МУГЖ Д.Алтанхуягтай уулзаж ярилцлаа.
-Монголын үндэсний балетын тэмцээн гурав дахь жилдээ амжилтттай боллоо. Энэ уралдааны өгөөж нь юу юм бэ?
-Бид Монголын үндэсний балетын тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Энэ тэмцээнийг “Балетын хөгжил сан” зохион байгуулдаг гэдгийг хүмүүс мэдэж байгаа байх. Манай сан Монголын анхны балетын фестивалийг эх орондоо зохион байгууллаа. Монголдоо балетын урлагийг сурталчлах зорилгоор дэлхийн таван тивээс балетын салбарт хүчээ үзэж буй залуусыг эх орондоо урьж тоглолтууд зохион байгуулж байна. Тоглолтынхоо ард гарсны дараа зааланд хүн пиг дүүрэн байгааг сонсоод сэтгэл хөдөлж билээ. Таван зуухан хүний суудалтай театр ч гэсэн тоглолтын тасалбар дуусна гэдэг бол сайхан зүйл. Тоглолтын талаарх түүх сөхөхөд ийм байна.
-Монголд бусад орны бүжигчдийг авчирч бүжиглүүлэх, уралдаан тэмцээн зохион байгуулдгийн гол зорилго нь юу юм бэ?
-Одоо манай нийгэмд бүжгийн урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх ажил зохион байгуулахад бүрэн нээлттэй болж байна. Балетын урлаг дэлхийн улс орнуудад хөгжөөд 400-500 жил болоод дээд цэгтээ хүрч байна. Харин манай улсад хөгжөөд 60-70 жилийн түүхэн мөрөө үлдээсэн агуу урлаг. Өнөөдөр гэхэд Монголын анхдагч бүжгэн жүжигчин Б.Жамьяандагва гуай хойч үедээ зөвлөгөө өгөөд явж байна гэдэг гайхалтай.
Монгол Улсад балетын урлагийг үндэслэгчдийн нэг, алтан үеийн сор болсон хүний нэг шүү дээ. Балетын урлагийг чин сэтгэлээрээ хөгжүүлэх зорилготой ийм хүмүүсийнхээ тусламжтайгаар энэ урлагаар дамжуулан соён гэгээрлийг түгээж, үр өгөөжийг нь гаргах гэж бодсоны үндсэн дээр Монголын балетын хөгжил сангаа хэсэг нөхдийнхөө хамтаар байгуулсан даа.
Манай сангаас 1000 гаруй балетын урлагт дуртай бяцхан хүүхдүүдийг дуурийн тайзнаа мэргэжлийн бүжигчдийн хамтаар гаргаж бүжиглүүллээ. Энэ үйл ажиллагаа нь балетын урлагийн ирээдүй хойчид хэрэгтэй ажил гэж боддог. Энэ урлагийг мэдэрсэн хүүхдүүдийн дийлэнх нь мэргэжлийн бүжигчин болохгүй ч гэсэн энэ урлагт хайртай хүмүүс болж төлөвшинө. Мэдээж цөөн тооны хэдэн хүүхэд урамшаад цаашид гүнзгийрүүлэн балетын урлагаар суралцах нь мэдээж. Балетын урлагийн чиглэлээр гадаадад их дээд сургуульд суралцаж буй өсвөр залуу үеийнхэн ч бий боллоо. Манай сан олон улсын балетын тоглолт зохион байгууллаа. АНУ-ын Бостон балетаас таван контейнер балетын эд хэрэгсэл зөөж авчруулах их ажил ундарсан даа. (инээв)
-Шинэ жилийн өмнөхөн “Цөмөөхэй” балетад оролцох нь хүүхдүүдийн мөрөөдөл болжээ. Энэ их сайхан ажил болсон гэж бодож байна...?
