x

Н.Туяа: Эрүүл мэндийн даатгалаар 900.000-28.000.000 төгрөгийн мэс заслын үйлчилгээ авах боломжтой

Эрүүл мэндийн даатгал ба эмнэлгийн үйлчилгээний талаар Эдийн засагч Намсангийн Туяатай ярилцлаа.

-Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо ямар системээр хэрэгждэг вэ?
-1993 онд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль батлагдсанаар эрүүл мэндийн даатгалын эрх зүйн орчин бүрдэж эхэлсэн гэж болно. Энэ асуудлыг хариуцсан төр захиргааны байгууллага бүтцийн хувьд нийгмийн даатгалын салбарын бүтцэд хамаарч явсныг 2017 онд хуульд өөрчлөлт оруулж тусад нь гаргасан. Одоо Эрүүл мэндийн даатгалын шинэ бүтэц Эрүүл мэндийн яамны харьяанд хамаарч байна. Манай эрүүл мэндийн даатгалын сан албаны хэллэгээр бол эв санааны үзэлд тулгуурласан нийгмийн эрүүл мэндийн даатгалын систем юм. Энгийнээр, үйлчилгээ нь даатгалын төлбөрөөс хамаарахгүй, даатгуулагчдад тэгш үйлчлэх нийтийн сан хэлбэртэй гэж хэлж болох. 
2015 онд батлагдаж, 2017 онд нэмэлт өөрчлөлт оруулсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар эрүүл мэндийн даатгалын сангийн удирдах дээд байгууллага нь оролцогч талуудын төлөөллийг хангасан Үндэсний зөвлөл байна гэсэн. Үндэсний зөвлөлд Засгийн газар, даатгуулагчид, ажил олгогчдын тус бүр гурван төлөөллийг нэр дэвшүүлж, УИХ-аас таван жилийн хугацаатай томилохоор хуульчилсан. Энэ бол маш чухал заалт. Яагаад гэвэл даатгалын сангийн хөрөнгө бол Засгийн газрын хөрөнгө биш даатгуулагчдын хөрөнгө учраас нэг талаас өмчийн эздийн захиран зарцуулах эрх, нөгөө талаас хэрэглэгчийн хяналт энэ механизмаар дамжин хэрэгжих ёстой. Гэтэл хуулиндаа ч, шинэчлэлийг цааш хэрэгжүүлэхдээ ч гажуудал үүсгэчихээд байна.
-Ямар гажуудал үүссэн бэ?
-Эрүүл мэндийн даатгалын сан бол даатгуулагчид буюу иргэд эрүүл мэндийн үйлчилгээ хэрэгтэй болсон үедээ хэрэглэхээр хуримтлуулсан хөрөнгө, даатгуулагчдын дундын сан. Энэ сангаасаа даатгуулагчид эрүүл мэндийн үйлчилгээг эрүүл мэндийн салбараас, тухайлбал эмнэлгүүдээс худалдаж авна. Тэгэхээр ЭМД-ын сан нь худалдан авагч, эрүүл мэндийн яам, эмнэлгүүд үйлчилгээ үзүүлэгч болж байна. Гэтэл сангийн дээд удирдлага Үндэсний зөвлөлийг эрүүл мэндийн сайдаар удирдуулаад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гэх даатгалын сангийн үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдах, хэрэгжүүлэх, хянах төв байгууллагын төсвийг Эрүүл мэндийн сайдын багцад оруулж даргыг нь мөн сайд томилохоор хуульчилсан. Тэгэхээр ЭМД-ын сангийн удирдлага хараат бус байх үндсэн зарчим алдагдаж бодит байдал дээр үйлчилгээ үзүүлэгч санг бүрэн мэдэлдээ авчихлаа. Ингэхээр даатгалын сангийн хөрөнгөд тавих даатгуулагчдын хяналт байхгүй болж, сангийн хөрөнгийн үр ашиг, үйлчилгээний чанар сайжрах хүлээлт талаар болж байгаа юм. Энд ашиг сонирхлын зөрчил хүссэн хүсээгүй үүснэ. Сайд салбарынхаа эрх ашгийг бодох уу, даатгуулагчдыг бодох уу. Төсвийн мөнгийг тендерт орж байгаа гүйцэтгэгч компаниуд захиран зарцуулахтай л агаар нэг. Биднээс нэг алдаа огт салахгүй байна. Шинэчлэл ярьж хуулийн үзэл баримтлалаа овоо зөв ярьж явснаа хууль батлах процесс, хэрэгжүүлэлт дээрээ концепцээ “гээгээд” өөх ч биш булчирхай ч биш гэдэг шиг зэрэмдэглээд, тууштай шинэчлэл хийж чадахгүй байна. Уг нь эрүүл мэндийн даатгалын сангийн удирдлага, менежментийг Засгийн газраас тэр тусмаа Эрүүл мэндийн яамнаас хараат бус байлгаж даатгуулагчдын эрх мэдлийг нэмэгдүүлж байж эрүүл мэндийн даатгал даатгуулагчдадаа жинхэнэ утгаараа үйлчлэх учиртай.
