x

Э.Бөхбат: Эмэгтэйчүүд машин жолоодохдоо эрчүүдээс илүү түрэмгий байдаг

Буруу талдаа жолоотой автомашиныг хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэх гэж байгаа. Аажимдаа буруу талдаа жолоотой автомашиныг шахах бодлого гэж иргэд харж байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбаттай ярилцлаа.

-Манайд буруу талдаа жолоотой машин хэдий байдаг, хөдөлгөөнд ямар нөлөө үзүүлдэг юм гэдгээс яриагаа эхлэх үү. Буруу талдаа рультай авто машинууд үнэхээр зам тээврийн осол гаргаад байна гэж үү?

-Үнэхээр тийм. Манай нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн 62 хувь нь буруу талдаа жолоотой тээврийн хэрэгсэл байдаг. Ийм машин зорчигчоо явган хүний зам тал руугаа буулгах нөхцөл үүсч байгаа нь хууль бус үйлдэл шүү дээ. Буруу тээвэрлэдэг гэсэн үг л дээ. 2018 оны байдлаар зам тээврийн ослын 72 хувь нь буруу талдаа рультэй тээврийн хэрэгслээс үүдэлтэй байна. Замын хөдөлгөөний баруун гарын дүрэм үйлчилдэг улс орнуудад буруу талдаа жолоотой тээврийн хэрэгсэл явдаггүй. Манай улс баруун гарын дүрэмтэй мөртлөө хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн 81 хувь нь буруу талдаа тээврийн хэрэгслэлүүд эзэлдэг. Хөдөлгөөн, хууль дүрмийнхээ эсрэг юм хийгээд байна гэсэн үг.

-Осол хэргийн ихэнхийг приус гаргадаг гээд байдаг. Гэтэл маш олон приус замын хөдөлгөөнд оролцдог. Энэ приусэндээ байна уу олон тоондоо байна уу?

-Приустэй хүмүүс буюу приус машин осол их гаргаад байна гэвэл өрөөсгөл ойлголт. Статистикт тийм зүйл байхгүй. Арваас дээш жилийн насжилттай болон буруу талдаа рультэй автомашинуудын асуудлыг шийдчихвэл гайгүй болчихно. 

-Эмэгтэй жолооч нар автомашин жолоодохдоо муу гэдэг, энэ үнэн үү? 

-Энэ бол үнэн. Эмэгтэйчүүд машин жолоодохдоо эрчүүдээс илүү түрэмгий байдаг. Гэсэн хэрнээ богино хугацаанд шийдвэр гаргах, самбаачлах талаараа эрчүүдээс дутмаг. Гэхдээ зам тээврийн осол гаргадаг нь эрчүүдээс цөөн байдаг.

-Замын хөдөлгөөнд оролцож байгаад зөрчил гарган торгуулах болбол цагдаагийн танил талаараа хөөцөлдүүлэх, дээд дарга руу нь ярих явдал байдаг. Энэ одоо арилсан уу? 

-Арилсан. Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочийн тухайд тийм асуудал өмнө нь байсан. Мэдээж осол гаргасан тохиолдолд тийм үзэгдэл байгаагүй. Жолоочоос гадна замын цагдаа зүгээр тэгж асуусныхаа төлөө ажлаасаа халагдах хуультай. Одоо бүр хариулцлага нь өндөржөөд тухайн жолоочийг явуулаагүй ч тэгж хэлснийнхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээдэг болсныг жолооч нар маань ойлгох хэрэгтэй.

-Замын цагдаа нар жилийн дөрвөн улиралд гадаа ажилладаг. Ер нь нэг цагдаа өдөрт хэдэн цагаар ажилладаг вэ? 

-Замын цагдаа нар ээлжээр ажилладаг. Нөхцөл байдал хүндэрсэн үед алба хаагчдаа илүү цагаар ажиллуулахаас өөр арга байдаггүй. Тиймээс заримдаа нэг алба хаагчийг 12-13 цаг гадаа хүйтэн, халуунд зогсоож ажиллуулах шаардлага гардаг. Нөхцөл байдал хүндэрсэн үед хүч нэмэгдүүлнэ. Бусад үед хуваарийн дагуу л ажилладаг.

