x

Ж.Эрхэмбаатар: Мөнгө эргэлддэг салбарыг тэр чигт нь шүүхийн хяналтаас гаргачихлаа

Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбоотой энэ хуулийн үр дагаварын талаар хуульч Ж.Эрхэмбаатартай ярилцлаа. 

-Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ баталлаа. Энэ хуулийн гол өөрчлөлт нь 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалт гэж ойлгосон. Энэ заалтад УИХ-ын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй болж байгаа юм байна. Тэгэхээр Засгийн газрын ямар ямар шийдвэрүүд энд багтаж байна гэсэн үг вэ?  

-Захиргааны ерөнхий хуульд ямар өөрчлөлт оров, ямар сөрөг үр дагавар үүсч болох вэ гэдгийг хоёр үндсэн асуудал дээр төвлөрч харах ёстой. 

Нэгдүгээрт, Засгийн газар, яам, агентлагийн даргын тушаал, шийдвэрээс эхлээд багийн Засаг даргын шийдвэрүүд, захиргааны хэргийг шүүхийн хяналтаас гаргачихлаа. Өмч хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийг удирдахтай холбоотой даргын “дур зорго”-оор гаргах шийдвэрүүдээс эрхээ шүүхээр хамгаалуулах боломжгүй болж байна. 

Хоёрдугаарт, олон нийтийн анхааралд төдийлөн өртөхгүй байгаа, нэн тэргүүнд онцолж ярих ёстой нэг сөрөг үр дагавар нь Засгийн газрын гадагш чиглэсэн, иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашигт нөлөөлөх аливаа шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагад нийцүүлэх үүргээс өөрийгөө чөлөөлчихлөө. Захиргааны ерөнхий хуулиар захиргааны байгууллага, албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх, шийдвэр гаргахдаа баримтлах үйлчилгээний стандартыг тогтоож өгсөн буюу дарга дур зоргоороо шийдвэр гаргахаас хамгаалах тогтолцоог бий болгосон юм. 

Тодруулбал, аливаа гадагш чиглэсэн шийдвэр гаргахдаа тэрхүү шийдвэрийн үйлчлэлд эрх ашиг нь хөндөгдөх иргэд, ААН-үүдэд энэ талаар урьдчилан мэдэгдэх, тандалт судалгаа хийх, үр дагаврын үнэлгээ хийх, үүсэж болох эрсдлийг тооцох, сонсгох ажиллагааг заавал хийх үүргийг захиргааны байгууллагад хүлээлгэсэн.

Ингэж гэмээнэ аливаа шийдвэрийн сөрөг үр дагаврыг бууруулах, иргэд, ААН-ийн эрх ашгийг хохироохоос хамгаалах ёстой юм. Гэтэл 3.1.7-д өөрчлөлт оруулснаар дээр дурдсан дөрвөн бүлэг асуудлаар шийдвэр гаргахдаа энэ стандартыг баримтлахгүй болчихлоо. Дур зоргоороо, гэнэтийн, тооцоо судалгаагүй шийдвэрүүдийг захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гаргачихсан гэсэн үг.

Ийм хоёр сөрөг үр дагавар бий боллоо. 

-Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтөд “УИХ-аас гаргасан улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор...” гэж байгаа. Улс төрийн шийдвэр гэж яг юуг хэлээд байна вэ?

-Засгийн газрын бодлогын шийдвэр, улс төрийн шийдвэр Захиргааны хэргийн шүүхэд хянагддаггүй нь дэлхийн жишиг мөн. Гадагш чиглэсэн буюу иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хөнддөг шийдвэрүүд нь захиргааны хэргийн шүүхээр хянагдах ёстой. 

Тэгэхээр “улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан” гэх нэрийн доор огт улс төрийн бус иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг ямагт хөнддөг, эдийн засаг, баялгийн хуваарилалттай холбоотой төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлагатай холбоотой актуудыг шүүхийн хяналтаас гаргачихсан. 

Яаж ч тайлбарласан энэ гурван харилцаа улс төрийн шийдвэр гаргалт байж болохгүй. Их мөнгө эргэлддэг, улстөрчид ашиг сонирхлоо гүнзгий дүрсэн салбарын удирдлага огт хяналтгүй шийдвэр гаргах эрсдлийг бий болгочихлоо. 

