Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Нямаатай ярилцлаа.
-Манай улсад хүн худалдаалах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн орчин ямар байна вэ?
-Хууль, эрх зүйн орчноос эхэлье. Хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үе үеийн Улсын их хурал, Засгийн газар анхаарч, олон улсын болон дотоодын холбогдох хууль тогтоомжийг баталж, хэрэгжүүлэх ажлыг идэвхтэй зохион байгуулсаар ирсэн. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг сайжруулах, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд 1990 онд НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцэд нэгдэн орсон.
2008 онд НҮБ-ын үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх конвенц, мөн Хүн худалдаалах ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай Палермогийн протоколыг соёрхон баталсан. Монгол Улс БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Тайвань болон Макаогийн засаг захиргааны тусгай бүстэй байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2017 онд байгуулсан “Хамтын ажиллагааны тухай ЦЕГ-ын ЭЦА, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхим хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”, мөн 2013 онд шинэчилсэн “Дорноговь аймгийн Цагдаагийн газар, БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” зэргээр нэгдэн орсон болон соёрхон баталсан олон улсын гэрээ конвенц, эрх зүйн баримт бичгүүдийг дагаж мөрддөг.
Дотоодод 2012 онд анх удаа “Хүн худалдаалахтай тэмцэх тухай” бие даасан хууль батлагдсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх хүрээнд гадаадад соёл урлаг, спортын уралдаан тэмцээнд оролцохоор явж байгаа хүүхдэд хяналт тавих тухай ХЗДХ-ийн Сайдын 2017 оны А/49 тоот тушаал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4.4.2-т “Хүүхэд эмэгтэйчүүд, иргэдийг хүн худалдаалах гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоохтой холбогдсон эрх зүйн орчныг боловсронгуй болгож, энэ чиглэлд бэхжүүлнэ” гэж заасан.
2017 оноос шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулинд хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэргүүдийг тусад нь зүйлчилсэн. Хүүхдийн эсрэг гэмт хэргийг тусад нь бүлэг болгож зохицуулсан. Засгийн газрын 2017 оны 148 дугаар тогтоолоор “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг батлан гаргаж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Мөн “Садар самуун явдалтай тэмцэх тухай”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” хуулиудад холбогдох заалт зохицуулалт тусгагдсан юм.
Ер нь хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр гадаад болон дотоод дахь эрх зүйн орчин зохих хэмжээнд бүрдсэн гэж үзэж байгаа. Гэсэн хэдий ч энэ төрлийн гэмт хэрэг таслан зогсоогдохгүй, далд хэлбэртэй оршсоор байгаа юм.
“Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Цагдаагийн байгууллагаас жил бүр илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж үр дүнг тооцдог. Хөтөлбөрийн хэрэгжилт, явц үр дүн, хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдалд АНУ-ын Төрийн департмент, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг олон улсын байгууллагуудаас жил бүр үнэлэлт, дүгнэлт өгч Засгийн газарт зөвлөмж хүргүүлдэг. Энэхүү зөвлөмжид тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх талаар ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, харьяа агентлагууд харилцан уялдаатай ажилладаг.
-Хүн худалдаалахтай холбоотой хэдэн гэмт хэрэг шалгагдаж байна вэ?
-Цагдаагийн байгууллагад одоогийн байдлаар хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн 10 гэмт хэрэгт 24 этгээд холбогдон шалгагдаж байна. Эдгээр хэрэгт 57 хохирогч эмэгтэй тогтоогдсоноос 20 нь насанд хүрээгүй хүүхэд байгаа юм. Энэ төрлийн гэмт хэргийн талаар ямар нэг гомдол гардаггүй, далд хэлбэрээр үйлдэгдэж зохион байгуулагддаг. Өмнө нь 2-5 удаагийн ял шийтгэл эдэлсэн, бүлэг зохион байгуулалттай этгээдүүд охид, эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, эмзэг байдлыг нь далимдуулж эрхшээлдээ оруулан түрээсийн байр, нийтийн орон сууц, зочид буудлын ерөө гэх мэт газар хорьж хүчээр биеийг үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлддэг байсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
-Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын шалтгаан нөхцөлийг нь судалж үзсэн үү?