-Илүү цагаар зогсдог гэхээр замын цагдаа нар хэр хүрэлцээтэй ажилладаг вэ? 

-Нэг алба хаагчид хэдэн жилийн өмнө 150 гаруй мянган тээврийн хэрэгслийг хянаж шалгах боломжтой байсан. Харин одоо нэг албан хаагчид 3000-4000 тээврийн хэрэгсэл оногдож байгаа учраас ачаалал өндөр гэж ойлгож болно. Замын цагдаагийн алба хаагчдын орон тоо хангалттай биш байна. 

-Хүйтэнд гадаа зогсож ажиллахад зориулж дулаан хувцасны хангалт сайн өгдөг биз дээ? 

-Манай орны өвөл гадаа хасах 27 хэмийн хүйтэн байлаа гэхэд хөрсөн дээрээ 30 градус хүрдэг. Өвлийн нөхцөлд хангалтад нохойн арьсан гутал, дулаан хувцас тавьж өгдөг. Эрс тэс уур амьсгалын нөхцөлд ажилладаг учраас манай албан хаагчдын өвчлөл буурахгүй байна. Албан хаагчид бөөр, амьсгалын замын өвчнөөр их өвддөг. Дээр нь нэмээд ясны сийрэгжилт гэдэг өвчнөөр их өвдөх боллоо. Өөрсдийнхөө хэмжээнд арга хэмжээ авч өвөл аарц буцалгаад хяналтын цэг дээр нь аваачиж өгдөг. Аль болохоор даарч хөргөхгүй байх талаас нь анхаарахыг боддог. Гэвч ажлын нөхцөл манай улсын эрс тэс уур амьсгалаас шалтгаалах асуудал багагүй гардаг.

-Замын цагдаагийн алба хаагчид сүүлийн үед тоног төхөөрөмжөөр хангагдаж байгаа юм шиг харагддаг. Эдгээр тоног төхөөрөмж өнөөгийн шаардлагыг бүрэн хангаж чадаж байна уу?

-Сүүлийн үед бид ажилтнуудаа камераас эхлээд төрөл бүрийн багажаар өмнөхөө бодвол хангаж байгаа. Эдгээр тоног төхөөрөмийг нэвтрүүлснээр хүний оролцоотой хүчин зүйлсээс шалтгаалах асуудлыг багасгах бүрэн боломжтой. Гэхдээ үлээлгэдэг төхөөрөмжийг зөвхөн Монгол Улсад л хэрэглэж байгаа гээд бод доо. Бусад хөгжилтэй орнууд зам дээрээ цагдаа зогсоохоо больсон шүү дээ. Манайхан ч гадаадад явахдаа хардаг байх. Манайд замын цагдаа нар хөдөлгөөнд саад учруулж байгаа ухамсаргүй, соёлгүй байдлыг зохицуулж байгаа биет зохицуулалт буюу амьд гэрлэн дохио болж өнөөг хүртэл зохицуулсаар ирсэн. Цаашид иймэрхүү байдлаар ажиллах боломжгүй гэдэг нь ойлгомжтой байна шүү дээ. Манай алба хаагчдын хэрэглэж буй хэрэглэгдэхүүн гадаадын улс орны цагдаагийн алба хаагчдын хэрэглэдэг тоног төхөөрөмжөөс хоцрогдсон хэвээрээ байгаа нь нууц биш. Хамгийн наад зах нь Өвөрмонгол гэхэд биднээс хэд дахин илүү техник хэрэгслийн хангамжтай ажиллаж байх жишээний. Бид тэгэхэд өөрсдийгөө ойролцоо хөгжилтэй хэмээн жишээд сууж байдаг. Гэтэл тэдний хэрэглэдэг зүйлс маш өндөр түвшний биднийхтэй харьцуулалтгүй байна. Гаднаас авах юм ч их байна, суралцах юм ч их байна. Эцсийн эцэст энэ чинь хөрөнгө мөнгөтэй л холбоотой асуудал.