Байгалийн нөөцийн удирдлага гэдэг бол маш ерөнхий нэр томьёо. Туул голын бургас ашиглах, загас жараахай, түгээмэл бус ашигт малтмалыг олборлох, газар эзэмшил, ашиглалттай холбоотой харилцаа ч үүнд хамаарна. 

Дэндүү өргөн салбарыг тэр дундаа эдийн засгийн ач холбогдолтой, их мөнгө эргэлддэг салбаруудыг тухайлж шүүхээр хянуулахгүй гэж байгаа нь ямар хүсэл сонирхолтой байгаа юм гэж хардах сэтгэл төрүүлж байгаа. 

-Зөвхөн Засгийн газар бус, түүний харьяа байгууллагын шийдвэр ч Захиргааны хэргийн шүүхээр хянагдахгүй гэж ойлгосон? 

-Хуулийн 3.1.7-д оруулсан өөрчлөлтийг "Засгийн газрын шийдвэрийг л хянахгүй" гэж тайлбарлаж байгаа ч тухайн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдолтой гарсан доод шатны агентлаг, яам, сайд, сумын Засаг даргын хүртэл гаргасан бүх шийдвэрийг нь хяналтаас гаргачихаж байгаа юм. Хяналтаас гаргахаас гадна захиргааны актад тавигдах шаардлагыг биелүүлэх үүрэггүй болгосон. Товчхондоо авилга, албан тушаалын гэмт хэрэг цэцэглэх үүрийг бий болгож байна. 

Засгийн газрын бүтцийн доод түвшний дарга нар ямар ч шийдвэр гаргасан түүнийгээ “Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилготой гаргасан” гэж тайлбарлан иргэн, хуулийн этгээдийн эрхийг хөндөх, хариуцлага хүлээхгүй байх болон үүний эсрэг иргэд ямар ч хамгаалалтгүй болж байна.

-Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуультай холбоотой маргаан 2005 онд Үндсэн хуулийн цэц дээр үүсэж байсан гэдэг. Энэ талаар тодруулахгүй юу? 

-2004 онд батлагдсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн үү, үгүй юу гэдэг асуудлыг Үндсэн хуулийн цэц дээр авч хэлэлцсэн. Тухайн үеийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд захиргааны хэргийн шүүх ямар хэргүүдийг хянах вэ гэдгийг тоочсон байсан.

Засгийн газрын тогтоол, яам, агентлагийн даргын тушаал ч гэдэг юм уу. Үүн дотор Засгийн газрын шийдвэр, тогтоолыг хянана гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн үү, үгүй юу гэдэг маргаан болсон. Цэц зөрчсөн байна гээд дүгнэчихсэн. Ингэснээр тухайн хуулийн тэр заалт хүчингүй болж байлаа. 

Одоо бидний яриад байгаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар Захиргааны шүүх ямар маргааныг хянан хэлэлцэх вэ гэдэг эрх зүйн орчныг шинээр бий болгосон. Энэ шинээр бий болгосон орчинтой холбоотойгоор одоогоор Үндсэн хууль зөрчсөн тухай хэн нэгэн мэдээлэл гаргаагүй байна. Засгийн газар өөрийгөө шүүхийн харьяаллаас гарах хуулийн төсөл санаачлан батлуулсан учраас энэ бол ашиг сонирхлын зөрчилтэй хууль

Өөрөөр хэлбэл, өмнө нь хүчингүй болгосон харилцааг агуулгаар нь сэргээсэн байна гэвэл хамаараад үйлчлээд явах ёстой. Гэтэл агуулгаар нь сэргээсэн тухай асуудал ч байхгүй. Бид ч гэсэн агуулгаар нь сэргээсэн гэж үзэхгүй байгаа. Тухайн хуулийн заалтад 2005 онд хийсэн дүгнэлтийг өнөөдөр буюу 2019 онд төсөөлүүлж тайлбарлаж, холбож ойлгоод байгааг зөвшөөрөхгүй байгаа юм. 

Дээр нь, захиргааны эрх зүйн шинжлэх ухаанаар дотогш чиглэсэн актыг Захиргааны шүүх хянахгүй гэдэг бол маргаангүй ойлголт. Гадагш чиглэсэн акт нь энгийн хууль тогтоомж зөрчсөн бол Захиргааны хэргийн шүүх, Үндсэн хууль зөрчсөн бол Үндсэн хуулийн цэц шийднэ. 

