x

Д.Сарангэрэл: Далд байсан сүрьеэгийн халдвар, өвчлөл үзлэг шинжилгээгээр ил болсон нь энэ

МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн “Зочны цаг”-т УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцжээ. Түүний ярилцлагыг хүргэж байна.

-Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 38 сурагч, нэг багш халдварт сүрьеэ өвчнөөр өвчилсөн нь тогтоогдож, энэ асуудал олон нийтийн анхаарлыг татсан. Нийслэлийн бусад сургуулийн сурагч, багш нараас шинжилгээ авах уу?

-Таны асуултад хариулахын өмнө нийслэлийн 15 дугаар сургуультай холбоотой асуудлаар товч мэдээлэл өгье. Тус сургуулийн нэг багш, 38 сурагч сүрьеэгээр өвдсөнтэй холбоотойгоор нэлээд шуугиан бий болсон. Эцэг эхчүүд бухимдаж байна. Энэ нь зүйн хэрэг. Хүүхэд нь халдвар авсан, өвдсөн тохиолдолд хүн бүр эмзэглэх нь тодорхой. Тиймээс ХӨСҮТ-ийнхөн тухайн сургуульд ажиллаж, эцэг эх бүртэй уулзаж зөв ойлголт өгөхөөр ажиллаж байгаа. 15 дугаар сургуульд сүрьеэгийн өвчлөл илэрсэн нь ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба рентгэн аппарат, сорилын багаж хэрэгсэлтэйгээ сургууль дээр нь очиж, урьдчилан сэргийлэх үзлэг хийсний үр дүн. Тиймээс хоцорч мэдсэн, анзаарахгүй байснаас үүдсэн асуудал биш.

2016 онд “Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр” батлагдсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд сүрьеэтэй тэмцэх үйл ажиллагааны чиглэлүүд тодорхой болсон. Эрүүл мэндийн сайдын тушаал гарч ЕБС-иудад сүрьеэгийн чиглэлээр урьдчилан сэргийлэх үзлэг явуулж байгаа. Энэ хүрээнд 15 дугаар сургуульд урьдчилан сэргийлэх үзлэг хийгдэхэд 38 сурагч, нэг багш өвдөж, 200 гаруй хүүхэд халдвар авсан байсан. Сүрьеэгийн халдвар авсан хүүхдийн 10 хувь нь өвддөг. Халдвар авсан хүүхэд өвддөг шалтгааныг манай эмч мэргэжилтнүүд тайлбарласан. Мөн ДЭМБ-аас гишүүн орнууддаа зөвлөмж өгсөн. Сүрьеэгийн халдвар авсан тохиолдолд урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх хэрэгтэй. Тэр дундаа хүүхдийн дархлааны тогтолцоо төдийлөн сайн хөгжөөгүй байдаг учир зайлшгүй шаардлагатай. Халдвар авсан хүүхдэд урьдчилан сэргийлэх эмчилгээ хий гэсэн шинэ зөвлөмжийн дагуу ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба 15 дугаар сургуульд эмчилгээ хийж эхэлснээр эцэг эхчүүд, хүүхдүүд мэдэхгүй байсан далд асуудлыг гаргаж ирсэн. Цаашдаа сүрьеэгийн халдвар нэмэгдэнэ. ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба, сүрьеэгийн орон нутаг дахь диспансерууд үндэсний хэмжээнд эхний ээлжинд ЕБС-иудыг сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна. Өнөө өглөө (өчигдөр) Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ХӨСҮТ-өөс ЭМЯ-нд мэдээлэл өгсөн. Төв аймгийн Сүмбэр сумын 294 сурагчтай сургуульд урьдчилан сэргийлэх үзлэг хийж дууссан. Үзлэгээр зургаан хүүхэд өвдөж, 200 сурагч халдвар авсан гэж гарсан. Зургаан сурагчид эмчилгээ хийнэ, 200 хүүхдийг урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулна. Урьдчилан сэргийлэх үзлэгийн явцаас харахад сүрьеэгээр өвдсөн хүүхдийн тоо нэмэгдэхээр байна. Учир нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 798 ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон багш ажилтнуудын дунд сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэг явуулна.

