“Хүннү Эйр” компанийн “Embraer-190” агаарын шинэ хөлөг Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнөөдөр өглөө 9 цаг 20 минутад газардлаа.
Нийт 3000 гаруй км агаарын замыг туулж Монгол Улсдаа ирсэн агаарын хөлгийг ЗТЯ, ИНЕГ, МАК-ийн удирдлага, “Хүннү Эйр”ХХК-ийн хамт олон угтан авчээ.
Хүннү Эйр компани 2016 оноос эхлэн агаарын хөлгийн паркаа шат дараатай шинэчилж байгаа юм. “Embraer-190” маягийн агаарын хөлөг нь цаашид орж ирэх 4 агаарын хөлгийн эхнийх нь бөгөөд төлөвлөгөөний дагуу дараагийн онгоц нь 2020 онд Монгол улсад орж ирэх юм. Энэхүү агаарын хөлөг нь ижил төрлийн агаарын хөлгөөс түлшний зарцуулалт бага, найдвартай байдал, зорчигчдод илүү тав тухтай, хурдан зорчих боломжийг бүрдүүлсэн, байгаль орчинд ээлтэй аж. Шинэ агаарын хөлгийг ашигласнаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоод нислэгийн хугацааг багасгах, агаарын тээврийг хөгжүүлэх зорилгыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
“Embraer-190” агаарын хөлгийн хурд - 870 км/ц бөгөөд нэг нислэгээрээ 98 зорчигч тээвэрлэх, 4.537 км агаарын зам туулах үзүүлэлттэй тул бус нутгийн нислэгт нэн тохиромжтой аж.