Академич Ц.Оюунсүрэн нь Монголын шинжлэх ухааны 4 дэх эмэгтэй академич юм. Академич Ц.Оюунсүрэнтэй генетикийн шинжлэх ухаан, монгол хүний үнэт зүйлсийн талаар ярилцжээ.
-Сүүлийн үед тахианы мах гормоны өөрчлөлтөд нөлөөлсөн талаар дэлхий нийтээр ярьж байна. Бид юунаас нь айж сэргийлэх ёстой вэ?
-Үйлдвэрлэгчид тахиагаа таргалуулах, махны гарцыг нэмэгдүүлэхийн тулд гормон тарьдаг нь нууц биш. Ганц Хятад гэлтгүй олон оронд тахианы аж ахуйдаа өсөлтийн гормоныг өргөнөөн тарьж ашигладаг. Тахианы томуу элдэв өвчин гаргуулахгүйн тулд урьдчилан сэргийлж олон төрлийн эмийн бодис хэрэглэж байна. Мэдээж ингэж бордсон тахиа хүний биед урт хугацаанд янз бүрийн өөрчлөлт өгч болно.
Өнөөдөр манайд тахианы маханд өсөлтийн гормоны үлдэгдэлтэй эсэхийг судалж шинжлэхгүйгээр л оруулж ирж байна.
Тийм учраас гаднаас оруулж ирж байгаа бүтээгдэхүүнээ монголчууд өөрсдөө аюулгүй байдлын үүднээс шинжилж, шаардлагатай бол эрсдлийн үнэлгээг бүрэн хийдэг болох ёстой. Ер нь дан ганц Хятадаас оруулж ирдэг ногоо гэлтгүйгээр импортын хүнсний бараа бүтээгдхүүнийг өөрсдөө шинжилдэг болчихвол ард иргэд хэрэглэж байгаа зүйлдээ эргэлзэхгүй, аюулгүй хүнс хэрэглэх болно. Гэхдээ нөгөө талаас тэр боломж хөрөнгө зардал, тоног төхөөрөмжөөс шалтгаалан хараахан бүрдэж чадахгүй л байна.
-Тахианд тарьсан өсөлтийн гормон идэж хэрэглэж байгаа хүний хүйсийн чиг хандлагад нөлөөлөх боломжтой юу?
-Өсөлтийн гормон тарьсан тахианы мах идэхээр хүний гормонд өөрчлөлт орно гэж байхгүй л дээ. Харин тахианы махны тэрхүү гормон хүний бодисын солилцоонд нөлөөлж болох юм.
Хүйсийн чиг баримжаад нөлөөлдөг гэдэгтэй харин санал нийлэхгүй. Би биологич хүний хувьд хүйсийн чиг баримжааны өөрчлөлтийг дэмжээд байдаггүй. Аливаа зүйл организмын үр төлөө үлдээх гэдэг нь тухайн зүйлийн оршин тогтнох байгалийн зүй тогтлын процесс шүү дээ. Энэ нарийн зүй тогтол алдагдвал устаж үгүй болоход хүрнэ.
-Сүүлийн үед импортоор орж ирсэн хүнсний ногоог генетикийн өөрчлөлттэй гээд хориг тавих талаар ч ярьж байна. Энэ тал дээр генетикч хүний үгийг сонсмоор байна…?
-Яг энэ чиглэлээр манай лабораторид судалгаа хийгдэж байна.Хэдэн жилийн өмнө манай ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лабораторийг түшиглээд БОАЖ-ын яам генийн өөрчлөлт буюу хувиргасан амьд организмыг тодорхойлох лаборатори байгуулагдсан. Хил гаалиар орж ирсэн ургамал, хүнсний дэлгүүрээр зарагддаг ногоо, жимс, лаазласан бүтээгдэхүүнд шинжилгээ, судалгаа хийж үзлээ. Үнэндээ иргэдийн дунд яригддаг шиг сэтгэл түгшээм зүйл судалгаагаар илрээгүй. Дундажаар 100 бүтээгдэхүүн шинжлэхэд 1 нь ямар нэгэн генийн өөрчлөлттэй гарах жишээтэй.
