Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн МАН-ын гол хөзөр нь Ардчилсан намын бүтээн байгуулалтыг “харлуулах” зорилготой “биднийг өрөнд оруулж, өтөнд бариуллаа” гэх сэдэв байсан. Шинээр байгуулагдсан Засгийн газар, эрх баригчид амласандаа хүрэхийн тулд өнгөрсөн гурван жилд “өрийн асуудал”-д цэг тавих, бууруулах зэрэг шийдвэртэй ажлуудыг хийх учиртай байсан. Одоохондоо “өрийн дарамт” буурсан хэмээн ярьцгааж, энэ ойлголтыг нийтэд түгээхийг ихэд хичээж байна. Засгийн газраас гаргадаг элдэв тайлан мэдээ ч энэ чиглэлд хийгдэж байгаа юм. Энэ мэдээлэл хэр ортойг судалж үзвэл бодит байдал дээр өрийн дарамт буураагүй.
Өрийн удирдлагын тухай хуулийн “Засгийн газрын өрийг төгрөгөөр тооцож улирал тутам...Улсын нийт гадаад өрийн үлдэгдлийг ам.доллароор тооцож улирал тутам гаргах” гэсэн заалтын дагуу гаргасан өрийн статистик үзүүлэлтүүд:
Хүснэгт 1. Монгол улсын Засгийн газрын өр /тэрбум төгрөг/
Он |
2016 |
2018 |
зөрүү |
Улирал |
2 |
4 |
|
Засгийн газрын нийт өр (I+II) |
16,612.5 |
22,361.5 |
5 их наяд 749 тэрбум төгрөгөөр өссөн |
I. Засгийн газрын гадаад өр (А+Б+В) |
12,548.6 |
16,810.73 |
4 их наяд 262 тэрбумаар өссөн |
А. Зээл |
5,391.4 |
9,096.0 |
|
Б. Үнэт цаас |
4,241.5 |
7,714.8 |
|
В. Бусад |
2,915.6 |
|
|
II. Засгийн газрын дотоод өр (А+Б+В) |
4,064.0 |
2,712.5 |
1 их наяд 952 тэрбумаар багассан |
А. Зээл |
- |
- |
|
Б. Үнэт цаас |
3,145.0 |
2,112.5 |
|
В. Бусад |
919.0 |
600 |
|
ДНБ оны үнээр |
|
32,621.80 |
|
Эх сурвалж: Сангийн яам, Монгол банк
Засгийн газрын нийт өр 2016 оны 2 улиралд 16 их наяд 612 тэрбум төгрөг байсан бол 2018 оны 4 улиралд 22 их наяд 361 тэрбум төгрөг болж, даруй 5 их наяд 749 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Хүснэгт 2. Монгол улсын нийт өр/ сая ам.доллар/
|
6/30/2012 |
6/30/2013 |
6/30/2014 |
6/30/2015 |
6/30/2016 |
12/31/2018 |
Засгийн газар |
2,010 |
3,543 |
3,612 |
3,674 |
4,786 |
7,182 |
Төвбанк |
264 |
591 |
1,058 |
1,851 |
1,758 |
2,030 |
Хадгаламжийн байгууллага (Төв банкнаас бусад) |
779 |
1,296 |
1,551 |
2,241 |
2,216 |
2,220 |
Бусад салбарууд |
2,691 |
2,867 |
3,683 |
3,798 |
8,304 |
8,113 |
Шууд хөрөнгө оруулалт: Компани хоорондын зээллэг |
7,416 |
10,147 |
11,010 |
10,864 |
7,196 |
9,196 |
Нийт гадаад өр |
13,161 |
18,444 |
20,914 |
22,429 |
24,260 |
28,743 |
Эх сурвалж: Монгол банк
Монгол улсын нийт өр 2016 оны 6 сарын 30 өдөр 24 тэрбум 260 сая ам.доллар байснаа, 2018 оны 12 сарын 31 байдлаар 28 тэрбум 743 сая ам.долларт хүрч, бараг 4 тэрбум 483 сая ам.доллароор өсөөд байна.
Хүснэгт 3. Монгол улсын Засгийн газраас гаргасан гадаад бонд
Сү.Батболдын Засгийн газрын үед авсан 580 сая ам.долларын “Евро” бондыг “Хуралдай” бондоор, “Чингис” бондын эхний 500 сая ам.доллар болон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын Сангийн сайд байхдаа авсан “Дим сам” бондуудыг 2018 оны 01 дүгээр сард “Гэрэгэ” бондоор солиод байгаа. Харамсалтай нь гадаад бондуудын эргэн төлөлтийн хугацаа хаяанд иржээ.
