x

Х.Тэмүүжин: Одоо л биш бол дахиад 20 жил Үндсэн хуулиа өөрчилж чадахгүй

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

ЭРХГҮЙ ЭТГЭЭД ГАДНЫН ТУСГАЙ АЛБАДТАЙ ХАМТРАХ, ӨӨРИЙН ИРГЭНИЙГ ШИЛЖҮҮЛЖ ӨГӨХ НЬ ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГ

-Ярилцлагын эхэнд зайлшгүй хөндөх ёстой сэдэв байна. Саяхан манай нэг дипломат хар тамхи тээвэрлэсэн хэргээр ХБНГУ-д баривчлагдсан. Томилж явуулсан, салбар хариуцсан гэдгээр Гадаад хэргийн сайд хариуцлага хүлээх яриа гарсан сайд нь өөрөө “ийм хэрэг гарах гэж байгааг судалж мэдсэний үндсэн дээр би Европын улсууд руу хүсэлт явуулаад, хамтарч шалгаад хэргийг илрүүлсэн юм аа” гэж ярьсан. Энэ одоо юу болоод өнгөрчихөв өө?

-Болсон үйл явдлыг сонсоод надад бодогдсон нэг зүйл бол энэ төр, засаг чинь улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэйгээ тэмцэх Мөрдөх албаа байгуулж чаддаггүй атлаа, улс дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэглэлээ бол дипломатуудаа ашиглаад байгуулчихдаг юм байна. Хорон шүү.

Харин таны асуугаад байгаа Д.Цогтбаатар сайдын хэлсэн үг үнэн бол энэ Үндсэн хуулийн эсрэг үйлдэл болно. Тэр хүн сайдаа өгсний дараа ч гэсэн энэ нь гэмт хэргийн шинжтэй гэх асуудал хөндөгдөнө. Өөрийнх нь хэлснээр бол, Монгол Улсын Гадаад хэргийн сайд салбарынх нь томилгоотой, яамны дотоод хяналтаараа шалгаж болохуйц, шаардлагатай  гэвэл дуудаж авч ирээд Монгол Улсын хууль сахиулах байгууллагаар шалгуулах учиртай дипломат төлөөлөгч, Монгол Улсын иргэнийг гадаад улсын хууль сахиулах болон тусгай албадад шилжүүлэн өгсөн байж болзошгүй байна. Хамтарсан шалгалтын үр дүнд гэмт хэрэг илэрлээ гэж ярьсан байна. Энэ бол маш ноцтой мэдэгдэл.

Тиймээс Д.Цогтбаатар сайдаас асуух хэрэгтэй. Та аль улсын ямар байгууллагад хүсэлт өгсөн бэ, тэр бичгээ үзүүл ээ. Хамтын ажиллагаа чинь ямар эрх зүйн баримт бичигт үндэслэсэн юм бэ. Үндсэн хуулийн 15 дугаар зүйлд “Монгол Улсын иргэнийг өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно“ гэсэн заалт хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Монгол Улс иргэнээ гэмт хэрэгт шалгуулж, яллуулахаар гадны улсад шилжүүлж өгдөг байдлыг халаад, үүнийгээ Үндсэн хуулиар баталгаажуулаад 27 жил болж байна.

Гэтэл Гадаад хэргийн сайд нь Монгол Улсын иргэнийг гадаадын аль нэг байгууллагад шалгуулахаар хүсэлт өгсөн гэдгээ өөрөө зарлаад сууж байна. Гэмт хэрэгт холбогдсон иргэнээ эрэн сурвалжлах, ямар нэг хэрэгт шалгаж, гадны хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллах гэж байгаа бол энэ эрх ганцхан Хууль зүйн сайд, Ерөнхий прокурорын түвшинд байдаг юм шүү.

Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний заалтуудаа эргэж нэг хар аа. Энэ гэрээ гадаадад баривчлагдсан, эсвэл ял эдэлж байгаа иргэнээ Монгол Улсад эргүүлж авчирахад гол утга нь байдаг болохоос биш гадны улсад иргэнээ шилжүүлж өгөхөд байдаггүй юм. Гадаад хэргийн сайд нь өөрийн улсын иргэнийг, тэр дундаа өөрийнх харьяаны, дипломат төлөөний хүнийг гаднын тусгай албадад шилжүүлж өгсөн бол шууд гэмт хэрэг. Үндсэн хууль зөрчсөн ноцтой үйлдэл болно.

-Эхлээд ГХЯ “Хувь хүний нууц, нэрийг нь хэлэхгүй” гээд, дараа нь ТЕГ-ын Тамгын дарга нь “Хар тамхи тээвэрлэсэн этгээд бол манай ажилтан. Гадаад хэргийн яамны шугамаар үүрэг гүйцэтгэж байсан” гээд, сүүлдээ хоёулаа нийлж Германы талд хүнээ барьж өгсөн болоод дуусах шив дээ?

-Эхлээд Гадаад хэргийн яам, дараа нь ТЕГ, дахиад Гадаад хэргийн яам “Хар тамхины хэргээр баривчлагдсан энэ хүн чинь тагнуулын ажилтан байсан” гээд мэдэгдчихсэн. Хэрвээ тухайн улсад сууж байгаа дипломат албан тушаалтан тагнуулын ажиллагаа явуулсан нь илрэх юм бол тухайн улс уг этгээдийг 24 цагийн дотор улсаасаа гарахыг шаарддаг. Заасан хугацаанд гарахгүй бол тагнуул үйлдсэн хэргээр баривчилж, дипломат эрхийг нь хөнддөг.

Тийм байтал “Хар тамхи тээвэрлэсэн хүн чинь тагнуулын ажилтан байгаа юм” гээд албаны эх суравалжууд нь мэдэгдэл хийчихээр Герман улс тухайн иргэнийг хар тамхи тээвэрлэхээс гадна тагнуул үйлдсэн хэргээр нь яллах бүрэн боломжтой боллоо шүү дээ. “Танай албаны эх сурвалжууд хэлсэн учраас та бол тагнуулын ажилтан байна. Тагнуул хийх явцдаа хар тамхи тээвэрлэсэн байна. Хар тамхи тээвэрлэсэнд чинь тэдэн жил, тагнуул хийсэнд тэдэн жил” гээд яллах бүрэн боломжтой болж байх шиг.

-Энэ хоёр хүний мэдэгдлийг санаатай, эсвэл санаандгүй гэж хэлэхэд төвөгтэй байгаа юм л даа. “Би үхэхээр чи үх” л гэдэг болсон юм болов уу?

-Манай төрийн байгууллагуудын мэргэшсэн байдал улам л үгүй болж байна. Арьсаа хамгаалахын тулд юу ч хамаагүй ярих хэмжээнд хүрсэн байна. Би л нүүр бүтэн, хариуцлагаас хол байвал юу ч болсон яахав гэдэг байдал нь мэргэжил, салбарын ёс зүй бүү хэл Үндсэн хуулийг давж байгаа нь энэ. Хэн ч байсан, сайд байсан ч ялгаагүй, эрхгүй этгээд гаднын тусгай албадтай хамтран ажиллах чинь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг шүү.

