x

Төв банкны төөрсөн бодлого

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2019.06.12 өдрийн хуралдаанаар Монголбанкны 2018 оны үйл ажиллагааны тайланг сонсов. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан чихэнд чимэгтэй сайхан дүгнэлт уншиж өгөв. Харин Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа туйлын хангалтгүй байгаа. Тиймээс тус тайлантай холбоотой бодит байдлыг цэгнэж үзье.

Н.Баяртсайханы уншсан тайланд банк, санхүүгийн салбарын эрх зүйн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэх хэд хэдэн хуулиуд батлуулсан, одоо зарим хуулиуд дээр ажиллаж байгаа талаар дурджээ. Харамсалтай нь энэ салбарын эрх зүйн шинэчлэлийг Монголбанкны хийх ёстой хүлээгдэж байсан ажил. Энэ бүхнийг өөртөө наах нь тийм ч оновчтой сайрхал биш. Ний нуугүй хэлэхэд батлагдсан хуулиудыг нь сөхөж үзвэл шүүмжлэх зүйл маш их бий.

БИ ҮХЭХЭЭР ЧИ ҮХ

Хөгжлийн банк, Засгийн газрын бондуудыг амжилттай дахин санхүүжүүлж, 2017 оны VIII сарын 21-нд хугацаа дуусахаар хүлээгдэж байсан Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг 3 жилээр сунгахаар болж богино хугацааны өрийн дарамтыг бууруулсан талаар онцолжээ. Энэ нь үнэн хэрэгтээ Сү. Батболдын Засгийн газрын босгосон 580 сая ам.долларын Евро бондыг Хуралдай бондоор сольсон, Ж.Эрдэнэбат сангийн сайд байхдаа авсан Димсан бонд(160 сая ам.доллар) болон Чингис бондын 500 сая ам.доллар, дүрээ хувиргаж Гэрэгэ бонд болсноос өөр гавьтай ажил хийгдээгүй. Шинэ шошготой бондууд 2020-24 онуудад төлөгдөхөөр хүлээгдэж байна. Хугацаагаа хойшлуулсан болохоос өр төлөгдөөгүй. Энэ үйлдлийг “Би үхэхээр чи үх” гэдэг монгол ардын зүйр үгээр илэрхийлэхэд хангалттай. Монгол Улс 2020-2024 оны хооронд төр болон хувийн хэвшлийн томоохон дүнтэй гадаад өр, төлбөрийг барагдуулахад нийт 13.3 тэрбум ам.доллар шаардагдах ба Засгийн газар, Монголбанкны төлөх дүн нь 7.1 тэрбум ам.доллар байна.

ОУВС ХӨТӨЛБӨРТ ОРОХЫН ТУЛД ЭДИЙН ЗАСГАА БУСНИУЛЖ, ИРГЭДДЭЭ АЧААНЫ ХҮНДИЙГ ҮҮРҮҮЛСЭН НЬ

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр Засгийн эрхийг атгасан МАН тухайн үеийн улс орны эдийн засагт зохих үнэлгээ дүгнэлт өгч, хэрэгжүүлэх тодорхой бодлогогүй байжээ. Тиймээс ОУВС хандах ганц гарцыг сонгохоос өөр арга зам байсангүй. Ингээд тухайн үеийн Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгч нар “улс орны эдийн засаг элгээрээ хэвтжээ” гэх үлгэрийг удаа дараа мэдэгдэж эхэллээ. Энэ нь валютын ханшид шууд нөлөөлөв. Ямар нэгэн банкны захирал “манай банк дампуурч байна” гэж мэдэгдвэл маргааш нь хадгаламж эзэмшигчид мөнгөө татаж, банк дампуурах нь тодорхой. Яг ийм дампуу үйлдлийг манай эрх баригчид хийсэн юм.