-Балетын урлагийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй байгууллагууд хүүхэд багачуудад энэ урлагийн талаарх мэдээллийг түгээн дэлгэрүүлж ойлголт өгөх, тухайлбал “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн талаар хүүхдүүдэд ярьж ойлгуулан танин мэдэхүйг нь хөгжүүлэхэд нэмэр болж байна. Хөгжим Бүжгийн коллежид анх зохион байгуулагдахад нь би өөрөө оролцон тоглож байсан болохоор хүүхдүүдийг оролцуулах дуртай. “Цөмөөхэй” жилдээ 180-200 хүртэл хүүхэд тайзнаа гарч бүжгэн жүжигт тоглох боломжийг олгодог. Гол нь энэ ажил хүүхдийн төлөвшилд их сайнаар нөлөөлж энэ урлагаар хүмүүжсэн хүүхдүүд нийгэмд сайн хүн болж төлөвшинө. Өөрөөр хэлбэл жинхэнэ иргэн болж хүмүүжих эхний шат тавигдана.
-Балетаар хичээллэх нь хүүхдийн төлөвшилд хэрхэн нөлөөлдөг талаар тайлбарлаж өгнө үү?
-Сангийнхаа дэргэд Монголын балетын сургууль гэж байгууллаа. Хүмүүс янз бүрээр л асуудаг. Энэ сургуульд явбал мэргэжлийн балетчин болох уу гээд л. Балет бол хүнийг өв тэгш цогцоор хөгжүүлдэг урлаг гэдгийг хэлмээр байна. Энэ урлагт эхлээд дуртай болох сэдлийг хүүхдүүдэд олгох нь чухал. Энэ зуунд хүн бүхэн дуртай мэргэжлээрээ суралцах боломжтой. Урлагт дуртай бол түүнтэйгээ зэрэгцүүлээд аваад явж болно. Европт мундаг инженер, эмч нар балетын оркестрт тоглоод явж байх жишээтэй. Дуртай ажлаа хийнгээ энэ урлагийн амт шимтийг зөв мэдэрвэл хүүхдүүд ирээдүйдээ маш сайхан зөв хүн болж төлөвшинө. Яг энэ цаг үед хэрэгтэй байгаа тул Монголд хэрэгжүүлэх нь зөв юм гэж бодсон. Сүүлийн үед аав ээж нар хүүхдийнхээ гоо сайхан болоод төлөвшилд нь их анхаардаг болсон. Бүх зүйл компьютержсэн үед хүн өөрийн эрүүл мэндээ ихээхэн анхаарч хардаг боллоо. Нийгмийн шаардлагаар гэх үү, эдгээр асуудлуудыг хэрэгжүүлэхийн тулд чанартай хүртээмжтэй шат шатанд нь тохирох сургалтыг явуулах хэрэгтэй болж байна.
-Үндэсний балетын сургууль хэчнээн хүүхэд элсүүлж авдаг вэ? Сургалтын хөтөлбөр нь ямар вэ?
-Бид жилдээ 200-250 хүртэлх хүүхдүүдэд балетын урлагийн ойлголт, мэдээлэл өгч сургаж байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө сургуулиа байгуулсан. Манай сургуулийн үндсэн хөтөлбөрүүдийн эхнийх болох 2-7 насны хөтөлбөр нь хүүхдийг хөгжүүлэхэд түлхэц болохоор зохиогдсон. Бага насны хүүхдийн хөгжлийн хэрэгцээ шаардлагыг хөгжмөөр дамжуулан олгоход чиглэгддэг. 2-7 настай хүүхдийн хөтөлбөр маань долоо хоногт нэг л удаа явагддаг. 45 минутаас нэг цагийн хөтөлбөрт таарсан судлагдаж батлагдсан тохирсон аргыг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Дараагийн буюу жинхэнэ утгаараа хүүхдэд балетын урлагийг танин мэдүүлэх суурь тавих хөтөлбөр нь найман наснаас эхэлж цаашид гүнзгийрдэг. Бидний зүгээс ч тэр ухаанаа уралдуулж ажиллах шаардлагатай болж байгаа юм л даа. СУИС, Хөгжим бүжгийн коллеж зэрэг сургуулиуд энэ урлагийн хөгжлийн гол суурийг тавьдаг. Эдгээр бэлтгэлийн суурь болгож балетын сургуулийг байгуулсан гэж ойлгож болно.