-ЭМД-ын шимтгэлийг сүүлийн судалгаагаар нийт хүн амын хэдэн хувь буюу хэчнээн мянган хүн төлж байна вэ. Дунджаар хэдэн төгрөгийн шимтгэл жилд ЭМД-ын санд төвлөрч байна вэ?
-Монгол Улс эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах зохицуулалттай улс. Тиймээс хамрагдалт 80-90 хувьтай, дэлхийн улс орнуудын болон бүс нутгийн түвшинд ч өндөр үзүүлэлттэй гэж үздэг. Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр 2017 оны аравдугаар сарын 30-ны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 89.7 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан гэсэн бол 2010 онд Азийн хөгжлийн банкны хийсэн “Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд хийсэн үнэлгээ”-нд 2009 оны байдлаар хамрагдалд 77,6 хувь гэсэн тоо байна. Эрүүл мэндийн сайдын хэлсэн 89.7 хувиар тооцоход 2.8 сая орчим хүн эрүүл мэндийн даатгалд хамрагддаг гэсэн үг. Эрүүл мэндийн даатгалд ажил олгогч, даатгуулагч хоёр тус бүр цалингийн хоёр хувь нийт дөрвөн хувиар, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид, их дээд сургууль коллежийн оюутнууд, ажилгүй иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнийн нэг хувь буюу сард 3200 төгрөг, жилд 38,400 төгрөг төлж байна. Харин тэтгэврийнхэн, халамж авч байгаа иргэд болон 18 насанд хүрээгүй хүүхдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Засгийн газар төсвөөс төлдөг. Хүүхдийн даатгалд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувь, тэтгэврийнхэн бусад халамжийн бүлгийнхэнийх хоёр хувиар тооцож улсын төсвөөс эрүүл мэндийн даатгалын санд сар бүр төлж байгаа. Энэ нь хүүхэд жилд 38400 төгрөг, тэтгэврийнхэн ба бусад 76800 төгрөг төлдөг гэсэн үг.
Ерөнхийдөө Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого зарлагаасаа давдаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, ашигтай ажилладаг гэсэн үг. Сангийн 2019 оны төсвийн орлого нь 407.7 тэрбум, зарлага нь мөн 407.7 тэрбумаар батлагдсан. 2018 онд 376 тэрбум төгрөгийн орлоготой, 341.3 тэрбум төгрөгийн зарлагатай, 34.7 тэрбумын ашигтай байсан. 
-Компаниар тооцвол ЭМД сан ашигтай ажилладаг гэсэн үг үү?