ДЭМБ, ХӨСҮТ-ээс орон даяар тандалт судалгаа хийсэн. Энэ судалгаагаар жилд 4000 шинэ тохиолдол илэрч байна гэсэн тоо өөрчлөгдсөн. Жилд сүрьеэгийн халдварын 12 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Энэ нөхцөлд тандалт судалгаанд үндэслэн урьдчилан сэргийлэх үзлэгийг эхний ээлжид ЕБС-иудын дунд явуулах шаардлагатай гэж үзээд үндэсний хэмжээнд үйл ажиллагаа эхлүүлж, үр дүнд нь сүрьеэгийн халдварыг илрүүлж байна. Сүрьеэгийн халдвар гэнэт бий болсон зүйл биш. Олон жилийн турш ужгирсан, мэдэгдэхгүй явж байсан асуудал, нөхцөл байдлыг эрүүл мэндийн салбарынхан, ХӨСҮТ, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй диспансерууд илрүүлсэн гэсэн үг. Цаашдаа энэ ажил үргэлжилнэ.

-Эцэг эхчүүдийн санааг хамгийн их зовоож буй асуудал бол сүрьеэг эмчлэх эмийн элгэнд үзүүлэх хор хөнөөл. Өвдсөн хүүхдүүд өдөр бүр энэ эмийг ууна гэсэн зүйл яригдаж байгаа. Тиймээс эмчилгээний дараа гарах сөрөг үр дагаврыг яаж бууруулах вэ?

-Олон нийт мэдээлэлгүй учир эмзэглэх, янз бүрээр ойлгох асуудал бий. Тухайлбал, 15 дугаар сургуулийн халдвар авсан сурагчдад урьдчилсан сэргийлэх эмчилгээ хийхийн тулд эцэг эх бүртэй уулзаж, мэдээлэл өгсөн. Эцэг эхчүүд хүүхэд маань сургуулиасаа өвчилж, халдвар авсан байна гэж бухимдсан. Ингэж бухимдах нь зүйн хэрэг. Илрүүлээгүй тохиолдолд үүнээс айхтар үр дагавар бий болох нөхцөл байдал үүсч байсан. 15 дугаар сургууль 1700 гаруй сурагчтай. Хэрвээ урьдчилан сэргийлэх үзлэг хийгээгүй бол халдвар, өвчлөл бүр нэмэгдэх байсан. Сүрьеэгийн халдвар тээгч, халдвар авсан, өвчилсөн гэсэн гурван ойлголт байгаа.

Сүрьеэгийн урьдчилан сэргийлэх эм хортой, гаж нөлөө их, хүүхдийн элэг гэмтээдэг гэсэн мэдээлэл тарсан. ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийн өгсөн мэдээллээр урьдчилан сэргийлэх эмчилгээний эмийг 1950-иад оноос өнөөг хүртэл хэрэглэж байгаа. Энэ хугацаанд хүүхдийн элэг гэмтсэн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй. Санаа зовох асуудал байхгүй гэсэн.

-Сурагчдын сурах эрхийн асуудал хөндөгдөж эхэлсэн. Одоо тухайн сургуульд ариутгал, халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа. Хүүхдүүд хэзээнээс хичээлдээ орох вэ. Ахин шалгалт хийх үү?

