл хийж байв. Гэтэл төлбөрийн чадварын хүндрэлд орсон зургаан банк байсан талаар ОУВС-гаас мэдээллээ. Монголбанкны зүгээс уг зургаан банкны нэгд нь арга хэмжээ авч энэ оны дөрөвдүгээр сард Капитал банк татан буугдсан. Үлдэж байгаа таван банкны хувьд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь үүрэг амлалтынхаа хэмжээнд хүрэхгүй байна. Ийм шалтгааны улмаас 2018 оны арван хоёрдугаар сард эсвэл 2019 оны нэгдүгээр сард эцэслэгдэх ёстой байсан ОУВС-ийн зургадугаар шатны үнэлгээ одоо болтол дуусаагүй хүлээгдсээр байна. Ийнхүү Монголбанкны үйл ажиллагаанд ОУВС хүртэл шүүмжлэлтэй хандаж эхэллээ. Харин энэ байгууллагын удирдлага хэдий хүртэл бодит шүүмжлэлээс зугтаж, улс орны эдийн засагт гай болсоор байх юм бол?
Дээр дурдсан бүхэн ОУВС-гийн анхаарлаа хандуулдаг гол үзүүлэлтүүд туйлын хангалтгүй байгааг батлан харуулж байна. Алдаа дутагдлыг ОУВС-гийн хөтөлбөрөөс бус, харин эрх баригч хүчний тооцоо судалгаагүй, болхи үйл ажиллагаатай холбон үзэхээс өөр арга байхгүй. Ийнхүү эрх баригч хүчин улс орныг удирдан чиглүүлэх тодорхой бодлого, хэрэгжүүлэх бодитой хөтөлбөр, төлөвлөгөөгүй байгаа нь өдрөөс өдөрт улам тодорсоор байна.
Эдийн засагч Р.Даваадорж
Сэтгэгдэл (1)