-Гадаад яам, Тагнуул хоёр ийм ноцтой мэдэгдэл хийчихээд, дэлхийн чихийг дэлдийлгэж байхад Ерөнхий сайд яагаад чимээгүй байна вэ?

-Мэдэхгүй л дээ. Манай Ерөнхий сайд чинь цэрэг болж тоглох наснаасаа хэтрээгүй юм болохоор тэр тоглоомоо л тоглоод яваа юм биш үү. Ард нь ажил нь нураад, Засгийн газар нь салбар салбартаа хариуцлага алдаад, сайдууд нь толгойгоороо хөл хийгээд л явж байна. Манай хүн харин тэнд хурандаагаас ахлагч хүртэл цэргийн албан хаагчдыг цуглуулаад, хурал хуй хийгээд, хуйнаасаа сугардаггүй хариуцлагын сэлэмээ гайхуулж суугаа юм болов уу даа. 

ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН ҮНДСЭН ХУУЛЬ ТҮҮХЭН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭСЭН

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцээд эхэлчихлээ. Нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр та ямар байр суурьтай байна?

-Үндсэн хуульд өөрчлөлт хийх ёстой гэдэг санаа судлаачдын дунд сүүлийн хорин жил яригдсан. 1992 оны Үндсэн хууль бол шилжилтийн маягийн Үндсэн хууль. Шилжилтийн үе сунжраад байгаа нь энэ Үндсэн хуульдаа байна уу, өөр зүйлд байна уу гэдэг маргаан баггүй гарч байгаа. Миний харахад 1992 оны Үндсэн хууль үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэсэн. Харин өнөөдрийг хүртэл ужиграад, засаглалын хувьд хямраачих гээд байгаа асуудлууд, нийгмийн шинэ хандлагуудыг шийдэж чадах уу гэдэг дээр эргэлзэж, шүүмжлэлтэй ханддаг.

Мэдээж, судлаачдын ярьж байгаа, улстөрчдийн ярьж байгаа санаа заримдаа зөрнө л дөө. Улстөрчид, тэр дундаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын түвшинд өөрсдийн ажлын хариуцлагагүй байдал, алдаа завхрал, хувийн зөрчилүүд, түүнийхээ буруутгалыг Үндсэн хууль руу чихэх, хуулийн ёсыг гүтгэх байдал бас гарч байна. Тиймээс 100 хувь аль нэг талд нь гарахаас илүү Үндсэн хуулийн асуудал нь юу юм, ердийн хууль болон албан тушаалтны алдаа завхралаас болж байгаа асуудал нь юу байна гэдгийг салгаж, зааглаж харах учиртай. Тэгэхгүй бол өөрсдийн шунал, эрх мэдлийн төлөөх зөрчил ,ёс зүйгүй увайгүй улс төрийн хор хуйвалдааныхаа үр дагаварыг Үндсэн хуулиас боллоо гэж гүжирдэх хүн ч байна.

1992 оны Үндсэн хуулийн суурь үзэл санаа, улс төрийн байгуулал, зарчмууд бол зөв. Үүнийг цаашид хадгалаад, бэхжүүлээд явах хэрэгтэй. Засч залруулах тодорхой зүйлүүд байгаа нь үнэн. Тэр хэмжээнд нь асуудлаа ярих ёстой. Зарим хүн, улс төрийн хүчин шинэ Үндсэн хууль бичих хэмжээний өөрчлөлт ярьж байна. Зарим эрх дархтан Ерөнхийлөгчийн засаглалтай болъё ч гэдэг юм руу түлхэж байна. Асуудалд ухаалаг, хэрсүү хандаж, түүхэн сургамжаа марталгүй бодож шийдэх зүйл их бий.

Ер нь бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал хувь судалгаачдын түвшинд гэхээсээ албан ёсоор ажлын хэсэг байгуулаад, татвар төлөгчдийн мөнгөөр, судалгаа шийдэл хайгаад эхэлсэн нь бол 2008 оны парламентаас эхтэй байх. Гурван ч парламент дамжчихлаа. Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөх асуудал гэнэтийн бөгөөд шинэ зүйл биш.

-Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганаар нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх үед “дэмжихгүй” гэсэн байр суурьтай гишүүд олон гарсан. Хэрэв тийм бол яах гэж 64 гишүүн гарын үсэг зурж, УИХ-д өргөн барьсан юм бэ? Үндсэн хуулийг өөрчлөх нь эрх барьж байгаа намын бодлого, зорилт биз дээ?

-МАН-ын дотоод тэмцэлтэй л холбоотой байлгүй дээ. Дэмжинэ, дэмжихгүй гэхээсээ илүү дэмжинэ, дэмжихгүй гэж байгаа үндэслэл нь сонин байна. Ямар нэг үндэслэл байхгүйгээр “би дэмжиж байна, дэмжихгүй байна” гэж хувийн бодлоо яриад зөв үр дүн гарахгүй.

-Ц.Даваасүрэн гишүүн жишээ нь “Манайх ийм супер Ерөнхий сайдаар яах юм. Ерөнхий сайдын эрх мэдэл багадаагүй” гэж хэлсэн. Уг нь бол “Гүйцэтгэх эрх мэдлийг нэг гарт төвлөрлүүлье, Ерөнхий сайд хүчгүй байна” гэсэн маань Үндсэн хуулийг өөрчлөх болсон нэг гол шалтгаан биз дээ. Засгийн газрын танхимд олон удаа суусан, одоо ч сууж байгаа хүн энэ “зовлонг” мэдэхгүй байна гэж баймааргүй?

-Огт ажил хийдэггүй, хоосон ярьдаг, худлаа даналздаг Ерөнхий сайдад бол эрх мэдэл байгаа байхгүй нь ялгаагүй л дээ. Ам нь л хөдөлдөг хүмүүст ажил хийх эрх мэдэл хэрэггүй.  Энэ эдийн засгаа хар, яаж агшиж байна. Гадаа гудамжинд гараад асуудлуудаа хар, юу болж байна. Салбар болгонд нь хариуцлага алдагдчихсан. Хар тамхинаас авахуулаад хүн амины гэмт хэрэг хүртэл төрийн өөрийнх нь хийдэг ажил болчихлоо. Ажил хийдэггүй, хулгай хийдэг одоогийн эрх баригчдад бол ажил, хариуцлагаас илүү том хулгайчийн нөмөр нөөлөг л чухал. 

-Мэдлэгийн гэх үү, мэдээллийн зөрүү УИХ-ын гишүүд дотор их байна. Яг гол өөрчлөлтөө, зарчмаа ярихын оронд “Энэ төсөл чинь нэмэлт өөрчлөлт юм уу, шинэчилсэн найруулга юм уу? гэх зэрэг танин мэдэхүйн асуулт асуух гишүүд их байна...