-Гэвч хууль санаачлагч буюу Засгийн газрын зүгээс хуульд өөрчлөлт оруулахгүй бол ажил явахгүй байна. Нэг шийдвэр гаргадаг гэтэл дуртай нэг нь шүүхдээд яваад байдаг гэх агуулгатай тайлбар хэлж байсан. Үнэхээр Засгийн газраас гаргасан шийдвэр, тогтоол бүртэй холбоотой маргаан үүсдэг юм уу? 

-Хууль тогтоомжийн тухай хуулийг баримтлан өргөн баригдаж байгаа аливаа хуулийн төсөлд “Ашиг сонирхлын зөрчлөөс аливаа хуулийн төсөл ангид байх” гэсэн шаардлага тавигддаг. Үүнийг хатуу баримтлах ёстой. Гэтэл Засгийн газар өөрөө өөрийгөө шүүхийн харьяаллаас гарах хуулийн төсөл санаачлан батлуулчихлаа. Тэгэхээр энэ бол ашиг сонирхлын зөрчилтэй хууль. 

Хоёрдугаарт, ажил явуулахгүй байна гэдэг тайлбарыг албан тушаалтнууд хэлж байсан. Үүнтэй холбоотой тоо баримт хэлье. Захиргааны хэргийн шүүхээр жилд 1,700-1,800 хэрэг шийдэгддэг. 

Үүнээс жишээ нь, 2017 оны статистикаар Засгийн газрын тогтоолтой холбоотой 21 тохиолдол шийдсэн байдаг. Жилд 1,700-1,800 хэрэг шийдэгддэгийн 21 нь л Засгийн газартай холбоотой гэсэн үг. Энэ нь газар, лиценз, хэм хэмжээний акт, олон нийтийн эрх ашгийг зөрчсөнтэй холбоотой маргаанууд байдаг. 

Уг нь Засгийн газрын өөрийнх нь зорилго бол ажил явуулах гэхээсээ илүүтэй иргэдийн эрх, ашиг сонирхлыг хангахуйц төрийн бодлого явуулах юм. Энэ бодлого хаа нэгэн газар зөрчигдөж байвал иргэдэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй байлгах үүрэгтэй. 
Ажил явуулах нэрийн дор энэ эрхийг хязгаарлаж, уландаа гишгэж огт болохгүй. 

Дээр нь өнөөдрийн зарим нэг албан тушаалтан “шүүх шүүх шиг байсан бол ийм хууль гарахгүй байх байсан" гээд байгаа. Гэхдээ Засгийн газар иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргаад, хуулиа баримталдаг бол тэдгээр шийдвэр Захиргааны хэргийн шүүх дээр бүдрэхгүй. 

Гэтэл Захиргааны хэргийн шүүх дээр авч хэлэлцэгдэж байгаа маргааны 65 хувь нь иргэд, ААН-ийн талд шийдэгдэж байгаа буюу засаг ялагдаж байгаа. 65 хувьд нь хууль зөрчсөн гэдгийг шүүх тогтоож байна гэсэн үг. Тэр ч утгаараа Захиргааны хэргийн шүүхэд Засгийн газар дуртай байх ямар ч үндэслэлгүй. 

2018 онд Захиргааны хэргийн шүүхэд татагдсан субъектүүдийн 90.8 хувь нь Засгийн газар, түүний бүтцийн байгууллагууд байгаа юм. Тэр 90.8 хувь нь татагдсан маргааныг шийдэхдээ 65 хувьд нь Засаг өөрөө ялагдаад байхаар энэ шүүхэд дургүй байх нь аргагүй л дээ. Гэхдээ энэ 65 хувийн цаана иргэн, аж ахуйн нэгжүүдийг хамгаалсан шийдвэр гараад байгаа. 

-Хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх явцад нэр бүхий гишүүдээс батлан хамгаалах, аюулгүй байдалтай холбогдолтой Засгийн газрын шийдвэрийг мөн шүүхээр хянуулахгүй байх агуулгатай санал гаргаж, дэмжлэг авсан? 

