"Эрдэнэс Тавантолгой" компанийн уурхайг Гашуунсухайтын автозамтай холбосон 8,2 км хатуу хучилттай автозамын нээлтийг өчигдөр (зургадугаар сарын 30) хийлээ. Замын нээлтэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, замын ажлыг хийж гүйцэтгэсэн "Арж капитал" ХХК-ийн төлөөлөл болон орон нутгийн удирдлагууд оролцов.
Гүйцэтгэгч компани авто замын барилгын ажлыг "Эрдэнэс Тавантолгой" компанийн захиалгаар өнгөрөгч 2018 оны гуравдугаар сараас эхлэн хийж гүйцэтгэж, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад өгчээ. Замын санхүүжилтэд ЭТТ компани 31,9 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Шинээр ашиглалтад өгч байгаа 8,2 км замын зузаан дунджаар 25 см, гурван үе давхаргатай, хамгийн дээд давхаргыг бетоноор цутгасан, уурхайн том оврын автомашин явах зориулалттай, олон улсын стандартад нийцсэн даацын зам юм байна. "Арж капитал" ХХК үүний өмнө "Оюутолгой"-н зам, Нисэхийн чиглэлийн хоёр салаа замыг барьж гүйцэтгэсэн туршлагатай хамт олон юм байна.
Замын нээлтийн үеэр "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Олон улсын стандартад нийцсэн хатуу хучилттай энэхүү авто зам ашиглалтад орсноор олон талын эерэг нөлөөтэй. Тухайлбал, нүүрс экспортын хэмжээ, түүний эдийн засгийн үр өгөөж нь нэмэгдэнэ. Мөн жолооч нарыг аюулгүй, ая тухтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг бууруулах гэх мэт олон талын ач холбогдолтой” гэв.
Авто замын нээлтийн үеэр ЭТТ компани Цогтцэций сумын Онцгой байдлын хэлтэсч цоо шинэ "УАЗ фургон" автомашиныг улсын дугаартай нь гардуулан өгөв. Тус компани өнгөрөгч 2018 онд ч мөн компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэст тус бүр нэг УАЗ-фургон машин бэлэглэжээ.