Төгрөгийн ам.доллартой харьцах ханш огцом нэмэгдэж их хэмжээний валютын нөөцөө интервенц хийж гөвсөн билээ. Ийнхүү ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахын тулд иргэдийн нуруунд их хэмжээний ачаа үүрүүлсэн юм. Ханш шууд 500 төгрөгөөр (График 1.) өсч, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ огцом нэмэгдлээ. 2016 оны сүүлийн хагаст ханш тогтоон барих зорилгоор хийсэн интервенцэд 884 сая ам.доллар(График 2.) хийсгэж улс орныхоо эдийн засагт ноцтой хохирол учруулсан түүх нэг иймэрхүү.

График 1.

График 2.

Хэрэглээний Үнийн Индексийн сагсан дахь 344 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнээс инфляцад хамгийн их нөлөө үзүүлж буй 50 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалж үзэхэд ихэнх нь буюу 72 хувь нь импортын бараа эзэлж байна. Энэ нь манай улсын инфляцын түвшин нь импортын барааны үнээс ихээхэн хамааралтайг харуулж байгаа бөгөөд эдгээр барааны нийлүүлэлт болон манай улсын төгрөгийн гадаад валюттай харьцах ханш, ялангуяа АНУ-ын доллартай харьцах ханш чухал нөлөөтэй гэдгийг энд нотлох шаардлага байхгүй

УУЛ УУРХАЙН ЭРДСИЙН ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ӨӨРТӨӨ НААХЫГ МЭРИЙГЧ

2011 онд уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа зэс нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ ханш өндөр байсан нь манай эдийн засагт нөлөөлж 17.3 хувийн өсөлт авчирсан. Энэ өсөлтийг үе үеийн МАН-ын эрх баригчид өөртөө наахыг мэрийсээр иржээ. Учрыг нь тунгаавал, тэр жил Хятадын нүүрсний импортын дийлэнхийг нийлүүлдэг Австралид хүчтэй үер бууж нүүрсний уурхайнууд хаагдсан бол Индонезийн уурхайчдын цалин хөлсөө нэмүүлэх ажил хаялт, хөдөлгөөн ид өрнөж байсан үе. Хятадад нүүрс нийлүүлэгч хоёр улсын хувьд ийнхүү уурхайнуудынх нь үйл ажиллагаа зогссон нь нүүрсний үнэ ханшийг хөөрөгдөж, манай нүүрсний нийлүүлэлт ч нэмэгджээ. Ийн Монгол улсын ДНБ-ний хувь хэмжээ өссөн билээ.  2011 оны арван нэгдүгээр сард Хятадын Чинхуангдао боомтод  нүүрс тонн нь133-134.5 ам.долларт хүрч байсан бол 2012-2016 онуудад 30 ам.доллароос доош орсон байдаг. 2005 онд нүүрсний борлуулалтын орлогогүй байсан Монгол улс 2011 онд 2 тэрбум гаруй ам.долларыг нүүрсний борлуулалтаас олжээ.

 Уул уурхайн мөчлөг 2016 оны сүүлчээс сэргэж 2017,2018 онуудад үргэлжлэн өсч байна. Эрх баригчид энэ бүхнийг мөн л өөртөө хамаатуулан бурж явна. Ганцхан жишээ дурдахад: 2012 онд зэсийн баяжмалын борлуулалтын орлого 838,5 сая ам.доллар байсан бол 2018 онд 2 тэрбум ам.доллар давж 2 дахин, 2015 онд нүүрсний борлуулалт 555.9 сая ам.доллартой тэнцэж байсан бол 2018 онд 2.8 тэрбум ам.долларт хүрч 6 дахин нэмэгдсэнээр манай эдийн засаг сэргэж эхэлсэн. Экспортын орлогын 90 хувь уул уурхайгаас ордог, тэр дундаа зэс, нүүрсний борлуулалт нь 70-80 хувь эзэлдэг эдийн засагтай Монгол улсын хувьд эдийн засаг өсөх болсон шалтгаан эндээс маш тодорхой харагдана. Харин энэ өсөлтийг Монголбанкны ерөнхийлөгч өөртөө наахыг оролдсон нь дэндүү гэнэн мэдэгдэл байлаа.

