Өнгөрсөн 5-р сард БНХАУ-д нийлүүлсэн ОХУ-ын нүүрс экспортын хэмжээ эрс өсч, энэ оны хамгийн оргил түвшиндээ хүрсэн байна. Харин гол нийлүүлэгчид болох Монгол, Австралийн нүүрсний нийлүүлэлт буурсан талаар БНХАУ-ын статистикийн товчоо мэдээллээ.
Өнгөрсөн сарын хувьд Хятадын нийт нүүрсний импорт 23 хувиөр өссөн нь дотоодын нүүрсний ханш өндөр байсантай холбоотой. Үүнээс хамгийн их хувийг буюу 5.25 сая тонн нүүрсийг Австрали нийлүүлсэн ч, өмнөх оны мөн үеэтэй харьцуулахад 5.5 хувиар буурсан дүн юм.
Харин Австралийн араас ОХУ нийт 3.93 сая тонн нүүрсний нийлүүлэлтээр шууд 2-р байрт бичигдсэн байна. Энэ нь 2018 оны 5-р сартай харьцуулахад даруй 64 хувь өссөн дүн бөгөөд, энэ дундаа коксжих нүүрсний нийлүүлэлт нь 596 мянган тоннд хүрсэн дүр зураг харагдаж байна. Яг үүнтэй зэрэгцэн, Монгол Улсын Хятадад нийлүүлж буй нүүрсний хэмжээ 3.68 сая тонн болж өнгөрсөн оны мөн үеэс 8.9 хувиар буурлаа.
Тодорхой ажиглагдсан бас нэг зүйл нь, өнгөрсөн онтой харьцуулахад манай улсын Хятад руу хийх нүүрсний нийлүүлэлт бараг 200 орчим мянган тонноор буурсан бол ОХУ коксжих нүүрсний нийлүүлэлтээ энэ хугацаанд огцом нэмэгдүүлээд байна. Өөрөөр хэлбэл, манай зах зээлийн талаас илүү хувийг ОХУ аль хэдийн “булаагаад” авчихлаа гэж хэлж болохоор байна.
Эх сурвалж: bloomberg.com