-Захиргааны актыг хоёр хувааж байгаа. Засгийн газраас гарч байгаа шийдвэрийн 49 хувь нь гадагш чиглэсэн акт байдаг бол 51 хувьд нь дотоод акт гаргадаг. Энэ дотоод акт нь бүхлээрээ шүүхийн хяналтад ордоггүй. Гадагш чиглэсэн акт нь иргэн, хуулийн этгээдийн эрхийг хөнддөг тул эрхээ хамгаалах бололцоог олгож, шүүхэд хандах эрх өгдөг.

Гадагш чиглэсэн акт дотор тодорхой хэдэн онцлог харилцааг шүүхийн хяналтаас гаргасан тохиолдол олон улсад байдаг. Тухайлбал, батлан хамгаалах, гадаад бодлого, цөмийн энергийн ашиглалт зэрэг онцгой тохиолдолд шүүхийн хяналтаар оруулдаггүй. 

Гэтэл улс төрийн шийдвэр гэдгийн цаана оруулаад, огт улс төрийн биш буюу байгалийн нөөцийн удирдлага, ашигт малтмал, төрийн өмчийн хувьчлалтай холбоотой асуудлаар Засгийн газар болон түүний харьяа агентлагуудын гаргасан шийдвэрийг шүүхийн хяналтаас гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзээд байна. 

Өнгөрсөн хугацаанд хамгийн хэл ам таталдаг, улстөрчдийн гар хөл гүнзгий хутгалдсан асуудал бол өмч хувьчлал байсан. Улстөрчид мэдээлэлд ойр, албан тушаалын давуу байдлаа ашиглан үнэгүй, эсвэл бүр хямдаар, яаж авсан тухай бид үргэлж ярьдаг. 
Гэтэл яг энийг сонирхож, бид үүнийг шүүхийн хяналтад оруулмааргүй байна гэдэг шийдвэр л гаргалаа шүү дээ. 

Хоёрдугаар асуудал нь ашигт малтмал. Өнөөдөр дуртай газраа лиценз олгочихсон, дархан цаазтай газар нутгийн хил залгуулаад лиценз олгуулаад, сайд нар олборлолт хийгээд явж байгаа тохиолдол олон. Ингэж лецинз олгохдоо мөн л "бид хуульд захирагдахгүй" гэж байна.

Одоо тэгэхээр лиценз олгосон уу, цуцалсан уу, ашиглалтын зөвшөөрөл өгсөн үү, хайгуулын зөвшөөрөл өгсөн үү гэдэг нь захиргааны актад тавигдах шаардлагыг хангахгүй байж болно, мөн гаргасан шийдвэрээ бид хэнд ч хянуулахгүй гэсэн хууль баталчихаад байна. 

Байгалийн нөөцийн удирдлагын цаана мөн л адилхан мөнгө явж байдаг. Заавал хяналтад байх ёстой, улстөрчид сүүдрээ тусгадаг энэ салбараа бүхлээр хуулийн үйлчлэл, шүүхийн хяналтаас гаргаж болохгүй. 

-Нэгэнт хуулийн өөрчлөлтийг баталчихлаа. Гэтэл хуулийн үйлчлэлээс гаргаж болохгүй гэж байна. Тэгэхээр одоо ямар арга зам байна вэ? 

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй гэсэн бичгийг УИХ-ын даргад ирүүлсэн байсан. Тэр бичгийг уншиж танилцахад сайн үндэслэл гаргаж тавьсан байна билээ. 

Ерөнхийлөгч дэмжихгүй гэдгээ мэдэгдсэний дараа тухайн зүйл заалт, хуульд өөрчлөлт ороогүй бол хориг тавьдаг практик бий. Тиймээс Ерөнхийлөгчийг хориг тавих болов уу гэж найдаж байна. Хориг тавих хугацаа нь одоо явж байгаа. 

Хэрэв хориг тавихгүй, эсвэл тавьсан хоригийг нь УИХ хүлээж авахгүй тохиолдолд хууль хүчин төгөлдөр болно. Ингээд Монгол Улсын баялаг үйлдвэрлэл, мөнгө эргэлддэг энэ салбар тэр чигтээ хуулийн үйлчлэл, шүүхийн хяналтаас гараад явчихна. 

-Ерөнхийлөгч хориг тавиад түүнийг УИХ хүлээж авахгүй бол яах вэ? ҮХЦ-д хандах нэг зам байна гэж харж байгаа. 