-Яахав дээ өөрсдийн мэдлэггүй, тэнэг байдлаар иргэддээ сургамж, туршлага үлдээж, улс төрийн боловсролыг нь дээшлүүлдэг улс төрчид байж л байдаг ш дээ. Өртөг өндөртэй, цаг их зарцуулагддаг л сургалт. Ардчиллын л процесс юм даа. Гишүүд өөрсдийн баталдаг хуулиа уншчихдаг бол хэдэн хувьд нь өөрчлөлт оруулбал нэмэлт өөрчлөлт, хэдэн хувьд нь өөрчлөлт оруулбал шинэчилсэн найруулга вэ гэдгийг өөрсдөө олоод мэдчих л байх.

-Эхний хэлэлцүүлгээс харахад энэ маягаараа Үндсэн хуулийн өөрчлөлт явахгүй нь ээ. Энэ их хуралд энэ өөрчлөлтийг хийх потенциаль байгаа юм уу гэж эргэлзэхэд хүрч байна л даа?

-30 орчим жил будилж зуурсан шавар дотроо ахиад зууралдъя гэж байгаа бол энэ эрх баригчдын л харах өнцөг байх. Хуулийн хувьд байгаа байдал нь хөгжилд туслагч уу, эсвэл хулгай луйвар хийх боломжийг нээгч үү гэдгийг анзаарах ёстой.

УИХ-ын гишүүдийн талаас илүү хувь нь ЖДҮ-ийн нэрээр иргэдийнхээ халаасыг ухаж, боломжийг нь хулгайлчихаад юу ч болоогүй юм шиг байж л байдаг. Ерөнхий сайд нь Засгийн газрынхаа сангаас УИХ-ын гишүүдийг авилгадаад сууж л байдаг. Өөрсдөө болохоор ямар ч хариуцлага хүлээдэггүй, жирийн иргэд рүү болохоор хутга шөвөг аятай, хуулийн байгууллагыг түлхэж чичлээд дайраад байдаг. Хэн ямар ажил хариуцсан, ямар чиг үүрэгтэй гэдэг нь бүр ойлгожмгүй болсон. УИХ-ын гишүүд нь шүүх прокурорыг оролчихсон, Засгийн газрын хэрэг эрхлэх нь цагдаа, хууль зүйн сайд нь шоронгын хуягийн хэмжээнд хүртлээ галзуурч, Ерөнхий сайд нь цэргийн хунт байгуулах хэмжээнд тоглож байхад Үндсэн хууль оршин байна гэж үзэх үү?

Урагшлах ёстой ажил нь урагшлахгүй, улстөрчид нь дандаа гай болж, бодлого нь цэгцрэхгүй, Засгийн газрууд нь 1,3 жил болоод л унаж, 27 жилийн дотор 300 сайд томилсон байна. Нэг сайдын ажиллах хугацаа нэг жилээс доош байна... гэх мэтчилэн статистик тооцоо, бодит баримт байна. Сайн Үндсэн хуультай болохоороо ийм хэмжээний тогтворгүй, улс төрийн савлагаатай байгаа юм уу?

-Зарим нь ярьдаг л даа. Энэ чинь Үндсэн хуулиас болсон юм биш ээ, улстөрчдийн ёсзүй, хандлага, хариуцлагагүй байдалтай холбоотой гэж?

-Улс төрчдийн хариуцлага, хандлага, ёс зүй дээшлэхийг хүлээгээд суувал 100 жил болно биз дээ. Гоё сонсогдох ч хамгийн субьектив зүйл ш дээ. Хувь хүний сэтгэл дотор байгаа хийсвэр зүйлд найдаад, улс орныхоо хөгжлийг даатгаад суух ч их л гэнэн хэрэг болох биз.

Тиймээс арай обьектив, бодитой зүйлд шилжих ёстой. Энэ хүмүүс гэгээрэх байх, ёс зүй нь өндөрсөх байх, хулгай хийж дуусаад одоо л улс орноо бодох байх гэж бодож байгаа бол үгүй л дээ. Хулгайч хүн хулгайчаараа л дуусна. Эрх барьж байгаа хүмүүсийнхээ зан араншинг сайжрахыг хүлээдэг улс орон дампуураад л дуусдаг. Тиймээс ямар ч хүн орж ирсэн хариуцлагатай ажилладаг, ажиллаж чадахгүй бол зайлж, цэвэрлэгддэг, үр дүнг нь нэхэж чаддаг тийм л тогтолцоог хийж авах ёстой. Хүссэн хүсээгүй хуулийн асуудал болно. Үндсэн хуулиа л сайжруулах ёстой.

-Үндсэн хуулиа өөрчлөх, сонгуулийн тогтолцоогоо сайжруулах нь МАН-ын хөтөлбөр, программ гэж бодож байлаа. Намын дарга нь ч амалсан. Гэтэл одоо УИХ дээр ороод ирэнгүүт гишүүд нь маш жижиг асуудал, жижиг эрх ашиг яриад суугаад байна л даа. Эсэргүүцээд, эсвэл зориуд мэдэн будилаад байгаа юм шиг л харагдаад байна?

-Асуудлаа олж харж, шийдлийн түвшинд ярих хэмжээний улстөрчид энэ парламентад цөөн байгаа байх л даа. Аргагүй, 60 тэрбумын схемээр, мөнгөний хүчин зүйлээр гараад ирчихсэн хүмүүс үүнийг ойлгохгүй, тархиных нь хэмжээ хүрэхгүй байхыг үгүйсгэхгүй.

УИХ-ЫН 65 СУУДАЛ ТОГЛООМ БИШ, ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ХЭМЖЭЭНИЙ ДЭМЖЛЭГ

-Өмнөх удаа телевизийн ярилцлагад орохдоо “Үндсэн хуульд өөрчлөлт хийх ёстой таван гол асуудал байна. Түүний дөрвийг нь Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр шийдэх гэж оролдсон байна” гэж та ярьсан. Дутуу дулимаг ч бай явуулах ёстой юм аа гэж ойлгосон. Зөв үү?

-МАН 2016 оны сонгуульд орохдоо сонгогчиддоо “Улс төрийн хямрал руу түлхээд байгаа Үндсэн хуулиа өөрчилнө” гэж амласан. Аль ч намаас ямар ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гарсан заавал өөр хоорондоо зодолдож байдаг, ажил хийхээсээ илүү нэг нь нөгөөгөө унагах, өөрийнхөө хүмүүсийг байршуулах, өрсөлдөгчөө намнах гэж оролддог улс төрийн хийрхлийг энэ Үндсэн хууль зогсоож чадахгүй байна гэж үзээд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийнэ гэсэн. Төрөө хямралаас, түмнээ ядуурлаас салгана гэдэг амлалтынх нь үргэлжлэл юм болов уу даа.

