Эдийн засагч Ч.Хашчулуунтай Оюу толгой ордыг тойрсон асуудлаар ярилцлаа.
-Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө орууЛалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах УИХ-ын ажлын хэсэг шалгалтын дүнг гишүүдэд танилцуулахаар зэхэж байна. Монгол Улсын эдийн засагт нөлөө бүхий ордыг хэлэлцэж байгаа энэ үед эдийн засагч хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?
-Хамгийн түрүүнд эдийн засгийн ач холбогдлыг ярих нь чухал байх. Манай улсад сүүлийн 30 жил нэг ч томоохон төсөл шинээр хэрэгжиж байгаагүй. Ийм үед Оюу толгойн гэрээг батлаад, уулын баяжуулах үйлдвэр шинээр байгуулсан. Засгийн экспортыг гурав дахин нэмэгдүүлэх, эдийн засгийн хэмжээг өсгөх, 11 мянган ажлын байрыг бий болгох нэлээд ач холбогдолтой үйл явц юм.
Оюу толгойн гэрээ байгуулагдсанаас хойш нүүрсний салбар болон бусад салбарын эдийн засгийн хувьд өндөр ач холбогдол бий болж, Монгол Улс 2009 оны эдийн засгийн маш хүнд хямралаас богино хугацаанд гарч чадсан. Одоо бол улсын төсвийн орлого маш их нэмэгдсэн. Энд татварын орлого ч гэсэн байгаа. Нийтдээ Монголын эдийн засагт 6-8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдлээ. Эдийн засаг сайн тэллээ. Энэ бол сайн үр дүнгүүд.
Гэрээ хэлцлийг хийхдээ юуны өмнө бидний анх тавьж байсан зорилго буюу Монголын эдийн засгийн өсөлтийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, ажлын байрыг бий болгох, орон нутгийг хөгжүүлэх том зорилтууд биелээд явж байгааг хэлэх нь зүйтэй.
Аж ахуйн нэгж ашгийн төлөө байгаа гэдгийг манайх ойлгох хэрэгтэй. Монгол Улсад ч гэсэн энэ хөрөнгө оруулалт ашигтай байгаа. Хоёрт,мэдээж газрын гүнд байгаа их нөөц Монголын нөөц мөн. Энэ нөөцийг тэр гүнээс гаргаж ирээд боловсруулж, баяжуулаад зах зээл дээр гаргаж борлуулах нь үлэмж их хэмжээний хөрөнгө оруулалт шаардана.
1980-аад онд манайд оросууд “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийг байгуулсны дараа Эрдэнэтийн баялаг зах зээл дээр гарсан. Түүнтэй адил. Оюу толгойн баялаг газрын гүнд байж л байсан бол татварын орлого эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй. Эдийн засгийн эргэлтэд маш богино хугацаанд оруулж, бодит хувь нэмэр оруулж байгаа талаас нь хөрөнгө оруулагчийн гаргасан чармайлтыг илүү үнэлэх ёстой байх.
-Гэхдээ бас Монголын тал ч асуудлаа ярих ёстой юу?
-Ийм асуудлыг хэлэлцэх нь буруу зүйл биш байх. Монгол Улс өөрөө хувьцаа эзэмшигч учраас төслийн явцад хяналт тавих, өөрийн саналыг хэлэх бүрэн бололцоотой. Тэр талаас ойлгох нь зөв. УИХ-ын гишүүд зөв хандлагатай байна лээ. Төслийг зогсоох тухай яриа байхгүй. Харин цааш боловсронгуй болгох, сайжруулах талаар хэлэлцэж байгаа гэж ойлгож байна. Аль, аль талынхаа ойлголтоор зохицоод явах ёстой.
-“Оюу толгой”-н гэрээг бид олон талаас нь хөндөж байгаа асуудлын хариуд “Рио тинто” компани далд уурхайн санхүүжилтийг зогсоох тухай саяхан мэдэгдсэн?
-Бид хөрөнгө оруулагчийн байдлыг бас ойлгох хэрэгтэй. Гадаадын банкуудаас олон тэрбум ам.доллар зээлчихсэн. Түүнээс гадна Монголд хөрөнгө оруулалт хийхдээ гэрээг үндэслэсэн. Гэрээ нь манай Ашигт малтмалын хуультай нийцэж байгаа. Гэрээг үндэслээд гүний ажлын маш том бүтээн байгуулалтыг явуулж байна. Энэ үед гэрээг өөрчилнө гэж ярих бол хөрөнгө оруулалтын эрсдэл нэмэгдэнэ. Тэр талаас нь хэлэх ёстойгоо хэлж байна гэж үзэж байна.
