Өнгөрөгч лхагва гаригийн Засгийн газрын хуралдааны дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эрдэнэт үйлдвэрээс 20 төрлийн 2.2 их наядын зөрчил илэрлээ” хэмээн мэдээлжээ. “Эрдэнэт” үйлдвэрийн 2016-2019 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын үр дүнг ийнхүү мэдээлсэн байна.
Тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сард Засгийн газар тогтоол гарган “Эрдэнэт” үйлдвэр дээр Онц дэглэм тогтоосны дараа Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Татварын ерөнхий газар, Монголбанкнаас хамтарсан ажлын хэсэг гарч “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Монголын зэс” корпораци ОХУ-ын Ростех корпорациас худалдаж авснаас хойшхи үйл ажиллагаанд нь шалгалт хийсэн байна.
Хоёр сар үргэлжилсэн шалгалтын үр дүнд “Эрдэнэт” үйлдвэрээс 20 төрлийн 2,2 их наяд төгрөгийн 39 зөрчил илэрсэн гэнэ. 2,2 их наяд гэдэг маань манай улсын ДНБ-ий бараг 15 орчим хувь... Том амьтан том л байдаг аж.
Гэхдээ нэг зүйлийг тодруулахад энэ бол хулгай биш шүү. Үйлдвэрийн эрхтэн дархтангууд, эсвэл 59, 41 хувийнхны аль нэг нь, эсвэл нийлж байгаад идээд уучихсан гэсэн үг биш. Зүгээр энэ мөнгийг захиран зарцуулсан байдал нь хууль болон дүрэм журам зөрчсөн үү? гэдэг л асуудал.
Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэртэй бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийж, 103 тэрбум төгрөгийн урьдчилгаа шилжүүлсэн нь “ашиг сонирхлын зөрчилтэй байна” гээд ажлын хэсэг дүгнэчихээр 103 тэрбум төгрөгийн зөрчил болчихож байгаа юм. 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар “Эрдэнэт” үйлдвэр дээрх компаниудаас 16,7 тэрбум төгрөгийн авлагатай гарсан байна. Дахиад энэ хэмжээний бүтээгдэхүүн нийлүүлэх дутуу байна гэсэн үг. Хэрэв энэ авлагыг тусад нь биччихвэл 103 биш, 120 тэрбум төгрөгийн зөрчил болчихож байгаа юм.
“Ашиг сонирхлын зөрчилтэй” гэдгийн хувьд Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь ХХБ-ны эзэн Т.Эрдэнэбилэгийнх, “Монголын зэс“ корпораци мөн адил тус банкнаас хамаарал бүхий гэж үзсэний үндсэн дээр тэгж дүгнэж байгаа хэрэг. Түүнээс биш Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс авсан ган бөмбөлгийн бэлдэц нь Хятадаас авч байсан ган бөмбөлгөөс үнэтэй, эсвэл чанар муутай байна, үйлдвэрийг ингэж хохироосон байна гэдэг асуудал яригдаагүй. Тэгээд ч одоохондоо Монголд Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс өөр ган бөмбөлөг үйлдвэрлэдэг газар байхгүй, ер нь төмөрлөгийн үйлдвэр ч байхгүй. Дээр нь нэмж хэлэхэд тухайн үед “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн 51 хувийг төр эзэмшиж байсан, ТУЗ-ийн есөн гишүүний зургаа нь төрөөс томилогддог байсан гээд болохоор “ашиг сонирхлын зөрчилтэй” гээд шууд гөрдөж бас болохгүй. “Монголын зэс” биш, “Эрдэнэт үйлдвэр” ХК гэрээ гэсэн үг шүү дээ.