Хямруулаад байгаа төрөө засахын тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийнэ гэдэг амлалт өгч байгаад 65 суудал авсан. Энэ бол тоглоом биш. УИХ-д нэг нам дангаараа 65 суудал авна гэдэг чинь Үндсэн хуулийг өөрчлөх хэмжээний дэмжлэгийг олон нийтээс авсан гэсэн үг. Энэ сонголтын үр дүнд бодитой ядаж нэг юм хийчихээсэй билээ, Үндсэн хуулиа сайжруулчих байх гэдэг горьдлого хүмүүст байна л даа. Судлаачдад ч ялгаагүй.

Ний нуугүй хэлэхэд энэ улс оронд хамгийн болж бүтэхгүй байгаа бүх юм улс төрийн хүрээнд л байна шүү дээ. Бусад газарт бол хэрвээ улстөрчид нь садаа болохгүй бол хүмүүс хийх ёстойгоо хийгээд, амьдралаа аваад яваад байна. Гэтэл тэр болоод байгаа газар болгонд нь улс төр орж ирээд гай болоод байна. Бизнесийг нь булааж авч байна, иргэн санаачлаад ажил хийх гэхээр нь хүнд суртал, авилга саад болж байна. Сүүлдээ бүр “иргэд хамаагүй, бид л болж байвал боллоо” гэдэг хандлагатай болсон байна.

Нийгмийг үргэлж муу тал руу нь чирж байгаа улс төрийн энэ буруу эргүүлгийг эцсийн дүндээ хуулиар л засна. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Хэн нэгэн ухаантан, хүчтэй хүн гарч ирээд шийднэ гэж байхгүй. Үндсэн хуулийн аргаар л шийднэ. Тэр хүлээлтэнд хариу барих гээд ухнатаад л явж байх шиг байна. Өөр хоорондоо учраа олж байгаа юм уу, үгүй юу бүү мэд.  

-Яг ямар өөрчлөлтүүд оруулах ёстой вэ, өргөн барьсан төсөлд аль аль нь багтсан байна?

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой асуудал УИХ-д 65 суудал авсан нэг намын асуудал биш. Өмнөх 3-4 парламент дамжиж яригдсан асуудал. Олон ч санаа оноо байсан. Тэр дундаасаа арай бодитой, баримттай, судалгаатай, шийдлийг нь онож харсан нь 4-5 зүйл зүйл дээр төвлөрч байсан. Түүний нэг нь хүчтэй Ерөнхий сайдын асуудал. Энэ бол хэн нэг Ерөнхий сайдыг хүчтэй болгох тухай асуудал биш. Гүйцэтгэх эрх мэдлийн тарамдсан байдлыг төвлөрүүлэх тухай л асуудал. Гүйцэтгэх эрх мэдлийг тал тал тийш нь зулгаагаад хэн нь юу хийж байгаа нь мэдэгдэхээ больсон, эрх мэдэл ярихаар бүгдээрээ уургын морь шиг уралдаж ирээд, хариуцлага ярихаар бүгд “би ч биш, би ч биш” гээд зугтаачихдаг. Тэр байдлыг засч авах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол гүйцэтгэх эрх мэдэл гэдэг ойлголт Засгийн газарт нь ч алга, Ерөнхий сайдад нь ч алга. Тал бүрээс нь булаацалдсан хэдэн нөхөд байна.

Нэгдүгээрт, Ерөнхийлөгч гүйцэтгэх эрх мэдлийг байнга булаацалдаж ирсэн. Н.Багабандийн үед ч тийм байсан, Н.Энхбаяр, Ц.Элбэгдоржийн үед ч тийм байсан. Х.Баттулгын үед ч тийм л байна, ялгаагүй. Аль намын хэн байх нь сонин биш, тэнд очсон хүн болгон Монгол Улсад том мөнгөн дүнтэй ямар төсөл, ямар бизнес байна, тэрийг шийдэх гэж оролдож байна. Монгол Улсад ямар том хэрэг байна, түүнийг шийдэх гэж оролдож байна. Энэ байдал чинь өөрөө эцсийн дүндээ Монгол Улсад хуулийн хэрэгжилт, биелэлтийг хангадаг гүйцэтгэх эрх мэдлийг хэнд оноосон юм бэ гэдгийг ойлгомжгүй болгож байна.

Хоёрдугаарт УИХ байна. УИХ-ын 76 гишүүн тойрог тойрог руугаа төсөв хулгайлаад, орон нутгийн Засаг даргын хийх ёстой ажлыг хийх гэж оролдоод, төсөв болон нутгийн удирдлагын асуудлыг шийдэх гэж Засгийн газрын эрх мэдэл рүү орж тонгочоод “Бид бол хууль тогтоогчид, төрийн эрх барих дээд байгууллага, юу ч хийсэн яадаг юм” гэдэг. Энэ нь гүйцэтгэх эрх мэдлийг эзэнгүй болгож байна. Одоо хар л даа, төсвийн сахилга бат гэж байхгүй. Шүүрэн шанага шиг тал бүрээрээ гоожсон төсөвтэй, түүнийгээ нөхөх гэж зээл авсаар байгаад гадаад өр төлбөр нь тэнгэрт тулчихлаа. Санхүүгийн сахилга батыг үгүй хийж, төсөв болон гүйцэтгэх эрх мэдлийг 76 хүн булаацалдаад сууж байдгийн л хар гай байхгүй юу. 76-аар зогсохгүй дотор нь УИХ-ын дарга нь дангаараа институт болоод хувирчихсан, баахан зөвлөхүүдтэй, бас нэг Ерөнхий сайд гараад ирчихлээ. Ерөнхийлөгч гэж нэг Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэж нэг Ерөнхий сайд, нөгөө талд нь кабинет толгойлсон бас нэг Ерөнхий сайдтай.

-Сая Г.Занданшатарын үед л ийм олон зөвлөхтэй болсон байх?

-Уг нь бол бусад улс орны хувьд УИХ-ын дарга гэдэг чинь хурал удирддаг л хүн. УИХ-ын бусад гишүүдтэй яг адилхан эрхтэй. Төлөөллийн ардчилал гэдэг маань хүмүүсийг төлөөлсөн хүмүүсийн тухай яриа. Ард түмэн юу хүснэ, тийм л сонголт хийгддэг. Сайн ч хүн гарч болно, муу ч хүн гарч ирнэ. Хулгайч ч гарч ирж болно. Тиймээс хэн ч гарсан түүнийг аюулгүй, эрсдэлгүй, зохих журмаар ажиллуулж чаддаг Үндсэн хуультай байх нь улс орон бүхний шаардлага.

Хүчтэй Ерөнхий сайд гэдэг яриа бол бодит утгаараа гүйцэтгэх эрх мэдлийг илүү тодорхой, хариуцлагатай болгоё гэдэг л санаа. Нэгэнт гүйцэтгэх эрх мэдлийг нэг эзэнтэй болгож байгаа бол нөгөө талд нь парламентынхаа хяналтыг сайжруулах ёстой. Санхүүгийн, мэдээллийн, боловсон хүчний, захиргааны болон албадлагын хүч хэрэгслийн маш их нөөцтэй Засгийн газар болон түүний харьяа гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудыг УИХ нь яаж хянах вэ? гэдэг асуудал гарч ирнэ. Тиймээс парламентын хяналтыг сайжруулах ёстой.