График 3.

ХЭДИЙ БОЛТОЛ ХҮҮ БУУРЧ БАЙНА ГЭЖ ИРГЭДЭЭ МОЛИГДОХ ВЭ?

Зээлийн жигнэсэн дундаж хүү 2018 оны эцэст 16.9 хувь болж, сүүлийн 6 жилийн хамгийн бага түвшинд хүргэсэн “том гавьяа”-ны асуудал мөн дурдагдав. Харамсалтай нь олон улсын санхүүгийн байгууллага, донор орнууд, ипотекийн найман хувийн хүүг дундчилж харвал ийм үзүүлэлт гарна. Ямарч аж ахуй нэгж, хувь хүнээс асуухад арилжааны банкны хүү огт буураагүй гэдгийг ам бардам хэлнэ. Хас банк бусдаа бодвол хамгийн бага хүү санал болгож байгаа нь жилийн 24 хувь. Тэгэхээр “бизнес эрхлэгчдийн дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажлын байр, үйлдвэрлэл өсөхөд чухал түлхэц болсон” гэх дүгнэлт бодит амьдралд огт нийцэхгүй. Ажилгүйдлийн түвшин буурч байгаа гэх статистик мэдээлэл байгаа хэдий ч, ажилгүйдэл нэмэгдэж,  ядуурал газар авсаар байгаа. Үүний бодит жишээ нь хамгийн бага орлоготой өрхийн хүнс тэжээлийн дэмжлэг 2017 онд 26 мянган өрхийн 138 мянган иргэн хамрагдахаар төсөвлөсөн хөрөнгө хүрэлцэхгүй учраас  2017 оны 11,12 дугаар сараас 2 дахин нэмэгдүүлж, нийт 52.3 мянган өрхийн 288.6 мянган иргэн хамрагдах тооцоо гарч байснаас харж болно.

ВАЛЮТЫН НӨӨЦӨӨ НЭМЭГДҮҮЛСЭН ҮҮ, ХИЙСГЭСЭН ҮҮ?

Валютын албан нөөцийг сүүлийн 2 жилд 4 дахин өсгөн 3.8 тэрбум ам.долларт буюу импортын 9 орчим сарын хэрэгцээг хангах түвшинд хүргэн нэмэгдүүлсэн гэж сайрхжээ. Бодит байдал дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгдсэнээр 2016 оны дүнгээр төсвийн орлого 5 их наяд 852 тэрбум байсан бол 2018 онд 9.2 их наяд төгрөгт хүрч даруй 3.4 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. 2016 онд эрдэс бүтээгдэхүүний экспортоос 3.4 тэрбум ам.доллар, 2018 онд 6 тэрбум ам.долларын орлого олж 2.6 тэрбум ам.доллараар нэмэгдсэн. Мөн ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрөөс 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэхээс 2017 онд 728 сая, 2018 онд 836 сая ам.доллар орж ирсэн. Олон улсын хөрөнгийн захад “Хуралдай” болон “Гэрэгэ” бондыг гаргасан, Хөгжлийн банк 500 сая ам.доллар, Монголын Ипотекийн Корпорац  300 сая ам.долларын бонд босгосон, Монголбанк 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн алт цэвэршүүлсэн зэргийг тооцож үзвэл харин ч чамлахаар валютын нөөцтэй байгаа юм. Учир нь валютын ханшаа барих зорилгоор интервенц хийж 2018 онд 1.2 тэрбум ам.доллар, он гараад 800 сая ам.долларыг салхинд хийсгэж орхиж. Өөрөөр хэлбэл, 2016, 2017, 2018 онуудад газар хөрсөө сэндийлэн байгалиа сүйтгэн байж олборлосон алтнаас олсон валютаа үр дүнгүй интервенц хийгээд үгүй хийчхэж. Хариуцлага ярьж хашхирдаг эрх баригчид ч таг чиг. 2016 оны 6 сарын ам.долларын төгрөгтэй харьцах ханш өдгөө бараг 700 орчим төгрөгөөр нэмэгджээ.

