Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа.
-Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаатай холбогдуулан хүүхэд хамгааллын чиглэлд төр засаг тэр дундаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ямар ажил хийж, хэрэгжүүлж байгаагаас ярилцлагаа эхэлье?
-Юуны өмнө Монголын ирээдүй болсон хүүхэд, багачууд, багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярын халуун мэндийг дэвшүүлье. Энэ жил хүүхдийн баяраар үндэсний хэмжээнд Хүүхдийн хөгжил, хамгааллын жилийн нээлтийг зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна.
Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд Засгийн газраас 2019-2020 оныг Хүүхдийн хөгжил хамгааллын жил болгон зарласан. Төрөөс хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлийн хууль эрх зүйн шинэчлэлд онцгой анхаарсны үр дүнд хүүхдийг нийгмийн бүх орчинд хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах байдлаас ангид байлгах, тэдний хамгаалагдах эрхийг хуулиар баталгаажуулсан. Ингэснээр манай улс хүүхдийн эсрэг хүчирхийллийг бүх орчинд хуулиар хориглосон дэлхийн 49 дэх орон болсон. Хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн томоохон өөрчлөлтүүд гарч, хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хохирогч хүүхдэд нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, шаардагдах төсөв хөрөнгө, бүтэц нэгжийн асуудлууд ч шийдэгдэж байна.
-Тодруулбал?
-Хүүхэд хамгааллын үйлчилгээний бүтцийг бий болгож Засгийн газрын тогтоолоор хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр, сургалт, судалгаа, мэдээллийн төвийг байгууллаа. “Өнөр бүл” хүүхдийн төвийн бүтцийг шинэчилж, төвийн үйл ажиллагааны төрөл, хэлбэр, арга зүй чадавхыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.
Үүнээс гадна хүүхдийн даатгал нэртэй даатгалын бүтээгдэхүүнийг нэвтрүүлж, хүүхдийн төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж буй 31 асрамж халамжийн байгууллагын 18 хүртэлх насны 936 хүүхдийг энэ даатгалд хамруулсан. Цаашид 21 аймаг, есөн дүүргийн эрсдэлт нөхцөл байдалд амьдарч буй хүүхдүүдийг тус даатгалд хамруулах ажлыг зохион байгуулж байна.
-Энэ жил хүүхэд хамгааллын төсөв нэмэгдсэн. Харин зарцуулалт нь хэр үр дүнтэй байгаа бол?
-Хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдэхэд УИХ, Засгийн газар онцгойлон анхаарч, 2017 онд 1.2 тэрбум, 2018 онд 6.4 тэрбум төгрөгийг баталж байсан бол 2019 онд найман тэрбум төгрөгийг улсын төсөвт батлуулсан.
Нийт санхүүжилтийг төлөвлөлтөөр нь харахад 61 хувь нь урьдчилан сэргийлэх, салбарын хүний нөөцийг шинээр батлагдсан хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүднээс хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах хүрээнд чадавхжуулах, соён гэгээрүүлэх, нөлөөллийн үйл ажиллагаанд, 39 хувийг хамгааллын үйл ажиллагаанд зарцуулахаар тооцсон.
Хүүхдийн хөгжил, хамгааллын зардлыг эцэг эхийн хараа хяналтаас гадуур, гудамжны нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүд, хогийн цэгээс амьжиргаагаа залгуулж буй гэр бүл, тэдний хүүхдүүд, хүнд хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн хамгааллын асуудалд түлхүү анхаарч, нийгэмшүүлэх, хөдөлмөрт бэлтгэх болон сэтгэл зүйн зөвлөгөө заслын үйлчилгээ үзүүлэх зэрэг тодорхой зүйлд зарцуулж, үйл ажиллагааг үр дүнтэй зарцуулахыг орон нутгийн харьяа газар, хэлтэс, Засаг дарга нарт үүрэг болгоод байгаа. Мөн асрамж халамжийн төвүүдэд амьдарч буй хүүхдүүдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх үйлчилгээг үзүүлэх, 18 нас хүрсэн залуучуудыг нийгмийн амьдралд бие даан оролцох, мэргэжил боловсрол эзэмшүүлэх “Амьдралд бэлтгэх хөтөлбөр”-ийг туршин хэрэгжүүлэх, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулах зэрэг тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
-Хүүхэд хамгаалах чиглэлээр олон ажил хийж байгаа гэдэг ч үр дүн нь төдийлөн мэдэгддэггүй. Хийж, хэрэгжүүлж буй ажлуудын үр дүнгээ сайжруулахад хэрхэн анхаарч байна вэ. Мөн холбогдох байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу байгаа гэсэн шүүмжлэл их байдаг?