Гуравдахь асуудал нь орчин үеийн эдийн засгийн мотор гэж хэлж болох хотын хөгжлийн тухай асуудал. Гэтэл манай Үндсэн хуулиар хотыг өөрийг нь боомилчихсон, хуулийн тодорхой бус зохицуулалттай орхисон. Хот өөрийн гэсэн удирдлага, зохион байгуулалттай эдийн засгийн, хөгжлийн хөшүүрэг болж чадахгүй байна. Тэгэхээр орон нутгийн зохицуулалттай холбоотой хэсэг дээр хотын статусыг яах вэ гэдгээ ярих ёстой. Яах аргагүй дэлхийн эдийн засаг, санхүүгийн хөгжлийн үндэс суурь бол хот юм байна. Монгол ч гэсэн тэр загвараар холимог хөгжихгүй бол социализмын үед түүхий эдийн бэлтгэлийн бааз болгоод хуваачихсан 330 сумтай, тэр задаргаа нь эдийн засгийг сорогч, мөлжигч болоод хувирчихлаа шүү дээ. Эдийн засгийн боломж болгоныг элсэнд асгасан ус шиг үгүй хийж байна.

-Хотын асуудал ярьсан чинь гишүүд “Дархан, Эрдэнэтийг яах гэж байна? Яаж хөгжүүлэх юм бэ?” л гэж асуугаад байх юм. Хот гэхээр үүнээс өөр зүйл толгойд нь орж ирэхгүй байна шүү дээ?

-Дархан, Эрдэнэтийг Засгийн газар хөгжүүлэхгүй, Дархан, Эрдэнэтийнхэн өөрсдөө хөгжүүлнэ. Өөрсдөө хөгжүүлэхийн тулд Үндсэн хуульдаа хөгжих боломж буюу статусыг нь хуульчилж өгөх ёстой. Төв Засгийн газраас хамааралтай, төсвөөс мөнгө хүлээгээд сууж байдаг биш, өөрсдөө мөнгөө бий болгодог, өөрийн удирдлага зохицуулалттай систем байх ёстой. Энэ бол гурав дахь асуудал.

Дөрөв дэх асуудал нь яах аргагүй сүүлийн нэг жил бужигнасан хууль шүүхийн байгууллагууд. “Шударга бусын хонгил” нэр авах хүртлээ ялзраад, завхраад, нэр хүнд нь унаад явж байна. Үндсэн хуульт орнуудын хамгийн чухал нэг зүйл бол хуулийн засаглал. Нэг талаас яаж шүүхийн хараат бус байдлыг бий болгох вэ, нөгөө талаас шүүхийн хараат бус байдал нэрийн дор хувийн амьдралаа зохицуулдаг, алдаа завхрал гаргадаг, авилга, хээл хахууль авдаг тэр хүмүүсийг яаж хууль шүүхийн байгууллагаас цэвэрлэх вэ, нэр хүндийг нь яаж олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд авч явах вэ гэдэг чинь Үндсэн хуулийн л асуудал.  

Энэ дөрвийг хийх зорилготой алхмууд явж байна. Яг бүрэн дүүрэн хийж чадаж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Зарим зүйл дээр жаахан учир утагдалтай байна. Яагаад гэхээр улстөрчдийн хий хоосон, популист амлалтууд заримдаа нутгийн удирдлагыг эвдэхэд хүрч байх шиг байна. Заримдаа зориггүй байх шиг байна. Ерөнхийлөгчтэй ч зөрчилдчих болов уу, Цэцийн гишүүдийг гомдоочих болов уу, ийм байвал зүгээр болов уу гэж мөлийлгөсөөр байгаад зарим зүйл нь “хийснээс хийгээгүй нь дээр” гэдэг ч болж бас магадгүй.

-Өргөн барьсан төсөл нь үү, эсвэл хэлэлцүүлгийг явцад ийм байдал үүсэх болов уу?

-Өргөн барьсан төсөл нь ч гэсэн тийм л байгаа.

Тав дахь маш чухал зүйл бол Үндсэн хуулийн Цэц буюу Үндсэн хуулийн хяналттай холбоотой маш чухал нэг өөрчлөлтийг хийх ёстой байсан. Түүнийг бол өргөн барих сонирхолгүй байх шиг байна. Үндсэн хуульд “иргэний эрх” гээд биччихсэн бүх зүйл хаана ч бодитоор хэрэгждэг байх ёстой. Үндсэн хуульдаа “Иргэн эрүү шүүлтээс ангид байх ёстой” гээд биччихсэн мөртлөө одоо хүртэл эрүү шүүлттэйгээ л явж байгаа биз дээ. Одоо гэнэт нүд нь орой дээрээ гараад пий паа гээд байгаа боловч хэзээд л тийм байсан.

Үүнийг жишээ нь Үндсэн хуулийн Цэц иргэний эрхийг зөрчсөн тухай маргаан авч хэлэлцдэг байсан бол, гурван шатны шүүхээр яваад эрүүдэн шүүсэн асуудал нь шийдэгдэхгүй бол “Миний үндсэн эрх зөрчигдлөө” гээд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаад иргэн нь эрхээ хамгаалуулчихсан л байх байсан даа. Гэтэл үүнийг Цэцэд одоо болтол өгөхгүй л байгаа байхгүй юу. Яагаад өгөхгүй байгаа юм гэхээр “Цэцийнхэн дургүй байна аа” гэдэг ганц үгтэй. Гэтэл Цэц гэж юу юм. Иргэдээс сонгогддоггүй хэдэн хүмүүс иргэний үндсэн эрхийг хамгаалахын оронд өөрсдийнхөө зөөлөн суудлыг дулаацуулаад сууж байх ёстой юм уу?

-Та Үндсэн хуулийн өөрчлөх ажлын хэсэг дээр хуульч, судлаачдын багт орж ажилласан. Ажлын хэсгийн саналд бол энэ зүйл байсан уу?

-Судлаачдын багаас ийм санал гаргасан. Өргөн баригдах дээрээ орохгүй байна. Судлаачдаас хамгийн чухал гэж оруулсан саналын нэг хэсэг нь хаягдаад, улстөрчдийн хувьд асуудлаа шийдэх гэж байгаа хэсэг нь л яваад орчихлоо л доо.  

-Цэцийн гишүүнийг нэг удаа есөн жилээр томилно гэдгээс өөр Цэцтэй холбоотой өөрчлөлт ороогүй гэсэн үг үү?