Уг нь Монгол Улс 2007 онд “Хувиргасан амьд организмын тухай хууль”-ийг баталж, Картогены протокол 2000 онд батлагдаж уг протоколд нэгдэн орсон. Энэ протокол нь хувиргасан амьд организм гаргаж авсан бол түүнийг мэдээлэх, хаяг шошгожуулах, бие махбодь, эрүүл мэнд, байгаль орчинд, аюулгүй эсэхэд магадлагаа, эрсдэлийн үнэлгээ хийхийг зохицуулсан баримт бичиг юм. Харамсалтай нь ихэвчлэн үүнийг мөрдөхгүй, генийн өөрчлөлттэй эсэхийг мэдээлэхгүй, тодорхойлохгүй оруулж ирээд байна.
Ер нь манайхан генийн инженерчлэл гэдэг тал дээр төдийлэн ойлголт тааруу. Бараг л хамгийн аюултай зүйл шиг ойлгодог. Мэдэхгүй учраас айгаад байгаа хэрэг. Судлаач хүний хувьд хэлэхэд генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний давуу тал маш олон гэж хэлмээр байна
-Яагаад генийн өөрчлөлттэй бүхэн муу биш гэж…?
-Генийн өөрчлөлттэй бүхнийг буруутгаад муулаад байж болохгүй. Бидний 20-30-аад жил хэрэглэчихсэн зүйлүүд дунд ч генийн өөрчлөлттэй зүйл зөндөө. Жишээ нь эм тарианы ихэнх нь генийн өөрчлөлттэй. Генийг шилжүүлэн суулгаж байж тэрхүү эм тариаг гаргаж авдаг. Анх чихрийн шижинтэй хүнд тарьж хэрэглэдэг инсулин гэдэг бодисыг гахайны нойр булчирхайнаас ялгаж авдаг байсан юм. Мэдээж инсулин гаргаж авахын тулд олон тооны гахай нядлахаас өөр аргагүй. Гэтэл гахайн юм болохоор зарим хүнд харшил үүсгэдэг байв. Ийм учраас хүний инсулины генийг бактерид шилжүүлэн суулгаж тэр бактер нь хүний инсулиныг нийлэгжүүлж улмаар түүнээс хүний инсулиныг ялгаж авдаг болсон.
Мэдээж энэ нь хүний инсулин учраас хүнд харшлахгүй. Генийн инженерчлэлийн ашиг тус гэж энэ.
Хоол хүнсийг орлуулаад байж болох л юм. Харин эм тариаг генийн өөрчлөлттэй гээд ад үзээд хил гаалиар оруулахыг хориглочихвол хүн малын төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг вакцинууд бас чихрийн шижинтэй хүмүүст хэрэглэдэг инсулин зэрэг эм бэлдмэл орж ирэхгүй болно.
Тэгвэл энэ олон чихрийн шижинтэй хүмүүсээ яах билээ гэдэг асуудал үүснэ, олон хүн, хүүхэд хохирох болно.
-Генийн инженерчлэлийн энэ ашиг тусыг бүх нийтийн хэрэгцээнд ашиглаж болох уу?
-Болно, хэрэглэж ч байгаа. Жишээ нь олон төрлийн эм тариа, вакцинаас гадна хоол хүнсэнд ашиглаж болно. Тухайлбал Тайландад алтан будаа гэж бий. А витамины нийлэгжилд оролцдог генийг цагаан будаанд шилжүүлэн суулгаж шаргал өнгөтэй А витамины агууламжтай будаа бий болгосон. Энэ будааг хэрэглэсний дараа Тайландад нүдний харалган өвчин эрс багассан. Бүр 80 хувиар багассан гэсэн судалгаа байдаг.
-Тэгвэл Хятадаас орж ирж байгаа хүнсний ногооны хувь ямар аюул заналхийлэл учруулах вэ?