-Эрүүл мэндийн даатгалын сангийн бүрдүүлэлт, шимтгэлийн орлого болон даатгуулагчдын бүтцийн харьцааг аваад үзэхээр сонирхолтой ч гэх юм уу, эсвэл гажуудалтай гэж хэлж болох дүр зураг харагддаг. Азийн хөгжлийн банкнаас хийсэн үнэлгээний тайланд дурдсанаар нийт даатгуулагчдын 58.2 хувийг эмзэг бүлэг буюу Засгийн газраас төлбөрийг нь хариуцаж байгаа хэсэг эзэлж байсан ба энэ хэсгээс санд оруулсан орлого сангийн нийт орлогын 11.2 хувийг бүрдүүлж байсан бол ажил эрхлэгчид нийт даатгуулагчдын 25.7 хувийг эзэлдэг ч сангийн орлогын 80.5 хувийг бүрдүүлж байсан. Нөгөө талаар, орлогын 11.2 хувийг бүрдүүлэгч Засгийн газрын санхүүжилтээр даатгуулагчид сангийн зардлын санхүүжилтийн 58.4 хувийг хүртсэн байхад орлогын 80.5 хувийг бүрдүүлсэн ажил эрхлэгч даатгуулагчид сангаас зарцуулсан нийт зардлын 14 хувийг л хүртсэн байжээ. Эдгээр тоо юу харуулаад байна вэ гэвэл Засгийн газраас эрүүл мэндийн даатгалд төлж байгаа шимтгэлийн хэмжээ маш доогуур тогтоогдсоныг харуулж байна. Нөгөө талаас энэхүү бага шимтгэл шимтгэл төлөгчдөд сангийн хөрөнгийн дийлэнхийг зарцуулж байна гэж дүгнэж болохоор байгаа юм. Тус сангийн 2019 оны төсвийн орлогын бүтцээс харахад ажил эрхэлж байгаа даатгуулагчдын шимтгэлийн орлого 65.5 хувийг, төрөөс хариуцах иргэдийн шимтгэлийн орлого 20.6 хувь байна. Үндэсний статистикийн хорооноос зарласан хамгийн сүүлийн мэдээллээр дундаж цалин нэг сая 157 мянган төгрөгөөс тооцвол ажил эрхэлж байгаа даатгуулагчийн сард төлөх ЭМД-ын шимтгэлийн төлбөр 46,280 төгрөг бөгөөд Засгийн газар 3200-6400 төгрөг төлж байна. Эндээс төрөөс зарим даатгуулагчийн даатгалын зардлын төлж байгаа боловч ажил эрхэлж байгаа хүнээс 7-14 дахин бага төлж байгаа нь шимтгэлийн хэмжээ тэнцвэргүй байгааг харуулна. Тиймээс эрүүл мэндийн даатгалд даатгуулагчид даатгалынхаа үр шимийг хүртэх боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн нэг алхам бол төрөөс энэ санд төлж байгаа тарифыг өсгөх, шимтгэлийн дундажид ойртуулах бодлогын зохицуулалт хийх хэрэгтэй.
-ЭМД-ын сангийн мөнгийг Засгийн газар төсвийн нөхөөсөнд явуулж байгааг шүүмжилдэг. Уг нь дүрмээрээ хэрхэн захиран зарцуулах ёстой вэ?
-Сангийн орлогын бүрдүүлэлтээс чухал нөгөө нэг асуудал бол яах аргагүй сангийн зарцуулалт шүү дээ. Даатгуулагчид сангийн зарцуулалтад зохих ёсны хяналтаа тавьж чадахгүй байгаа. Хамгийн том асуудал бол дээр хэлсэнчлэн сангийн удирдлага Засгийн газраас, тэр тусмаа сангаас тодорхой санхүүжилт авдаг эрүүл мэндийн сайдаас шууд хараат байна. Хуульд сангийн удирдах дээд байгууллага нь Үндэсний зөвлөл байна гэж заасан боловч бодит байдал дээр зөвлөлийн дарга нь Эрүүл мэндийн сайд, нөгөө талуудын төлөөлөл болох даатгуулагчдын болон ажил олгогчдын төлөөллийг хаанаас нэр дэвшүүлж, хэрхэн сонгон шалгаруулах хийгээд, сонгон шалгаруулалтын нээлттэй, ил тод байдал гээд маш олон чухал нарийн зохицуулалт уг хуулинд тодорхой тусгагдсангүй. Ерөнхийдөө хууль нь учир дутагдалтай болсноос гадна Үндэсний зөвлөлийн даатгуулагчдын болон ажил олгогчдын төлөөлөл зургаан гишүүнд нэр дэвшүүлж сонгосон процесст даатгуулагч иргэд оролцоогүй. Тэгэхээр хараат бус гишүүдтэй, хараат бусаар шийдвэрээ гаргаж байгаа гэж итгэхэд бэрх.Гайхмаар нэг зүйл байгаа нь даатгуулагчдын төлөөллөөр Төрийн өмчийн хорооны (хуучин нэрээр) даргын зөвлөх н.Дэмбэрэл гэх хүнийг сонгосон байсан. Ойлгомжгүй.
Үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны зардлын төсвийн төсөл боловсруулах, батлагдсан төсвийн гүйцэтгэлд нь хяналт тавих, эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, зардлыг хянах, үнэлэлт, дүгнэлт өгөх, эрүүл мэндийн даатгалтай холбогдсон асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, сангаас зардлын төлбөрийг нь хариуцах багцад орох тусламж, үйлчилгээний жагсаалтыг батлах, даатгуулагчид эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаарыг тогтоох гэх мэт сангийн бодлогын шийдвэрүүдийг гаргаж хянадаг даатгуулагчдын эрхийг хамгаалах хамгийн чухал төлөөллийн удирдлагын байгууллага шүү дээ. Гэтэл өнөөдөр Засгийн газар, салбар яамнаас хараат болчихоод байна. Үүнийг л засч байж даатгуулагчдын хяналт хэрэгжинэ. 
-Сангийн мөнгийг яг ямар эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулдаг юм бол. Иргэд шимтгэл төлснийхөө үр дүнд төрөөс буюу эмнэлгээс ямар үйлчилгээ жилд авах журамтай байдаг вэ?
-Би албаны хүн биш учраас нээлттэй мэдээллийн сангуудаас олж авсан мэдээллээсээ хуваалцъя. Эрүүл мэндийн даатгалаар 16 төрлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг юм байна. Мөн 800 орчим эмийн үнийг 40-80 хувиар хөнгөлдөг гэсэн мэдээлэл байна. Даатгуулагч жилд хоёр сая төгрөг хүртэл үнийн дүнтэй үйлчилгээг даатгалаараа авах боломжтой. Бас нэг шинэлэг зүйл нь гэр бүлийн нэг гишүүний даатгалыг ашиглах боломжтой гэнэ. 900 мянгаас 28 сая төгрөг хүртэлх мэс заслын үйлчилгээ авах боломжтой гэсэн мэдээлэл харсан. Харин үйлчилгээний хүртээмж чанараас шалтгаалж хэрэгжилт хэр байгааг судлах хэрэгтэй. Өдөр тутмын амьдралаас харахад энэ бүхнийг авахад хүндрэл маш их байгааг бид бүгд сайн мэдэрч байна. Тэгэхээр энэ бүх боломжийг хүртээмжтэй бас хялбар болгоход анхаарч ажиллах хэрэгтэй байх. Цаашлаад даатгалаараа шаардлагатай бүх эмчилгээ үйлчилгээгээ төвөг багатай авчихдаг системийг нэн түрүүнд бүрдүүлэх юмсан. Маш олон хүн хүнд өвчин тусч, эх орондоо эмчлүүлж чадахгүй амь насаа алдаж байна. Чадалтай нь гадаадад эмчлүүлж, зарим нийгмийн капиталтай нь хандивын аян өрнүүлж олны дэмээр хөрөнгө босгож эмчлүүлж байна. Ихэнх нь яаж ч чадахгүй хүнд өвчний өмнө хүчин мөхөсдөж байгаа нь цөөхөн монголчууд бидэнд, энэ улс оронд маш хүнд сорилт болж байна. Энэ хүнд асуудлаас гадна даатгуулагчдын сэтгэл ханамж тун доогуур байна.
-Хүмүүс эрүүл мэндийн даатгал төлөөд нэмэр алга, үр шимийг нь үзэж чадахгүй байна гэж маш их гомдоллодог? 