-Ороогүй. Өөрчилж байгаа ганц заалт нь тэр. Цэц улс төрийн захиалга гүйцэтгээд, дахин томилогдохын тулд барьцаалагдаад байна, барьцаанд орохгүйн тулд нэг удаа томилогдоод нэр төртэйгээр асуудлаа шийдээд явах ёстой гэдэг бол дэлхий нийтээр барьж байгаа зарчим. Тэр зарчмыг авья гэсэн. Тэгэхгүй бол нэг нөхөр Цэц анх байгуулагдсанаас хойш хорин хэдэн суучихаад сая л нэг явлаа шүү дээ. Манайхаас бусад улсад бол гайхаж үхнэ, яачихсан юм тэр нөхөр. Хувьчлаад авчихсан юм уу?

ХҮЧТЭЙ ЕРӨНХИЙ САЙДЫН ЭСРЭГ ПАРЛАМЕНТЫН ХҮЧТЭЙ ХЯНАЛТ БАЙХ ЁСТОЙ

-Парламентын хяналтыг сайжруулна, УИХ дээр Хяналтын түр хороо байгуулна гэсэн. Өмнөх УИХ-ын үед Мөрдөн шалгах түр хороо байгуулна гэж та санал гаргаад, хууль боловсруулаад явж байсан ч нэрнээс нь айгаад ч билүү больсон. Одоо эргээд орж ирж байгаа нь манайхан асуудлаа хүлээн зөвшөөрч, нөхцөл байдлыг өөрөөр хардаг болсонтой холбоотой юм болов уу?

-Өмнө нь 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр цагдаагийн байгууллага таван хүний амь насанд халдчихаад парламентаас хүртэл нуусан шүү дээ. Ерөнхий сайд нь, Хууль зүйн сайд нь нийлж байгаад нуусан. Хүний эрхийн ноцтой асуудал мөн үү, мөн. Онц байдал зарлаад хамгаалалт аваад явж байтал түүн дотор цагдаагийн байгууллага хэн дуртай хүнээ буудаад байж болох уу. Хэн буудсан бэ? гэдэг асуулт гарсан. Тэр дундаа хууль тогтоох байгууллага үнэнийг мэдэх л хэрэгтэй байхгүй юу. Тэгээд УИХ дээр мөрдөн шалгах үүрэгтэй түр хороо байгуулья, асуудлыг шалгая гэхэд тухайн үеийн МАХН-ын бүлгийнхэн “Юу ярьж байгаа юм, парламентыг шүүх болгох гэлээ” гээд бөөн эсэргүүцэл болж байсан даа. Тэгж адгаж эсэргүүцэж байсан хүмүүсийн нэг нь манай Ц.Нямдорж сайд шүү дээ. Одоо гэтэл өнөөдөр “Энэ чинь ёстой хэрэгтэй юм байна. С.Зоригийн хэргийг шалгах ёстой” гээд Түр хороо байгуулаад эхэллээ. Цаг хугацааны эрхээр үнэнд гүйцэгдэнэ гэдэг болж байгаа юм байлгүй дээ.

Аль ч улсын хууль тогтоох байгууллагад Засгийн газрын нууж байгаа мэдээллийг ил болгохын тулд хүчтэй хяналтын хэрэгсэл хэрэгтэй. Гэхдээ нэг зарчимтай, хил хязгаартай. Тэр нь шүүхийг орлож болохгүй. Шүүхийн өмнөөс шийдвэр гаргаж болохгүй, шүүх эрх мэдлийг булаацалдаж, хууль тогтоох эрх мэдэл рүү чирж болохгүй. Тэр хил хязгаараа л бид тогтоох ёстой.

-Төсөлд “Түр хороо шалгалтаар олсон мэдээллээ шүүхэд шилжүүлж болно” гэсэн байсан?

-Парламент дээр шалгагдсан материал гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл хуулийн байгууллагад шилжүүлэх л үүрэгтэй. Шүүх шийдвэрээ парламентаар хянуулж болохгүй. Хэрэв тэгвэл шүүхийн бие даасан байдалд халдсан болно. Парламент өөрөө шүүх шиг, хуулийн мэргэжлийн байгууллагууд шиг ажиллаж чадахгүй шүү дээ. Тэнд улстөрчид л байгаа учраас асуудлыг хоёр тийш нь савлуулна, өөрсдийнхөө асуудлыг дундуур нь чихэх гэж оролдоно. Ийм хэт улс төржсөн эрх мэдэл дотор шүүх эрх мэдлийн үүргийг өгч болохгүй л дээ. Гэхдээ Засгийн газрыг хянах хэмжээний хүчтэй арга хэрэгсэл бол байх ёстой.

Нэг талаас гүйцэтгэх эрх мэдлийг төвлөрүүлье, эзэнтэй болгоё, хариуцлагыг сайжруулья гэж байгаа бол нөгөө талд нь тэр эрх мэдлийг хянах ёстой байгууллагад нь зохих ёсны арга хэрэгслийг өгөхөөс өөр аргагүй. Ийм учраас парламентын хяналт гэж яриад байгаа юм.

-Энэ удаагийн парламентад Түр хороо бол бараг “моод” болоод байх шиг байна. Бөх хүн хүртэл С.Зоригийн хэргийг шалгасан хэргийг шалгана гээд явж байна шүү дээ. Ирэх сонгууль гэхэд аль нэг Түр хороонд багтаагүй гишүүн ч үлдэхгүй байх?

-Хэдийгээр Түр хороог УИХ-ын гишүүдийн оролцоотойгоор байгуулдаг ч тэр гишүүд нь байгууллагууд руу гүйж ордоггүй. Тухайн асуудлаар мэргэшсэн, бие даасан шинжээч томилоод, тэр шинжээчдээ мандат өгөх замаар ажилладаг. Шинжээч нь мэдээлэл цуглуулж, дүгнэлт хийгээд парламентын гишүүдийн өмнө гэрчийг дуудах, асуух байдлаар аль нь үнэн, аль худлаа вэ гэдгийг ялгаж зааглаж ажилладаг.

Манайхны алдаа нь юу вэ гэхээр парламентын хяналт гэнгүүт гишүүд нь өөрсдөө үсэрч гараад дуртай юмаа хийгээд эхэлдэг. Ингэхээр нэгдүгээрт мэргэжлийн ур чадвар дутна, нөгөө талаар улс төрийн сонирхол ороод байдаг. Тэгэхээр хөндлөнгийн бие даасан, мэргэшсэн шинжээч томилох асуудал парламентын хяналтын хамгийн чухал хэсэг нь. Угаасаа дэлхийн жишиг нь тийм учраас үүнийг зайлшгүй авах ёстой.

-Парламент шүүхийн шийдвэрийг хянаж болохгүй гэж та сая хэллээ. Гэтэл саяхан манайд түүнтэй адил зүйл боллоо л доо. С.Зоригийн хэргийн яллагдагч нарт эрүү шүүлт тулгасан байна гэнгүүтээ “Энэ хоёр хүнийг хилсээр яллалаа. Хэргийг цагаатгуулна” гэж Хууль зүйн сайд нь яриад, зарим улстөрчид нь бүр иргэдээс гарын үсэг цуглуулна гээд мэдэгдэл хийж байна. Шүүх буруу шийдчихлээ л гээд байгаа болохоос биш гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудын буруу зөрүү ажиллагааны талаар ерөөсөө ярихгүй байна?