-Иргэний шүүхэд хандах эрхийг хязгаарласан, Засгийн газар өөртөө давуу байдал олж авсан, ашиг сонирхлын зөрчилтэй хууль баталсан.

Тиймээс бид ҮХЦ-д хандана. Мөн өөр нэг үндэслэл байгаа нь 38 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр УИХ-ын ирцийг бүрдүүлээд 20:18 гэсэн харьцаатайгаар буюу 20 гишүүн дэмжиж уг хуулийн өөрчлөлтийг баталсан. 

Үндсэн хуульд УИХ энгийн олонхоор буюу 50+1 хувь нь шийдвэр гаргадаг. Гэхдээ энэ ирц нь 76 гишүүнээс тооцогддог. Зарим сонгуулийн дараах үр дүнгээр хэсэг тойрог маргаантайгаас үүдэн бусад гишүүд нь түрүүлж тангаргаа өргөөд бүрэн эрх нь хэрэгжээд явсан тохиолдол байсан. Энэ тохиолдолд ч гэсэн 76-гаас ирцээ бүрдүүлж 39 гишүүнтэй хурал нь хүчин төгөлдөр болж, шийдвэр гаргаж байсан. 

Гэтэл 38 гишүүнтэй хурлын ирц бүрдүүлж, шийдвэр гаргасан нэг тохиолдол гарлаа. Ер нь сүүлийн үед ингэж яваад байгаа. Энэ нь Үндсэн хуульд заасан УИХ-ын ирцэд хүрэлгүйгээр шийдвэр гаргасан явдал юм. 

Ийм хоёр үндэслэлээр ҮХЦ-д хандана. 

Захиргааны ерөнхий хуулийг батлахыг дэмжсэн, татгалзсан гишүүд


Гэвч ҮХЦ энэ маргааныг хүлээж аваад нааштай шийднэ гэдэгт огт итгэхгүй байгаа. Яагаад гэвэл ҮХЦ-д хуульд заасан шаардлага хангаагүй хүмүүс томилогдсон. 

Энэ хууль хүчин төгөлдөр болчихвол дурын уурхайн үйл ажиллагааг зогсоож болох нь байна, дуртай газраа лиценз олгож болно, орон нутгийн иргэдэд мэдэгдэх шаардлагагүй боллоо. Нутгийн иргэдийн эрх ашиг хөндөгдөхөд хохироод л үлдэнэ. 

-Засгийн газар болон түүний харьяа яам, агентлагуудын гаргасан шийдвэр яагаад заавал шүүхийн хяналтад байх ёстой вэ гэдгийг илүү тодорхой болгохгүй юу?

-Нэгдүгээрт, түрүүн хэлсэнчлэн Захиргааны хэргийн шүүхээс иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хөндсөн, зөрчсөн байна гэдэг дүгнэлт хийж, хүчингүй болгож байгаа шийдвэр 65 хувийг нь эзэлж байна. Энэ бол маш өндөр тоо. Энэ нь эргээд Засгийн газар, яам, агентлагийн дарга нарын дур зоргоороо авирладаг, хууль мөрдөггүйг харуулж байгаа нэг том нотолгоо. 

Албан тушаалтаны хууль бус шийдвэрийн улмаас иргэн, хуулийн этгээдийг 2014-2018 оны хооронд 36 тэрбум төгрөгөөр хохироож, Засгийн газар төлчихөөд байна. Энэ ямар учиртай гэхээр, албан тушаалтнуудын гаргасан хууль бус үйлдэл, шийдвэрийн улмаас иргэн, хуулийн этгээдэд учруулсан хохирлын нөхөн төлбөр. Засгийн газар жилд дунджаар 7.3 тэрбум төгрөгийн хохирлыг бидэнд учруулдаг. 

Тэгэхээр нийтдээ 35 хувийн чанартай, жил бүр 7.3 тэрбум төгрөгийн хохирол учруулдаг ийм л төрийн үйлчилгээг татвар төлөгчдийн төлсөн мөнгөөр бид авч байна. Засгийн газрын гаргасан шийдвэр ийм чанаргүй, улстөрчдийн ёс зүй хамгийн доод түвшинд хүрсэн гэж дүгнэж байгаа энэ цаг үед баялагтай холбоотой шийдвэр гаргалт нь хуульд нийцэж, нийтийн эрх ашгийн төлөө гарна гэдэгт огт итгэхгүй байна. 