-Урьдчилан сэргийлэх үзлэгийн явцад өвчлөл, халдвар илэрч буй тохиолдол бүрт ХӨСҮТ стандартынхаа дагуу ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа. Өөр нэг асуудал бий. Тодруулбал, 32 дугаар сургуулийн барилгыг буулгаад шинээр барих хүртэлх хугацаанд тус сургуулийн сурагчдын хичээл 15 дугаар сургуульд орсон. Анги дүүргэлт хэрээс хэтэрсэн. Зарим тохиолдолд дөрвөн ээлжээр хичээллэж байсан. Тиймээс 32 дугаар сургуульд урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд цөөн тооны өвчлөл, халдвар илэрсэн. ХӨСҮТ-ээс эмчилгээ хийж дууссан. Энэ тухай яагаад мэдээлэхгүй, ярихгүй байна вэ гэвэл халдварт өвчин тэр дундаа сүрьеэ, бэлгийн замын өвчний халдвар авсан хүн эмзэглэдэг. Яагаад вэ гэвэл манай улсад өвчтөнд хандах хандлага сөрөг учир сэжиглэх, ялгаварлан гадуурхах, ад шоо үзэх хандлагаас эмзэглээд өвчнөө нуудаг. Халдвар авсан хүнийг нэр ус, хаягтай нь зарлавал иргэд илрүүлэг, оношилгоонд хамрагдахгүй байх эрсдэлтэй. Тиймээс ХӨСҮТ сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвартай хүний нэр, ажлын хаяг, утасны дугаарыг огт мэдээлдэггүй. Тухайн өвчтөнд код олгож, кодын дагуу эмчилгээ хийдэг.

Эрүүл мэндийн салбарынхан нийгэмд бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэгийн халдварын талаар нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох, олон нийтэд зөв мэдээлэл өгч, зөв дадал хэвшил суулгах, зөв зан үйл төлөвшүүлэх чиглэлээр онцгойлон анхаарч ажиллаж байна. Бүх төрлийн өвчний талаар олон нийтэд мэдээлэл өгөх үйл ажиллагаа явуулж байгаа. Үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.

-Одоогийн нөхцөл байдал хатуу ч гэсэн бодит үнэнтэй нүүр тулчихлаа. Эхний ээлжинд ЭМЯ-наас сургууль, цэцэрлэгт ямар материаллаг дэмжлэг үзүүлэх вэ?

-Та хамгийн гол асуудлыг хөндөж байна. Сүрьеэ бол нийгмийн өвчин. Зөвхөн эрүүл мэндийн салбараас хамаарч байна гэхээсээ илүүтэй сургуулийн орчин, анги дүүргэлт, агааржуулалт, иргэдийн амьдралын түвшин, орлого, хоол тэжээл зэрэг маш олон зүйлтэй уялддаг.Дэлхийн дахинд сүрьеэгийн үндэс суурийг ядуурал, эдийн засгийн доройтол гэж хардаг. Засгийн газрын нэн тэргүүнд хийх гэж буй ажил бол хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, эхний ээлжинд сургуулиудыг хоёр ээлжээр хичээллүүлэх. Цаашдаа нэг ээлжээр хичээллүүлэх зорилт тавьж ажиллаж байгаа. Олон жил ужгирсан хийгдээгүй ажлыг 2017 оны аравдугаар сарын 25-нд бүрэлдэж дууссан Засгийн газар эхнээс нь хийгээд явж байна.

Өвчлөлд агаарын бохирдол шууд нөлөөлж байна. Мөн утаа, дотоод орчны бохирдол, дам тамхидалт зэрэг олон хүчин зүйл сүрьеэ, ханиад томуу, амьсгалын замын өвчлөлд нөлөөлж байгаа. Тиймээс салбар хоорондын хамтын ажиллагаа маш чухал. Эрүүл мэндийн салбар өөрөөс хамааралтай бүх л ажлыг хийж, хэрэгжүүлж байна. Тэр дундаа ХӨСҮТ орон даяар урьдчилсан үзлэг шинжилгээ хийснээр далд байсан сүрьеэгийн халдвар, өвчлөлийг ил болголоо. Үнэнтэй шударгаар нүүр тулж, элдэв галаас айлгүйгээр бодит байдлаа шууд ил гарган зарлаж, арга хэмжээ авах чиглэлд бид нар ажиллах ёстой. Би шантрах, надад ямар нэг байдлаар эрсдэл учрах вий гэдгээс огт болгоомжилж айхгүй байгаа. Ямар ч байсан сүрьеэгийн халдварыг илрүүлэх урьдчилсан сэргийлэх үзлэгийг орон даяар эхлүүллээ. Эхний үр дүн хэрхэн гарсан нь харагдаж байгаа. Цаашид ч орон даяар хийнэ.