-Парламент шүүхийн шийдвэрийг хянадаг байж ерөөсөө болохгүй. УИХ бол шүүх эрх мэдлийн дээр байдаг байгууллага биш, харилцан хяналт тэнцэлтэй ажилладаг систем. Үүнийгээ хууль тогтоох замаар хэрэгжүүлдэг. Эсрэгээрээ Үндсэн хуулийн шүүхэд УИХ нь өөрөө хянагддаг. Тийм учраас шүүхийн ямар нэг шийдвэртэй холбоотой асуудлыг парламент хянах гэж оролдож болохгүй. Харин шүүхийн алдаатай шийдвэрийг “иргэний үндсэн эрх” гэдгээр Үндсэн хуулийн Цэц хянадаг байх ёстой. Гэтэл манайд Үндсэн хуулийн шүүх буюу Цэцэд энэ эрхийг нь өгөхгүй, тэгсэн мөртлөө энэ төрлийн эрхийг парламент өөрөө хууль бусаар авах гэж оролдож байна. Энэ бол шийдэл биш, зүгээр л холион бантан. Эрх мэдлийн хуваарилалт дээр гарч байгаа алдаа.

-Эсвэл зүгээр л улс төрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэсэн оролдлого байх?

-Тодорхой шүү дээ.  Асуудал юунд байна, түүнийг яаж засах вэ гэдгээ л ярих ёстой. Гэтэл хууль тогтоогчид энэ ажлаа хийж байна уу? Нэг ч хуулийн санал өргөн баригдсангүй. Асуудлыг ингэж шийдье гэдэг нэг ч санаачлага гарсангүй. Зүгээр цагдаа, прокурорын ажлыг л өмнөөс нь хийгээд байна. Хэрвээ цагдаа, прокурорын ажлыг хиймээр байвал УИХ-ын гишүүн гэж хууль тогтоогчийн суудалд суух хэрэггүй. Тэр байгууллагынхаа шалгуурыг даваад тэнд нь ажилд ороод ажиллах хэрэгтэй.

ОДОО Л БИШ БОЛ ДАХИАД 20 ЖИЛ ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧИЛЖ ЧАДАХГҮЙ

-Хэдий ЖДҮ-чин ч бай, 60 тэрбумчин ч бай энэ УИХ яаж ийгээд, дутуу хагас ч болтугай энэ шинэчлэлээ хийгээд явсан нь дээр биш үү? Цаг хугацааны хувьд...

-Үндсэн хуулийн өөрчлөлт хийх, ийм хэмжээний ойлголцолд хүрэх боломж ойрын парламентад хорин жилдээ дахиж гарахгүй байх. Өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийвэл хийнэ. Хийж чадахгүй бол яг 1992 оноос хойш зуурсан шавар дотроо дахиад хорин жил зууралдана. Алдаж болохгүй боломж, үнэ цэнээ харвал хайран л байна.

-Өмнө нь УИХ-д хамгийн олон суудалтай хоёр нам зэрэгцэж суугаад Үндсэн хуулиа өөрчилж чадаагүй шүү дээ. Тийм боломж ч байхгүй гэдэг нь харагдсан...

-Намууд ойролцоо суудалтай, эсвэл эрээвэр хураавар бүрэлдэхүүнтэй парламент бүрдсэн үед яагаад ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадахгүй. Ямар ч боломж байхгүй. Түүнийг бид олон удаагийн парламентаас харсан. 2000 оны өөрчлөлтийг нэг нам дангаараа 72 суудалтай байх үедээ л хийсэн. Одоо энэ өөрчлөлтийг 64 суудалтай нам хийвэл хийнэ, хийхгүй бол хийхгүй.

-Та хуульч, судлаач хүнийхээ байр сууринаас асуудалд хандаж байх шиг байна. Гэвч АН-ын байр суурь юу юм бэ? Баасан гаригийн нэгдсэн чуулган дээр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат жишээ нь “Бид энэ хэлэлцүүлэгт оролцохгүй ээ” гээд хаяад гараад явсан. Энэ АН-ын байр суурь мөн үү?

-Ерөнхий сайдыг зөвхөн У.Хүрэлсүхээр харж болохгүй л дээ. 2020 онд дараачийн Ерөнхий сайд нь хэн байх юм, жишээ нь. Үе үеийн Ерөнхий сайдын зовлон байхгүй юу, ажил хийж болдоггүй. Сонгуулиар баахан амлалт аваад, өөрчлөлт шинэчлэлт хийнэ гээд гараад ирдэг. Үсэрч гарч ирээд ажлаа хийх гэхээр эндээс ч Ерөнхийлөгч, тэндээс ч УИХ-ын дарга, 76 гишүүнтэйгээ татаж чангаагаад хийлгэдэггүй. Сүүлдээ сонгуулиар юу амласнаа мартах хүртлээ бужигнадаг биз дээ. Энэ бужигнаан чинь Үндсэн хуулийн л үр дагавар, үе үеийн Ерөнхий сайдын зовлон болж байна.

Энэ зовлонгоос гарах хоёр л зам бий. Нэг нь хийх гэж байгаа ажилдаа зориг гаргаад зүтгээд огцрох. Нөгөө нь Ерөнхийлөгч гэдэг нөхөртэй очиж наалдаад, тэрний далбаа, улс төрийн нөлөөн дор арай жаахан тогтвортой явах. Гэхдээ тэгж явсан Ерөнхий сайд болгон хулгайн хэрэгт холбогдож байсан. Ерөнхийлөгчөөс зөрж ажлаа хийх гэсэн Ерөнхий сайд болгон огцорч байсан. Ийм л зовлон байна. Ийм зовлонг дахиад хорин жил үргэлжлүүлэх үү, эсвэл цэг тавих уу?

-АН-ын зөвлөлийн дарга "Ерөнхийлөгчийн саналыг авсангүй" гээд хэлэлцүүлгийг орхисон шүү дээ...

-АН бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар албан ёсны байр суурь илэрхийлээгүй. АН заавал Ерөнхийлөгчтэй байр суурь нэгтэй байх ч албагүй. Аль намаас гарсан байхаасаа үл хамаараад үе үеийн Ерөнхийлөгч нар мангас болох гэж л оролддог шүү дээ. Үндсэн хуулийн үүрэг бол Ерөнхийлөгчийг мангас болгохгүй байх явдал. Тийм учраас Ерөнхийлөгчийн институт дээр байгаа хэн ч байсан парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлийн өөрчлөлт дээр байнга л эсрэг зогсоно л доо. Х.Баттулга байна уу, хэн байх нь хамаагүй.

-Нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Сонгуулийн тогтолцоог УИХ хуульчилна” гэдгийг гишүүд их эмзгээр хүлээж авч байх шиг байна. С.Бямбацогт гишүүн болохоор “Хүн сонгодог Үндсэн хуулийн зарчим хэвээрээ байгаа юм аа” гэж хариулаад байна лээ...