-Сүүлийн жилүүдэд хотыг нэлээд камержуулж байгаа. Замын хөдөлгөөнийг хянахад эдгээр камерууд хэр хангалттай байгаа вэ? 

-Тээврийн цагдаагийн байгууллагын мэдлийн камерууд хангалтгүй байгаа нь үнэн. Хүссэнээр болдог бол нийслэлийг тэр аяар нь 1000 камер суулгаж камержуулмаар л байна. Зөрчил илрүүлэх камерын хувьд цөөн хувьтай байна. Харин сүүлийн үеийн нэлээд өндөр түвшний камерууд бий. Машины дугаар, дотор нь суугаа хүний дүрс болоод тухайн үйл явдлын дүрс маш тодорхой харагдах боломжтой камерууд нэлээдийг тавьсан. Ингэвэл гэмт хэргийн илрүүлэлт өсөх боломжтой. Нийслэл хотыг бүрэн камержуулахад тодорхой цаг хугацаа орно. Яваандаа нэгдсэн тогтолцоогоор нийслэлээ бүрэн хянах бололцоо бүрдэх байх. Тодорхой бүсүүдийг камержуулаад эхэлсэн. Жишээ нь Юнител компанийн туслалцаатайгаар нийслэлийн зарим бүсийг камержуулсан байна. Мөн томоохон аж ахуйн нэгжүүд ч ойр орчмоо камержуулж байна. Гэмт халдлагаас хамгаалах зорилгоор зарим газрууд нь бизнесийн мэдээлэл өгөх зорилгоор янз бүрийн зорилгоор иргэд, аж ахуй нэгжүүд ойр орчимдоо камер суурилуулдаг. 

-Өөр өөр газрууд камеруудаа суурилуулдаг. Ямар нэгэн зөрчил дутагдал гарахаар тэр камеруудыг шүүлгэхэд хүндрэл учирдаг юм билээ. Эдгээр газруудтай Цагдаагийн байгууллага уялдаа холбоотой ажиллахад хүндрэлтэй юу? 

-Нийслэл болоод бизнесийн байгууллагын бас манай камерууд гээд янз янзын газрын камерууд тавигдсан байдаг. Тухайн цэгт гарсан хэрэг зөрчлийг шүүлгэе гэхээр эдгээр газруудын хооронд зөвшөөрөл, бичиг шидэлцэх хүндрэл гардаг нь үнэн. Тухайлбал Замын хөдөлгөөний удирдлагын төв гэдэг байгууллага манай харьяа биш шүү дээ.

-Нийслэлийн жолооч нарын хамгийн их гаргадаг зөрчлүүд нь юу вэ? 

-Уулзвар нэвтрэх журам зөрчих, зам дээр эгнээ байр буруу эзлэх зөрчлүүд нийт зөрчлийн 80 хувийг эзэлж байна. Орон нутгийн замд хөдөлгөөний хурд хэтрүүлэх буруу тээвэрлэлтийн зөрчил ихэнх хувийг эзэлдэг. Буруу тээвэрлэлт гэдэг нь хүүхдийг хамгаалалтын бүсгүйгээр тээвэрлэхийг хэлнэ. Хурд хэтрүүлэн явах ч буруу тээвэрлэлтэд багтана. Мөн бүрэн бус тээврийн хэрэглсэлтэй явах зөрчил буурахгүй байна. 

-Авто ослоос болж амь насаа алдах, хүндээр бэртэж гэмтэх хэргийн тоо буурч байгаа юу?

-Өсөх хандлагатай байна. Монгол Улсад импортоор орж ирж буй тээврийн хэрэгсэл жилд 100 гаруй мянга болж өссөн. Өмнөх онуудад 60-70 мянган тээврийн хэрэгсэл орж ирдэг байсан. манай улсад гардаг зам тээврийн нийт гэмт хэргийн ихэнх хувь нь орон нутгийн замд гардаг.

-Архи зарахгүй гурав хоноход гэмт хэрэг 60 хувиар буурлаа гээд байна. Ингэж механикаар гэмт хэргийг байнга бууруулаад байж чадахгүй шүү дээ. Үүнийг та юу гэж боддог вэ? 