Төв банкны үндсэн үүрэг бол үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварыг хамгаалах буюу үнийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалыг тогтвортой үргэлжлүүлэх буюу санхүүгийн тогтвортой байдлыг хангах явдал. Аливаа улсын Төв банкны хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг инфляцаар хэмждэг. Ардчилсан нам ажлаа өгөхөд Монгол улсын инфляц 2 хувь буюу түүхэн хамгийн сайн тэнцвэр дээр байсан. Харин сүүлийн гурван жилд 8 хувиас дээш гарчээ. Энэ бүхний үр дүн нь гурван жилийн хугацаанд ард иргэдийн орлогоос 20 орчим хувийг хумсалсан гэдэг ганц үзүүлэлтээр хэмжих учиртай.

Бодит байдал ийм л байна.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АСУУХ АСУУЛТ

Улс төрч хүн Монголбанкыг удирдах нь ямар их алдаа дагуулдгийг дараахь асуултуудаас тодорхой харж болно. Үүнд:

1. Арилжааны банкуудаас өдөр бүр баланс, тайланг нь оройн 17 цагт авдаг. Энэ ажлыг хянадаг ойролцоогоор 200 орчим  улсын хяналт шалгалтын байцаагч бий. Гэтэл Капитал банкны зээлийн 80 хувь муу/чанаргүй болж, алдагдал 200-300 тэрбум төгрөгт хүрснийг мэдээгүй байж таарах уу? Энэ бол Монголбанкны хуулийг ноцтой зөрчсөн Н.Баяртсайхан  шууд огцрох шалтгаан мөн.

2.    Монголбанкнаас гаргасан М2 мөнгөний 25 хувийг банкуудаас өндөр хүүтэй зээлж авч хав дарчихаад жилд 500 тэрбум төгрөгний зардал гаргаж арилжааны банкуудад төлж байгаагаа яаж тайлбарлах вэ?(График 4.) ТБҮЦ-нийт мөнгөний ¼-ийг арилжааны банкуудад зээлээд 10 хувийн хүү төлж байгаа нь гажуудал хямралд хүргэнэ гэдэгтээ та санал нийлэх үү?

График 4.

  1. Хэрэглээний зээлийн тоонд орох тэтгэврийн зээлд хязгаарлалт хийж өндөр хүүтэй банк бус санхүүгийн байгууллага, ломбард руу хүчээр хөөсөн учир шалтгаан нь юу вэ?
  2.  Экспорт болон ГШХО-аас 6-7 тэрбум ам.доллар орж ирж байгаа ийм эдийн засгийн таатай үед жилд  тэрбум тэрбум ам.доллараар  интервенц хийж байгааг тайлбарлах  арга чарга байна уу?
  3. Инфляц нэрээр иргэд болон бизнесээс жилд 8%, 3 жилд 20% татвар авдаг мөнгөний ямар бодлого байдаг талаараа дэлгэрэнгүй ярина уу?
  4. Үе үеийн Монголбанкны Ерөнхийлөгч нарын үйл ажиллагаатай өөрийгөө харьцуулж нэг хараарай. Бусад ерөнхийлөгчид нь тантай харьцуулахад хямралын хүнд жилүүдэд мөнгөний бодлого хэрэгжүүлж байсан байсан гэдгийг анхаараарай. (График 5.)

График 5.

Дээр дурдсан бүхнээс дүгнэж үзвэл Монголбанк тайлант хугацаанд улс орны эдийн засгийг сэргээх, улсын өрийн дефолтоос зайлсхийх, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, дархлааг сэргээх, банк санхүүгийн салбарыг эрүүл болгох, Монголбанкийг орчин үеийн төв банкны жишигт хүргэн чадавхжуулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн гэх Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы дүгнэлт хий хоосон цуурай байжээ.

Эдийн засагч Р.Даваадорж

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 9 цаг 15 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 14 цаг 30 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 14 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 15 цаг 29 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 15 цаг 39 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top