-Дэлхийн дэвшилтэт үндсэн хууль бүхий улс орнуудад Үндсэн хуульдаа сонгууль явуулах зарчмаа хоёр тусад нь бичдэг юм. Нэгдүгээрт, бүх нийтийн тэгш сонгууль байна гэж. Сонгуульд бүх нийтээрээ оролцоно шүү, ял эдэлж байгаа болон сэтгэцийн өвчтэйгээс бусад насанд хүрсэн бүх хүн сонгуульд оролцоно. “Тэгш” гэдэг нь сонгууль өгч байгаа хүн бүрийн санал ижил жин дарна, нэгнийх нь санал нөгөөгийн саналаас илүү жин дардаг байж болохгүй гэсэн үг. Тийм учраас хүн нэг бүрийн саналын хувь тэгш буюу ойролцоо байх ёстой. Энэ бол сонгуулийн зарчим.

Харин иргэн саналаа илэрхийлэх, гаргах зарчим нь “шууд, нууцаар”. Гэтэл манай Үндсэн хууль дээр сонгуулийн болон иргэний саналаа илэрхийлэх энэ хоёр агуулгыг салгаагүй салгаагүй. Сонгуулийн үндсэн зарчим байх учиртай “Тэгш” гэдэг зарчим бүр хаягдчихсан.

Саналаа яагаад шууд, нууцаар гаргадаг вэ гэхээр иргэний саналыг хэн нэгэн өмнөөс нь төлөөлж өгөхгүй, хэн нэгний нөлөөнд автахгүйгээр бие дааж саналаа гаргах ёстой. Үүний тулд нууц байдаг. Гэтэл манай Үндсэн хуулийн Цэцийн нөхөд “Шууд гэдэг нь хүн сонгохыг хэлж байгаа юм” гээд тайлбарлачихсан. “Шууд” гэдэг нь саналаа илэрхийлэх тухай ойлголт болохоос биш, юуг сонгох тухай ойлголт биш.

Манайхаас бусад улс орнуудын хувьд парламент сонгогчдын сонгосон саналын үр дүнгээр бүрдэх ёстой. Тэр сонголтыг бүрдүүлж байгаа хэлбэр нь пропорциональ, мажоритарийн аль нь ч байж болно. Пропорциональ нь сонгогчдын саналыг гээгдүүлдэггүй, гэхдээ хүн сонгох биш, нам сонгох байдлаар, намын бодлогыг гаргаж ирдэг, институцээр дамжуулж эрх мэдлээ хэрэгжүүлэх хувилбар.

Мажоритари нь болохоор нутаг дэвсгэрээс хамааралтай, институци биш, хувь хүнийг сонгох байдлаар саналаа илэрхийлдэг. Энэ хоёр тогтолцоо аль аль нь давуу болон сул талтай. Манайх шиг ардчилал хөгжиж байгаа унитарь (нэгдмэл) улсад энэ хоёрын аль нэг рүү нь туйлшрахын оронд аль алиных нь давуу талыг ашиглах замаар холимог тогтолцоог сонгох нь илүү үр дүнтэй. Мажоритариар гарч ирсэн хүмүүс нь ямарч байсан сонгогчдоосоо холдчихгүй, пропорционалиар гарч ирж байгаа хүмүүс нь улс орны нийтлэг эрх ашгаас гажчихгүй, жижигрээд жалга довны юм яриад байхгүй, нэг ёсондоо дундын хувилбар нь дээр гэж үзээд байна шүү дээ.

Харин манай Цэц Үндсэн хуульд байгаа “шууд” гэдэг ойлголтыг хэт явцуу бөгөөд үнэнийг хэлэхэд дэлхийд, Үндсэн хуулийн онолд байхгүй арга замаар тайлбарлачихсан. Сандал суудал бөглөж суугаад, хэн нэгний гарын үзүүрээр үүрэг даалгавар гүйцэтгэдэг, дэлхий нийтийн жишиг хандлагаас хол хоцорчихсон ийм хүмүүс Үндсэн хуулийг манахаар чинь Үндсэн хуулийнхаа үзэл санаанаас хулгайлалцаад байна. Хулгайлах хулгайлахдаа иргэний үндсэн эрх, улс орны хөгжил дэвшлээс хулгайлж байна гэдгээ тэр хүмүүс бодохгүй байна. Халаасны хулгайч бол нэг л айлыг амьдралыг хулгайлна. Хуулийн хулгайч нар бол улс орны амьдралыг хулгайлдаг. Тэр дундаа Үндсэн хууль хулгайлна гэдэг чинь гурван сая хүний амьдралыг хулгайлж байгаа хэрэг.

-Миний санахад 2012 оны сонгуулийн холимог системээр явуулсан. Гэтэл 2016 оны сонгуулийн өмнө “Үндсэн хууль зөрчсөн” гээд хуулийг хүчингүй болгосон. Яагаад тэр вэ?

-Эзний даалгавар өөрчлөгдөхөөр уяаны ноход нь эзэндээ л үйлчилнэ шүү дээ. “Бид өмнө нь ийм шийдвэр гаргасан юм. Тэр зарчмаасаа ухрах гээд байна” гэж хэлж чадахгүй. Тийм л увайгүй хүмүүс манай Цэцэд сууж байна. Ер нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орох болсон шалтгааны 70-80 хувь нь Цэцэд сууж байгаа энэ хүмүүсийн гай шүү дээ. Ердийн хуулиар зохицуулах боломжтой байтал, зохицуулах гэж оролдох болгонд “Үндсэн хууль зөрчиж байна” гэж алх цохиж унагасаар байгаад, 1992 оных нь тэр байдалд энэ улс орныг гацаасаар байгаад одоо “Тэгвэл Үндсэн хуульдаа гар хүрье дээ” гэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна. Судлаачид нь ч үүн лүү явж байна, улстөрчид нь ч явж байна. Нийгэм ч явж байх шиг байна.

-Хүний мөн чанарыг өөрчилж чадахгүйгээс хойш хуулиа өөрчилье дөө гэж үү?

-Тийм.

-Ярилцсанд баярлалаа.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хардлага (122.201.24.90)
    Цогтбаатарын гарын узуур болох монх очир турк дахь хар тамхины наймааг зохицуулдаг байх. Еронхийд нь цогтбаатар ба тагнуулын томчууд гадаад дахь хар тамхины наймааны сулжээгээ удирдаж эндээс найдвартай хумуусээ томилж явуулдаг юм байна гэж ойлголоо. Энэ удаа баригдах болоод ирэнгуйт нэг жижиг гарыг золионд хаяж огоод оорсдоо цэвэр улдэж байгаа юм уу ямар хайшаа юм. Цогтбаатарын дэжр байдаг монголын хар тамхины боссууд харин хэн юм бол?
    2019 оны 06 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 11 цаг 6 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 16 цаг 20 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 16 цаг 37 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 17 цаг 20 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 17 цаг 30 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top