Мисс Э.Энхриймаатай ярилцлаа.
-Сүүлийн үед гадуур сүрьеэгийн дэгдэлт өндөр байна. Таны санаачилсан сүрьеэгийн эсрэг ажил жил гаруйн өмнөөс эхэлжээ. Энэ ажлаа хэрхэн эхэлсэн тухайгаа хуваалцана уу?
-“Энхрий Эрдэнэ” сан өнгөрсөн оны аравдугаар сард байгуулагдсан. Тэр үеэс хойш үндсэндээ гурван төслийг хэрэгжүүлж байгаа. Сүрьеэ өвчин туссан хүмүүс эмчлүүлэх хугацаандаа сэтгэлийн зовиур шаналгааг өвчин дээрээсээ нэмж авдаг. Сүрьеэ эдгэрдэг ч гэсэн их эм ууж, тэсвэр тэвчээртэй байхыг хүнээс шаарддаг. Тиймээс эмчлүүлж байх явцдаа эмээ уухгүй байх эмчилгээгээ орхих, няцах болих гэх зэрэг үйлдлүүдийг их гаргадаг. Эдгэрээд гараад ирсэн ч гэсэн нийгэмд гадуурхагдах тохиолдлууд байдаг юм билээ. Энэ учир шалтгааны улмаас сүрьеэ өвчин туссан эмчлүүлж байгаа эмчлүүлэх гэж байгаа хүмүүст сэтгэлийн дэм тус өгөх үүднээс энэхүү төслийг анх санаачлан хэрэгжүүлсэн. Мөн мэдээж залуу үе, хүүхэд бусад эрүүл хүмүүсийг энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг сонирхолтой өөр хэлбэрээр олгох зорилгыг агуулсан.
-Яагаад заавал сүрьеэгийн эсрэг тэмцэх болсон юм бэ?
-Дэлхийн мисст явах гэж байхдаа судалгаа хийсэн л дээ. Дэлхийн мисст оролцоход “Зорилготой мисс”-ийн номинац их чухал байдаг. Зөвхөн мисст оролцоод орхих биш цаашид Монголд маань юу хэрэгтэй вэ гээд судалсан. Тэгээд нэлээд олон судалгаа харсан чинь сүрьеэ өвчний судалгаа хамгийн гунигтай нь санагдсан л даа. Тэр судалгаанд гурван хүний нэг нь сүрьеэгийн вирус тээгч байх боломжтой. Вирус тээгч 10 хүн тутмын нэг нь сүрьеэгээр өвчлөх магадлалтай гэсэн байсан. Хамгийн гунигтай нь сүрьеэ өвчин туссан хүмүүсийн 75 хувь нь 15-44 насныхан байсан. Өөрөөр хэлбэл ид ар гэрээ тэжээж, ихийг хийж бүтээх насандаа ийм өвчний зовиураар шаналж явна гэдэг хэцүү шүү дээ.
-Сүрьеэгүй Монгол төслийнхөө хүрээнд ямар ямар ажлууд хийв?
-Сүрьеэгээр жилдээ манайд 4000 хүн өвддөг. Тэдний 2500 хүнд “Лив-52” элэг хамгаалах бэлдмэл өглөө. Бусад миссүүдийг оролцоод “Сүрьеэгийн эсрэг хамтдаа” гэдэг видео сурталчилгааг хийж олон нийтэд хүргэсэн.Хоёр дахь төслөөрөө “Сүрьеэгүй гэр бүл” гэдэг сэдвийн дор Улаанбаатар хотын есөн дүүрэг, Монгол Улсынхаа 21 аймгийн хэмжээнд хүүхдийн гар зургийн уралдааныг зарлан явуулсан. Өнгөрсөн нэгдүгээр сард ялагч хүүхдүүдээ тодруулаад шагналыг нь гардууллаа. Мөн сүрьеэгийн эсрэг чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаад түүний ивээл дор чуулганыг зохион байгуулсан. “Сүрьеэгүй Монгол” хандивын хайрцгийг 21 аймагт явуулж цугларсан мөнгөөр нь аймаг тус бүрт нь витамин өгсөн.
“Сүрьеэгүй Монгол” төслөө эхэлж байхдаа БНХАУ-ын тэргүүн хатагтай Пэн Ли Юань-д захидал бичсэн. Энэ захидлын маань хариу энэ оны хоёрдугаар сард ирсэн. Ингээд Монгол дахь Хятадын Элчин сайдын яам биднийг хүлээж авч уулзаад 100 мянган юанийн тусламж үзүүлсэн. Энэ тусламжаараа “Сүрьеэгүй Баянгол дүүрэг” төслийг хэрэгжүүлж байна. Өргөө кино театрын өмнөх талбайд сүрьеэгийн оношилгоог иргэдэдээ үнэ төлбөргүй хийлгэсэн. Энэ дүүрэгт нэлээд хэдэн ажил төлөвлөгдсөн байгаа. Энэ ажил жилийн хугацаанд үргэлжилнэ. Сар болгоны дөрөв дэх долоо хоногийн дөрөв дэх өдөр болгоныг өрхийн эмнэлгүүд дээр үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж байхаар болсон.