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/218 тоот тушаалаар хүүхдийн эрхийг хамгаалах ажлыг эрчимжүүлэх, салбар дундын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах үүрэг бүхий байнгын ажиллагаатай салбар дундын ажлын хэсгийг байгуулсан. Хүүхдийн эрхийн тухай хуулийн дагуу 2017 онд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг Ерөнхий сайдын захирамжаар шинэчлэн батлуулж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр салбар бүрт үүрэг чиглэл өпн, төлөвлөгөөтэй ажиллаж байна. УИХ-аас гэр бүл, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх чиглэлээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиудыг батлан гаргасан ч эдгээр хуулийн хэрэгжилт зарим талдаа учир дутагдалтай байгаа. Хуулийг хэрэгжүүлэхэд зарим салбарт санхүүжилт бүрэн тусгаагүй төсвийг оновчтой хуваарилах шаардлага, зарим дүрэм журмыг боловсронгуй болгох гээд олон асуудал байна. Мөн нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэж, тодорхой үр дүн гарч байгаа хэдий ч хүүхдийн эсрэг зөрчил, гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл тулгамдсан асуудал хэвээр байсаар байна.
2019 онд олон нийтийн дунд айдас төрүүлсэн олон гэмт хэргийн тохиопдол, хүүхдийн эрхийн эсрэг ноцтой зөрчлүүд гарсан нь энэ чиглэлээр төрөөс баримтлах бодлогод дорвитой шинэчлэл хийх, санхүү, удирдлагын оновчтой механизмуудыг бий болгох, эцэг эхчүүд үр хүүхдэдээ хандах хандлагаа өөрчлөх, хараа хяналтаа сайжруулахад дорвитой анхаарах шаардлагатай болсныг харуулж байна. Түүнчлэн зөвхөн төсөв төлөвлөх биш, хүний нөөцийг чадавхжуулах, хүүхдэд хамгааллын тогтолцоонд үүрэг хүлээх олон талуудын хариуцлагыг сайжруулах, эцэг эхээс үр хүүхдэдээ хандах хандлагыг өөрчлөх цаг болсон.
-Эцэг, эхийн боловсрол, үүрэг хариуцлагыг сайжруулах ёстой гэсэн үг үү?
-Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд 2018 онд 174 мянган дуудлага, энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 49 мянган дуудлага хүлээн авсан байна. Улсын хэмжээнд 18 түр хамгаалах байр, есөн нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж өнгөрсөн онд 1,670 хохирогчид үйлчилгээ үзүүлсний 81.2 хувь буюу 1,369 нь 0-18 хүртэлх насны хүүхэд, энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 хохирогчид үйлчилгээ үзүүлсний 87 хувь буюу 435 нь хүүхэд байна.Нийгэмд гарч байгаа нийт зөрчил, гэмт хэргийн 80 орчим хувь гэр бүлийн орчинд үйлдэгдэж, нийт хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдийн 55 хувийг эцэг эх, асран хамгаалагч нар үйлдэж байгаа нь анхаарал татсан ноцтой асуудал юм. Эндээс дүгнэхэд бид гэр бүлийн боловсрол, эцэг эхийн үүрэг хариуцлага, гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр илүү анхаарч эрх зүйн шинэчлэл хийх, гэр бүлтэй ажиллах арга зүй чадавхыг сайжруулах гэх мэт олон асуудал бий.
-Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгохоор боллоо. Ингэснээр хэдэн хүүхдэд, хэчнээн төгрөг олгохоор байгаа вэ. Шаардлагатай хөрөнгийг хаанаас гаргах бол?
