Өнгөрөгч баасан гаригт Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран Монгол Улсын 2018 оны “ТОП 100” аж ахуйн нэгжийг нэрлэлээ. Энэ ёслолын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “өнгөрөгч онд Монгол Улсын ДНБ-ий өсөлт 8,6 хувьд хүрч, сүүлийн таван жилийн хамгийн дээд түвшинд” хүрснийг зарлав.
Топ 100 ААН-ийн борлуулалтын орлого өмнөх оноос таван их наядаар өсч, 30 их наяд хүрсэн нь ДНБ-ий 96 хувийг эзэлжээ. Дээрх 100 компанийн төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 29 хувиар өсч, 4.1 их наяд төгрөгт хүрсэн нь манай улсын татварын нийт орлогын 50 хувьтай тэнцсэн байна. Түүний дотор уул уурхай, түүнийг дагасан бүтээн байгуулалт, ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагаа өссөн дүнтэй гарчээ.
Ер нь топ 100-г эрэмбэлэхдээ Сангийн яам, татвар, гааль, нийгмийн даатгалын болон статистикийн байгууллага, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан статистик мэдээлэлд үндэслэн, ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үндсэн үзүүлэлтээр гаргадаг. “Эрдэнэт” үйлдвэр 17 дахь удаагаа жагсаалтыг тэргүүллээ. Жагсаалтын эхний аравт,
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ,
Эрдэнэс Тавантолгой ХК,
Оюутолгой ХХК,
Хаан банк,
Энержи ресурс ХХК
Монголын алт (МАК) ХХК
НИК ХХК
Худалдаа хөгжлийн банк,
Голомт банк,
Улаанбаатар төмөр зам ХНН багтсан байна.
Ёслолын үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Жил жилийн эрэмбэд жагсдаг топ 100 компани бол улсын татварын орлогын дийлэнхийг нуруундаа үүрдэг, Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч юм. Төр, засгаас эдийн засгийн хөгжлөө хурдасгая, төр хувийн хэвшлийн түншлэлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлье гэвэл топ компаниудаа дэмжихээс өөр аргагүй. Том компаниуд нь эргээд жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжээд, зах зээлээ хөгжүүлэх нь чухал. ТОП ААН-үүд нь татварынхаа суурийг бүрдүүлдэг бол жижиг дунд үйлдвэрлэгчид ажлын байраа хадгалж, нэмэгдүүлэх ёстой” гэсэн юм.
Сонирхуулахад, “Эрдэнэт” үйлдвэр 2017 онд 34.5 сая тонн, 2018 онд 36.6 сая тонн хүдэр олборлож, 2017 онд 31.4 сая тонн, 2018 онд 31.5 сая тонн хүдэр боловсруулжээ. Зэсийн металл авалт 2016 онд 87.5 хувь байсан бол 2017 онд 89.2 хувь, 2018 онд 89.5 хувьд хүрч, үйлдвэрлэлийн 40 жилийн түүхэнд түүхэн дээд амжилт тогтоосон байна. “Эрдэнэт үйлдвэр” ХК 2017 онд 580 тэрбум, 2018 онд 655 тэрбум төгрөгийг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна.
Хувьцаа эзэмшигчид 2017-2018 онд үйлдвэрт 151,1 сая ам долларын хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэлийн үндсэн цех дамжлагуудын техник, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг 10-20 хувиар дээшлүүлжээ. Геологи хайгуулын өрөмдлөгийн ажлын хэмжээг 2017 онд хоёр дахин, 2018 онд 3,2 дахин нэмэгдүүлснээр үйлдвэрийн насжилтыг наанадаж 60 жилээр уртасгаж, бүтээгдэхүүний нэг төгрөгт ногдох зардлыг 2016 онд 78,4 мөнгө, 2017 онд 66,4 мөнгө 2018 онд 65,5 мөнгөөр бууруулжээ.
Гэхдээ энэ бол тус үйлдвэр төр, хувийн хэвшлийн хамтарсан хувьцаат компани байх үед хүрсэн амжилт. Харин одоо бол үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” компаниас төрийн өмчид шилжүүлэн авч, 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болоод байгаа. Тиймээс төр өөрийн өмчийг хэрхэн зөв удирдан залах вэ, “төр хамгийн муу менежер” гэгддэг, эсвэл төрийн өмч гэхээр эзэнгүй юм шиг үздэг байсан өмнөх үе рүүгээ буцах уу, үгүй юу? гэдгийг ирэх жилийн энэ өдөр харах боломжтой.
Б.ЗАЯА