-Манай улсад өвдсөн, халдвар авсны дараа эмчилгээ хийж байгаа гэж ажиглагддаг. Үзлэг оношилгоогоор олон тохиолдол илэрсэн учир “Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-т бодлогын өөрчлөлт орох уу?

-УИХ-ын чуулганаар 2020 оны Монгол Улсын нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлийг хэлэлцэж байна. Энэ үндсэн чиглэлд эрүүл мэндийн салбарын тухайд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, хүртээмж, урьдчилан сэргийлэх үзлэгийн чиглэлд гол бодлого, санхүүжилт чиглэж байгаа. Би чуулганы хуралдааны үеэр зарим мэдээллийг өгсөн. Томуу, томуу төст өвчний үеэр гал унтраах маягаар эмнэлгийн ор шилжүүлж, энэ тэндээс эм тариа гуйх маягаар асуудлыг шийддэг. ДЭМБ-аас улирлын томуугийн тархалтын үеэр хэрхэн ажиллах талаар зөвлөмж өгдөг. Тухайлбал, хүн амынхаа 40 хувийг томуугийн урьдчилан сэргийлэх вакцинд хамруулсан бол эрсдэлээс хамгаалах боломж бүрдэнэ. Гэтэл бид хүн амынхаа дөрөвхөн хувийг вакцинд хамруулдаг. Тэгвэл Сангийн яам 2020 оны улсын төсөвт 1.4 сая хүнээ улирлын томуугийн вакцинд хамруулах, өөрөөр хэлбэл 40 гаруй хувиа хамруулах санхүүжилт суулгасан.

Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх вакцин гэж байдаггүй. Дөнгөж төрсөн хүүхдэд 24 цагийн дотор сүрьеэ, В гепатит, халдварт саагийн вакцин хийдэг. Энэ нь сүрьеэгийн халдвар авсан өвчилсөн тохиолдолд үүсэх хүндрэл, эрүүл мэнд, амиараа хохирох эрсдэлээс хамгаалдаг. Сүрьеэгээс урьдчилан сэргийлэхийн тулд хүний дархлааны тогтолцоог дэмжиж, сайжруулах нь хамгийн чухал. Тиймээс иргэдэд дархлаагаа дэмжээрэй, дархлааны тогтолцоондоо онцгойлон анхаараарай ингэхийн тулд спортоор хичээллэж, амин дэм, витаминтай, тэжээллэг хоол хэрэглээрэй гэсэн уриалга хүргэж байгаа.

-Сурагчдаас сургууль дээр нь очоод урьдчилсан үзлэг шинжилгээ авчих юм байна. Тэгвэл насанд хүрсэн хүн бүр эрүүл мэндийн байгууллагад өөрсдөө очоод шинжилгээ өгөхөд нээлттэй юу?