Манайх бол гэрээг нийтээрээ чухал зүйл биш, алдаа гарвал өөрчилж бодлог гэж ойлгоод байна. Бизнесийн ухаанаар бол гэрээ бүх юмны үндэс суурь болдог. Гэрээг зөрчвөл манай улс өөрөө ч гэсэн торгууль төлдөг гашуун туршлагыг эрх биш мэдсэн. Уран дээр ялагдаад төлбөрт орчихсон байгаа. Стандарт банкин дээр 40 сая ам.доллар төлж байж харьцангуй жижиг асуудлаас салсан.
Харин энд бол олон тэрбум ам.долларын асуудал яригдана. Хариуцлагагүй хандвал эдийн засгаа өсгөх биш бүр унагаагаад, дээр нь олон тэрбум ам.долларын төлбөрт орчих юм бол хүнд асуудалд орно гэдгийг сайн ухамсарлах хэрэгтэй.
Тэгэхээр эргээд сайжруулах зүйл дээр ярилцаж болно. Зарчмын юмнуудаа хөдөлгөх нь маш аюултай. Олон улсын гэрээ учраас олон улсын шүүхээр л шийдэгдэнэ. Хөрөнгө оруулагч талын хэлж байгаа зүйлийг тусгах нь зөв байх. Тэр бол өөрийнхөө эрх ашгийг хамгаалж байгаа байдал.
-Оюу толгой ордын үнэ цэнийг эдийн засаг талаас нь та бүхэн ингэж тайлбарлаж байна. Тэгвэл энгийн иргэдийн хувьд, зарим хүмүүс Оюу толгойг Эрдэнэт үйлдвэртэй харьцуулдаг. Эрдэнэт үйлдвэрийг түшиглээд том хот байгуулаад болсон. Түүнээс илүү ашигтай ажилладаг Оюу толгой яагаад хот байгуулж болохгүй байна вэ гэх хүмүүс байна. Эдийн засгийн талаас энэ хардлага зөв үү?
-Оюу толгой дээр зориудаар хүмүүс тоглож байгаа байдал их ажиглагддаг. Хүмүүсийн толгойг төөрөгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг уур амьсгалыг бий болгох гэж хичээж, түүгээрээ сонгогдох сонирхол бий. Одоогийн Эрдэнэтэд бол 1980-аад онд бүтээн байгуулалт явагдсан. Тэр үед дөнгөж үйлдвэр ашиглалтад орж, экспорт эхэлж байсан.
Тэр үеийн гэрээг аваад үзэхээр Монголд нэг их орлого оруулдаггүй байдал харагдаж байсан. Аливаа том бүтээн байгуулалт, ялангуяа уул уурхайн салбарт эхлээд үйлдвэр, дэд бүтцээ барьж байж экспорт, борлуулалт эхэлдэг. Тэгээд зардлаа нөхөх хугацаа хэдэн жилээр хэмжигддэг. Оюу толгой ч ялгаагүй, Эрдэнэтийн 70, 80-аад онтой адилхан эхэлж байна. Үйлдвэр ашиглалтад ороод дөнгөж таван жил болж байна.
Гүний уурхай ашиглалтад ороогүй байна. Дөнгөж бүтээн байгуулалт нь эхэлж байгаа үед “Та нар энэ ашиггүй байна" гэж шүүмжлэх нь утгагүй. Одоохондоо ашигтай ажиллах болоогүй байна. Гэхдээ л Монгол Улсад 20 гаруй тэрбум ам.долларын татварыг төлчихсөн. 11 мянган хүнийг ажилтай, 900 монгол компани ханган нийлүүлэгчээр ажиллаж байна.
-Хотын тухайд?
-Хотын тухай яриа бол тусдаа ойлголт. Манайх хот байгуулах нь уурхайн үүрэг гэдэг ойлголттой болчихсон. Үнэн хэрэгтээ энэ бол хуучин социализмын үеийн сэтгэлгээ. Уурхайн дэргэд хот байгуулах практик нь туйлын буруу. Оросууд бол тэр алдаагаа 90-ээд онд ойлгочихсон. Оросоор бол үүнийг “моногород” гэж хэлдэг. Ганцхан орлогын эх үүсвэртэй, тэгээд уурхай нь өөрийн настай.
Нөөц нь дуусахаар ажил нь дуусна. Тэгэхэд дэргэд нь байгуулсан хот тэр чигээр үхмэл болдог. Үхмэл хөрөнгө болоод хүмүүс нь ажилгүй, хот нь орлогогүй, эдийн засгийн хүнд байдалд ордог түүхтэй. Манайд бол үүний хамгийн тод жишээ бол Налайх. Одоо Налайхыг сэргээх гэж олон талаар оролдож байна.