-Ийм хэцүү урлагт хүүхдүүдийг оруулахад амар биш. Хөтөлбөрөө өөрсдөө зохиодог уу?
-Судалгаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй л явна. Яагаад ингэж дэс дараалан зааж байна гэхээр энэ урлаг өөрөө их хэцүү. Өөрт нь хэцүүг мэдэгдүүлэхгүйгээр заан сургаж байж л хүүхдийг энэ урлагт дурлуулна. Хүүхэд тавилт авахад биеийн бүтэц ямар байх ёстой юм. Подьём нь ямар байх ёстой юм гээд өөрт нь тааруулаад ойлгуулаад өгөх нь чухал. Хөгжим сонсгоод ямарваа нэг зүйлийг илэрхийл гэх мэтээр. Салхи салхилж байгааг хөгжмөөр дамжуулж хэрхэн илэрхийлэх юм гээд л хүүхдээр хийлгэж туршуулж, өөрт нь мэдрэмж өгөхөд өөр болдог. Урлагаар дамжуулж мундаг тоочин юм уу эрдэмтэн мэргэд болгох боломжтой. Гэхдээ энэ миний л бодол шүү. Учир нь ийм хүмүүсийн гол чанар нь чөлөөтэйгээр сэтгэн бодох чадвар байдаг. Хайрцаглагдаагүй сэтгэх нь бүх л чадварын үндэс. Энгийнээр хэлбэл энэ нь өөрийнхөөрөө байх юм. Зарим хүмүүс өөрийнхөөрөө байна гэхээр налайгаад суух эсвэл хэт дур зоргоороо байх гэж эндүүрдэг. Мэдээж хэрэг тэр хүн өөрийнхөөрөө байгаа нь тэр байх л даа. Гэхдээ хүнд чинь ядаж гэрийн соёл гэж нэг юм байдаг даа. Тасралтгүй л суралцах хэрэгтэй. Би ч гэсэн ялгаагүй шинэ зүйлсийг амьдралаас суралцаад л явж байна. Хүүхдээ хүмүүжүүлэхээс эхлээд суралцах зүйлс их байдаг.
-Манай өнөөгийн нийгмийн уур бухимдал, таагүй байдлыг шинэ үеийн хүүхдүүд өөрчилнө гэж харж байна уу?
-Тийм шүү. Заавал хүүхдэд зааж өгч байна гэхгүйгээр өөрөөрөө үлгэрлээд тэднээсээ суралцаад явж болно. Гадаадад хүмүүс инээгээд л байх юм. Манайхан болохоор л яагаад уурлаад байдаг юм гээд ялгаа гарч байгаа биз. Оросууд бас манайхан шиг инээдэггүй. Инээдэг хүмүүс л бусдыг өөртөө татна биз дээ. Ядаж л ажил төрөл амархан бүтнэ. Адгийн наад зах нь энгийнээр бодоход л ийм. Жижигхэн хэрнээ цаанаа том зүйл агуулж тухайн хүний амьдралыг эрс өөрчилж чадах зүйл амьдралд бишгүй л байна. Би эцэг эхчүүдтэй ярилцаж байхдаа та хүүхдээ бүжигчин болгох гээд байгаа юм уу. Эсвэл сайн хүн болгох гээд байгаа юм уу гэж асуудаг. Эцэг эхээ хүндэлсэн, баяр жаргалтай хүүхэд хармаар байгаагаа зарим аав ээж нар ухаардаггүй. Тэгвэл бүжиг хүний тархинд баяр баяслыг мэдрүүлж байдаг зүйл. Гэхдээ хүүхдэдээ хүчээр хийлгэж болохгүй. Заавал балетын урлагаар бүжиглэ гэж би хэлээгүй. Хөгжим, урлаг өөрөө агуу. Баяр баясалтай байгаа хүн эргэн тойрондоо ямар нөлөө үзүүлэх вэ? Ойлгомжтой биз дээ. Олон улсад Soft skills гээд байдаг л даа. Урлаг өөрөө соёлыг түгээж байдаг зүйл. Ядаж эрэгтэй хүүхэд, эмэгтэй хүүхэдтэй харьцахдаа чимхээд зодоод байлгүйгээр өөрөөр байж болно гэдгийг ойлгож авдаг. Урлагийг ойлгуулах гээд байгаа нь ердөө л энэ шүү дээ. Урлагийн амт шимтийг мэдэрсэн хүүхэд ядаж бусдыг хүндлээд сурна. Энэ бол асар том соёл юм шүү.