-Хятадаас оруулж ирж байгаа хүнсий ногоонд генийн өөрчлөлттэй гэдгээс өөр айх зүйл олон бий. Жишээ нь олон жил ногоо тарьсан учраас хөрс нь үржил шимгүй болчихсон. Мэдээж үржил шимгүй газраасаа ургац авахын тулд хэт их борддог. Тухайлбал төрөл бүрийн хими, биологийн бордоо хэрэглэж байна. Зарим газрын хөрс нь афлотоксин гэдэг хавдар үүсгэгч бодис ялгаруулдаг мөөгөнцөрөөр бохирдсон байдаг. Мэдээж тийм хөрсөнд ургасан ногоог хүн идвэл өвдөх, хавдар тусах магадлалтай.
-Генетикийн шинжлэх ухааныг та Монголд аль чиглэлээр хөгжүүлвэл ашиг тустай вэ?
-Манай эрдэмтэд Монголын амьд байгалийн бүхий л бүрэлдэхүүний генетик онцлог, нөөц, олон янз байдал зэргийг судлаж байна. Үүний зэрэгцээ орчин үеийн молекул генетикийн, молекул биологийн судалгааг эрчимжүүлэх ёстой.
Тухайлбал манайд хүн, амьтны эс хадгалах, эсийн банк хийх боломж бий. Одоо ч бид судалгаандаа олон улсад ашигладаг 20 гаруй төрлийн эсийг ургуулж туршилт судалгаа хийдэг.
Манай улс хүн ам цөөтэй, эрхтэн солиулах дээрээ тулахад донорын олдоц тааруу. Нөгөө талаасаа хүн хүний генетикийн онцлог өөр учраас солиулах эрхтэн нь таарахгүй тохиолдол ч зөндөө. Тиймээс тухайн хүний өөрийнх нь эсээс хэрэгцээт эд эрхтнийг бүтээх ажлыг эхлүүлбэл буянтай үйлс болно доо. Уг нь ёс зүйн зөвшөөрлийг аваад эхлүүлэх ёстой ажил л даа.
-Эхлүүлэх гэхээр технологи тал дээр хэр бол?
-Боломж нь, боловсон хүчин нь байна. Энэ бол тоног төхөөрөмж, эрчим хүчийн найдвартай эх үүсгүүр гэх мэт зардал ихтэй, хариуцлага өндөртэй ажил. Үүнийг бүрэн шийдэх ёстой. Одоо гэхэд манай хүрээлэнд тог тасарчихаад хэдэн эсээ арчлах гэж сандардаг үе зөндөө бий.
Гэхдээ бидний сэтгэлд багтаад эхний туршилтуудыг эхлэчихлээ. Би Хятадын Сычуанд болсон нэг нэгэн хурлын үеэр тэдний эрдэмтэдтэй уулзсан. Тэр үеэр “Танайхан манай панда шиг үр хөврөл, эс ургуулах аргаар нэн ховордсон мазаалайгийн тоо толгойг өсгөж болно шүү дээ” гэж хэлж байсан. Ер нь болохгүй зүйл биш л дээ.
Харамсалтай нь шинжлэх ухаанд мөнгө хөрөнгө төдийлэн мөнгө зарахгүй байна. Энэ мэтээр ирээдүйд генетикийн шинжлэх ухаан төсөөлөөгүй ч их хурдаар хөгжинө. Жишээ нь чи үүдэл эсээ хасах 273 градусын хүйтэнд хөлдөөлгөчихөж болно. Тэгвэл тэр эсээс эд эрхтэн, чамайг ч хувилгах боломжтой. Энэ мэтээр хязгааргүй боломжууд байх боловч бүх зүйл хэмжээ хязгаартай. Тоо томшгүй олон хүн, амьтан энэ дэлхий дээр амьдрахад бэрх, тийм боломж ч байхгүй. Тийм учраас шинжлэх ухаан хурдацтай хөгжих ч түүнийг тодорхой хязгаарын хүрээнд ашиглах болов уу даа. Шинжлэх ухааны танин мэдэхүйд хязгаар гэж үгүй шүү дээ.
-Генетикч хүнээс асуухгүй өнгөрч болохгүй зүйл байна. Бид сүүлийн үед сайн муу бүх зүйлээ, үнэт зүйлээ хүртэл цус, гентэйгээ холбож тайлбарлах болсон. Энэ хэр үнэний хувьтай вэ?