Дээрх гурван үзүүлэлтийг хараад “өрийн дарамт” буурчихсан гэж хэн ч хэлж зүрхлэхгүй биз. Засгийн газрын “ам, ажлын зөрүү” ийм байна.
Эрх баригчид өр буурч байгаа хэмээн мэдээлсээр байна...
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үе үе мэдээлэл өгөхдөө, “...Монгол улсын Засгийн газрын өр ДНБ-ний (Дотоодын нийт бүтээгдэхүүн)-д эзлэх хувь буурч байгаа нь төсвийн сахилга бат сайжирсантай холбоотой” гэж сайрхаж харагддаг.
Сайдын мэдэгдэлтэй холбогдуулан шүүмжлэх зүйл олон байна. Тухайлбал, Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Хөгжүүлэх Сантай холбоотой асуудал ид өрнөж, түүнд нь эрх баригч хүчний эрхтэн дархтанууд олноороо орооцолдчихсон байхад “төсвийн сахилга бат, хариуцлага дээшилсэн” гэж дүгнэж хэрхэвч боломгүй. 2019 оны 5 сарын 7-ны өдөр Монгол улсын Ерөнхий Аудитор Д. Хүрэлбаатар телевизэд өгсөн ярилцлагадаа, “Санхүүгийн аудитын шалгалтын дүнгээр 2016 онд 196.6 тэрбум төгрөгийн зөрчил гарч байсан бол 2017 онд 1 их наяд 639.5 тэрбум төгрөг болж өссөн байна. Энэ дүн 2018 оны дүнгээр 619.0 тэрбум төгрөг байгаа.” гэж мэдэгдсэн. Наад зах нь төрийн байгууллагууд, яам, тамгын газрууд “Шилэн дансны тухай” хуулиа мөрдөхөө байснаар “татвар төлөгчдийн мөнгө”-өөр тансаглах байдал илт газар аваад байна. Гэхдээ энэ удаа нийтэд ил тод болчихсон төсвийн хөрөнгийг шамшигдуулсан асуудал бус харин “Засгийн газрын өр”-ийн талаар авч үзье.
Сайдын хэлэхийг сонссон иргэд, “Яамай даа, Засгийн өр багасч байгаа юм байна” гэж хүлээж авсан биз. Ер нь Сангийн сайд “өрийн асуудал”-ыг хэтэрхий улс төржүүлж ирсэн нэгэн. Энэхүү мэдэгдэл нь ч “Ардчилсан нам өр тавиад, бид түүнийг нь төлж барагдуулдаг” гэх төөрөгдлийг нийтэд хүргэхийг зорьдог. Хэрэв хэн гэдэг сайдын үед хэчнээн хэмжээний өр тавигдсан, хэдийг нь хэний үед төлсөн бэ гэдэг жагсаалтыг гаргах аваас нэгнээсээ онцгойроод байх зүйл огт байхгүй. Харин ч сүүлийн гурван жилийн төсвийн алдагдал түүхэнд байгаагүй их хэмжээнд хүрсэн. Төсвийн алдагдлыг өр болон хувиргадаг. Мөчлөг дагасан эдийн засагтай улс орны хувьд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш өссөн үед өрөө төлөх “алтан боломж” үүсдэг. Энэ боломжийг өөрийгөө дөвийлгөх хэрэгсэл болгох нь “явуургүй“ улс төр.
Сангийн сайд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Засгийн газрын өр” яг хэдэн төгрөгөөр буурсан талаар тодорхой тоо хэлдэггүй. Харин өрийн ДНБ-д оногдох хувь багассан талаар л ярьдаг. Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.1-т, “өр” гэж өрийн хэрэгслээр дамжуулан тодорхой хугацаанд төлөх хүү, үндсэн төлбөр болон холбогдох бусад төлбөрийн үүргийг” хэлнэ гэж заасан. Тийм учраас Засгийн газрын өрийг ДНБ-д харьцуулсан хувиар биш, иргэдэд ойлгомжтой, хуульд заасан тодорхойлолтын хүрээнд тоо хэмжээгээр нь мэдэгдэх ёстой.
Харин “Өрийн өнөөгийн үнэ цэнэ”, “ДНБ-д харьцуулсан хувь” гэх мэт мэргэжлийн үг, хэллэгийг өрийн удирдлагын бодлого, өрийн зохистой түвшинг хангах, өрийн стратегийг хэрэгжүүлэх болон өрийн харилцааг зохицуулахад ашигладаг. Мөн төсөв, мөнгөний бодлого хэлэлцэх үед эсвэл эрдэм шинжилгээний ажил, судлаачдын судалгаанд голлон хэрэглэнэ. Уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнээс хараат эдийн засагтай манай улсын хувьд ДНБ-ний хэмжээ огцом савлаж байдаг тул “Засгийн газрын өр”-ийг хувиар илэрхийлэх нь яавч оновчтой биш.