-Зургийн уралдаанд ирүүлсэн зургуудаас харахад хүүхдүүд гол нь ямар санааг зургандаа тусгасан байсан бэ?
-Хүүхдүүд зөв ханиалгаж найтаалгах, хэрвээ өвдсөн бол эмээ сайн уух, бүгдээрээ нийлээд бие биеэ дэмжээд байвал энэ өвчнийг даван туулж чадна гэсэн санааг гаргасан байсан. Мөн гэр бүлээрээ байгальд хамтдаа аз жаргалтай байя гэсэн санаа маш олон байсан.
-Мөн Цагдаагийн ээж, Өврийн дэвтэр зэрэг товхимлыг гаргажээ...?
-Өврийн дэвтрээ эмчлүүлж байгаа, эдгэрсэн зэрэг хүмүүст зориулсан. Гадуур худалдаалагдахгүй зөвхөн эдгээр хүмүүст л очих ном. Мөн Цагдаагийн газартай хамтарч “Цагдаагийн ээж” гэдэг ном гаргасан. Сайн ээж-сайхан дэлхий бол миний сэтгэлд явдаг уриа. Ирээдүйн сайхан сайхныг авчрах хүмүүсийг ээжүүд өсгөдөг. Ээж нар ямар байна хүүхдүүд нь тийм болдог гэж боддог.
-Хүмүүс гудамжинд нус, цэрээ маш их хаядаг. Үүнийг хараад юу гэж боддог вэ?
-Хүмүүс гудамжинд явж байхдаа санаандгүйгээр нус цэрээ хаях нь элбэг. Монголын цаг уурын нөхцөл нь эрс тэс учраас халаад юм уу хөлдөөд вирус нь үхчихнэ гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл сүрьеэгийн вирус -40 хэмд 40 жил амьдрах чадвартай байдаг гэж уншиж байсан. Гэхдээ монгол залуус маань ухаантай. Энэ байдал удахгүй өөрчлөгдөх байх. Бид үүнийг өөрчилж чадна.
-Хэвлэлээр сүрьеэ өвчний вирусыг гурван хүний хоёр нь тээж явдаг. Ер нь айгаад байх өвчин биш гэсэн мессэжийг тарааж байна. Энэ талаар юу хэлэх вэ?
-Би ганцхан юм л хэлье. Сүрьеэ өвчин дэлхий дээр ДОХ-оос тав дахин их хүмүүсийн амь насыг авч оддог... Монголчууд гурван саяулаа. Тиймээс нэг монгол хүний амь ч хайран. Нэг хүний бүтээмж их. ДОХ-оос хүн өөрийгөө ухамсартайгаар хамгаалах боломжтойг хүн бүгд мэдэж байгаа. Харин сүрьеэгээс ингэж чадахгүй. Учир нь энэ өвчин агаар дуслын замаар халддаг. Хүний дархлаа жаахан сулрахад сүрьеэ тэр хүнийг “бариад” авна. Гэхдээ бүрэн эдгэрдэг өвчин. Тиймээс хүн хөдөлгөөн хийж, сайн унтаж амарч, тэжээллэг хоол идэж дархлаагаа унагахгүй байх хэрэгтэй.
-Та сүрьеэ өвчний мэдлэг мэдээлэлтэй түүнийгээ бусадтай хуваалцаж урьдчилан сэргийлэхээр их зүйлийг хийж яваа юм байна. Өөрөө ямар мэргэжилтэй, хэдэн настай вэ?
-Би 22 настай. Санхүүгийн дээд сургуулийн төгсөх дамжааны оюутан. Олон улсын мэргэшсэн нягтлан бодогч мэргэжлээр суралцаж байна.
-Дэлхийн миссэд оролцохдоо хүмүүнлэгийн ажлаа эхэлжээ. Дэлхийн миссэд оролцсон тухайгаа товч ярина уу?
-2018 оны зургадугаар сард манай ээж намайг “Монголын сайхан бүсгүй” уралдаанд оролцуулсан. Энэ уралдаанд “Алтан эрдэнэ”-д шалгарсан. Өмнө нь юунд ч орж үзээгүй байгаад ийм амжилт ирсэнд их баярласан. Тэгээд “Miss World Mongolia-2018”-д оролцож түрүүлээд дэлхийд явсан. 2018 онд Хятадын Саня хотод 118 орны мисс оролцсон тэмцээнд оролцсон. Энэ тэмцээнд миний сүрьеэгийн эсрэг ажил шилдэг 20-д шалгарсан. Бас үндэсний бүжгээ бүжиглээд шилдэг 10-т ороод ирсэн.
-Дэлхийн миссүүд хүмүүнлэгийн ажлаараа маш их зүйлийг хийсэн байдаг. Та энэ үйлсээ цааш үргэлжлүүлэх үү?
-Дэлхийн миссүүд том том гүүр, бүхэл бүтэн сургуулиуд барьсан байдаг. Би ч бас эх орондоо хэрэгтэй зүйл хийхийг хүсч байна. Сүрьеэгийн эсрэг ажлаа сүрьеэг байхгүй болгодоггүй юмаа гэхэд жилдээ хэдхэн хүн өвддөг болтол үргэлжлүүлэн явуулна.
А.Мөнхжин "Ардчилал таймс" сонин
Сэтгэгдэл (26)