-2018 оны аравдугаар сарын 1-нээс урьдчилан сэргийлэх үзлэгийг улсын хэмжээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байна. Үүнд бүх ерөнхий боловсролын сургуулийн багш нар багтаж байгаа. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжиж байгаа учир багш нар ямар ч төлбөр, мөнгө төлөхгүй урьдчилан сэргийлэх үзлэгт орох бүрэн боломжтой. Сургуулийн багш нар урьдчилан сэргийлэх үзлэгт орж, халдварт өвчтэй эсэхээ магадлуулж байж ажилд ордог. Гэтэл сүрьеэгээр өвдсөн, эмчилгээ хийлгэсэн багш 2015 онд орон нутгаас шилжин ирж, 15 дугаар сургуульд ажилд орсон байсан. Тухайн багш эмчилгээгээ тасалсан. Тиймээс орон нутгаасаа ялгаварлан гадуурхагдаж, шилжсэн байж магадгүй гэсэн дүгнэлт хийсэн.  Дараагаар нь нийслэлд орж ирээд шинжилгээний хуурамч бичиг баримт бүрдүүлж, дээрх сургуульд ажилд орсон. Халдварын тохиолдол тухайн багшийн дааж авсан анги, нөгөө ээлжийн ангид нь илүүтэй илэрсэн. Гэхдээ зөвхөн багш халдвар тараадаг гэсэн ойлголт өрөөсгөл. Сүрьеэгээр өвдсөн хүмүүс энд тэндгүй байгаа. Хаана ч хэн ч халдвар авч мэднэ. Дархлааны тогтолцоо, хоол тэжээл сайн байвал насан туршдаа өвдөхгүй байх боломжтой. ДЭМБ-аас хийсэн судалгаагаар халдвар авсан хүмүүсийн 90 хувь нь насан туршдаа өвддөггүй. Гэхдээ багш нар хүүхэдтэй харилцдаг учир хамгийн анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Сүрьеэгээр өвчилсөн, халдвар тээгч, халдварласан эсэхээ магадлуулсны дараа боловсролын салбарт ажиллах ёстой. Миний хувьд 15 дугаар сургуулийн асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл бол 2015 оноос энэ асуудал гарч эхлэхэд сургуулийн эмч, удирдлага ажиглаагүй, Сүрьеэгийн шинж тэмдгийг энгийн хүн ч мэдэх боломжтой. Зогсоо зайгүй ханиалгах, тууралт гарах, сульдах, шөнө хөлрөх, хоолны дуршил буурах, цэртэй ханиалгах зэрэг олон шинж тэмдэг илэрдэг.

Дээрх сургуулийн асуудал сүрьеэгийн асуудалд олон нийт анхаарах нөхцөл бололцоог үүсгэлээ. Өнгөрсөн 2018 онд дэлхий дахинд сүрьеэгийн маш олон тооны халдвар бүртгэгдсэн. Жилд 10 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.5 сая хүн нас бардаг. Тиймээс ДЭМБ, НҮБ энэ асуудалд онцгой анхаарч өнгөрсөн жилийн НҮБ-ийн Ерөнхий ассамблейн чуулганаар зөвхөн сүрьеэгийн асуудлыг авч хэлэлцсэн. Шинээр сэргэсэн энэ халдварт өвчнийг 2030 он гэхэд устгах зорилт тавьж ажиллахгүй бол дэлхий сүрьеэ өвчинд дарлуулах нь. Сүрьеэ зөвхөн аль нэг улс орны бус дэлхий нийтийн аюулт дайсан болсон. Дэлхий нийтээр хамтдаа энэ өвчинтэй тэмцэхгүй бол сүрьеэгийн эрсдэлтэй нас баралт, эндэгдэл нэмэгдэх нь гэсэн шийдвэр гаргасан. Тус хуралд манай улсаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх,  Эрүүл мэндийн сайд миний бие оролцсон. Засгийн газар энэ чиглэлд онцгойлон анхаарч урьдчилан сэргийлэх үзлэгийг эхлүүлсэн.

Эх сурвалж: mnb.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (43.242.243.154)
    Иш байж байгаа нүүр царайг нь... Удахгүй таалах төгсөх нэгэн шиг
    2019 оны 05 сарын 19 | Хариулах
  • Иргэн (43.242.243.154)
    ЭНЭ БАЛАЙ "АВ+ГАЙ" ХООСОН ХУЦАЖ БАЙНА... ШУНАЛААС ЦААШГҮЙ 60 тэрбумыг бүрдүүлэх даалгаварт барьцаалагдсан "АВ+ГАЙ".....
    2019 оны 05 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 12 цаг 13 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 17 цаг 27 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 17 цаг 44 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 18 цаг 27 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 18 цаг 37 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top