Монголчуудын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал мал, амьтны эрүүл мэндээс шууд шалтгаалдаг гэдэг. Иймд Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэлтэй мал эмнэлгийн үйлчилгээ, малын эрүүл мэндийг хэрхэн хамгаалж буй талаар ярилцлаа.
-Монгол Улс нийт малд мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлж чадаж байна уу?
-Мал сүрэг бол нөхөн сэргээгддэг баялаг. Жил бүр өссөн дүн гарч байгаа. Мал эмнэлгийн ерөнхий газар нийт малынхаа эрүүл мэндийг зуун хувь сахин хамгаалахаар ажиллаж байна. Төлөвлөсөн мал эмнэлгийн үйлчилгээг бүрэн үзүүлж чадаж байна.
-Жил бүр л вакцин хүрэлцээгүй, төсөв мөнгө дутмаг гэсэн асуудал яригддаг шүү дээ?
-Монгол Улсын мал сүрэгт өнөөдөр суурьшмал гоц халдварт өвчин байхгүй. Ихэнхдээ уул уурхайн хөгжил дагаж малын гоц халдварт өвчний шинж тэмдэгүүд илэрч байгаа.
Мал эмнэлгийн ерөнхий газраас саяхан зүүн аймгуудад вакцин тарьдаг эрүүл бүс, төвийн аймгуудыг вакцин тарьдаггүй эрүүл бүс, баруун аймгуудыг эрүүл бүс хэмээн зарласан. Эдгээр бүс нутгийг одоо Олон улсын мал эмнэлгийн байгууллагад бүртгүүлнэ. Энэ хүрээнд мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх, вакцинжуулах ажлаа хийх ёстой.
-Тэгэхээр энэ онд хэдий хэмжээний вакцин шаардлагатай байна вэ?
-Энэ онд ОХУ-аас олон улсын мал эмнэлгийн лабораторийн баталгаажуулсан үйлдвэрээс шүлхийн вакцин худалдан авах гэрээ хийсэн. Тэгэхдээ таван сая тун вакцин худалдан авна. Цаашдаа дэлхийн аль ч орны баталгаатай үйлдвэрээс вакцин захиалан авах боломжтой.
-Шүлхий, хонины цэцэг зэрэг өвчин гарч байсан. Үүнээс урьдчилан сэргийлэх талаар ямар ажил хийж байгаа вэ?
-Бид вакцин хийхээс илүү малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил хийж байна. Энэ хүрээнд шилжилт хөдөлгөөнийг хянах, үзлэг оношилгоог цаг тухайд нь хийх юм. Ингэж чадвал малын гоц халдварт өвчин гаргуулахгүй байх бүрэн боломжтой.
-Малчдад мал эмнэлгийн үйлчилгээ авах сонирхол хэр зэрэг байна. Энэ талаар хойрго хандах тал бий гэдэг?
-Малчид зах зээл, цаг үеэ дагаад мал эмнэлгийн үйлчилгээ авах сонирхолтой болсон. Мал нь эрүүл байвал бидний хөрөнгө, үнэ цэн өснө гэдгийг маш сайн ойлгодог болоод байгаа. Харин ч мал эмнэлгийн үйлчилгээг цаг тухайд нь олгохыг шаарддаг. Энэ нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх сайхан хөрс суурь болж өгч байна.
-Монгол Улсын сум бүрт мал эмнэлгийн тасаг байгуулна гэсэн. Тэд сайн ажиллаж чадаж байна уу?
-Энэ оноос эхлээд бид сум бүрт мал эмнэлгийн тасаг байгуулж байгаа. Үүнд тархвар зүйч, мал эмнэлгийн улсын байцаагч ажиллана. Малын шилжих хөдөлгөөн болоод бусад өвчний хяналтыг улсын байцаагч тавих юм. Өмнө Мэргэжлийн хяналтын газарт байсан чиг үүргийг Мал эмнэлгийн ерөнхий газар гүйцэтгэнэ.
Өөрөөр хэлбэл малын шилжилт хөдөлгөөнийг хянах, вакцинжуулалт, эм тарианы үйлчилгээ хэрхэн хүрч байгааг орон нутгийн мал эмнэлгийн байгууллагууд хийнэ гэсэн үг. Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын удирдлага, чиг үүрэг дор мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд харьяалагдаж байгаа. Нэг ёсондоо бодлого чиглэлийн хүрээнд малыг эмчлэх, үзлэг хийх, вакцинжуулах ажлыг мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд хэрэгжүүлэх юм.
-Мал вакцинжуулах, үзлэгт хамруулахад хэдий хэмжээний төлбөрийг малчдаас авч байна вэ?
-Засгийн газрын 225 дугаар тогтоолоор Засгийн газар даах төлбөр, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, малчдын өөрсдөө гаргах үнэ тарифыг тодорхойлж өгсөн. Энэ хүрээнд бид үйлчилгээний хөлс авдаг. Дунджаар нэг бог мал вакцинжуулахад 800 орчим төгрөг болно. Одоо шинэ тариф батлагдана.
-Малын гоц халдварт өвчин тархаасан хариуцлага алдсан малчинд хүлээлгэх хуулийн ямар хариуцлага байдаг вэ?
-Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх гол ажил нь хариуцлагын тогтолцоо. Засгийн газрын нэрийн өмнөөс Мал эмнэлгийн ерөнхий газарт удирдлага, зохион байгуулалтын талаар хариуцлага хүлээнэ. Орон нутагт мөн засаг захиргаа болон малчин хариуцлага хүлээх учиртай.