-Нийгмийн амьдралтай л холбож боддог. Ядуурал, эмх замбараагүй байдал зэрэг нийгмийн сөрөг хүчин зүйлүүд буурахгүй байхад архидалт буурахгүй. Архидалт буурахгүй бол гэмт хэрэг ч буурахгүй. Мөн хүмүүсийн боловсрол, соёлын түвшинтэй ч холбоотой гэж үздэг.

-Монгол жолооч нар тал дээр морьтойгоо давхидаг шигээ замын хөдөлгөөнд оролцдог гэж шүүмжлүүлдэг. Үндэстний зан байдлын онцлог жолоо барьж замын хөдөлгөөнд оролцоход нөлөөтэй гэж байх уу? 

-Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог Япон, Германы иргэдийг долоо хоног Монголд жолоо бариулахад бидэн шиг болно. Тэгэхээр энэ юуг харуулж байна вэ гэхээр бидний байгаа орчин л хүнийг ийм болгоод байна. Хүн бүхэн хариуцсан ажилдаа эзэн байж хариуцлагатай ажиллаж, амьдрах ёстой. Хөгжилтэй улс оронд явж байхад замын тэмдэг тэмдэглэгээ нь зөрчихийн аргагүй тод сайхан, мэдээлэл сайтай байна. Ийм байхад хүн хууль зөрчихгүй шүү дээ. Авто замын нөхцөл байдал гэдэг тухайн орны хөгжлийг шууд утгаараа илэрхийлдэг. Бидний зарим нь өөрсдийгөө бэлгэ танхай монгол хүн гэдэг билүү. Тийм зүйл гэж байхгүй. Нөхцөлийг нь сайжруулаад өгчихвөл бэлгэ танхай гэж өөрсдийгөө нэрлээд давхидаг явдал огт байхгүй болно.

Амьдралын орчныг нь өөрчлөөд сайжруулаад өгчихвөл бидэнд болохгүй, бүтэхгүй зүйл байхгүй. Шал өөр болно гэж боддог. Замын аюулгүй байдал гэдэг системийн цогц асуудал. Японд гэхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зөрчил гаргавал 13 мянган доллар хүртэл маш өндөр торгууль ногдуулах жишээтэй. Ингэхээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй юм байна гэсэн ойлголт толгойд нь сууна биз дээ. Яагаад манай бэлгэ танхай нөхдүүд хаа холын Америкт асуудалд орчихолгүй амьдраад, жолоо бариад болоод байна. Тэнд нь зөрчихийн аргагүй сайхан хууль журам хэрэгжиж байна.

-Манайх зам муутай дээр нь бөглөрөл үүсэх түмэн шалтгаантай. Гэтэл жолооч нараа л зөрчил гаргалаа гээд торгоод байдаг. Харин ч хариуцлагын тогтолцоо сайн биш үү? 

-Хүний амь нас, эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа юм чинь торгохоос аргагүй л дээ. Хоёрдугаарт 600 мянган хүн амын хоёрны нэгд тохирсон төлөвлөлттэй хотод бид амьдарч байна. Ийм нөхцөлд зайлшгүй арга хэмжээг цаг тухайд нь авч иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлагатай. Аюултай туршилт хийж болохгүй.

-Зам гүүрээ өргөтгөөд нэмээд баривал түгжрэл багасч хэрэг зөрчил буурах уу? 