-Эрэгтэй балетчин үеийн үед л дутагдалтай байсан. Энэ нь манай үндэсний урлаг биш гэдэг эсвэл эрэгтэй хүүхдээ балетчин биш бөх болгохыг хүсдэгтэй холбоотой байдаг болов уу? Эрэгтэй балетчин нэмэгдэж байгаа юу?
-Цаас чичлэхээс нааш цоорохгүй гэдэг үг байдаг. Манайхан бөхчүүдэдээ хайртай. Би ч бөхөд дуртай. Спортод дуртай юу гэвэл би ч гэсэн дуртай. Урлаг гэхээр арай өөр өнцгөөр хараад байдаг. Балетын урлаг бол дэлхийн урлаг. Дэлхийн урлагаар зөвхөн яагаад эмэгтэй хүүхдээ явуулаад байгаа юм. Энэ тухай эцэг эхчүүд өөрөө өөртөө байнга асуулт тавих шаардлага гарч ирж байна. Эрэгтэй хүүхэд бол том дарга болох ёстой гээд л байдаг. Хүүхдийн дур сонирхолтой зүйлийг бага насанд нь илрүүлэхийн тулд олон дугуйлан, секц, шатар даам гээд бүгдэд нь л явуулж үзэх хэрэгтэй. Юунд дуртай эсэхийг нь тодруулах гээд үзээсэй. Хүүхдийг хөгжүүлэхийн тулд багш сурган хүмүүжүүлэгчид зааж сургах зүйлсээ хүүхдэд ойлгогдохоор хэлж тайлбарлаж өгч байгаасай. Түүнээс нэг мундаг шатарчин, тоочин гаргах гээд нүдээд байх нь хэр зөв зүйтэй вэ. Сайн багш нар бол хүүхдэд өөрт нь мэдэгдэхгүйгээр бэлддэг. Хүүхэд ерөөсөө дэлхийн мундаг од болсон хойноо ч хэцүүг мэдрэхгүйгээр мундаг гэдгээ мэдрэх шиг сайхан зүйл хаана ч байхгүй. Эрэгтэй балетчин олширч нэмэгдсэн юм одоохондоо сүйдтэй алга л байна.
-Монгол хүн байгалиасаа хүч тамир, тэсвэр тэвчээр шаардсан урлаг спортод бэлэн байдаг гэсэн. Балетын урлагаас харж байхад тийм шинж чанар монгол хүнд үнэхээр байдаг уу?
-Байдаг. Нэг жишээ хэлье л дээ. “Цөмөөхэй” балетын сонгон шалгаруулалтыг хийж байхад бид шууд л бүжигт дуртай бүх хүүхдийг бүжиглүүлдэг. Тэгтэл Европт ийм хэмжээний сонгон шалгаруулалт явуулахад заавал балетаар явж байгаа хүүхдүүдээс л сонгоно л доо. Бидний зүгээс харин тэгэх шаардлага заавал гардаггүй. Шууд л бүжиглэ хаалга нээлттэй хэмээн гараа дэлгэсэн. Тэр хүүхдүүдийг сар гаруй бэлтгээд тайзан дээр гаргахад шууд л бут авна шүү дээ. Гэхдээ энэ нь бидний хувьд алдаа байж болохыг үгүйсгэхгүй. Үнэхээр л таны хүүхэд балетад дуртай байна уу гэдгийг сайн судлаарай. Энэ хүнд хэцүү урлагаар олон жил явуулж хөдөлмөрийг нь талаар болгох вий дээ. Асар том өрсөлдөөн дунд хүүхэд орно тэр үед ухарч няцах вий дээ. Мэдээж мэргэжлийн урлагийг сонгоод явахаар бол аливааг дүгнэх чадвар, техник арга барилд цаашдаа суралцдаг. Гэхдээ энд жинхэнээсээ балетаар хичээллэх хүүхдийн талаар ярьж байгааг сайн ойлгоорой.