Ингэхэд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллийнхээ эхэнд “2016 оны долдугаар сард (49 хувь “Монголын зэс”-эд очсоны дараа) үйлдвэрийн удирдлагын бүтцийг өөрчлөхдөө Компанийн тухай хууль зөрчсөн” гэсэн. Бүр тодорхой хэлбэл, компанийн Ерөнхий захирал нийгмийн асуудлаа, Тэргүүн дэд захирал хүний нөөцөө, Хуул эрх зүйн газрын дарга нь үйлдвэрлэл, хангамж гээд үлдсэн бараг бүх асуудлаа хариуцаж байсан нь нэг талын хувьцаа эзэмшигч болох 51 хувийн ашиг сонирхлыг алдагдуулсан, 49 хувийнхан бүх удирдлагыг хэрэгжүүлж байсан гэв.
Хэрэв тийм бол 51 хувийг төлөөлж ТУЗ-д сууж байсан төрийн төлөөлөгч зургаан эрхэм яг юу хийж, юу харж байсан бэ? гэдэг асуулт гарна. Ийм шийдвэрийг 49 хувийг төлөөлж байсан ТУЗ-ийн гурван гишүүний эрх мэдэл хүрэлцэх үү?
Гэх мэтчилэн ажлын хэсгийн шалгалтын дүгнэлтэд эргэлзээтэй олон зүйл байна аа. Анхааралтай харвал “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд шилжүүлж, 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болгосон Засгийн газрын шийдвэрийг зөвтгөхөд чиглэжээ гэж ойлгож болохоор байна. Нарийн ширийн нь хожим тодорхой болох биз.
Хаа очиж “Үйлдвэрийн удирдлагын багт өөрчлөлт оруулах шаардлагагүй, шалгалтын ажлын хэсэг ийм зорилго тавиагүй” гэсэн нь олзуурхууштай. Нэг талаас 49 хувийн хувьцаа эзэмшигчид, нөгөө талаас төрийн төлөөлөл гэсэн хоёр галын хайчин дунд үйлдвэрийг өдий зэрэгтэй авч явсан Х.Бадамсүрэн захирал суудалдаа үлдэхээр болсон байна гэж ойлголоо.
Үнэн хэрэгтээ үйлдвэрийн хэвийн ажиллагааг алдагдуулж болох (хэрвээ тэгсэн гэж үзвэл) хамгийн том хүчин зүйл нь 2016 оны сонгуулийн дараачаас эхлэн гурван жил үргэлжилсэн шүүхийн маргаан, УИХ, Засгийн газраас гаргасан удаа дараагийн хууль зөрчсөн (шүүхээр ялагдал хүлээсэн учраас ингэж дүгнэж байгаа юм шүү, 49 хувийг хамгаалсандаа ч биш) шийдвэрүүд. Энэ хугацаанд үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангаад зогсохгүй үр ашигтай ажиллуулж, улсын төсөвт хамгийн их татвар төлсөн үйлдвэрийн удирдлагад талархаад баршгүй.
Харин одоо “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн өмчид авч дүрэм журмыг нь шинэчилсэн (Засгийн газрын хуралдаанаар баталсан). Үйлдвэрийн удирдлагын багийг Засгийн газар өөрөө томилсон (49 хувийг төлөөлж байсан бүх захирлуудыг чөлөөлсөн), бас энэ хэвээр нь ажиллуулах боломжтой гэж үзэж байгаа бол үйлдвэр дээр тогтоосон Онц дэглэмээ цуцлах цаг болсон байна. Тэгээд нөгөө өмнө ярьж байсан “нээлттэй хувьцаат компани болгох” юм руугаа явбал ямар вэ, Л.Оюун-Эрдэнэ дарга аа?
Хэрэв тэгэхгүй бол “Эрдэнэт” үйлдвэр дахиад МАН-ын саалийн үнээ, сонгуулийн хэтэвч боллоо гэдэг хар сэрээс хэзээ ч салахгүй. Ц.Нямдорж сайд шиг хүүгээ явуулаад араас нь утас цохидог намчин, дээрэмчингүүдийн чинь жингийн цуваа тасрахгүй шүү, У.Хүрэлсүх сайд аа!
Үргэлжлэл бий
Б.СЭМҮҮН
Сэтгэгдэл (1)