Төсвийн сахилга, санхүүгийн сахилга, сахилга хариуцлага хэмээн Засгийн газар байнга ярьдаг. Ерөнхий сайдын мэргэн үгс: – Эмхлэх ёстой юмаа эмxлэх. Бүх юмны өмнө өвдөг сөхөрч явдаг төр байх ёсгүй. Ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж, дуугарах ёстой үедээ хэлэх ёстой үгээ гаргах ёстой. Монголын төр хүчирхэг байх ёстой. Ингэж байж улс шиг улс, төр шиг төр байна. Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгана. Ингэж байж төсвийн сахилга бат сайжирна. Эдийн засгийн уналтыг зогсооно. 2018 оны гол зорилго, зарчим энэ байх болно.
Тэрээр анхлан Засгийн газраа эмхлэн байгуулахдаа л “Дэг журам, сахилга хариуцлагыг чангатгах зайлшгүй шаардлагатай”, “Төрийн албаны сахилга бат, дэг журам, хариуцлагыг сайжруулахад манай Засгийн газар нэн тэргүүнд анхаарч ажиллана” гэсээр гарч ирсэн, түүнийхээ ч төлөө тэмцсэн гэдэгт итгэлтэй байна.
Харин би энд сахилга, хариуцлага гэдгийг гадаад бодлого, гадаад харилцаа, дипломат албанд хэвшүүлэх тухай ярих гэж байна. Хариуцлага, сахилга нь тэнд алга болчихсон гэж хэлэх гээгүй, харин төр шиг төр маань нэгдсэн нэг дуу хоолойгоор гадаад бодлогоо хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгт ахмад дипломатчийн хувиар санал бодлоо нэмэрлэх гэж байна. Тэгэх тусмаа “ГАДААД ХАРИЛЦААНЫ САХИЛГА” хэмээх нэр томъёо нэвтрүүлж хэвшүүлэх, түүнийг хуульчлах албажуулахыг уриалан дуудах саналаа буулгаж байна.
2016 оны УИХ-ын сонгуулийн дараа шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газрынЕрөнхий сайд нь үүрэгт ажлаа хүлээн аваад УИХ-ын чуулганд үг хэлэхдээ гадаад бодлогын асуудлаар “Монгол төрийн алтан аргамжаа болсон гадаад харилцаанд урьд өмнө байгаагүй бодлогын алдаа гарсан. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл алдарч, хамтын ажиллагаанд цав гарлаа” гэж хэлснийг уншигчид санаж байгаа байх. Тэрхэн үедээ энэ шүүмжийг олон нийт цочирдон хүлээн авсансан. Юун тухай ярив гэхлээр тэрээр гадаад бодлого, тэр дундаа гадаад харилцааны төв байгууллага, түүний хамт олон руу чиглүүлж хэлсэн шүүмжлэл байгаагүй хэмээн би ойлгосон. Энэ үгийг хэнд хандуулж хэлсэн хэрэг вэ гэвэл, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өөрийн үзэмжээр залах гэсэн, эх орны томхон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг өөрийн ба бүлгийн эрх ашигт хөтлүүлэн захиран зарцуулах гэсэн, тэр хэрээрээ гадаад түншүүдээ өөрсдөөсөө холдуулсан, тэр тоолонд манай улсын олон улсын нэр хүнд унаж ирснийг хатуухан шүүмжилсэн хэрэг байсан юм. Тийм шүүмжлэл гадаад харилцааны ажилд тустай,улс төрчид, эрхэм түшээд бүгдэд нь хандуулж хэлсэн үг хэмээн тэр үед би үзсэн, одоо ч тэр шүүмжийн ач холбогдол буураагүй байна.