Гэвч гол нүүрсний нөөц нь дуусчихсан. Эрдэнэтийн хувь заяа ч гэсэн үүнтэй адил. Нөөцийн хэмжээг нь бага багаар уртасгаад л байна. 20 орчим жилийн нөөц байгаа байх. Тэр нөөц дуусвал Эрдэнэт хотынхон яаж амьдрах вэ, хүмүүс нь ямар цалинтай байх вэ, хаана ажиллах, сургууль эмнэлгийг хэн тэтгэх талаар огт яригдахгүй байгаа. Гэтэл энэ чинь тулчихаад байгаа асуудлын нэг. Тун удахгүй ийм асуудал гарч ирнэ. Тэгэхээр Эрдэнэтээ яахаа мэдэхгүй байж дахиад Оюу толгойн ордод хот байгуулах юм бол хойч үедээ шийдэх ёстой асуудлууд нэмнэ.
Хот байгуулахад үлэмж их зардал гарна. Үлэмж зардал чинь төслийн ашгийг улам л багасгана. Зардлыг улам нэмэгдүүлнэ. Манай талаас хэлэлцээр хийгээд зардлыг улам багасгах гэж оролддог гэж ойлгож байгаа. Эсрэгээр түүн дээр илүү том зардал гаргаад хот байгуул гэх юм бол манай улсын хувьд ашиг орлого улам л багасна гэсэн үг.
Монгол Улсын хувьд ирээдүй багатай говь газар хот байгуулах нь чухал уу, эсвэл өөр салбаруудаа хөгжүүлж, ард түмний орлогыг нэмэгдүүлээд боловсруулах үйлдвэрүүд байгуулах нь чухал уу.
Харин Ханбогд сум байна. Аажмаар хөгжиж байгаа. Ханбогд дээр дэд бүтэц, цахилгаан, зам сайжирсан. Олон улсын нислэгтэй болсон. Хотын статустай болгоход энүүхэнд байна. Үнэхээр хот хүсээд байгаа бол Ханбогдыг сайн хөгжүүлэх хэрэгтэй. “Оюу толгой” компаниас мөнгө гаргаад орон нутгийг хөгжүүлээд явж байна. Жилд бараг хэдэн сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна. Тэгэхээр аливаа зүйлийг бодитойгоор харж хөгжүүлэх хэрэгтэй байна.
-Хэрэв нөхцөл байдал энэ чигээр үргэлжилж, Рио тинто далд уурхайн санхүүжилтээ зогсоовол яах вэ?
-Гүний уурхай олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаарддаг. Гэрээг өөрчилнө гэхээр ямар ч хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтаа нэн даруй зогсооно. Дахиж илүү алдагдал хүлээхийг хүсэхгүй. Гэрээг өөрчилбөл бүх юм тодорхойгүй болно. Компани бизнесийн хуулиар нэн даруй ажлаа зогсоогоод бүх зардлаа хумьж эхэлнэ. Мэдээж болзошгүй алдагдлаас өөрийгөө сэргийлнэ.
Манай талд эдийн засгийн хувьд маш том цохилт болно. 11 мянган хүн ажилгүй болно гэдэг цаана нь байгаа 55 мянган хүний амьжиргаа алдагдана. Тэр олон ажилгүйчүүдийг хаана, юугаар тэжээх вэ. Ханган нийлүүлэгч компаниудыг хаашаа оруулах вэ. Татварын орлого маш ихээр тасарна. Энэ жил зэсээс нэг их наяд төгрөг олно гэж тооцож байгаа. Тэр орлого болно.
Нэгэнт том хөрөнгө оруулалт дээр манай талаас хариуцлагагүй хандаад байвал дараа нь манайд хөрөнгө оруулах нэг ч хүн олдохгүй байх. Яахав, Хятад, Оросын Засгийн бодлогоор хөрөнгө оруулалт явагдах байх. Тэр нь манай нөхцөлд харш л болох юм. Хоёр хөршөөс хараат байдалд ороод Засгийн газруудаас нь мөнгө аваад байвал яг үнэн хэрэгтээ Монголын тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлнө. Гуравдагч орны, ил тод засаглалтай компанитай хамтран ажиллах нь манай сонирхолд илүү нийцнэ.
2008, 2009 оны маш хүнд хямралын үед “Оюу толгой” компанийн зүгээс хөрөнгө оруулалт хийсэн. Том уурхай ашиглалтад оруулбал манай зэсийн экспорт үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ, татварын орлого ч өснө. Хоёр гуравхан жилийн дараа үр дүнг нь харчих гээд байна. Хүнээр байшин бариулчихаад хоёрхон хадаас дутуу байхад нураагаад, дахиж барина гэж ярьж болохгүй.
Өдрийн сонин
Сэтгэгдэл (2)