-Гүүрэн зам барих нь түгжрэлээс гарах гарц биш. Явган хүний зам, дугуйн зам, нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл, таксины үйлчилгээгээ төгөлдөржүүлбэл энэ асуудал шийдэгдэнэ. Гэтэл 40 сая хүнтэй, 20 сая тээврийн хэрэгсэлтэй улсад авто машины түгжрэл гарахгүй байна. Учир нь тэр 20 сая тээврийн хэрэгсэлтэй улс оронд автомашины ашиглалт нь ердөө 15-20 орчим хувь л байдаг. Тэд автомашинаа өдөр тутам хэрэглэхгүй нийтийн тээврийн үйлчилгээгээ түлхүү ашигладаг. Мөн дугуйгаар явахыг эрхэмлэдэг. Тэгтэл манайд эсрэгээрээ бүгдээрээ унаагаараа явахыг илүүд үздэг. Манайд хувийн тээврийн үйлчилгээний ашиглалт нь 90 хувьтай байна. Арваас дээш жилийн насжилттай удаан явдаг, хүйтэн, муухай үнэртэй автобусанд хэн суухыг хүсэх юм бэ. Ийм байхад иргэд хувийн тав тухтай унаагаараа л зорчино. Хот төлөвлөлт ийм хэмжээнд хүрсэн юм чинь дагуул хотын асуудал гарч ирэх шаардлагатай. Нэгэнтээ ийм тулсан асуудалтай газар шавааралдаад ч яах билээ. Түгжрэлээс гарах маш олон гарц гаргалгаа бий. Аль нэгийг нь сонгож аваад л хийх л хэрэгтэй. 

-Та Тээврийн цагдаагийн байгууллагын бүтэц бүрэлдэхүүний талаар товч танилцуулаач? 

-Одоо манайх Замын цагдаагийн газар нэр, чиглэлээ өөрчилж үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж 2018 онд Тээврийн Цагдаагийн газар болсон. Аймаг, сум, нийслэл нийлээд 1100 гаруй ажилтан алба хаагчидтайгаар ажил үүргээ гүйцэтгэж байна. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий буюу зам дээр зогсож ажиллаж 570 орчим алба хаагчид ажиллаж байна. Тээврийн цагдаагийн газар болсноор манайд Нисэхийн тээвэрлэлт, Төмөр замын цагдаагийн газар манайд шууд харьяалагдах болсон.

-Хотын өнгө үзэмж талаасаа замын голоорх төмөр хаалтууд хонины хашаа шиг л харагдах юм. Ийм хашаа хаалтгүйгээр замын хөдөлгөөнийг зохицуулж болдоггүй юм уу? 

-Энэ нь хүмүүсийн хандлагатай холбоотой асуудал. Зам дээр хашлага бариагүй байхад явганаар замын хөдөлгөөнд оролцож буй иргэд өдөртөө 2-3 удаа осол гэмтэлд өртдөг байсан. Хайрцаглаж хамгаалсны үр дүнд явганаар замын хөдөлгөөнд оролцож буй иргэд тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэх амь насаа алдах нь өндөр хэмжээнд буурсан. Тэр хэдэн хайс хашаа маань гадаа байгаа нөхцөл байдлын улмаас хар халтар болчхоод байгаа болохоос энэ бол зөв арга. Механик аргаар л иргэдийн амь насыг хамгаалж байгаа арга хэрэгсэл шүү дээ.

-Хүүхдүүд сургуулийн ойр орчимд зам тээврийн осолд их өртдөг. Учир шалтгаан нь юу байна?

-Үүнд олон шалтгаан бий. Аюултай зам талбайгаас эхлээд олон хүчин зүйлс нөлөөлж байна. Аюултай тээврийн хэрэгсэл, аюултай сургууль, аюултай багш сурган хүмүүжүүлэгч, аюултай эцэг эхчүүд хүртэл байна шүү дээ. Нийслэл хотод дунд сургуулийн 300 орчим мянган сурагч гурван ээлжээр суралцаж байна. Тэднээс гарын 10 хуруунд багтахаар л сургуулиуд зам тээврийн аюулгүй байдлыг хангасан байдаг.

А.Мөнхжин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • sukhee (122.201.22.108)
    бид зөвөөр ойлгох хэрэгтэй манай улсад 900000 тээврийн хэрэгсэл байдаг бөгөөд нийслэлд 600000 мянга орчим нь 300000 хөдөлгөөнд оролцдог гэхээр түгжрэхгүй яаахавдээ
    2019 оны 05 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 12 цаг 33 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 17 цаг 48 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 18 цаг 4 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 18 цаг 47 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 18 цаг 57 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top