Энд тодорхой ямар асуудал ярих вэ? Яагаад ярих ёстой вэ? 1990-ээд оноос хойш Монгол Улсын гадаад харилцаа шинэ нөхцөл байдалд зохицон хэлбэрэлтгүй урагшлан хөгжиж ирсэн. Гэхдээ хэд хэдэн онцлогтой: Гадаад дотоод орчин үндсээрээ өөрчлөгдсөн, Монгол Улс дэлхийд нээлттэй болсон, иргэд нь гадаадад чөлөөтэй зорчих эрхтэй, иргэд ба хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим сүлжээ нь гадаад бодлогоор байр сууриа чөлөөтэй шүүн хэлэлцдэг, мэдээлдэг болсон, гадаад харилцаанд оролцогчдын цар хүрээ, тоо хэмжээ тасралтгүй өсч ирсэн, нээлттэй орчин нь гадаад харилцааны ба аюулгүй байдлын элдэв эрсдэл дагуулах магадлалтай байж ирсэн гээд жагсаавал олныг нэрлэж болно. Ганц жишээ дурдахад төвийг сахих асуудлаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлсэн нь Монгол Улсад гадаад бодлогын асуудлаар хамгийн өргөн хүрээнд өрнөсөн анхны хэлэлцүүлэг байсан, мөн 2017 онд “Ардын үг”- Гадаад бодлогын өргөн хэлэлцүүлэг өрнүүлсэн туршлага нэмэгдлээ. Хамгийн сүүлд БНСУ-д шинээр томилогдох Элчин сайдын томилгоог УИХ-ын холбогдох байнгын хороо, чуулган хэт задгайруулж, олон нийтийн хэлэлцүүлэгт оруулчихсан гэхчлэн. Түнш харилцагч гадаад улсуудынхаа анхаарлыг хэт татсан, тэр хэрээрээ манай улсын олон улсын нэр хүнд сэвтсэн байж болохыг энд үгүйсгэхгүй. Гадаад харилцаанд мэдээлэх юм, мэдээлэхгүй юм гэж байдаг, олон түмэнд заавал хүргэх ёсгүй асуудал гэж байдгийг төрийн түшээд маань санасангүй. Ганц энэ биш, Элчин сайдын томилгоо болгон түнш харилцагч гадаад улсуудын анхаарлын төвд (наад зах нь Улаанбаатар дахь Дипломат корпус) байдгийг байнга анхаарууштай.
УИХ-ыг тараана, Засгийн газрыг огцруулна хэмээн хэн нэгэн улс төрч зарлачихтай зэрэг л яг тэгэх нь байна гээд хөрш, түнш, хамтрагч орнууд маань харилцаагаа цэнээд хүлээзнээд эхэлдэг практик байдгийг үл март. Мэдээ мэдээллийн чамирхал гэдэгт хэт автан сайт, хэвлэлд “тараана”, “огцруулна” гэсэн гарчиг сонгох тоолонд лав өмнөд хөрш маань ямагт эмзэглэж байдаг юм билээ шүү.
Оруулах гэж байсан хөрөнгөө буцаан татах, оруулчихсан хөрөнгө, эхлүүлчихсэн төслөө цэнэх, харзнах, эгүүлж татах, болиулах явдал мэр сэр ажиглагддаг тул иймэрхүү улс төрийн гал тогооны үг яриаг огт мэдээлж, нэвтрүүлж болохгүй мэт санагдана. Энэ бол ардчилалтай харшлах явдал огтоос биш. Гадаад харилцааны сахилга гэж би үүнийг хэлээд байгаа хэрэг л дээ.
Монголын төр, засгийн тэргүүнийг айлчлуулах асуудал ярилцаж байхад хугацаа тов нь зарлагдаагүй, эцэслэгдээгүй байхад урьдчилан хэвлэлээр зарлаж шуугиулдаг хачин явдал Улаанбаатар дахь Дипломат корпусынхны нүдийг орой дээр гаргадаг гашуун жишээг бас сануулъя. ГХЯ хэвлэлд хатуу хяналт тавьдаггүй юм аа гэхэд, сэтгүүлчдэд ёс зүйтэй, ухаалаг, мэдлэгтэй байхыг байнга зөвлөж баймаар санагдах юм.
Гадаад харилцаанд ийнхүү сахилга зайлшгүй болох тухай ямар үндэслэлээ би энд гаргаж тавьж байна вэ гэвэл яг практик дээр манай улсын олон улсын нэр хүндийн уналт үе үе давтагдаад байгаа учраас тэгж тавихаас аргагүй болж байна. Энд би юуг онцлох вэ гэвэл гадаад харилцаанд оролцож буй бүх субъект олон улсын гэрээ, хэлэлцээрээр авсан үүргээ чанд сахих, ялангуяа худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт дээр амласнаа хөсөрдүүлэхгүй байх, түншээ үл хуурах, олон амлахгүй байх, олон түншийг мөргөлдүүлэхгүй байх, дур зоргоороо, өөрийнхөөрөө мэдээлэхгүй байх, мэдээлэх болоогүй байхад нууц задлахгүй байхыг хэлээд байна. Ийм дутагдал байж ирсэн учраас сахилга бат, хариуцлага, хяналт чухлаар шаардагдаж байна.