-Балетчин болохын тулд заавал өв тэгш биетэй байх ёстой юу?
-Хүн бүрт өөрийн гэсэн өгөгдөл байдаг шүү дээ. Ер нь муу бүжигчин гэж бараг байдаггүй, өөр өөрийн онцлог арга барилтай л байна уу гэхээс. Заавал гоцолж байгаа нь таалагдах албагүй шүү дээ. Балетчин гэхээрээ л урт хөлтэй, тэгшхэн ийм тийм биетэй байх албагүй ээ. Өнөөдөр үүнийг чинь нотолчхоод байна. Манайхны хэлдгээр майга хөлтэй эмэгтэй балетын шилдэг дүрийг үзүүлээд л явж байна. Гэтэл үүнийг гоо сайхан биш гэх үү гэдэг асуулт гарна. Орост жишээ нь биеийг нь харж шилж сонгож авдаг. Нөгөө шилэгдсэн хүүхдэд биеийн хурд, хүч байхгүй байвал яах вэ. Нөгөө хүн нь илүү хурдтай байвал яах вэ. Их өрөөсгөл ойлголт байгаа биз.
-Тэгвэл ямар хүүхэд балетчин болдог вэ?
-Миний хувьд зайлшгүй өгөгдөлтэй байж балетчин болно гэдгийн эсрэг үзэлтэй хүн л дээ. Хүн бүр балетчин болж болно. Гол нь хүн дуртай л байх ёстой.
-Монголд балетын сургууль байгуулах нь миний мөрөөдөл гэж байсан. Одоо таны мөрөөдөл биелчихсэн үү?
-Миний мөрөөдөл бүрэн биелэгдээгүй шүү дээ. Монгол Улсын хэмжээнд балетын гоё сургууль өнөөг хүртэл байгуулагдаагүй байна. Өөрийн байгуулсан сургуулиа ийм байх ёстой, тийм байлгана гэсэн том зорилго тавиад л мөрөөдөж байна. Өндөр таазтай, өргөн цэлгэр заалтайгаас эхлээд усанд орох, өөрийгөө хөгжүүлэх өрөө бүр нь тухтай. Хооллох танхим нь хүртэл цэлгэр том, ая тухтай гээд нарийн тоочвол их юм бий. Дэлхийн стандартуудыг хангасан дээд зэргийн л байх ёстой гэж боддог. Зүгээр л хэдхэн өрөөтэй газраа балетын монгол сургууль гэж нэрлээд үйл ажиллагаа явуулахыг би хэлээгүй. Үүнийгээ би миний мөрөөдөл биелэх яагаа ч үгүй гэж байна гэж харж зорьдог.
-Д.Алтанхуяг бүжиглэхээ бараг болиод манлайлагч, нийгмийн зүтгэлтэн, бизнесмэн тал руугаа ажилладаг болжээ гэж харж байна...?
-Айхтар ур чадвар гаргаад том компаниуд шиг төлөвлөгөө гаргаад сууж чадахгүй юм л даа. Хөгжим бүжгийн дотоодын бүтээгдэхүүн миний анхаарал хаана байсан бэ гэвэл бүжигтээ л байсан. Гэтэл өнөөдөр анхаарал хаана байна гэхээр арай өөр зүгт явахаас өөр аргагүй болоод байна. Хүн ер нь бүх талаараа мундаг байх хэрэгтэй юм байна, суурь мэдлэг сайтай байх хэрэгтэй юм байна гэдгийг л хэлэх гээд байна. Би нэг сонгодог урлагийг А,Б-гүй мэддэгтээ хэлж заагаад байгаа юм биш л дээ. Ер нь өнөө үед сонгодог урлагийн төрлөөр хүүхдийг бэлтгэхдээ ийм л зүйлийг барьдаг болсон.