Тухайлбал, шилжих хөдөлгөөнийг дур мэдэн хийсэн, вакцинжуулалтад бүрэн хэмжээгээр хамрагдаагүй тохиолдолд тухайн малчинтай хариуцлага тооцох хуулийн заалт бий. Энэ хүрээнд мал сүргээ вакцинд хамруулсан, эрүүлжүүлсэн эсэхийг мөрдөн мөшгих тогтолцоогоор илрүүлж байгаа. Эмэгжүүлэх бүртгэлжүүлэх ажил хийж байна. Замын постуудад ээмэгний бар кодыг уншуулж таниулах боломжтой болсон. Манай газраас Малын эрүүл мэндийн даатгалын хууль батлан хэрэгжүүлэх талаар ярьж байгаа. Малчин өөрийн хөрөнгө болох мал сүргээ хуулийн дагуу даатгана. Бид зөвхөн үйлчилгээг даатгах юм. Малчны хотыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд малын эмч тухай бүрт нь төлөвлөгөөт үзлэг хийдэг байх ёстой гэж бодож байгаа. Үүнийхээ хүрээнд малын эмч санхүүжих ёстой. уг санхүүжилтийг даатгалаас гаргадаг зарчимд шилжинэ. Ингэж чадвал цаашид малын эм, малчин хоёрын хариуцлага сайжирна гэж харж байна. Малчин хүн малаа үзүүлэхийн тулд малын эмчээс шаарддаг болно гэсэн үг.
-Сум бүрт мал эмнэлгийн тасагтай болж байна. Тэгвэл тэнд ажиллах боловсон хүчин хэр хүрэлцээтэй байна вэ?
-Мал эмнэлгийн боловсон хүчин зохих хэмжээнд хүрэлцээтэй байгаа. Цаашид одоо байгаа боловсон хүчнээ давтан сургах ажлыг шат дараатай хийнэ. Гэвч байгаа боловсон хүчин маань ахимаг насныхан. Иймд залуу үеийг бэлтгэх, сургах ажил их чухал байна.
-Биокомбинатын тоног төхөөрөмж хуучирсан, үйл ажиллагаа доголдсон гэдэг. Тус үйлдвэрийн өнөөгийн байдлын талаар та мэдээлэл өгнө үү?
-Засгийн газрын тогтоолоор Биокомбинат Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд ирсэн. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Одоогоор 20-иод нэр төрлийн вакцин үйлдвэрлэж байна. Улс, орон нутгийн захиалгын дагуу шаардлагатай, захиалсан вакциныг бүрэн үйлдвэрлэж чаддаг. Унгар улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Биокомбинатыг бүтэн шинэчилнэ. Тэгээд Монгол Улс дотооддоо жилд 10 сая тун шингэн, 10 сая тун хуурай вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай болох юм. Өөрөөр хэлбэл манай улс дотоодын вакцины эрэлт хэрэгцээгээ хангахаас гадна мониторнг хяналтаа тавьдаг болно.
-Махны экспорт нэмэгдсэн гэж ХХААХҮЯ-наас мэдээлсэн. Мах экспортлох ажилд танай газар, мал эмнэлэг нэлээд үүрэг гүйцэтгэх байх. Энэ чиглэлээр ямар ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд манай газрыг худалдааны чөлөөт байдлыг хангах, нийтийн эрүүл мэндийг хангах тухай гэсэн заалт орсон. Ийм учраас экспортод гарч буй тухайн мах эрүүл бүсээс бэлтгэгдсэн, үгүй эсэхийг Мал эмнэлгийн ерөнхий газар тогтоож олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ бичиж байгаа. Энэ бол манай газрын гол үйлчилгээ. Мөн олон улсад, хөрш зэргэлдээ орнуудад Монгол Улсын мал эрүүл, өвчингүй бүсээс бэлтгэсэн гэдгийг харилцан тодорхойлох ёстой. Энэ нь мөн бидний үүрэг. Ингэснээр экспорт нэмэгдэнэ. Махны экспорт нэмэгдсэнээр ажлын байр олноор бий болно. Үүний үр дүнд улс орны эдийн засгийн бааз суурь, иргэдийн болон татварын орлого нэмэгдэх юм.
-Сүүлийн үед эмийн үлдэгдэлтэй мах худалдаанд гарсан талаар Мэргэжлийн хяналтынхан мэдээлсэн. Энэ талаар танай газраас хэрхэн анхаарч байна вэ?
-Энэ асуудлыг манай газар хяналтдаа авч малчидтай хамтран ажиллахын төлөө байна. Антибиотикийн үлдэгдэлтэй мах хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэндэд яах аргагүй сөрөг нөлөөтэй. Вакцин тарьсны хэд хоногийн дараа энэ малын мах, сүүг хүнсэнд хэрэглэж болох заавар зөвлөгөө малчдад өгдөг. Жишээлбэл, шүлхий өвчний вакцин тарьсан, антибиотик хэрэглэсний дараа 14 хонуулж байж тухайн малын мах, сүүг хүнсэнд хэрэглэж болно. Ийм журам бий. Үүнийг мөрдөж ажиллах ёстой. Олон улсын байгууллагатай хамтарч монгол малын маханд шинжилгээ хийж байгаа. Малчид малдаа сайн л гэсэн эм, ивомек зэрэг химийн гаралтай уусмалыг замбараагүй хэрэглэдэг. Тэгэхээр монголчуудын хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.