Өнгөрсөн хугацаанд УИХ-ын баталсан хэд хэдэн хуулиас жишээ авч ярья. Захиргааны ерөнхий хууль батлагдсанаар эрх мэдэл туйлын хяналтгүй байдал руу орчихоод байна

Нэгдүгээрт, УИХ-аас Эрүүгийн хуулийг батлахдаа 22.2  дахь заалтад байсан гэмт хэргийг хүчингүй болгосон. Энэ нь сайд, дарга нарын албан тушаалын нөлөөллөө ашиглаад өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон тохиолдолд хариуцлага хүлээлгэх заалт байсан юм. Энэ хэргийн улмаас эрүүгийн хариуцлага хүлээхээргүй болгосон. 

Хоёрдугаарт, Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр гартал гэдэг байдлаар хойшлуулаад мөрдөн шалгах ажиллагааны турш гомдол санал гаргаж, үндэслэлгүйгээр саатуулж байгаад ял завших бололцоо олгосон хууль баталсан. 

Гуравдугаарт, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг эрүүдэн шүүлттэй холбогдолтой мэт гаргаж яриад эцсийн дүндээ ҮАБЗ-ийн гурван гишүүн шийдвэр гаргавал ямар ч шүүгчийн ямар ч хамаагүй үндэслэлээр хугацаагүйгээр түдгэлзүүлэх боломжтой болсон. 

Энэ хуулийн өөрчлөлтийн үр нөлөө нь яаж гарсан гэхээр Ерөнхий шүүгчийг сольсон, прокурорын байгууллагын удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь сольсон, АТГ-ын дарга нарыг ч сольсон. Энэ бүхнээс харахад шударга бусын хонгил гэж улстөрчдийн хэлж заншсан мөрдөн шалгах, хяналт тавих, шүүж шийтгэх гэсэн гурван эрх мэдлийг хэдийнэ өөрсдөдөө шилжүүлээд авчихсан байна. 

Одоо ганц саад болж байгаа газар нь Захиргааны хэргийн шүүх. Өмч хувьчлал, ашигт малтмалтай холбоотой шийдвэр гаргалтаа хянуулмааргүй байна гэдэг хуулийг амжилттай баталчихлаа. 

Ингээд эрүүгийн, захиргааны хариуцлага хүлээхгүй, мөрдөн шалгадаг, хяналт тавьдаг, шүүдэг байгууллагуудыг бүгдийг нь хяналтдаа авчихсан. Энэ тохиолдолд эрх мэдэл туйлын хяналтгүй байдал руу орчихоод байна. ҮХЦ аль хэдийнэ хараат бус байх шинжээ алдсан. 

Үндсэн хуулийн үзэл санаагаар тусдаа, бие даасан, хараат бус байх ёстой шүүхийн засаглалаа хараат болгочихсон энэ тохиолдол хүний эрхийг ярих нь утгагүй болчихлоо. Албан тушаалтнуудад дур зоргоороо авирлах боломж олгосон хуулийн дэд бүтцийг угсарчихлаа.

Хамгийн сүүлийн саад тээг нь Захиргааны хэргийн шүүх байсан бол үүнийг сая устгачихсан. Энэ хуулийн үр дагавар асар ноцтойгоор гарна гэдэгт огт эргэлзэхгүй байна. Өмч хувьчлалыг хуулийн дагуу хийж байна гэсэн нэрийн дор өөрсдөө хуваагаад авчихвал хэн хариуцлага хүлээх вэ. 

-Засгийн газрын гаргасан шийдвэрийг Засгийн газар өөрөө, эсвэл УИХ хүчингүй болгох эрхтэй байдаг байх аа. Мөн Үндсэн хуулийн цэц?

-Үндсэн хуулийн цэц зөвхөн Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг л хянана. Бусад хууль зөрчсөн асуудлыг хянахгүй. Тэгээд ч Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнээд л болоо. Шүүх шиг захиргааны акт хууль бус байна гэж хүчингүй болгоод тухайн актаас үүдэлтэй хохирлыг нөхөн төл, эрхийг нь сэргээ гэх функц ҮХЦ-д байхгүй. Тийм учраас Захиргааны хэргийн шүүх зайлшгүй байх хэрэгтэй. 