-Монгол хүний цус гэж тусдаа зүйл байгаа юм шигээр ярьдагтай би санал нийлдэггүй. Ерөөс монгол цус, ген гэж байхгүй. Хүний ген гэж бий. Судлаад үзвэл цэвэр үндэстний гентэй улс үндэстэн гэж хаана ч байхгүй. Хэт ингэж туйлширах нь бусдаас өөрсдийгөө тусгаарлаж байгаа хэрэг. Үүний цаана өөрсдийгөө дөвийлгөсөн хандлага байна. Бусдаас илүү зүйл байгаа тэр маань олон зуун жилийн улбаатай нүүдэлчин ахуйн нөлөө юм.
-Монголчууд хүүхдээ өрх тусгаарлахад ханилах хүнийх нь удам судрыг хардаг. Энэ бас л генийг нь харж байна гэсэн үг. Тийм үү?
-Хэрвээ тухайн хүн генетикийн үүднээс удамшлын, сэтгэцийн өвчинтэй бол мэдээж генээр дамжина. Монголчууд үүнийг мэддэг байсан учраас удам судрыг харж гэрлүүлж иржээ. Харин тухайн хүний болон гэр бүлийн ёс суртахуун нь гэрийн суурь хүмүүжилтэй л холбоотой.
Тэднийх сайхан амьдралтай, удмаараа сайхан хүмүүс, харилцаа сайтай, бие биенийгээ хүндэтгэдэг, эрдэм мэдлэгтэй гэх мэт ярьдаг даа. Удмаараа зөв, сайн сайхан гэж яригдана гэдэг хэдэн үеэрээ хүмүүжилтэй, мэдлэг боловсролыг дээдэлж ирсэн үнэт зүйлстэй гэр бүл гэсэн үг.
Манайханд сүүлийн үед аливаа зүйлд бусдыг буруутгаж байж тайвширдаг, сэтгэл ханамж авдаг хандлага бий болсон санагддаг. Монгол хүний ёс суртахуунгүй занг хүртэл цус руугаа чихэж буруутгадаг. Уг нь хүн эхлээд би яасан билээ гэдгээ бодож, бурууг бусдаас биш өөрөөсөө хайх, зөвийг өөрөөсөө эхлэх ёстой шүү дээ.
Сүүлийн үед аутизм гэж их ярих болов. Энэ бол удамшлын өвчин биш. Хүүхдийг хэвлийд байхаас нь анхаарахгүй, эцэг эх нь хүүхэдтэйгээ нялх багаас нь харьцахгүй, ярихгүй, ухаан санааг нь хөгжүүлэхгүй зэргээс голдуу үүдэлтэй.
-Монгол хүний үнэт зүйлийг та ёс суртахуун, хүмүүжил төлөвшилтэй холбон үзэж байна уу?
-Монгол хүн ямар байх вэ гэдэг нь цус эсвэл генээс илүү ёс суртахуун, итгэл үнэмшил, үнэт зүйл түүнийгээ хайрлаж хамгаалах, үр удамдаа яаж үлдээх эсэхээс шалтгаалах зүйл юм.
Миний мэдэх танилын маань хүүхдүүд европт өссөн. Тэд өөрсдийгөө герман хүн гэж ярьдаг. Хэл, соёл, амьдарч байгаа орчин нөлөөлж хувь хүний эрхэмлэх зүйл өөрчлөгдсөн хэрэг, тэднийг буруутгах аргагүй. Харин эцэг эхчүүд хүүхдэдээ монгол соёл, үнэт зүйлсээ ойлгуулж, танин мэдүүлэх учиртай. Монгол хүний үнэт зүйл гэдэг нь биднийг нэгтгэж байгаа, монгол болгож байгаа газар нутаг, хэл, соёл, ёс заншил юм. Харин үүнд хүний цус, ген хамаагүй шүү дээ. Эсрэгээрээ Булганд фермерийн аж ахуй эрхэлж байгаа Канадын иргэнийг хар л даа. Хүүхдүүд нь монголоор ярьдаг, монгол ёс заншлыг дээдэлдэг гэр бүлийн тухай телевизийн нэвтрүүлэг үзсэн.
