Бизнес эрхлэгчид тухайн жилийнхээ “Оны онцлох ААН”-ээр шалгарсан компаниудаар орж үйл ажиллагаатай нь танилцдаг уламжлалтай.
Энэ удаагийн бизнес аяллаар дотоодын компаниудын төлөөлөл “Оюутолгой” ХХК-аар зочиллоо. Аялалд “Эрдэнэт” үйлдвэр,“Багануур”, “АПУ”, “Өгөөж”, “Магнай трейд” зэрэг 30 гаруй компанийн 40 орчим төлөөлөл оролцож, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших “Оюут” ил уурхайн хэсэгтэй танилцаж, баяжуулах үйлдвэр болон баяжмал савлах үйлдвэрээр орсон юм.
“Оюутолгойн” ил уурхай 24 цагаар, нэг ээлжиндээ 12 цагаар 560 орчим хүн ажиллаж байна. Өдгөө тус уурхай төлөвлөсөн хэмжээнээс давуулж буюу өдөрт 100 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, өнгөрсөн хугацаанд 500 сая гаруй тонн хүдэр олборложээ. Энд хоёр км өргөн, 300 метр гүн ил уурхай бий болжээ. Баяжуулах үйлдвэрийн хувьд бүрэн хүчин чадлаараа ажиллахад хоногт 100 мянган тонн хүдэр боловсруулж, алт, зэс, мөнгө ялгах хүчин чадалтай аж.
Бизнес эрхлэгчдийн баг “Оюутолгой” ХХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд Ханбогд суманд байгуулсан “Үлэмжийн чанар” соёлын төв, Мод үржүүлгийн төвөөр зочилж, иж бүрэн засварлаж тохижуулсан дунд сургууль, цэцэрлэгээр орлоо. Бизнес эрхлэгчид уурхайн бүтээн байгуулалтаас гадна олон улсын стандартад нийцсэн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах ажиллагааг нягт хэвшүүлсэн байдал, хөдөлмөрийн нарийн зохион байгуулалт, дэг журамтай танилцлаа.
“Оны онцлох ААН”-ээр шалгарсан компаниудаар ордог бизнес аялал өнөөдөр “ТЭСО Корпораци” ХХК-ийн үйлдвэртэй танилцах өдөрлөгөөр мөн үргэлжлэх юм.
“Оны онцлох аж ахуйн нэгж”-ээр шалгарсан компаниудын ажлын амжилт туршлагыг бусад гишүүд, бизнес эрхлэгчдэд таниулан сурталчлах, цаашид гишүүд хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэн, харилцан өөр хоорондоо ашигтай ажиллах боломжийг бүрдүүлдэг бизнес аялал-уулзалтыг “Энтрепренерийн аян”-ы хүрээнд 2005 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.