Энгийн жишээн дээр тайлбарлая. Иргэн Батын гэр бүлийн сарын орлого 1 сая төгрөг /нөхөр 500 мянга, эхнэр 500 мянган төгрөгийн цалинтай, өөр орлогогүй/ гэж бодъё. Тэднийх хөрш айлаасаа 500 мянган төгрөг зээлсэн бөгөөд энэ сард төлөх ёстой. Батын гэр бүлийн өрийг хувиар тооцвол энэ сарын орлогынх нь 50 хувийг эзэлж байна. Гэтэл эхнэр нь цалин дээрээ нэмж 300 мянган төгрөгийн урамшуулал авахаар болжээ. Энэ тохиолдолд Батын гэр бүлийн өрийг хувьд шилжүүлбэл, энэ сарын өрхийн орлогынх нь 38% болж буурна. Харин эсрэгээрээ, 300 мянган төгрөгийн торгууль төлсөн бол энэ хэмжээ 71% болж өсөх юм. Бат эхнэрээ урамшуулал авмагц, “өрөө орлогын 50 хувиас 38 хувь хүртэл буурууллаа” гэж ярихгүй нь ойлгомжтой. Учир нь тэдний гэр бүлийн орлого өссөн ч, буурсан ч, төлөх ёстой өр нь 500 мянга төгрөг хэвээрээ байх болно. Харин Сангийн сайд маань ингэж хувь яриад байна.
Гадаад өрийн ДНБ-д харьцуулсан хэмжээнд ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ?
Манай эдийн засаг уул уурхайн эрдэс баялгаас ихээхэн хамааралтай бөгөөд бидний өмсөж зүүх, идэж уух, унах унаа гээд бүхий л хэрэглээ гаднаас орж ирдэг. Түүнийг худалдаж авахад тухайн улсын валют хэрэгтэй. Бид уул уурхайн эрдэс бүтээгдхүүнээ экспортолж гадаад валютаа олж байна. Нийт экспортын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дотроо зэс, нүүрс 70 орчим хувийг эзэлж байна. Энэ нь гадаадаас олж буй арван доллар тутмын долоог зөвхөн зэс, нүүрснээс олдог гэсэн үг. Хэрэв энэ хоёр бүтээгдэхүүний ханш дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй байвал, орж ирэх валютын хэмжээ нэмэгдэж, ДНБ-ний хэмжээ өсдөг.
Одоо өөр нэгэн статистик дурдъя. 2013 онд зэсийн баяжмалыг 948 сая ам.доллароор борлуулж байжээ. Харин 2018 онд борлуулалт нь 2 тэрбум ам.долларт хүрч даруй 2 дахин өсжээ. Нүүрсний хувьд 2015 онд 555.9 сая ам.доллароор борлуулж байсан бол 2018 онд 2 тэрбум 802 сая ам.долларт хүрч бараг 6 дахин нэмэгджээ. Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний үнэ ханш ийнхүү өсөөд зогсохгүй, гурван жилийн хугацаанд ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам доллар орж ирнэ. 2017 онд 728 сая, 2018 онд 836 сая ам.доллар гэх мэтээр, гадаадын донор орнууд, олон улсын санхүүгийн байгууллагуудаас их хэмжээний валют орж ирсээр байна. Мөн Хөгжлийн банк, өнгөрсөн онд 500 сая ам.долларын бонд босголоо. Энэ бүхэн манай эдийн засгийг идэвхжүүлж, улмаар ДНБ-ний хэмжээг өсгөж байгаа билээ.
ДНБ 2016 онд 23.9 их наяд төгрөг байсан бол 2018 онд 32.2 их наяд төгрөг болжээ. Энэ хугацаанд Засгийн өр тоон үзүүлэлтээр чамгүй нэмэгдсэн. Харин ДНБ-нд харьцуулахаар багассан хувь харагдах нь хэнд ч ойлгомжтой. Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний үнэ ханш үргэлж өндөр байдаггүй, зарим жилүүдэд буурдаг. Бүр огцом буурч байсан жишээг ч дээр дурдсан. Хэрэв дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ буурвал манай ДНБ-ний хэмжээ буурна. Энэ тохиолдолд, өрийн хэмжээ өсөөгүй байхад ДНБ-нд харьцуулах хувь нь огцом өсөх юм.
Харамсалтай нь, өнөөгийн эрх баригч хүчин 2016 оны УИХ сонгуульд ялалт байгуулахын тулд иргэдээ “өрөөр айлгах” тактик хэрэглэсэн бөгөөд өдгөө тэрхүү мэхэндээ өөрсдөө бүдэрч яваа жишээг дурдахад ийм байна.
Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж
Сэтгэгдэл (1)