-Монгол Улс дуурийн ганц тайзтай. Харж байхад тэр тайз маань хуучирч, хоцрогдож жижигдээд ч байгаа юм шиг санагддаг. Та олон улсаас бүжигчид авчирдаг хүн. Тийм тал байгаа юу?
-“Цөмөөхэй”-гээр жишээ авъя л даа. Цөмөөхэйгийн хулгана их том бас сандал нь их том байдаг. Тэднийг бид гаднаас авчирдаг. Гэтэл хэрэглэлдээ зориулж тайзаа өөрчлөх үү, тайзандаа тааруулж бусдыг нь өөрчлөх үү гээд асуудал их гардаг. Тайзандаа тааруулаад тавилтаа өөрчилж болохгүй шүү дээ. Дуурийн урлагийг хөгжүүлэхэд яалт ч үгүй төр засаг анхаарал хандуулдаг байх хэрэгтэй. Хэдэн ажилчид нь бор зүрхээрээ зүтгээд л байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дэргэд балетын урлагийн үндэсний зөвлөл гэдгийг байгуулжээ. Урлагийнхныг цуглуулж санаа оноог нь сонсохоор байгуулагдсан гэсэн. Тэрхүү зөвлөлд нь би багтаж орлоо. Гэтэл удирдлагууд нь урлагийнхны хүсэл мөрөөдөл, стандарт гээд олон юмыг ойлгодоггүй нь харагдсан даа. Тиймээс бид л өөрсдөө энэ талаар саналаа оруулж л ажил хэрэг болгох хэрэгтэй байгаа. Бүх зүйл шинээр явагдаж байна л даа. Эхний ээлжинд юун дээр бодлогоор анхаарах ёстойг төрийн өндөрлөгүүдэд үгээ хүргэж, мэдүүлэх хэрэгтэй байгаа юм. Балетын урлагаар ажиллаж амьдарч байгаа хүмүүсийнхээ үгийг сонсч байх нь зүйтэй. Цаашдаа ийм хэмжээнд хүрэх байх гэж найдаж байгаа.
-Та одоо хаана ажиллаж, амьдарч, ямар театрт харьяалагдаж байгаа вэ? Хэзээ Монголдоо ирж эхэлсэн энэ ажлуудаа урагшлуулах вэ?
-Одоогийн байдлаар гэр бүлтэйгээ АНУ-ын Нью-Йорк хотод амьдарч байна. Бостон балетад 10 гаруй жил бүжиглэлээ. Одоо бол бүтэн цагаар бүжиглэхээ болиод хамтарч ажилладаг хүмүүстэйгээ нийлээд балетын компани байгуулсан. Энэ урлагийн талд нь анхаарал хандуулах болсон гэх үү дээ. Өөрөөр хэлбэл тоглолт зохион байгуулаад л явж байна. Хүний нас богинохон шүү дээ. Тиймээс бүлдээ анхаарал хандуулж, эцгийн үүргээ сайн гүйцэтгэхэд цаг зарцуулахыг бас хичээж байна.
-Монголдоо ирэхийн тухайд?
-Миний бага нас Ховд аймагт өнгөрсөн. Эмээ өвөөгийндөө очиж морь унаж, мал хариулдаг хүүхэд байлаа. Жинхэнэ монгол ахуйгаасаа өсч өндийсөн хүүхэд шүү дээ би. Хийсэн бүтээснээ үлдээж, хүнд хэрэгтэй юм хийх гэж багаасаа бодож өссөн учир өмнө өгүүлсэн ажлуудыг хийж төлөвлөөд л явж байна. Гадагшаа явсан ч гэсэн миний хувьд суралцах гэж, ирээд хойч үедээ юу үлдээх вэ гээд толгойгоо цэнэглэж яваа гэж боддог. Би нэг байшин очиж үзэх гэж харийг зориогүй ээ. Тиймээс би Монголдоо ирнэ.
А.Мөнхжин "Ардчилал таймс" сонин