ГХЯ энэ талаар олон жил ярьж хэлж, хөөцөлдөж ирсэн ч үйл явдлыг угтуулж бус, болсон явдлын мөрөөр араас нь хөөж ажиллах явдал гарсаар байдаг. Миний мэдэхээс 1996 оны Засгийн газрын № 321 тогтоол гарч, гадаад харилцааг эрхлэхдээ ГХЯ-тай урьдчилан зөвшилцөнө, дараа нь тогтмол илтгэж байна гэсэн маш тодорхой заалт бий. Хожим нь “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыгсайжруулах тухай” ҮАБЗ-ийн № 01 тоот зөвлөмж (2013 он), “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыгхангах журам” - Засгийн газрын № 169 тогтоол (2013 он) гарч байсан.
Угаасаа бид гадаад бодлого, гадаад харилцаан дээр чиг баримжаа авах эрх зүйн хоёр чухал акттай. Түүнийгээ хэлбэрэлтгүй мөрдөх ёстой ч тэр бүр мартчих гээд байх нь бий. Үүнд Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, тэдгээрт тодотгол хийж ирсэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр (Дөрвөн жилд нэг удаа) гэж байна.
Эрх зүйн зохицуулалтын ийм чухал баримт бичгүүд байсаар атал салбарын яамд, агентлагууд, зарим аймгийн гадаад харилцаа урсгалаараа явдаг хэвээр байсаар ирсэн. Энэ бүхнийг зохицуулах нэг чухал боломж бол ГХЯ-нд арай илүү эрх олгох, түүний дотор Гадаад харилцааны (хэргийн) сайдыг нь Шадар сайдтай хавсруулах явдал байж болно хэмээн би олонтаа ярьж бичсэн дээ.
Түүхнээ Монголын төр гадаад харилцаагаа бэхжүүлэхийн тулд албан тушаалын ийм зохицуулалт хийж ажиллуулж байсан баримт бий. Жишээ нь тухайн үед БНМАУ-ын гадаад харилцаа бэхжиж, огцом тэлж, ЗХУКН-ын ХХ их хурлын бүлээцүүлэгч уур амьсгал Монголд нөлөөлж байх үест ГЯЯ-ны сайдын албаа Сайд нарын Зөвлөлийн нэг орлогч даргадаа (Содномын Аварзэд) хавсруулж, түүнийг МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны орлогч гишүүн болгон нам-төрийн дээд баг руу оруулж байсан байдаг.
Яг тийм нөхцөл бидэнд тулгараад байгаа бус уу? Гадаад харилцаа, хамтын ажиллагаа даяаршсан энэ ертөнцөд маш чухал болсоор байна. Гурван улсын эдийн засгийн коридор байгуулахад тулгуур багана нь ГХЯ байж, түүний үйл ажиллагаа хэр идэвхтэй оновчтой байхаас дараагийн алхмууд шалтгаалах болж байна. Ийм нөхцөлд “Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд” хэмээн нэрлэгдээд явж байх нэг эрхэм Засгийн газарт байх нь юу нь болохгүй, ямар гарлага гарчих гээд байгааг ойлгохгүй байна.
Хэрэв Засгийн газрын хоёр дахь том албан тушаалтан – Шадар сайд нь ГХЯ-ыг хавсрантолгойлбол ядаж гадаад харилцаанд дураараа оролцдог, мэдэмхийрдэг, хэт бие даадаг, гадаад түншээ цочирдуулдаг дутагдал эрс багасмаарсан.