Дээр нь энэ хуулийг 20 гишүүн баталлаа. Гэтэл Засгийн газрын 17 сайд нь УИХ-ын гишүүн байна. Сайд нар дээр нэмээд 3-4 гишүүний санал авахад л УИХ дээр Засгийн газар нь шийдвэр гаргаад, Засгийн газар дээр УИХ ч шийдвэр гаргах давхар дээлийн нөлөө харагдаж байна. 

Тэгэхээр УИХ, Засгийн газрын шийдвэрийг өөрчилнө гэдэгт итгэхгүй байна.

Захиргаагаа хянаж чадахгүй бол Захиргааны ерөнхий хуулиар яах юм, Засгийн газраа хянаж чадахгүй бол Захиргааны шүүхээр яах юм.

Нийт маргааны 90.8 хувь нь Засгийн газар болон түүний харьяа агентлагийн маргааныг авч хэлэлцдэг шүүх шүү дээ. Авч хэлэлцдэг маргааны 90.8 хувь нь байхгүй болчихоор хэнийг хянах юм.  

-Захиргааны ерөнхий хууль гэлтгүй ер нь сүүлийн үед батлагдсан хуулиудын талаарх иргэдийн мэдлэг хангалттай хэмжээнд биш байх шиг. Үүнд улстөрчдийн тайлбар, хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоо гээд олон зүйл нөлөөлөх байх? 

-Батлах гэж байгаа хуулиндаа өнгөлөн далдлалт хийдэг технологи яваад байна л даа. Жишээ нь, дээр дурьдсанчлан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлахын тулд эрүүдэн шүүлт гэдэг зүйлийг ярьсан. Эрүүдэн шүүлт угаас байж боломгүй зүйл. Гэхдээ ХЭҮК-ын тайланд байнга дурдагдаж байсныг огт хайхрахгүй явсаар сая гэнэт гаргаж ирсэн. 

Гэтэл эрүүдэн шүүлтээр халхавчлан бүх шүүхийн шүүгчдийн ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлдөг болгочихсон. Эрүүдэн шүүлтэд эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч нар холбоотой байж болно гэж бодоход Захиргаа, Иргэний хэргийн шүүхийн шүүгчид энэ асуудалд ямар хамаатай юм.

Өргөн барьсан хууль, түүнтэй холбоотой тайлбар, ирээдүйд хүрэх үр дүн нь хоорондоо огт авцалдахгүй байна. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу шүүгчдийг чөлөөлдөг болсноор эрүүдэн шүүлт огт зогсохгүй гэж бодож байна. Яагаад гэвэл эрүүдэн шүүлт явуулсантай холбоотой хариуцлага тооцох, урьдчилан сэргийлэх чиглэлд хууль эрх зүйн орчны боловсронгуй болгох ажил хийсэнгүй шүү дээ. Хэдэн даргыг солих асуудлыг л эрүүдэн шүүхтэй холбож тайлбарласан. 

Иргэд маш их мэдээлллийн давалгаан дундаас бодит мэдээлэл аваад, дүгнэлт хийж чадахгүй байна л даа. 

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн оны тавдугаар сард өргөн барьсан. Тэгэхэд 500 орчим хуульч гарын үсэг цуглуулж, эсэргүүцлээ илэрхийлж байсан. Форум зохион байгуулж, хэвлэл мэдээлэл, ард иргэдэд энэ хууль батлагдвал ийм үр дагавар үүсэх талаар танилцуулж байсан.

Харамсалтай нь янз бүрийн сенсаацад дарагдаад, магадгүй надад огт хамаагүй гэсэн идэвхгүй байр сууринаас хандсаар байгаад батлуулчихлаа. Энэ байдлыг ч бас улстөрчид маань мэддэг юм шиг байгаа юм. Нэг сенсаацыг нөгөөгөөр нь дараад явчихдаг.

Эх сурвалж: ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (66.181.161.81)
    Iim zaluuchuud n turd orohod yana.
    2019 оны 05 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 12 цаг 42 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 17 цаг 57 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 18 цаг 14 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 18 цаг 56 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 19 цаг 6 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top