Зүгээр л би монгол хүн гэж цээжээ дэлдэхийн оронд монгол хүний үнэт зүйлээ эрхэмлэх ёстой. Нийгмээрээ шинэ залуу үеэ монгол хүн болж төлөвшүүлж хүмүүжүүлэх тал дээр анхаармаар байна.
-Тэгэхээр л монгол хүн болж төлөвших нь суурь хүмүүжлээс эхлэх нь ээ?
-Ёс зүй, ёс суртахуун гэдэг бол зөв буруугийн хэв хэмжээ. Үүнийг бүр багаас нь ойлгуулж байх ёстой. Үүнийг бид суурь хүмүүжил гэж ярьдаг. Байшингаар бол суурь нь учраас цаашид тухайн хүн сайн сайхан, зөв амьдрахад нөлөөлдөг.
Сүүлийн үед боловсрол эзэмшүүлнэ гэж ярих болж. Гэтэл ёс суртахуун муутай хүн боловсрол эзэмшинэ гэдэг хэцүү дээ. Ёс суртахуунтай байна гэдэг наад зах нь бусадтайгаа зөв сайхан харилцах чадвар юм. Эмээ маань их ухаантай хүн байжээ. Хүүхэд байхад “Миний хүү муухайгаас ч сайхныг олж харж сураарай” гэж хэлдэг байж билээ. Нээрээ л сайн сайхан санаад л, зөв сайныг бодож хийгээд, эмээгийн хэлдгээр муухайгаас ч сайхныг олж хараад явбал хүний амьдрал илүү хялбар юм уу даа.
Ерөөс ёс зүйн хэм хэмжээг мэддэг, хариуцлагатай, мэдлэг боловсролтой монгол хүн л Монгол орноо хөгжүүлнэ.
Иймээс бид энэ асуудлыг анхаарахгүй орхиж болохгүй. Монголчуудынхаа ёс суртахууны хүмүүжил боловсролыг дээшлүүлэх, хувь хүнийг төлөвшүүлэх, хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгуулах, нийгмийн баялаг, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, монгол хүний үнэ цэн гэж юу болох зэргийг ойлгуулмаар байна.
-Эрдэмтэн хүнээс судалгааных нь талаас асуухгүй өнгөрч болохгүй байх. Ямар судалгаа дээр сууж байна вэ?
-Бид дэлхийн түвшиний судалгаанаас хоцрохгүйн төлөө ажилладаг. 1989 онд дэлхий дахинд хепатитийн С вирусыг илрүүлсэн шүү дээ. Тухайн үед манай хүрээлэнгийнхэн Японы эрдэмтэдтэй хамтраад энэ вирусын судалгаа хийж эхэлсэн. Бид 3 жилийн дараа монгол хүнд хепатитийн С вирусын халдвар ихээхэн тархсныг бас тэр нь донорын цусаар халдварлаж байгааг тогтоож анхны бүтээлээ хэвлүүлсэн. Бараг 7-8 жил энэ чиглэлээр ажиллаж судалгааны ажил хийсэн.
Монгол хүнд тохиолдож буй элэгний хавдрын 90 гаруй хувь нь хепатитийн вирусын халдвартай холбоотой, түүнээс шалтгаантай. Монгол хүнд хепатитийн С вирусын элэгний хавдар үүсгэх тохиолдол өндөр байдаг бол хепатитийн В вирус дангаараа хавдар үүсгэх нь бага. Харин С вирустэй хавсарвал элэгний хавдар үүсгэх магадлал өндөр. Мөн хепатитийн В вирус Д буюу дельта вирустай хавсарвал элэгний хавдар үүсгэдэг гэдгийг бид тодорхойлсон. Энэ нь монгол хүн амын дунд халдварлан тархсан вирусын генетик онцлог буюу генотиптой холбоотойг тогтоосон. Жишээ нь хепатитийн С вирусын олон хэв шинж байдаг хэдий ч монгол хүн амын дунд хамгийн их хавдар үүсгэдэг хэв шинж нь тархсан. Тэр нь элэгний хавдар үүсгэдэг юм.