-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2019 онд нийт хүүхдийн 80 хувьд буюу 912 мянган хүүхдэд олгож байгаа. УИХ-ын тогтоолын дагуу аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагаар дамжуулан хүүхдийн мөнгө авах хүсэлтэй өрхийн судалгааг өнгөрсөн онд зохион байгуулсан. Судалгаанаас харахад нийт хүүхдийн 85 хувь буюу нэг сая хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт өгсөн байдаг. Тэгэхээр өнгөрсөн жил хийсэн өрхийн судалгааг үндэслэж зургаадугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө олгож эхэлнэ.
Өөрөөр хэлбэл, одоо хүүхдийн мөнгө авч байгаа 912 мянган хүүхэд дээр 88 мянган хүүхэд нэмэгдэх юм. Ингэхдээ амьжиргааны түвшинг 670 гэсэн босго оноогоор тооцож байгааг хэвээр үлдээхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах 12.3 тэрбум төгрөгийн хөрөнгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны батлагдсан төсөвт багтаан хэрэгжүүлэх юм. Хүүхдийн мөнгө олгох журамд заасны дагуу cap бүрийн 20-ны өдөр олгохоор зохицуулсан тул нэг сая хүүхэд ирэх сарын 20-ноос өмнө нь авч байсан арилжааны банкин дахь хүүхдийн мөнгөний дансаараа дамжуулан мөнгөө авах болно.
-Эцэг, эхчүүд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ иргэд харьяа дүүрэгт дахин гаргах шаардлагагүй гэсэн үг үү?
-Хөдөлмөр, халамж үйлчилгээний газруудад хүсэлт өгөх шаардлагагүй. Өнгөрсөн жилийн наймдугаар сард хийсэн судалгаагаар хүүхдийн мөнгө авах хүсэлтэй өрхийн тоо тодорхой болсон. Нэг сая 140 мянган хүүхдийн мэдээлэл өрхийн амьжиргааны мэдээллийн санд төвлөрсөн гэж хэлж болно. Эндээс 70 оноогоор тооцож үзэхээр нэг сая хүүхэд мөнгөн тэтгэмж авах эрх үүснэ. Тиймээс шинээр хүсэлт гаргах, судалгаа авах шаардлагагүй. Цаашид өрхийн амьжиргааны түвшин тооцож буй аргачлалаа боловсронгуй болгох асуудлыг олон улсын байгууллагуудтай ярилцаж байна. Одоогийн 51 асуулгатай судалгааны аргачлал дунд иргэдийн шүүмжлээд байгаа хөргөгч, угаалгын машинтай юу гэсэн асуулт бий. Яг үнэндээ өрхийн амьжиргааны түвшин тогтооход хөргөгч, угаалгын машинтай эсэхээр оноо өгдөггүй юм билээ. Тиймээс цаашид нүсэр судалгаа авдгаа больж энгийн, ойлгомжтой, зардал багатай хялбар болгоход анхаарна.
-Засгийн газрын хуралдаанаар Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцол-борыг улсын төсөвт үйлдвэрийн газар болгох шийдвэр гаргалаа. Мөн тус цогцолборын газраас бусдад өмчлүүлснийг судалж, шаардлагатай арга хэмжээ авахаар болсон. Энэхүү шийдвэрүүдийг хэрэгжүүлэх боломж хэр байгаа вэ?
-Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг улсын төсөвт үйлдвэрийн газар болгосноор үйл ажиллагаа нь жигдэрч, төсөв, санхүүгийн хүндрэлгүй ажиллах бөгөөд олсон орлогоо улсын төсөвт бүрэн төвлөрүүлнэ гэж үзэж байгаа юм. Түүнчлэн нийслэлийн ИТХ 2009 онд тогтоол гарган тус цогцолборын тусгай хэрэгцээнд байсан 5,220 га газрын 1,220 га-г нь “Найрамдал”-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлээд үлдсэн газрыг иргэд, аж ахуйн нэгжийн өмчлөлд өгсөөр байгаа. Энэ нь үйл ажиллагаа доголдох, хүүхдүүдийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх үр дагавартай гэдэг үүднээс газрын зөвшөөрлүүдийг судалж, арга хэмжээ авах шаардлагатай байгааг Засгийн газарт танилцуулснаар шинээр газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхаар болсон.
Үндэсний шуудан
Сэтгэгдэл (1)