-Гэмт хэрэгт өртөж хохирсон насанд хүрээгүй охидыг судлахад багад нь эцэг эх нь салсан, хойд эцэг эхтэй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, ямар нэг хүчирхийлэлд өртөж байсан, гэр орондоо байх сонирхолгүй, тэнэмэл амьдралтай, эцэг эхийн хараа хяналт сул зэрэг нөхцөл байдал харагдаж байна. Тиймээс хүний наймаа, бэлгийн мөлжлөгт хохирогч болгохгүйн тулд нэн тэргүүнд гэр бүлийн хүрээнд эцэг эхчүүд охидууддаа тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай.
Насанд хүрээгүй байгаа таны охин хэнтэй нийлж хаана юу хийж байна, яриа нь ямар чиг хандлагатай болж байна, гэртээ оройтож ирж байна уу, худлаа хэлж байна уу, бусдын хувцас эд зүйлийг өмсөж хэрэглэж байна уу, архи тамхи үнэртүүлж байгаа эсэхийг тогтмол анзаарч тэдэнтэй ярилцах, зөв бурууг ойлгуулах хэрэгтэй. Охин хүүхэд 23:00 цаг гэхэд орондоо орсон байхаар хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна.
Ер нь том болоод биеэ үнэлэгч болно гэж хүсдэг, мөрөөддөг нэг ч эмэгтэй энэ хорвоод байхгүй, дандаа нийгэм, эдийн засаг, ажилгүйдэл, ядуурал, архидалт, сэтгэл зүй болон бусад шалтгааны улмаас биеэ үнэлэх зам руу орж нэг мэдэхэд бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн хохирогч болчихсон байдаг. Охид эмэгтэйчүүд маань энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсноо өөрсдөө мэддэггүй, тиймээс цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах, гэмт этгээдүүдийн хууль бус үйлдлийг бодитоор, үнэн зөв шударгаар шийдвэрлүүлэхээс аль болох зайлсхийх хандлага ажиглагддаг.
Энэ харилцаа хандлага нь зарим үед оргон зайлах, урьд өгсөн мэдүүлгээсээ буцах, бусдын дарамт шахалтад орох зэргээр хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэх, хохирогчийн эрхийг хамгаалах ажилд хүндрэл бэрхшээл үүсгэдэг.
-Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, нийгэмшүүлэх чиглэлээр ямар бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна вэ?
-Хүн худалдаалах, бэлгийн мөлжлөг зэрэг гэмт хэрэгт өртөж хохирсон, ялангуяа насанд хүрээгүй хүүхдийг нийгэмшүүлэх талаар цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. Охидын биеийг үнэлүүлж бэлгийн мөлжлөгт өртүүлж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүд нь шүүхээр тохирох ял шийтгэлээ аваад явдаг. Ард нь сэтгэл зүй нь бүрэн засраагүй, үзэл бодол төлөвшөөгүй, боловсрол мэдлэггүй, мөнгө орлогогүй охидууд үлдээд дахиад хойд эцэг эх, бахь байдагтаа очдог.
Эргээд гэрээсээ дайжиж гудамжинд гарснаар өөр этгээдүүдэд олзлогдоод дахиад бэлгийн мөлжлөгт өртдөг. Мөн хулгайлах, дээрэмдэх, танхайрах гэх мэт өөр төрлийн гэмт хэрэгт холбогддог гэх мэт бодит эрсдэлүүд гарч байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй охидуудыг сэтгэл засал, хамгаалалт, эрх зүйн туслалцаа зөвлөгөө өгөх, мэргэжлийн чиг баримжаатай сургалтад хамруулах, улмаар ажлын байраар хангаж дахин гэмт хэрэгт өртөхгүй байх нөхцөл бололцоог Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар болон хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, туслалцаа үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон төрийн бус байгууллагууд хамтран хийж гүйцэтгэвэл үр дүнд хүрэхээр байна гэж би хардаг.
-Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдыг таньж нийгэмшүүлэх тал дээр ямар ажиллагаа явуулж байна вэ?
-Цагдаагийн байгууллагаас хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчтой ажиллах, таньж олох, нийгэмшүүлэх чиглэлээр туршлага судлахаар “Анбаунд Монгол” төрийн бус байгууллагатай хамтран АНУ-ын Техас мужийн прокурорын газрын Прокурор, шерифийн албаны мөрдөгч, өмгөөллийн ажилтныг урьж сургалт зохион байгууллаа. Сургалтад Нийслэл, дүүргийн Прокурорын газар, хилийн боомт бүхий аймгийн Цагдаагийн газруудаас алба хаагчдыг оролцуулж “Хохирогчийг таньж олох, илрүүлэх, хамтын ажиллагаа”-ны чиглэлээр мэдлэг, ур чадвар олгох үйл ажиллагаа явагдсан.
-Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид сэтгэл санааны дарамтад ордог шүү дээ. Үүний хохирлыг барагдуулах хуулийн ямар заалт байдаг вэ?
-“Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль”-ийн 15 дугаар зүйлд хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлын мөнгөн хэлбэрээр барагдуулна гэж заасан байгаа. Хуулийн энэ заалтыг хэрэгжүүлж хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт өртөж хохирсон иргэдэд учирсан сэтгэл санааны хохирлыг ямар хувь, хэмжээ, арга аргачлалаар тооцож мөнгөн хэлбэрээр олгохыг хууль, журмаар зохицуулж хэрэгжүүлэх шаардлага нэгэнт бий болсон байна.
Ийнхүү сэтгэл санааны хохирлыг мөнгөн хэлбэрт тооцож олгож эхэлбэл энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирсон иргэдийн эрхийг хамгаалах тал дээр томоохон алхам болно. Биед учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан баримтаар тогтоогдсон эмчилгээний зардлыг шүүхээр гэм буруутай этгээдээр төлүүлж байснаас биш, сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлсэн тохиолдол энэ төрлийн гэмт хэрэгт байдаггүй байна.
-Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд ямар хүндрэл гарч байна. Засаж залруулах зүйлс байна уу?
-2002 оны Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд “Бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулах, биеэ үнэлүүлэхийг зохион байгуулах” гэсэн зүйл анги байсныг 2017 оны эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаас хасаад Зөрчлийн хуулиар зохицуулах болсон. 2017 оноос өмнө уг зүйл ангиар саун массаж, караоке баар, зочид буудал, гудамж талбай олон нийтийн газарт биеэ үнэлэлт зохион байгуулж байсан этгээдүүдийг эрүүгийн хариуцлагад татаж, шүүхээр зохих ял шийтгэл оноох, гэмт үйлдлийг таслан зогсоох боломжтой байсан.
Одоо Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдах болсноос хойш сауны газарт массаж нэрийн дор биеэ үнэлж байгаа эмэгтэйд 50 нэгж буюу тавин мянган төгрөг, зохион байгуулсан этгээдэд 100 нэгж буюу зуун мянган төгрөгөөр торгож, зөрчлийн арга хэмжээ авахаас хэтрэхгүй болсноор уг хууль бус үйлдэл таслан зогсоогдохгүй хэмжээнд очсон. Үр дүнд нь биеэ үнэлэлт зохион байгуулж байгаа сауны массажны газар, торгуулийн арга хэмжээ авагдсан хүний тоо нэмэгдсэн.
Тиймээс 2002 оны эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйл ангийн агуулгыг найруулж, дахин гэмт хэрэгт тооцох шаардлагатайг эрхэм хууль тогтоогч нар анхааралдаа авах шаардлагатай болжээ.
Өдрийн сонин