Гадаад харилцааг хэвлэл, сайт болгон дур дураараа тайлбарладаг, орчуулдаг буулгадаг байдлаас болоод олон улсын мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр буруу орчуулагдан, гадаад мэдээний орчуулга гэж тэр гэх тэмдэггүй болчихоод байна. Үүнд ГХЯ-ны хэвлэлийн алба анхаарах, бүр оролцох хэрэгтэй мэт.Буруу ярьж хэвшсэн ганц хоёр жишээг дурдъя. Аливаа улсын дипломатчдын гол “хоол” бол улс орныхоо үндэсний эрх ашгийн төлөө гадаад таатай орчин бүрдүүлж, гадаад таатай харилцааг хөгжүүлэх явдал. Үүнийгээ олон улсын “Гэрээ”, “Хэлэлцээр”-ээр баталгаажуулна. Тэдгээр баримт бичгийг байгуулахын тулд “Хэлэлцээ” хийдэг. Гэрээ хэлэлцээр хийдэггүй. Харин гурван өөр утга илэрхийлэх эдгээр үгсийн утгыг үл ялгах явдал Монголын хэвлэл, ТВ-үүд, сайтуудад, иргэд, улс төрчдөд түгээмэл. Эдгээрийн зааг ялгааг зөв гаргахгүй, нэг юм мэт ярьж бичихийг нь зогсоохгүй бол буруу практик хэвшинэ. Тalks, negotiations – Яриа хэлэлцээ (хийдэг, оролцдог процесс); “хэлэлцээний ширээ” гэх мэт үгс үүнээс улбаатай. Тreaty – Гэрээ (байгуулдаг, гарын үсэг зурдаг: хэвлэмэл цаасан дээр гарын үсэг зурдаг баримт бичиг), Аgreement – Хэлэлцээр (байгуулдаг, гарын үсэг зурдаг хэвлэмэл цаасан дээр гарын үсэг зурдаг баримт бичиг) ингээд хэвшүүлчихэж болдоггүй юм уу? Сэтгүүлчдийн бичлэг хэт чамирхал руугаа хазайгаар “үзэглэх” гэдэг нэг лут үг олоод тавьчихдаг. Хоёр талын аливаа гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсныг үзэглэлээ гээд туучихна. Дээд хэмжээний айлчлалыг сурвалжилж байгаа нь тэр гээд зурагдсан аливаа чухал баримт бичгийг үзэглээд байсан мэтээр мэдээлнэ. “Үзэглэнэ”, “гарын үсэг зурна” гэдэг нь хоёр өмнөө ойлголт, хоёр өөр үйл явдал юм. Аливаа гэрээ, хэлэлцээр байгуулахын өмнө (өөрөөр хэлбэл албан ёсоор гарын үсэг зурахын өмнө) түүний үг үсэг, заалт бүрийг хоёр тал хүлээн зөвшөөрч, эрх бүхий хүмүүс нь хуудас болгоны дор гарын үсгээ зурдаг, түүнийг үзэглэх гэж хэлнэ. Тэгж хүлээн зөвшөөрснийг нь албажуулаад хожим нь дээд, өндөр хэмээний айлчлалын үеэр Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, Сайд, Элчин сайд гэхчлэн албаны хүмүүс гарын үсэг зурах (тийм тийм гэрээ, хэлэлцээр байгууллаа хэмээн бичиж болно) ёслол үйлддэг. Тэд үзэглэдэггүй.Үзэглэчихсэн баримт бичигт гарын үсгээ зурдаг юм аа.
ГХЯ-ны зөвшөөрөл зөвлөмж гарсны дараа төрийн бусад яамдын гадаад харилцаа хэрэгждэг эрх зүйн системийг хэвшүүлэх тухайд эрх зүйт төрт БНЭУ-ын туршлага бий. Энэ тухай би олонтаа ярьж бичсэн дээ. ГХЯ-ны чиглэлийн газрын дарга (Joint Secretary) шийдвэр гаргаагүй л бол хоёр талын харилцаан дээр төр, засгийн дээд хэмжээний айлчлал хэрэгждэггүй. ЕТГ, Засгийн газар, парламент, яамд нь гадаад харилцааны талаар хэрэгжүүлэх арга хэмжээгээ ГХЯ-ндаа мэдүүлдэг, эцсийн шийдвэрийг чиглэлийн газар нь гаргадаг.Өөрөөр хэлбэл ГХЯ-ны газрын нэг захиралд ийм их эрх мэдэл олгогддог. Тэгэхлээр ГХЯ-ны статусыг бусад яамдаас дээгүүр гаргаж тавь аа гэдэг нь учиртай болж байгаа биз?
Гадаад харилцааг сахилгажуулахгүй бол Монгол төрийн олон улсын нэр хүнд сэвтсээр байхыг дахин анхааруулъя.
Нийтлэлч Д.Баярхүү /BAABAR.MN/