-Даатгуулагчид даатгалынхаа үр ашгийг хүртэхийг хүсэх нь аргагүй шүү дээ. Эрүүл мэндэд эрсдэл үүсвэл асуудлаа шийдэх хуримтлал үүсгэж байгаа хэлбэр нь эрүүл мэндийн даатгал. Дээр дурдсан үнэлгээний дүнд ажил эрхэлдэг даатгуулагчид орлогын 80.5 хувийг бүрдүүлсэн хэрнээ сангийн зардлын 14 хувийг хүртсэн гэсэн тоо баримт гарсан даа. Энэ нь нэг талаас хөдөлмөрийн насныхан өвчлөх нь харьцангуй бага гэж үзэж болох ч нөгөө талаас эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарын асуудал, эмнэлгийн ачаалал, дараалал их гэх мэт хүндрэлээс шалтгаалж зохих үйлчилгээгээ авч чадахгүй байгааг харуулж байгаа. Энэ тохиолдолд тэдэнд үлдсэн сонголт нь даатгалаар үйлчилдэггүй хувийн эмнэлгүүдээс төлбөртэй үйлчилгээ авах л боломж. Тэгэхээр даатгал төлөөд ашиг байна уу гэсэн асуулт яах аргагүй гарна. Даатггуулагчид үр ашгаа өгдөг байхад анхаарахгүй бол даатгуулагчдын сэтгэл ханамжгүй байдал даамжирвал даатгалд хамрагдалт буурах, шимтгэлийн хэмжээ багасах, улмаар эрүүл мэндийн даатгалын тогтолцоо бүхэлдээ хямралд орох эрсдэлтэй болно.
-Олон улсад ЭМД-ын тогтолцоо яаж хэрэгждэг вэ?
-Манайх шиг эв санааны зарчимд үндэслэсэн заавал даатгуулах албан журмын тогтолцоо ч байна. Хувийн сонголтод тулгуурласан олон хэлбэртэй холимог тогтолцоо ч байгаа. Гол шинэчлэл худалдан авагч (сан), үйлчилгээ үзүүлэгч (ЭМЯ) хоёрыг тусгаарлах асуудалд ач холбогдол өгч байна. Энэ нь үйлчилгээ үзүүлэгчид хяналт тавих эрхийг даатгуулагчид өгнө гэсэн үг. Ингэснээр сангийн хөрөнгийн удирдлага хяналт сайжрах, өрсөлдөөнийг дэмжих, үйлчилгээний чанарыг сайжруулах, тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн хариуцлага дээшлэх, идэвхи санаачилга, ур чадвар дээшлэх, эцэст нь даатгуулагч сайн үйлчилгээ авах боломжийг нээх юм. Даатгалын олон хэлбэр хэрэгжүүлж байна. Хувь хүн бүр даатгуулахаас гадна гэр бүлийн даатгал, ажил олгогч хамт олны даатгал, үйлчилгээ болон үйлчилгээ үзүүлэгчээ сонгох эрх чөлөө, эрүүл мэндийн үйлчилгээний чанарын ерөнхий түвшин өндөр байх гэх мэт маш олон хүчин зүйл, олон сонголт боломжуудыг санал болгож байна. Манайд сангийн удирдлага менежмент нь төсвийн удирдлагаас нэг их ялгарахгүй байна. Даатгуулагчид оролцоогүй, хэн ч биш болчихоод байна.

Б.Бямбасүрэн "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zochin (43.242.243.91)
    Huviin emneleg ch ulsiin tulburuur 2 sayaar uilchilbel heregjuulbel arf tumend ih dem boloh yum.
    2020 оны 07 сарын 16 | Хариулах
  • Бигэр (202.9.43.213)
    Малчид гэж нэг даварсан давхарга бий болоод удаж байна шүү. Албан татвар,НД,ЭМД шимтгэл бараг төлөхгүй,дээр нь халамж тусламж хүснэ. Тэгсэн мөртөө мах сүүгээ зах зээлийн үнээр борлуулна. Шударга явдал уу.
    2019 оны 07 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 11 цаг 9 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 16 цаг 24 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 16 цаг 40 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 17 цаг 23 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 17 цаг 33 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top