Бид судалгааны үр дүндээ тулгуурлаад “Монголын хүн амын дунд тархсан хепатитийн зарим вирусын молекул генетик онцлог” гэдэг ном 2011 онд бичсэн. Одоо бид элэгний хавдрын судалгаан дээр ажиллаж байна. Хепатитийн вирусээс улбаатай элэгний хавдар голдуу байгаа нь нэгэнт тогтоогдсон. Одоо монгол хүнд элэгний хавдар үүсэх генетик шалтгаан, шинж чанарыг судалж байна.
-Монгол хүний генетикээс шалтгаалдаг гэдгийг онцолж ярихгүй юу?
-Ганц монгол хүний ч биш л дээ, ер нь хүний генетикээс шалтгаалж хавдар үүсч болно. Жишээ нь та бид 2 хоёулаа хепатитийн С вирусын халдвар авсан ч нэг нь хавдар болохгүй эдгэчихдэг. Гэтэл нөгөө нь цаашаа хүндрээд элэгний хавдартай болчихдог. Энэ нь хувь хүний генетик хүчин зүйлтэй ихээхэн холбоотой. Вирусын халдварын улмаас хүний ямар ген нь яаж мутацид орж хавдар үүсгэдэг талаар сүүлийн жилүүдэд судалж байна. Энэ чиглэлээр Улсын томоохон эмнэлэгүүдтэй хамтарч ажилладаг.
-Элэгний хавдрыг эрт, бага үед нь илрүүлэх оношлуурыг танай хүрээлэнгийнхэн хийсэн гэж сонссон. Хэзээ хэрэглэгдэж эхлэх вэ?
-Манай лаборатори элэгний эс дөнгөж эрчимтэй хуваагдаж хавдар үүсэж эхэлж байгаа үед цусанд нь тодорхойлдог оношлуур хийсэн. Энэ оношлуурыг ашиглаад элэгний хавдрыг эход харагдахаас нь өмнө илрүүлж болно. Бас үүнийг ашиглаад ургийн гажгийг ч илрүүлж тодорхойлж болох юм. Түүнийгээ оношлогоонд хэрэглэхийн тулд патентийн эрх авах ёстой. Ингээд Оюуны өмчийн газар материалаа өгөөд хоёр жил болж байна, сураггүй, очер дугаар ихтэй л гэх юм билээ. Уг нь патент авчихвал бид дэргэдээ гарааны компани байгуулаад оношлуураа ихээр үйлдвэрлээд эмнэлэгүүдийг хангаад байх боломж бүрэн байна.
-Та цөөн хэдэн эмэгтэй академичдын нэг. Монголын шинжлэх ухаан дэлхийд танигдахад хэр ойр байгаа гэж та боддог вэ?
-Ер нь Монголын шинжлэх ухаан гэж байхгүй, дэлхийн шинжлэх ухаан л гэж бий. Бид бүтээлээрээ тэр болгон танигдаж чадахгүй, дутуу байна гэж боддог. Энэ нь олон шалтгаантай. Хүний генетикийн, ДНХ-ийн бүтцийг нээж биологи, анагаах ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан учир 1962 онд Нобелийн шагнал хүртсэн Америкийн эрдэмтэн Жеймс Уотсон гуайтай 1990-ээд онд нэгэн хурлын үеэр уулзсанаа мартдаггүй. Тэр хүн надтай уулзаад Монгол улсад генетикийн судалгаа хийдэг юм уу, ген, ДНХ-г бас мэддэг байх нь, та нарыг морь унаад хээр давхиж явдаг гэж бодсон гээд монголын генетикчтэй уулзсандаа олзуурхаж байна гэж билээ.
Намайг дагуулаад та нар энэ монгол хүнийг хараарай, тэд орчин үеийн генетикийн түвшний судалгаа хийж байна гээд бусад хүмүүст танилцуулсан юм. Бид 2-ын хамтдаа авахуулсан зургийг би номондоо оруулсан. Өөрийгөө магтаж байгаа юм биш шүү. Монголын шинжлэх ухаан дэлхийн түвшнээс хоцроогүй яваа. Бид дэлхийтэй ижил түвшинд судалгаа хийхийг хичээж зарим судалгаа хийж байна.
Эх сурвалж: peak.mn